Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад ухаанууд овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1921002590135 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ............... дугаар сарын ..........-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хиад ухаанууд овогт Б.Г. /РД: .................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух, Ш.Сүүнтуяагийн гэрт хонох явцдаа “Самсунг С-7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сүүнтуяад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Дэрс” гах газар оршин суух, Ч.Баатарчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж, дуран, жижиг мөнгөн аяга, “Нокиа” маркийн гар утас, куртик, гутал, орны бүтээлэг, гар чийдэн, өмд, тэлээ, ариун цэврийн хэрэглэл, хутга, цэнэглэгч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Баатарчулуунд нийт 1.275.500 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Н.Зоригсайханы эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг С-6” маркийн 2 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух, Ш.Сүүнтуяагийн гэрт хонохдоо “Самсунг С-7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сүүнтуяад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Дэрс” гах газар оршин суух, Ч.Баатарчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж, дуран, жижиг мөнгөн аяга, “Нокиа” маркийн гар утас, куртик, гутал, орны бүтээлэг, гар чийдэн, өмд, тэлээ, ариун цэврийн хэрэглэл, хутга, цэнэглэгч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Баатарчулуунд нийт 1.275.500 төгрөгийн хохирол,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Н.Зоригсайханы эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг С-6” маркийн 2 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Зоригсайханд нийт 590.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхмсүрэнгээс эрүүгийн 1921002590135 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нэг: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Н.Зоригсайханы эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг С-6” маркийн 2 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Зоригсайханд нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Гы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнөөс 3 ширхэг гар утсыг хулгайлж авсан. ...тэгээд 4 дүгээр сарын 16-нд цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Зоригсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд буусан бөгөөд өглөө 07 цагт сэрэхэд миний эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг С-6” маркийн 2 ширхэг гар утас алга болсон байсан. ...303 тоот өрөөнд байсан хүмүүс авсан байх. “Hisense F28” маркийн гар утсыг 570.000 төгрөг, Самсунг С-6” маркийн 2 ширхэг гар утсыг тус бүр 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...өөрийн алдсан гар утаснуудаа буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Э.Очирдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын таксины зогсоол дээр зогсож байхад Б.Г нь ирж F28 маркийн 2 сим ордог хятад утас зарна гэхээр нь ...надад 60.000 төгрөг байна гэхэд “нэг нэгнээ таньдаг юм чинь болох байлгүй гээд 60.000 төгрөгөнд ав” гэсэн. Би хаан банкны дансанд байсан 60.000 төгрөгийг Б.Гд аваад өгсөн. Миний хохирлыг Б.Г төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

           

Гэрч Б.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түшиг буудлын 303 тоот өрөөнд Б.Г, Эрдэнэбадрах, Сугардорж, Ануна бид 5 хоносон. ...Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сугардоржтой уулзахад Б.Г Түшиг буудлаас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарахдаа том утастай болсон байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

- Эд мөрийн баримт хураан авсан тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

- Иргэн Э.Очирдоржоос эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Хоёр: 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух, Ш.Сүүнтуяагийн гэрт хонох явцдаа “Самсунг С-7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сүүнтуяад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Гы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим шиг санагдаж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух нагац ах Ч.Гэрэлчулууний гэрт хонохоор очсон. Ер нь бол ...Ш.Сүүнтуяа эгчийн “Самсунг S-7” маркийн гар утсыг нь авах зорилгоор очсон. Тэгээд унтаж байгаад шөнө 05 цагийн орчим ...“Самсунг S-7” маркийн гар утсыг нь аваад ...Гарьдмагнай гэх найзындаа 10 цаг хүртэл унтсан. Тэгээд ...24 цаг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Гарьдмагнайгаар 230.000 төгрөгөнд тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ш.Сүүнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд манай хадам дүү болох Б.Г манайд ганцаараа ирж хоносон. ....өглөө 07 цагийн орчим сэрээд харахад миний “Самсунг S-7” маркийн утас байхгүй байсан. ...би Б.Гийг хэзээ явсан талаар гэрийхнээсээ асуухад 05 цагийн үед босоод явсан гэж байсан. ...Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би гар утсаа ...340.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Гар утсаа буцааж авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч З.Долгорын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 24 цаг нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг тус газрын эзэн Н.Мандхай эгч бид хоёр нэг нэг хоногоор ээлжлэн ажиллуулдаг юм. ...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим шиг санаж байна. 2-3 эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд бор царайтай туранхай эрэгтэй нь “Самсунг S-7” маркийн гар утсыг өөрийнхөө Гарьдмагнай гэсэн цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг нь тулгаж үзэж байж хамгийн боломжит үнэлгээгээр буюу 230.000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Одоо 230.000 төгрөгийг гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Гарьдмагнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед босоод халааснаасаа шаргал өнгийн “Самсунг S-7” маркийн гар утас гаргаж ирээд манай эгч гар утас авсан болохоор надад энэ гар утсыг өгсөн юм. Бичиг баримт байхгүй болохоор миний найз надад энэ гар утсыг ломбарданд барьцаанд тавиад өгчих гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...24 цаг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт очиж ...13 хоногийн хугацаанд 230.000 төгрөгөнд би өөрийн цахим үнэмлэхээрээ барьцаанд тавьсан. ...миний гар утас гээд байхаар нь итгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/, 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Гурав: 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Дэрс” гах газар оршин суух, Ч.Баатарчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж, дуран, жижиг мөнгөн аяга, “Нокиа” маркийн гар утас, куртик, гутал, орны бүтээлэг, гар чийдэн, өмд, тэлээ, ариун цэврийн хэрэглэл, хутга, цэнэглэгч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Баатарчулуунд нийт 1.275.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Гы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Гонгоржав гэх ахынд очиж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл мал маллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим аргал түүхээр гараад ...2-3 км зайтай байдаг аавынх нь гэр рүү нь орж мөнгөн аяга, гар чийдэн, хоёр нүдний дуран, ногоон түрийтэй шар гутал, цасны хар эмэгтэй хүний гутал, саарал өмд, тэлээ, нокиа маркийн гар утас гэх мэт зүйлийг аваад гарсан. Дуранг нь 60.000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн /114-115 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Баатарчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр малаа харуулна гээд манай хүү Гонгоржав гэртээ Б.Г гэдэг нэг залууг авч ирсэн байсан. ...Эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу яваад ...сарын дундуур гэртээ ирэхэд ...гэрт хулгай орсон байсан. Хүү Гонгоржаваас асуухад “Б.Г гэдэг залуу аваа биз өөр хэн авдаг юм бэ” гэж хэлсэн. ...хоёр нүдний дуранг 1000.000 төгрөгөөр бодож, жижиг мөнгөн аяга бэлгэнд авч байсан. Алдсан зүйлээ буцааж бүрэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ малаа маллаад байж байхад зүс таних залуу Б.Г ирсэн. ...бид хоёр манайд хоноод өглөө босоод “дүү нь барьж явсан дурангаа зарна та ...60000 төгрөгөнд” ав гэсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймаг хамт орж мөнгийг нь олж өгөөд дурангаа авсан. Б.Гаас 60.000 төгрөг авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,  

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 86, 89, 92 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-88, 90-91, 93-94 дүгээр хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

- Цагаан-Овоо сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 101-104 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Гы хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гы иргэний үнэмлэхний лавлагаа, Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120-125 дугаар хуудас/,  

Урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-130 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн зан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Ганцацрал, Д.Батчулуун, Б.Ганбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргээр нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух, Ш.Сүүнтуяагийн гэрт хонох явцдаа “Samsung-7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сүүнтуяад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Дэрс” гах газар оршин суух, Ч.Баатарчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж, дуран, жижиг мөнгөн аяга, “Nokia” маркийн гар утас, куртик, гутал, орны бүтээлэг, гар чийдэн, өмд, тэлээ, ариун цэврийн хэрэглэл, хутга, цэнэглэгч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Баатарчулуунд нийт 1.275.500 төгрөгийн хохирол учруулсан,

            - мөн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Н.Зоригсайханы эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung S-6” маркийн 2 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Зоригсайханд нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн оролцогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнд “...орон байр”-нд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч нь дээрх үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гы “...хохирогч Ш.Сүүнтуяагийн гар утсыг хулгайлсан үйлдлийг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, “...хохирогч Ч.Баатарчулууны гэрт нэвтэрч ...эд зүйл хулгайлсан”, “...Түшиг зочид буудлын өрөөнд нэвтэрч иргэн Н.Зоригсайханы гар утсыг хулгайлсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Б.Гыг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял халдаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ш.Сүүнтуяа, Н.Зоригсайхан, Ч.Баатарчулуун нарын эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Гаас иргэний нэхэмжлэгч О.Энхбаатар, Э.Очирдорж нарт 60.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Долгорт 230.000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Гы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гы 2019 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 53-35 тоотод оршин суух, Ш.Сүүнтуяагийн гэрт хонох явцдаа “Samsung S-7 Edge” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сүүнтуяад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Дэрс” гах газар оршин суух, Ч.Баатарчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж, дуран, жижиг мөнгөн аяга, “Nokia” маркийн гар утас, куртик, гутал, орны бүтээлэг, гар чийдэн, өмд, тэлээ, ариун цэврийн хэрэглэл, хутга, цэнэглэгч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Баатарчулуунд нийт 1.275.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Н.Зоригсайханы эзэмшлийн “Hisense F28” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung S-6” маркийн 2 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Зоригсайханд нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Б.Гд дээрх 3 удаагийн хулгайлах гэмт хэргийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Гы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Гы цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Гы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас давхар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Хиад ухаанууд овогт Б.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ы цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хохирогч Ш.Сүүнтуяа, Н.Зоригтсайхан, Ч.Баатарчулуун нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г-ы .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас бусдад учруулсан хохирол болох 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерын 2-7А тоотод оршин суух, Тавнагт овогт Зоригтчулууны Долгор /РД: СЕ91100809/-т, мөн 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт гэх газарт оршин суух, Боржигон овогт Оргодолын Энхбаатарт /РД: ЖВ65091711/-т, мөн 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 20-09 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбаатарын Очирдорж /РД: ЖМ91121116/ нарт тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН