| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/01041/И |
| Дугаар | 210/МА2025/00999 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00999
*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХК-д холбогдох
Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 265,997,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Манай компани өөрийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, холбогдох мэдээ, мэдээллийг аюулгүй, найдвартай хадгалуулах, цахим орчинд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 09 дүгээр сараас эхлэн ******* ХК-тай Cloud.mn үйлчилгээний гэрээ-г байгуулан хамтран ажилласан.
Гэтэл ******* ХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16-д тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагын амин чухал мэдээлэл буюу бидний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, маркетингийн ажлын үр дүнгээр бий болсон албан ёсны бүртгэлтэй 17,224 хэрэглэгч, бидэнтэй зээлийн гэрээ байгуулж үүрэг хүлээсэн 12,340 харилцагч, 5,124 зээлдэгч, идэвхтэй зээлийн харилцаа үүсгэсэн 3,306 зээлдэгчийн бүрэн мэдээлэл /харилцагч тус бүр дээр 90-100 төрлийн хувийн мэдээлэл бүрдсэн/, хуулийн дагуу Төрийн мэдээллийн нэгдсэн сангуудаас төлбөр төлж авсан 17,224 харилцагчийн бүрэн мэдээллүүд /Танилт, нэвтрэлтийн систем, Зээлийн мэдээллийн сан гэх мэт/, албан ёсны ухаалаг системийн тусламжтайгаар 12,340 харилцагчийн санхүүгийн чадавхид хийсэн скорингийн цуврал мэдээллүүдийг агуулсан Үндсэн дата мэдээлэл-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр устгаж, үгүй болгосон.
Үүний улмаас манай компанид хохирол учруулж, хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, өндөр өсөлттэй явсан зээлийн үйл ажиллагааг 100 хувь зогсоосон. Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, холбогдох хууль, журмын дагуу тайлан мэдээллээ гаргах боломжгүй болсон, зээлдэгчээс зээлээ эргэн төлүүлж чадахгүй болсон, цахимаар бүртгэгдсэн харилцагч, зээлдэгч нарт зээл олгох боломжгүй болсон, үр ашиггүй ажилд их хэмжээний зардал гаргах зэргээр бид болон бусад харилцагч нар хохирч байна.
Нөхцөл байдал хүндрэлтэй болчихоод байгааг анхаарч, учирсан хохирол, зардлыг хэрхэн хариуцаж барагдуулах талаар бид ******* ХК-д удаа дараа мэдэгдэл, хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч ******* ХК нь бүтэн 4 сар орчмын хугацаанд ямар ч хариу өгөлгүйгээр өдийг хүрсэн бөгөөд тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******болон манай компанийн гүйцэтгэх захирал *******нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хохирол барагдуулах тохиролцооны дагуу манайд учирсан хохирлыг барагдуулах талаар огт санаачилга гаргаагүй. Бид хохирлыг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг даван туулах, мөн харилцагч, зээлдэгч нарынхаа итгэлийг алдахгүйгээр үйл ажиллагаагаа найдвартай байлгахын тулд ажилтнуудаа бүрэн бүрэлдэхүүнээр нь илүү цагаар ажиллуулж, АНУ-д суралцахаар явсан байсан ажилтнаа хүртэл дуудаж ирүүлэн зардлыг нь төлсөн, нэмж 14 хүнийг хөлсөлж гэрээгээр ажиллуулсан ба тэдгээрээс 2 хүн нь одоог хүртэл ажилласаар байна.
1.2.Тиймээс талууд хоорондоо үүссэн асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй тул Cloud.mn үйлчилгээний гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол болох 17 мянган хэрэглэгчийн мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан зардал нь 70,979,731 төгрөг, маркетингийн зардал буюу нэмэлт зардал гаргаж хэрэглэгчтэй холбогдсон зардал 30,000,000 төгрөг үүнд багтана, хэрэглэгчийн эрсдэлийг дахин үнэлэхэд гарсан зардал 14,195,946 төгрөг, зээлдэгч нартай холбоо барьж төлүүлдэг тул зээлийг буцаан төлүүлж чадаагүй эргэж холбогдох боломжгүй болсон 93,696,111 төгрөг, мэдээлэл алдаатай буруу болоод хүү, шимтгэлийн орлого авах боломжгүй болж 25,117,455 төгрөг, үйл ажиллагаа зогссон тул зээлдэгч нарт мэдээлэл өгөх боломжгүй болж зээл олгож байсан бол олох байсан орлого 22,000,000 төгрөг, манай ажилтан АНУ руу явсан зардал 27,362,734 төгрөг, шинээр 14 ажилтан ажиллуулсан 12,645,535 төгрөг, нийт 265,997,512 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, мэдээлэл технологи, компьютер программчлал, зөвлөгөө болон тэдгээрт холбогдох бусад үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий үндэсний, олон нийтийн хөрөнгө оруулалт бүхий хувьцаат компани юм. Нэхэмжлэгч компани нь Клауд сервер үйлчилгээний гэрээг цахимаар байгуулж, үйлчилгээ авч байсан. Гэрээний цаасан хувилбар бүхий санал, загварыг авч явсан боловч баталгаажуулж өгөөгүй буюу бичгээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч компани нь тус гэрээ, үйлчилгээний явцад хохирол учирсан хэмээн төлбөр нэхэмжилж байгааг бид дараах нөхцөл байдал, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх, барагдуулах боломжгүй, үндэслэлгүй байгаа болно.
Манай компанийг Cloud.mn үйлчилгээний гэрээний 4.9, 4.14, 4.16 дахь заалтуудыг зөрчсөн, түүний улмаас хохирол учирсан гэсэн. Гэрээний 4.16 дахь заалт нь технологийн шинэчлэл, өөрчлөлт хийх эрхтэй бөгөөд үйлчилгээ түр зогсох бол хэрэглэгчдэд 3 хоногийн өмнө урьдчилан цахим хаягаар мэдэгдэх тухай, 4.14 дэх заалт нь хэрэглэгч өөрийн үүсгэсэн клауд серверийг системээс бүрэн хянах боломжтой байх тухай, 4.9 дэх заалт нь нийлүүлэгчийн зүгээс серверийн CPU, RAM-ны найдвартай ажиллагаа, дискний багтаамж, сүлжээний найдвартай холболтыг хариуцах тухай тус тус заасан. Нэхэмжлэгч нь манай компанийн буруутай үйл ажиллагааны улмаас мэдээллүүд устаж, хохирол учирсан гэх боловч үүнд манай компани буруутай болохыг тогтоогдсон зүйл байхгүй. Гэрээний дээрх заалтууд зөрчигдсөн болохыг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй. Бид урьдчилсан байдлаар үүссэн асуудлыг системийн шинэчлэл хийгдэх явцад технологийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ талаар ч компанийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 36 тоот албан бичиг болон үйлчлүүлэгч компанитай хийсэн уулзалтаар хэлж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, компанийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй байна.
Гэрээний 2.8 дахь заалтад Нөөцлөлт (bаскuр) гэж хэрэглэгч өөрийн үүсгэн ашиглаж буй кпауд виртуал серверийн дискийн мэдээллийг нэг долоо хоногт нэг удаа буюу сүүлийн 4 долоо хоног төлбөртэй хадгалах үйлчилгээг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч компани биднээс энэхүү нөөцлөлтийн үйлчилгээг аваагүй байсан. Манай үйлчилгээ нь дараа төлбөрт үйлчилгээ бөгөөд үйлчлүүлэгч нь хэрэглэснийхээ дараа төлбөрөө төлдөг. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сараас хойш манай үйлчилгээг ашиглаж эхэлсэн ба сард ойролцоогоор 240,000 төгрөгийн нэг виртуал сервер ашигладаг байсан ба хэрэв нөөцлөлтийн үйлчилгээ авсан бол ойролцоогоор 300,000 төгрөг төлөхөөр байсан. Иймд бидэнд нэхэмжлэгчийн мэдээллүүдийн нөөцлөлтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг үүсээгүй байсан. Энэ нөхцөлд үйлчлүүлэгч нь үүсэж болох эрсдэлийг өөрөө хариуцах талаар гэрээний 5.13 дахь хэсэгт Хэрэглэгч нь нийлүүлэгч талаас санал болгосон нөөцлөх үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гаднын халдлагаас үүсэн гарах эрсдэлийг өөрөө хариуцна гэж заасан. Мөн гэрээний 5.10-т Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн клауд виртуал серверийн дотоод үйл ажиллагаа ... нөөцлөлт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлыг бүрэн хариуцаж, засварлах үүрэгтэй гэж заасан. Гэрээний эдгээр заалтын дагуу нэхэмжлэгч нь өөрийн үүсгэсэн мэдээллийг нөөцлөн хадгалах, аюулгүй байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй байсан.
2.2.Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө 322,540,800 төгрөгийн хохирол биднээс шаардаж байсан. Манай компани алдаа гаргасан, буруутай үйл ажиллагаа байгаа эсэхээс үл хамааран үйлчлүүлэгч компаниа хүндэтгэж, тухайн хохирлыг нотлох баримтуудаа гаргаж өгөх, тайлбарлахыг хүссэн боловч нэг ч баримт бичиг гаргаж өгөөгүй. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөрүүтэй дүн нэхэмжилж байх тул эдгээр тооцооны аль нэгийг нь бодит, үнэн зөв гэж үзэх, дүгнэлт хийх боломжгүй байна.
Манай компанийн зүгээс үйлчлүүлэгчдийн мэдээлэл хадгалж буй виртуал серверт нэвтрэх, мэдээллүүдтэй танилцах нь хуулиар зөвшөөрөгдөөгүй бөгөөд боломжгүй байдаг. Иймд бид нэхэмжлэгч ямар мэдээлэл хадгалж байсан, тус мэдээллүүд нь устсан эсэх, ямар хэмжээнд устсан эсэхийг мэдэх боломжгүй.
Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж бид ойлгож байна. Хэрэв тийм бол Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмуудын хүрээнд зээлийн гэрээг бичгээр байгуулах, холбогдох зээлийн гэрээ, баримтуудыг бичгээр хадгалах нь нэхэмжлэгчийн үүрэг билээ. Нэхэмжлэгч компанийн мэдээллүүд бүрэн устсан, үүний улмаас хохирол учирсан бол түүний хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх юм.
2.3.Бид үүссэн маргааныг шийдвэрлэхийг хүсэж, үйлчлүүлэгч компанид Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний төслийг цахим шуудангаар хүргүүлснээр уулзалт хийж, төслийг эцэслэн тохирч, гэрээг хоёр хувь хэвлэж, манай компаниас албажуулаад, бид ирэх 1 дэх өдөр гэрээг албажуулаад өгнө. Одоо Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний дагуу ажиллах болно" гэж хэлээд аваад явсан боловч хувийг бидэнд өгөөгүй, гэрээний дагуу огт ажиллаагүй, хохирол учирсан гэх нөхцөл байдлыг нотлох, харуулахтай холбоотой нэг ч баримтыг бидэнд өгөөгүй. Иймд бидний зүгээс үйлчлүүлэгчийн асуудал, нөхцөл байдлыг шүүхээс өмнө шийдвэрлэх ямар ч бололцоо, боломж байсангүй, гэрээний 7.1-т заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг болж байна.
Дээрхээс дүгнэхэд, учирсан гэх хохиролд манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй буюу нотлогдсон зүйлгүй, нэхэмжлэгч компанийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлээгүй, нөөцлөлт хийгээгүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас тухайн нөхцөл байдал үүссэн, учирсан хохирол гэх мөнгөн дүнг ямар тооцоо, баримтыг үндэслэж гаргасан нь тодорхой бус буюу нотлогдоогүй, нөхцөл байдлыг эвлэрэл, харилцан тохиролцох журмаар шийдвэрлэх талаар бидний хүсэлтийг хүлээн аваагүй, гэрээний үүргийг зөрчсөн зэрэг нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,686,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Өмнө нь тус шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан "*******" ХК-аас 146,463,442 төгрөгийг гаргуулж, "*******ББСБ" ХХК-д олгож, манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх өмнө нь ийнхүү шийдвэрлэгдэж байсан иргэний хэргийг огт эсрэг талаас нь харж, буруу шийдвэрлэж, муу жишиг тогтоогоод байна. Тодруулж хэлбэл манай тохиолдол буюу хэрэг маргааны онцлог нь эрх зүйн шинэ тутам харилцаа бөгөөд түүнийг шийдвэрлэхэд шүүхийн хууль хэрэглээг тогтоох зайлшгүй шаардлага байсан боловч анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэснээр маш буруу жишгийг бий болгож, шүүхийн практикт төдийлөн гараад байдаггүй хэв маягийг үүсгэж, хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй гэсэн үг юм. Тиймээс бид анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, мөн хуулийн 116.3 дахь хэсэгт "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзээд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д ...Нэхэмжлэгч нь хариуцагчийн мэдээллийг хадгалах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан нь дээрх үйлчилгээний нөхцөл, гэрээнд заасан эрх үүргээр үгүйсгэгдсэн. Тодруулбал мэдээллийг нэхэмжлэгч удирдах бөгөөд хариуцагчид энэ талаар эрх, үүрэг байгаагүй, түүнчлэн аюулгүй байдлын улмаас программ, түүнд суурилсан мэдээллийг нөөцлөх үүрэг нэхэмжлэгчид байжээ... Хариуцагч маргаж буй асуудалд буруутай гэдгээ зөвшөөрсөн гэж шууд үзэхээргүй байна ... Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь цахим зээлийн үйл ажиллагаа явуулахад зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээллийг өөрөө удирдах, аюулгүй байдал буюу нөөцлөлтийн асуудлыг хариуцахаар тохиролцсон, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас мэдээлэл устсан үйл баримт тогтоогдохгүй байна ... Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн серверт хадгалагдаж байсан цахим зээлийн үйл ажиллагаанд зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээлэл устсан явдалд хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдоогүй, учирсан гэх хохирлын зарим нь маргаж буй үйл явдалд хамааралгүй, зарим нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, зарим нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж үзээд хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх ийнхүү дүгнэж хэргийг шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн эрхийг ноцтой хөндөж, хариуцагчийг үүрэг хүлээхээс бултуулж, эсрэгээрээ нэхэмжлэгчийг нэг мөсөн хохироож, мэдээллийн эрин зуунд байж боломжгүй буруу практикийг үүсгэж хэргийг шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйл болон бусад зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй, хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Үүнд: "*******" ХК нь "Cloud.mn үйлчилгээний гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16-д тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт манай байгууллагын амин чухал мэдээллийг устгасан бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх маш хийсвэрээр, хууль болон гэрээг буруу тайлбарлаж, мэдээллийн технологийн хамгийн наад захын мэдлэг, ойлголтгүй байдлаар дүгнэж шийдвэрлээд байгаа нь цаашид Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн, бусдын онц чухал мэдээллийг хадгалах үүрэг бүхий дэд бүтэцтэй байгууллагууд ямар ч хариуцлагагүй үйлдэл хийж, бусдад хохирол учруулж болдог муу практикийг бий болгож байна.
4.2."Cloud.mn үйлчилгээний нөхцөл" нэртэй гэрээний 1.2, 1.3-т ... үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон сloud.mn-ний бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна, хэрэглэгчид тус үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр үзүүлэх байнгын ажиллагаатай платформ байна... гэж, 2.1-д "Клауд вертуал сервер" гэж үүлэн технологид суурилсан вертуал сервер, файл хадгалах үйлчилгээ, аппликэйшн платформ болон бусад төрлийн клауд үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий системийг нийтэд нь хэлнэ, "Файл хадгалалтын үйлчилгээ" гэж хэрэглэгч өөрийн дата, мэдээллийг клауд орчинд найдвартай хадгалах, байршуулах үйлчилгээг хэлнэ" гэж заажээ. Өөрөөр хэлбэл манай компани нь өөрийнхөө дата мэдээллийг цахим орчинд хадгалуулах, клауд үйлчилгээг авч, сар бүр төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү "Cloud.mn үйлчилгээний нөхцөл" нэртэй гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй, мөн хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна гэж дүгнэчихээд хэрэг маргааныг шийдвэрлэхдээ уг гэрээний зорилгыг, холбогдох заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрхийг бүдүүлгээр зөрчлөө.
4.3.Мөн бид "******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас хадгалуулж байсан бүх мэдээллээ устгуулсантай холбоотойгоор гэрээгээ цуцалсан бөгөөд манай албан тоотын дагуу хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Cloud.mn үйлчилгээний нөхцөл"-д байх манай мэдээллийг устгасан. Ийнхүү цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тал дээр маргаангүй байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй.
4.4."******* ХК нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар "Кибер орчинд дундын мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын болон түүний хэвийн үйл ажиллагааг хангахад мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд" гэдэгтэйгээ маргадаггүй, Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар тогтоолоор Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтын 202-т "дата төв, түүний салбар болон нөөц төвийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага"-ын жагсаалтанд орсон байгууллага мөртлөө Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчиж, өөрийн хариуцсан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, бусдын мэдээллийг устгасан байж болзошгүй үйл баримтыг анхан шатны шүүх хаацайлж, зөвхөн хариуцагчийн талд хэргийг хянан шийдвэрлэсэн.
4.5.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад "*******ТӨХК-аас "*******ББСБ" ХХК-ийн мэдээлэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 00 минут 23 секундэд устсан, мөн өдрийнхөө 12 цаг 56 минутанд cashflow нэртэй шинэ виртуал үүсгэсэн гэж дүгнэснийг талууд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн буруутайг тогтоогоогүй, харин гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн мэдээлэлд хандах эрхтэй байсан тул өөрөө мэдээллээ устгасан гэж шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж, манай компанийг буруутгаж хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүйгээс гадна анхнаасаа хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэх санаа зорилготой байсан гэж хардахад хүргэж байна.
4.6.Манай мэдээлэл устсантай холбоотой асуудлаар "******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******болон манай компанийн гүйцэтгэх захирал *******нар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийж хөтөлсөн тэмдэглэлдээ талууд харилцан тохирч хохирлыг барагдуулах талаар тохирсон, мөн талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцсан цахим захидлуудаас...таны бизнесийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсандаа хүлцэл өчье... гэсэн утгатай захидлыг хариуцагч тал манайд ирүүлж байсан, үүнээс гадна хариуцагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбараар өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч байсныг анхан шатны шүүх огт үнэлсэнгүй ээ.
4.7.Дээрхээс үзвэл "******* ХК нь "Cloud.mn үйлчилгээний гэрээ"-ний 2.4, 4.9-д заасан "мэдээллийг клауд орчинд найдвартай хадгалах үйлчилгээ, үзүүлэх" үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна. Мөн гэрээний 7.5-д "Cloud нь хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар болон зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд алдах, устгах, нэвтрэх, өөрчлөх, нийтэд түгээхээс сэргийлж техникийн болон менежментийн хамгаалалтын арга хэмжээнүүд авч ажилладаг...." гэж тусгаснаас үзвэл өөрөө гэм буруугүй ч гадны гуравдагч этгээдийн халдлагаас тодорхой хэмжээнд хамгаалах нь хариуцагч талын үүрэгт хамаарахаар байна. Гэтэл анхан шатны шүүх энэ бүгдийг огт үнэлж, дүгнээгүй.
4.8.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 4.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан гуравдагч этгээдээс аутсорсингийн үйлчилгээ авч болно" гэж зааснаар манай байгууллага Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн, бусдын онц чухал мэдээллийг хадгалах үүрэг бүхий дэд бүтэцтэй мэргэшсэн гуравдагч этгээд болох "*******" ХК-тай тохиролцож гэрээ байгуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид Кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мэдээллээ найдвартай хамгаалуулах үүргээ биелүүлсэн хэрэг боловч анхан шатны шүүх мөн энэ байдлыг дүгнээгүй.
4.9."Cloud.mn үйлчилгээний гэрээ"-ний 2.8-д заасан Нөөцлөлтийн үйлчилгээ нь зөвхөн нэмэлт үйлчилгээ бөгөөд гэрээний 4.5-д "Sandboх түвшинтэй хэрэглэгч backup нөөцлөх боломжгүй, basic болон advanced түвшинтэй хэрэглэгч төлбөртэйгээр backup нөөцлөх боломжтой" гэж заасан байгаагаас үзвэл нөөцлөлтийн үйлчилгээ заавал авах үйлчилгээ биш. Гэтэл анхан шатны шүүх мэдээллийг нөөцлөх үүрэг нэхэмжлэгчид байжээ гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай байна.
4.10.Энэ мэтээр манай мэдээлэл устсан үйл явдалд биднийг буруутгах баримтгүй, өөр бусад байдлаар нэхэмжлэгчээс шалтгаалж устсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хариуцагч "*******" ХК нь Иргэний хуулийн 227.2-т зааснаар гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан ямар нэгэн баримт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм.
4.11.Мэдээлэл устсанаас болж үүссэн хохиролтой холбоотой гаргаж өгсөн бүхий л баримтуудыг үнэлээгүй бөгөөд анхан шатны шүүх харин ч "хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байна" гэсэн учир битүүлэг тайлбарыг хийж, манай компанийг огт хохироогүй мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Жишээ нь: Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт"-ын талаарх зөвлөмжийн 1-д ... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйд бичмэл нотлох баримт гэдэгт иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий фактуудыг илэрхийлж, агуулсан бичгийн болон бусад хэлбэрийн эд зүйлийг хамааруулан тодорхойлдог. Энэ нь ямар материалд бэхжиж үлдсэн гэдгээсээ үл хамааран нотолгооны агуулгыг илэрхийлдэг... гэж тодорхойлсон байх боловч анхан шатны шүүх нь "******* ХК-ийн гэм буруугаа хүлээсэн, хохирол барагдуулах санаа бодлоо илэрхийлсэнтэй холбоотой нотлох баримтуудыг огт үнэлээгүй, хийсвэрээр тайлбарлаж үгүйсгэсэн.
4.12.Монгол Улсын дээд шүүхийн дээрх зөвлөмжийн 4 дүгээр зүйлд "Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны гол бичмэл нотлох баримт бол гэрээ юм. Бичгээр хийсэн гэрээ байхгүй тохиолдолд гэрээний харилцааг бичгийн бусад баримтаар нотлож болно. Тухайлбал, өр хүлээн зөвшөөрсөн баримт, тооцоо нийлсэн баримт зэрэг. Ялангуяа, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.-д зааснаар гэрчээр нотлуулах эрхээ алдсан тохиолдолд бичмэл аливаа баримт ач холбогдолтой" гэж заасан бөгөөд үүнийг анхан шатны шүүх баримтлаагүй байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай зөвлөмжид "Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно", 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай зөвлөмжид "Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно" гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь юм... гэж зөвлөсөн тайлбаруудыг давж заалдах шатны шүүх огт анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэж, МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрхийг зөрчих нөхцлийг санаатай бүрдүүлж байна гэж үзэж байгаа юм.
Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагч талд шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д заасныг анхан шатны шүүх зөрчиж, бодит нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг ойлгомжгүй, буруу эсрэг талаас нь дүгнэсэн.
Ийнхүү хэргийг ул үндэсгүй, хийсвэрээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарлаж нотолж чадахгүй байна гэх зүйлийг анхан шатны шүүх хурал дээр ярьдаг. Учир нь Иргэний хуулийн ямар зүйл, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх вэ, Иргэний хуулийн аль зүйл заалтад заасан гэрээ, ямар үндэслэлээр шаардсан, гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол аль үүргээ зөрчсөн гэдгээ нэхэмжлэгч тал тайлбарладаггүй.
5.2.Дараагийн асуудал нь хохирлын асуудал ярьдаг. Үнэхээр гэм буруутай гэж үзсэн бол учруулсан хохирол нь ямар шалтгаант холбоотой гэх асуудал яригддаг. Хариуцагчийн зүгээс ямар ч шалтгаант холбоогүй байна гэж үздэг. Хохирлын задаргаа нь 1 дүгээр хавтас хэргийн 33 дугаар талд хүснэгтээр тодорхой зааж өгснөөр авагдсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын асуудлыг маш дэлгэрэнгүй ярьдаг. Зээлийн гэрээ, Америк явсан ажилтны зардал гэх зүйлүүдийг шаарддаг бөгөөд эдгээрийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэх байдлаар талууд анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан гомдолтой холбоотой тайлбар хийхэд маргаан бүхий үйл баримт нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэтэл хариуцагч гэрээ цуцалсан асуудлыг анхан шатны шүүх дүгнээгүй гэж үндэслэлгүй тайлбарладаг.
5.3.Түүнчлэн үйлчилгээний нөхцөл 9, 14, 16 гэх заалтуудыг дурддаг. Манай үйлчилгээ клауд орчинд виртуал сервер мэдээлэл хадгалах үйлчилгээ юм. Энгийнээр тайлбарлахад манайх 10 өрөө байртай байлаа гэж бодоход түүнээс хоёр өрөөгөө хариуцагчид ашиглуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч эд хөрөнгө шилжүүлээд Иргэний хуулийн 318 дугаар зүйл гэж тайлбарладаг. Манайх виртуал серверийг нэхэмжлэгчид ашиглуулсан. Өөрөөр хэлбэл ******* ХК-ийн өмчлөлийн виртуал серверийг танайх ашигла гэдэг. Гэхдээ үйлчилгээний нөхцөлд ямар тохиолдол орох, орохгүй вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх зөв талаас нь дүгнэж Иргэний хуулийн төсөөтэй хэрэглэх зарчмыг хэрэглэж зөв дүгнэлт хийсэн. Бид виртуал серверийг түрээслүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал түүнд мэдээллээ оруулж хадгалуулсантай холбоотой үйлчилгээ. Тухайн үйлчилгээ нь сарын 260,000 төгрөгийн үйлчилгээ байсан. Bаскup үйлчилгээний нөхцөлийг маш тодорхой заасан бөгөөд энэ нь сонголттой үйлчилгээ. Та нар манай Bаскup үйлчилгээг авах юм бол та нарын хадгалуулсан мэдээллийг нөөцлөөд хадгална, харин авахгүй бол мэдээллийг нөөцлөхгүй. Нөөцлөөгүй учраас аливаа мэдээлэл уствал үүнтэй холбоотой эрсдлээ өөрсдөө хариуцна гэж үйлчилгээний нөхцөлийн 5.13-д маш тодорхой заасан. Анхан шатны шүүх энэ үйлчилгээний нөхцөлийн 5.13-д зааснаар дүгнэсэн. Нэхэмжлэгч тал онц чухал мэдээлэл учраас хамгаалах ёстой байсан гэж тайлбарладаг. Засгийн газрын тогтоолоор гаргасан онц чухал бүхий этгээдийн жагсаалтад ******* ХК орсон, гэхдээ банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээлэл онц чухал мэдээлэлд орохгүй бөгөөд ямар учраас хамааралтай болохыг нэхэмжлэгч тал тодорхой тайлбарладаггүй. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл гэдгийг хамааруулж тайлбарладаг. Гэтэл тухайн хуулийн 17 дугаар зүйлд банк бус санхүүгийн байгууллагыг мэдээллийн аюулгүй байдлын нийтлэг журмыг дагаж мөрд, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй бол, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөж хэрэгжүүл гэх хуулийн тодорхой шаардлагуудыг тавьсан. Маргаан бүхий үйл баримтуудыг харахад *******ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 160 дугаар тогтоолыг ярьдаг. Тогтоолын 4.5-д заасан Аутсорсинг үйлчилгээг ярьдаг бөгөөд үйлчилгээний нөхцөлөө хооронд нь хольж, сольж ярьдаг. Аутсорсинг үйлчилгээнд хэзээ нэмэлтээр орсон гэхээр маргаан бүхий үйл баримтаас хойш 2023 онд нэмэлт өөрчлөлт орсон үйлчилгээ байдаг. Тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны 160 дугаар тогтоолд финтек зээлийн үйлчилгээ үзүүлэхэд эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх заалт байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал бүртгүүлээгүй бөгөөд 2024 оны 02 дугаар сард бүртгүүлсэн. Маргаан бүхий үйл баримт болоод өнгөрсний дараа бүртгүүлж энгийн зөвшөөрөл авсан байдаг. Хууль болон үйл баримтын хувьд зөрчилтэй зүйл их байдаг. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр *******шүүгч тодорхой асууж, тайлбарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тайлбарласан зүйл байхгүй.
5.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч харилцаагаа ойлгоогүй гэж ярьдаг. Түрээсийн харилцаа гэдгийг тодорхой тайлбарласан. Мөн ******* ХК гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Үйлчилгээний нөхцөлийн 9.1-д хэрвээ талуудын хооронд саналын зөрөлдөөн үүсвэл эвийн журмаар шийдвэрлэнэ гэх заалт байдаг. ******* ХК энэ нөхцөлийг барьж нэхэмжлэгч талтай эвлэрэх гэж үзсэн ч нэхэмжлэгч эвлэрээгүй. ******* ХК мэдээллийн шинэчлэлт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар хийдэг нь үндэслэлгүй.
5.5.Хэрэгт банкин дахь дансны хуулга гаргаж өгсөн, ажилтнуудад хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ажиллуулсан гэдэг. Үнэхээр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ажиллуулсан бол нийгмийн даатгал төлсөн тайлан байхгүй, нотлогдохгүй. Санхүүгийн тайланг харахаар тайланд нь нийт борлуулалтын орлого 78,000,000 төгрөг байдаг. Гэтэл биднээс үүнээс 2, 3 дахин их хохирол учирсан гэж нэхэмжилдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хохирлоо нотолж чаддаггүй. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үйл ажиллагааг цахимаар явуулсан бол финтек зээл буюу өдөр тутмын зээлийн хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр олгосон бэ гэхээр хэрэгт үүнтэй холбоотой ямар ч баримт байдаггүй. Хүү тохирсон бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой гэхээр бичгээр байгуулсан зээлийн гэрээ байдаггүй. Нэхэмжлэгчийн нотлох баримт, гаргаж буй тайлбарууд хоорондоо уялдаа холбоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сард "Cloud.mn үйлчилгээний нөхцөл нэртэй гэрээ цахимаар байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч ******* ХК нь сloud.mn-ийн бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчид үзүүлэх, хэрэглэгч *******ББСБ ХХК нь нийлүүлэгчээс үйлчилгээ авч, төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх тус харилцааг бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны төрөл болох түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь оновчгүй байх тул дор дурдсанаар залруулна.
Дээрх гэрээгээр нэг талаас нийлүүлэгч нь хэрэглэгчид клауд үйлчилгээ, клауд виртуал сервер үүсгэх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн үүсгэсэн клауд виртуал серверийн CPU, RAM-ны ажиллагаа, дискний багтаамж, сүлжээний холболтын найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах, нөгөө талаас хэрэглэгч нь үүсгэсэн клауд виртуал серверт мэдээллээ хадгалж, төлбөр төлөхөөр тохиролцсон, гэрээний зүйл нь үйлчилгээ үзүүлэх байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.
4.Гэрээнд заасан клауд виртуал серверт хадгалагдаж байсан *******ББСБ ХХК-ийн мэдээлэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр устсан байх ба нэхэмжлэгч, хариуцагчийн хэний буруутай үйлдлээс шалтгаалж мэдээлэл устсан нь маргааны зүйл болжээ.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16 дахь хэсэгт заасан үүргүүдээ зөрчсөнөөс компанийн үндсэн дата мэдээлэл устсан тул учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч нь мэдээлэл устсанд хариуцагч буруутай гэх байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нөөцлөлтийн үйлчилгээ аваагүй учир өөрийн үүсгэсэн клауд виртуал сервер дэх мэдээллийн аюулгүй байдлаа өөрөө хариуцах үүрэгтэй гэсэн үндэслэл зааж татгалзжээ.
5.1.Мэдээлэл устсан даруйд талууд цахим шуудангаар харилцсан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид цахим шуудангаар хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захидалд ... таны бизнесийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсандаа гүнээ хүлцэл өчье. Бид таны ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн гарч болох хэрэглэгчийн мэдээллийг гарган илгээж байна. Мэдээлэл нь олдоогүй хэрэглэгчийн мэдээллийг бид дахин өөр эх сурвалжаас хайж үзээд нөхөх тал дээр хичээн ажиллах болно , 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн захидалд Та бүхний ажилд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Бид хэрэглэгчийн мэдээллийг олж бүрдүүлэхээр ажиллаж байгаа ч тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул өнөөдрийн 15 цаг хүртэл хүлээнэ үү. Нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж байгаа та бүхэнд баярлалаа гэжээ.
5.2.Мөн ******* ХК-ийн ТУЗ-ийн дарга *******, *******ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нарын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд 1.Үлдсэн хүмүүсийн /536 орчим хүний мэдээллийг бүрэн олж өгөх/, 2.Хохирол барагдуулах /хоёр тал харилцан тохиролцож/, 3.Олж өгсөн хоёр мянга гаран харилцагчийн мэдээлэл буруу байвал дахин гаргаж өгөх, зөв болгож сайжруулах гэж тусгагджээ.
5.3.Хариуцагчаас шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ... Бид урьдчилсан байдлаар үүссэн асуудлыг системийн шинэчлэл хийгдэх явцад технологийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ талаар ч компанийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 36 дугаартай албан бичиг болон үйлчлүүлэгч компанитай хийсэн уулзалтаар хэлж тайлбарласан гэж тусгасан байна.
5.4.Шинжээч *******ХХК-ийн дүгнэлтэд ******* ХК-ийн виртуал серверээс гаргаж авсан лог файлаас үзэхэд *******ББСБ ХХК-ийн мэдээлэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 00 минут 23 секундэд устсан байна. Мэдээлэл *******ББСБ ХХК, эсвэл ******* ХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж устсан эсэхийг тогтоох боломжгүй. CashFlow нэртэй виртуал сервер устгагдсан тул *******ББСБ ХХК-ийн ямар төрлийн, хэр хэмжээтэй мэдээлэл устсаныг тодорхойлох боломжгүй гэжээ.
5.5.Түүнчлэн гэрч *******2022 оны 10 дугаар сараас *******ББСБ ХХК-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа. Тухайн үед сервер гэмтсэн байна, яаж ч чадахгүй байна, туслалцаа үзүүлнэ үү гээд ажиллах санал тавьсан. Сервер рүү хандаж үзээд шалгах гэтэл хандалтгүй болсон байсан. Сервер нь байхгүй болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж, гэрч *******Зээлдэгч нарын мэдээлэл устсантай холбоотойгоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад харилцагч нарын мэдээлэл олох ажил хийсэн. 17000 гаруй зээлдэгчийн овог, нэр, РД мэдээлэл байсан, тухайн үед хамтарч ажиллаж байсан хүмүүсийн цуглуулсан мэдээлэл дээр тулгуурлаад сэргээж байсан гэж тус тус мэдүүлжээ.
5.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай ба дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулж дүгнэвэл, клауд үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу клауд виртуал серверт хадгалагдаж байсан нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн мэдээлэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр устсан явдал нь ******* ХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, тухайн цаг хугацаанд *******ББСБ ХХК-ийн зүгээс өөрийн үүсгэсэн клауд виртуал серверт үйл ажиллагаа явуулаагүй, харин ******* ХК нь системийн шинэчлэл хийж байсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон, улмаар талууд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцээд, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд доголдол үүсгэснээ хариуцагч хүлээн зөвшөөрч, устгагдсан мэдээллүүдийг сэргээх талаар зарим арга хэмжээ авсан, хохирлыг тохиролцож шийдвэрлэхээр хэлэлцсэн болох нь тус тус тогтоогдсон.
6.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан "Cloud.mn үйлчилгээний нөхцөл гэрээний 4 дүгээр зүйлд нийлүүлэгчийн эрх, үүргийг тусгахдаа 9-д Нийлүүлэгч нь үйлчилгээний найдвартай ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй. Үүнд: 1.Хэрэглэгчийн зүгээс үүсгэсэн клауд виртуал серверийн CPU, RAM-ны найдвартай ажиллагаа, 2.Дискний багтаамж, 3.Сүлжээний найдвартай холболт, 14-т Нийлүүлэгч нь хэрэглэгчид өөрийн үүсгэсэн клауд серверийг системээс бүрэн хянах боломжийг олгох үүрэгтэй, 16-д Нийлүүлэгч нь өөрийн үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор технологийн шинэчлэл, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрвээ үйлчилгээ түр зогсох бол хэрэглэгчдэд 3 хоногийн өмнө урьдчилан бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалт, гэрээний нөхцөлөөс дүгнэхэд, ******* ХК нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр системийн шинэчлэл хийхдээ клауд үйлчилгээний найдвартай ажиллагааг хангаж ажиллаагүйгээс *******ББСБ ХХК-ийн үүсгэсэн клауд виртуал сервер дэх мэдээлэл устсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч ******* ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хохирол төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 17224 хэрэглэгчийн мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан зардал 70,979,731 төгрөг, хэрэглэгчийн эрсдэлийг дахин үнэлэхэд гарсан зардал 14,195,946 төгрөг, зээлдэгч нартай холбоо барьж төлүүлдэг тул зээлийг буцаан төлүүлж чадаагүй эргэж холбогдох боломжгүй болсон 93,696,111 төгрөг, мэдээлэл алдаатай буруу болоод хүү, шимтгэлийн орлого авах боломжгүй болж 25,117,455 төгрөг, үйл ажиллагаа зогссон тул зээлдэгч нарт мэдээлэл өгөх боломжгүй болж зээл олгож байсан бол олох байсан орлого 22,000,000 төгрөг, манай ажилтан АНУ руу явсан зардал 27,362,734 төгрөг, шинээр 14 ажилтан ажиллуулсан 12,645,535 төгрөг, нийт 265,997,512 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохиролд 41,440,568 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь мэдээлэл устсан даруйд мэдээллийг сэргээхтэй холбоотойгоор 14 хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа талаар 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим шуудангаар хариуцагчид мэдэгдсэн, мөн 14 иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт авагдсан тул тэдэнд кассын зарлагын ордер үйлдэн урьдчилгаанд төлсөн 2,580,000 төгрөг, түүнчлэн Хаан банк ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгыг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл, ЗМС, ДАН үйлчилгээний төлбөр, тусгай дугаарын үйлчилгээ болон интернетийн төлбөр зэрэг зардалд шилжүүлсэн нийт 38,860,568 төгрөгийг (2022 оны 10 дугаар сард 2,366,250 төгрөг, 11 дүгээр сард 7,224,012 төгрөг, 12 дугаар сард 4,329,394 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 15,806,424 төгрөг, 02 дугаар сард 9,134,488 төгрөг) тус тус хохиролд тооцов. АНУ-д суралцаж байсан ажилтан *******ийг ирүүлсэн тийзний зардлыг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй, бусад хохирлын хувьд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй болно.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 41,440,568 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас 41,440,568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 224,556,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ... 56.1 гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХК-аас 365,152.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ББСБ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1,686,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосгуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА