| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1248/Э |
| Дугаар | 1267 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бид холбогдох 190603331592 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 46 дугаар байрны 61 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 99 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Сийн Б, /РД:УХ88100115/
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Бнь 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт төв зам дээр машин жолоодож явахдаа иргэн Т.Баатарзаяатай маргалдаж, улмаар түүний нүүр лүү гар хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч С.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баатарзаяагийн өгсөн: “Би 2019 оны 05 дүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хороо, Гёте сургуулийн орчим төв зам дээр явж байтал туслах замаас миний урдуур Хариер маркын машин огцом огцом гишгээд орох гээд байхаар нь би оруулаагүй, тэгтэл тухайн машины жолооч “сүртэй муу баас вэ” гэхээр нь би “чи орох гээд байгаа юм бол дохио өгөөд орооч юу гээд байгаа юм” гэж хэлээд дунд хуруугаа гаргатал... намайг элдвээр хэлээд, хөдөлгөөн үргэлжлээд цаашаа яваад шөнийн захын харалдаа зогстол нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд намайг цохих гэж цочоон “чи бүр халтуур хийгээд хүнийг өдөж мөнгө аваад сурчихсан янхан банди” гэж хэлээд машиндаа суугаад хөдөлсөн. Уулзвараар чигээрээ гараад баруун талаар дайрч орох гээд чадалгүй миний ард орж ирж зогсоод ХӨСҮТ-ийн автобусны буудал өнгөрөөд цонхоороо “янхан банди” гэж хэлэхээр нь өөдөөс нь “би янхан бол чи бүр янхан банди бишүү” гэхэд “өө чи манай эхнэрийг янхан гэлээ, одоо би чамайг ална дуусгана” гэж хэлээд машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын миний машины хаалга нээгээд нүүр толгой руу 2-3 удаа өшиглөөд 3-4 удаа гараараа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад баруун хамарны дээд хэсэгт язарсан. Тэгтэл түүний эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд “чи намайг янхан гэлээ” гэж хэлээд миний машинаар үйлчлүүлж байсан охиныг чи сонссон биз дээ гэхэд түүний нөхөр холдуулаад дахиад намайг өшиглөсөн. Би машины бүсийг зүүчихсэн буух боломжгүй байхад хаалга нээгээд зодчихсон...” гэх мэдүүлэг /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 6632 дугаартай: “... Т.Баатарзаяагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт шалбаралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр эхнэрийн хамт айлд очихоор явж байсан. Тэгтэл ХӨСҮТ-өөс нарны зам руу уруудан явах төв зам дагуу хажуу талын зогсоолоос орох гэтэл нэг приус-20 маркын машин оруулахгүй байхаар нь би сигналдсан чинь уг машины жолооч залуу дунд хуруугаа гаргаад байхаар нь уг машины хажуугаар ороод “яагаад байгаа юм” гэхэд урдаас хэрэлдээд машинаасаа буугаад барьцалдан авч эргээд салсан. Тэгээд машиндаа суугаад байтал араас гүйцэж ирээд хэл амаар доромжлоод эхнэрийг “ямар янханаа суулгачихаад томроод байгаа юм” гэж хэлэхээр нь машинаасаа буугаад хаалгыг нь онгойлгоод уг залуугийн нүүрэн тус газар 2 удаа цохиход хамраас нь цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх.33-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Бнь 2019 оны 50 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дээр машин жолоодож явахдаа иргэн Т.Баатарзаяатай маргалдаж, улмаар түүний нүүр лүү гар хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баатарзаяагийн өгсөн: “... машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын миний машины хаалга нээгээд нүүр толгой руу 2-3 удаа өшиглөөд 3-4 удаа гараараа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад баруун хамарны дээд хэсэгт язарсан... дахиад намайг өшиглөсөн. Би машины бүсийг зүүчихсэн буух боломжгүй байхад хаалга нээгээд зодчихсон...” гэх мэдүүлэг /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 6632 дугаартай: “... Т.Баатарзаяагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт шалбаралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бийн яллагдагчаар өгсөн: “... машинаасаа буугаад хаалгыг нь онгойлгоод уг залуугийн нүүрэн тус газар 2 удаа цохиход хамраас нь цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх.33-34/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
С.Бнь хохиролд 458.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.Баатарзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Бид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Бнь торгох ял оногдуулахыг хүсч байх боловч түүнийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг, байнгын орлоготой гэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
С.Бид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Сийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Бид сануулсугай.
4. Хохирогч Т.Баатарзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, С.Бнь хохиролд 458.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР