| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00238/и |
| Дугаар | 628 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 628
2016 оны 09 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2016/00628 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн гудамж 12-473б тоотод оршин суух, одоо Бүгд найрамдах Солонгос улсад сурч байгаа, Шовгор овогт Лхагвадоржийн Ганцэцэг /РД:ХК81012301/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн гудамж 12-473б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Бүгд найрамдах Солонгос улсад амьдарч байгаа, Боржгин овогт Болдын Баярсайхан /РД:ЕВ83011234/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Юмжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний охин Л.Ганцэцэг нь гэр бүл цуцлуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлөөлөх эрхийг Ш.Юмжав надад итгэмжлэлээр олгосон. Миний охин Л.Ганцэцэг нь Б.Баярсайхантай гэр бүл болж, 10 гаран жил амьдарч, 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөх Б.Бат-Ирээдүйг төрүүлсэн.
2010 оны 8 дугаар сард Солонгос улсад тэтгэлгээр суралцахаар явж, 2 сарын дараа буюу 2010 оны 10 дугаар сард нөхөр, хүү хоёроо татаж авсан. Ингээд охин минь сурахын зэрэгцээ ажиллах, хүүгээ асрах гэх мэт зав чөлөөгүй зүтгэж байсан. Б.Баярсайхан нь амьдарч байх хугацаандаа тогтсон ажил хийхгүйгээс гадна архи уух, элдэв хүүхэнтэй холбогдох, хардаж зодох, үүр шөнөөр гэртээ ирэх, мөн судсаа ханах зэрэг бусармаг үйлдэл гаргаж байсан учир тэвчиж, уучилж амьдрахад ноцтой гэж үзээд 2014 оны 6 дугаар сараас эхлэн өдийг хүртэл 2 жил тус тусдаа амьдарч байна.
Нэгэнт 2 хүүхэд хоорондоо тохирохгүй, нөхөр нь Солонгос Улсад очоод зодож цохиод байдаг байсан учир 2014 онд би Солонгос улсад очихдоо Б.Баярсайханаас гуйж гуйж ирсэн. Гэтэл түүнээс хойш дахин зодоон болж хутга шөвгөндөө тулж, гараа зүссэн байсан. Тэр хоёрын байгаа байдлаас болж хүүхэд нь маш их айдастай, цочимтгой болсон байсан. Үе үе хүчирхийлэл дарамт гаргадаг байсан нь салах шалтгаан болсон тул 2 жил тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүйн улмаас арга буюу гэрлэлтээ цуцлуулах асуудлыг надаар дамжуулан гаргаж байна.
Иймд Л.Ганцэцэг, Б.Баярсайхан нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Бат-Ирээдүйг охин Л.Ганцэцэгийн асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Дундын гэх эд хөрөнгөгүй тул маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганцэцэг нь хариуцагч Б.Баярсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Юмжаваар дамжуулан шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2016 оны 9 дугаар сарын 07-ны өдөр болох талаар 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаа нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Зохигч Л.Ганцэцэг, Б.Баярсайхан нар нь 2002 онд гэр бүл болсныг 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн 326 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Бат-Ирээдүй төрсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид 2014 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж үзэж, 2016 оны 6 дугаар сарын 17, 7 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж бусдад итгэмжлэл олгосон зэргээс үзвэл шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Бат-Ирээдүйг нэхэмжлэлийн шаардлага болон өөрийнх нь саналд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Б.Баярсайхан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Б.Бат-Ирээдүйг сар бүр эцэг Б.Баярсайханаар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шовгор овогт Лхагвадоржийн Ганцэцэг /РД:ХК81012301/, Боржгин овогт Болдын Баярсайхан /РД:ЕВ83011234/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Ирээдүйг эх Л.Ганцэцэгийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү Б.Бат-Ирээдүйг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баярсайханаар нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА