| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04727/И |
| Дугаар | 210/МА2025/00998 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00998
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03317 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь *******тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,066,965 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор зээлээ эргэн төлөх үүргийг хүлээсэн боловч хугацаандаа үүргээ биелүүлээгүй. ******* нь Хаан банк дахь өөрийн ******* тоот харилцах данснаас ******* тоот дансанд *******д 5049 гэсэн утгаар шилжүүлэг хийсэн. Харин зээлдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлийн гэрээний дагуу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ******* утасны дугаар руу залгахаар утсаа ер авдаггүй өнөөдрийг хүрлээ. Талуудын байгуулсан гэрээний 2.1.2-т зааснаар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш сар бүр 2.5 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон.
Иймд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тул зээлийн хүүг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сарын 2.5 хувиар тооцоход 547 хоногт нийт 3,677,191 төгрөгийн хүүг тооцсон болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар *******аас үндсэн зээл 8,066,965 төгрөг, зээлийн хүү 3,677,191 төгрөг, нийт 11,744,156 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага 11,744,156 төгрөгийн 1,744,156 төгрөгөөс татгалзаж байна. Иймд үндсэн зээл 8,066,965 төгрөг, зээлийн хүү 1,933,035 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь *******ХХК-ийн гүйцэтгэх захирал, харин хариуцагч ******* нь *******ХХК-ийн захирал бөгөөд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл бүхий *******ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгжид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулж байсан болно. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******ХХК нь *******ХХК-тай Орон сууцны хотхоны инженерийн дэд бүтэц, ус дулаан дамжуулах, төвийн инженерийн байгууламж, шугам сүлжээ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, авах, ОСНАА ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлэх гэрээ-г байгуулан *******ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах, шинээр барьсан *******, ******* үйлчилгээтэй орон сууцны барилгын ус, дулаантай холбогдох эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээ, ашиглалт, засвар үйлчилгээ, дулааны узель, түүний тоног төхөөрөмжийн ашиглалттай холбогдох зураг, төсөл, гэрээ, бичиг баримтыг *******ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Эрх бүхий байгууллагын шийдвэр 2022 оны 11 дүгээр сарын эхээр гарснаар *******ХХК-ийн дээрх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээн авснаар мөн оны 12 дугаар сараас эхлэн аж ахуйн нэгжид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааны үйлчилгээг үзүүлэх болсон. Ийнхүү 12 дугаар сард хүлээж авахад *******ХХК-ийн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 5049 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу авсан 11 дүгээр сарын дулааны төлбөрийн үлдэгдэл 8,066,965 төгрөг байсан бөгөөд уг мөнгийг ******* гэдэг хүний дансанд ******* гэдэг дулааны байцаагчийн хэлснээр шилжүүлж ******* нь дулааны төлбөрөө төлсөн. Бодит байдал дээр хариуцагчийн хувьд уг мөнгийг зээлсэн зүйл байхгүй бөгөөд дээрх мөнгөөр нэхэмжлэгч нь өөрийн компанийн хэрэглэсэн дулааны төлбөрийг төлсөн байдаг. Уг зээлийн гэрээ нь зээлсэн мэт дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.
Яг үнэндээ энэ гэрээг хувь иргэнээрээ байгуулъя гэж бодоогүй. Хууль мэдэхгүйн улмаас хоёр компанийн хооронд байгуулагдах ёстой гэрээг ийнхүү байгуулчихсан юм. Тэгээд ч НӨАТ-аа авч чадаагүй. Иймээс хоёр компанийн хооронд өгсөн, авсан зүйлээ тооцоод, компаниас нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Хувь иргэнээрээ төлмөөргүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 8,470,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,529,687 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нь ...Талууд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 8,066,965 төгрөгийг зээлдэгч *******ид 3 сарын хугацаатай, ингэхдээ эхний сар хүүгүй, дараа сар буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар *******ын ******* тоот данснаас гэрээнд заагдсан *******гийн ******* тоот дансанд "5049 *******д" гэсэн гүйлгээний утгаар 8,066,965 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна, зохигчид гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжсэн үйл баримтад маргаагүй, харин гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүссэн эсэхэд маргаантай, дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна" хэмээн дүгнэсэн байна.
Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах байдлаар маргасан. Үүнд: "2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "*******ХХК нь "*******" ХХК-тай "Орон сууцны хотхны инженерийн дэд бүтэц, ус дулаан дамжуулах, төвийн инженерийн байгууламж, шугам сүлжээ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, авах, ОСНАА ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлэх гэрээ"-г байгуулан уг гэрээгээр "*******" ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах, шинээр барьсан *******, ******* үйлчилгээтэй орон сууцны барилгын ус, дулаантай холбогдох эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээ, ашиглалт, засвар үйлчилгээ, дулааны узель, түүний тоног төхөөрөмжийн ашиглалттай холбогдох зураг, төсөл, гэрээ, бичиг баримтыг "*******" ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Эрх бүхий байгууллагын шийдвэр 2022 оны 11 дүгээр сарын эхээр гарснаар "*******" ХХК-ийн дээрх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээн авснаар мөн оны 12 дугаар сараас эхлэн аж ахуйн нэгжид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааны үйлчилгээг үзүүлэх болсон. Ийнхүү 12 дугаар сард хүлээж авахад "*******" ХХК-ийн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай байгуулсан 5049 дугаартай "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу авсан 11 дүгээр сарын дулааны төлбөрийн үлдэгдэл 8,066,965 төгрөг байсан бөгөөд уг мөнгийг ******* гэдэг хүний дансанд хийсэн. ******* гэдэг дулааны байцаагчийн хэлснээр уг мөнгийг тухайн хүний дансаар шилжүүлж ******* нь дулааны төлбөрөө төлсөн. Бодит байдал дээр хариуцагчийн хувьд уг мөнгийг зээлсэн зүйл байхгүй бөгөөд дээрх мөнгөөр нэхэмжлэгч нь өөрийн компанийн хэрэглэсэн дулааны төлбөрийг төлсөн байдаг. Уг зээлийн гэрээ нь зээлсэн мэт дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна" хэмээн маргасан. Гэтэл шүүх үүнийг гуйвуулан дүгнэсэнд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх дээрх маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэхдээ гэрээг гадна хэлбэр талаас нь өнгөцхөн харж дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байгаа болно.
4.2.Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Үүнээс гадна, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас 5049 гэрээний дугаартай, хэрэглэгч "*******" ХХК-д илгээсэн гэх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн АВО27159 дугаар төлбөрийн нэхэмжлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй болохыг дурдах нь зүйтэй, дээрхээс үзвэл 2022 оны 11 дүгээр сард холбогдох байгууллагын шийдвэр гарч, талууд эд хөрөнгийг хүлээлцсэнээр ашиглалт хүлээн авч буй талд дулааны төлбөрийг зохих тарифаар тооцон оршин суугчдаас нэхэмжлэн авч, хангагч байгууллагад төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна, өөрөөр хэлбэл, хариуцагчийн "...бодит байдал дээр нэхэмжлэгч өөрийн компанийн хэрэглэсэн 2022 оны 11 сарын дулааны төлбөрийг л төлсөн..." гэх тайлбар нотлогдоогүй бөгөөд анхлан ашиглалтын төлбөр тооцооны үлдэгдэлтэй эд хөрөнгө хүлээн авсан гэж үзэх, хэрэв тийм бол хойшид хэрхэн төлөх талаар нэмэлт гэрээ байгуулсан гэх байдал тогтоогдсонгүй" хэмээн хэргийг хянан хэлэлцэх явцад тодруулбал, мэтгэлцээний дүнд маргааны бодит үйл баримтыг тогтооход шинээр баримт шаардлагатай болохыг талууд тайлбартаа дурдсан, энэ нь ач холбогдолтой бол шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулж шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
4.3.Мөн анхан шатны шүүх нь хариуцагч миний сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4.Хариуцагчийн хувьд миний бие өмгөөлөгч авсан байсан бөгөөд өөрийн сонгосон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг огтхон ч авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргаж, хариуцагч миний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд, шүүгч намайг өөрийнх нь адил, хуульч, өмгөөлөгч нар шиг хуулийн мэдлэгтэй байх ёстой гэж хууль бус шаардлага тавьж хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 8,066,965 төгрөг, хүү 1,933,035 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг тооцоо нь нэхэмжлэгчийн *******ХХК, хариуцагчийн *******ХХК-ийн хоорондын тооцоотой холбоотой, нэхэмжлэгч нь өөрийн компанийн хэрэглэсэн дулааны төлбөрийг төлсөн гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.*******, ******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 8,066,965 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.2.Хаан банк ХК дахь *******ын ******* тоот данснаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 8,066,965 төгрөгийг *******гийн ******* тоот дансанд 5049 *******д гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.
3.3.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* нь *******ХХК-ийн гүйцэтгэх захирал, ******* нь *******ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь нотлогдсон байна.
Эдгээр компанийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээгээр *******ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, ******* үйлчилгээтэй орон сууцны барилгын ус дулаантай холбогдох эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээ, ашиглалт, засвар үйлчилгээ, дулааны узель, түүний тоног төхөөрөмжийн ашиглалттай холбогдох зураг төсөл, гэрээ, бичиг баримтыг *******ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн компаниуд *******, ******* байрны тоног төхөөрөмж хүлээлцсэн акт үйлджээ.
3.4.Түүнчлэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн АВО27159 дугаар төлбөрийн нэхэмжлэхэд 5049 гэрээний дугаартай, хэрэглэгч *******ХХК-ийн тухайн хугацаанд хамаарах дулааны төлбөр 8,066,966 төгрөг гэж тусгасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг баримтыг хуульд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн байх боловч зохигч энэ талаар маргаагүй тул уг баримтыг үнэлэх боломжтой.
4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.
4.1.Дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд, талуудын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн дүн, гүйлгээний утга нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэхэд бичигдсэн *******ХХК-ийн төлбөрийн дүн 8,066,965 төгрөг, гэрээний дугаар 5049 гэсэнтэй ижил, мөн шүүхэд ирүүлсэн *******ХХК болон *******ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний агуулгатай харьцуулбал, нэхэмжилж буй 8,066,965 төгрөг компаниудын хоорондын тооцоотой холбоотой гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Мөн компани хоорондын тооцоог гүйцэтгэх захирал болох *******, ******* нар нь иргэний хувиар гүйцэтгэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
4.2.Зээлийн гэрээ нь хоёр талын харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, маргааны үйл баримтад нийцээгүй, эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй байна.
4.3.Иймээс зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.
5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагч тал 2025 оны 03 дугаар сарын 28, 04 дүгээр сарын 04, 14-ний өдрүүдийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчийн хамт оролцох зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд гаргасныг шүүх тухай бүр хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх боловч өмгөөлөгчийн мэдээлэл тодорхойгүй, холбогдох баримт ирүүлээгүй.
Түүнчлэн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ид холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 150,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА