| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1250/Э |
| Дугаар | 1268 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Над холбогдох 1906 03514 1686 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Улаанбаатар БҮК” ХХК-д жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамжны 615 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Скай таун-1 хотхоны 89 дүгээр байрны 55 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Сын Н /РД:...................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Ннь 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны гадаа иргэн Б.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтаншагайн өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 01:40 цагийн орчим...Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хажуу талын байр болох 90г байранд очих гээд явж байтал тус байрны гадаа согтуу 6, 7 залуучууд байсан. Ингээд тэр залуучуудын нэг нь манай найз Цогтсайхантай маргалдаад байхаар нь би “хэрүүл маргаан дэмий шүү дээ, одоо ингээд явчихаа” гээд хэлтэл нөгөө үл таних залуу уурлаад манай эхнэрийн гэдэс рүү цохьчихоод явчих шиг болсон. Тэгэхээр нь миний уур хүрээд;араас нь хөөж очоод барьж аваад байж байтал хажуу талаас нь нэг найз нь гэх залуу над руу дайраад намайг цохих гэхээр нь би дараад уначихсан. Ингээд газар байж байтал гэнэт хажуу талаас гар орж ирэн цохиод тэр хүн намайг зодож эхэлсэн. Ингээд манай найзууд ирээд тэр хүнийг болиулсан... Тэр дарж унасан гэх залуугийн аав нь гэж өөрөө хэлсэн бөгөөд “манай хүүхдийг зодсон болохоор чамайг зодлоо” гэж хэлсэн. 40 гаруй насны ax байсан бөгөөд 160 см өндөртэй махлагдуу, бор өнгийн куртик бор малгай өмссөн байсан... Би болон манай найзууд тэр үл таних хүмүүсийг огт зодож цохиогүй. Харин тэр хөгшин ах хүүхдийг нь зодсон гэж андуураад намайг зодох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гантулгын өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед 10 гаран найзтайгаа төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт үзээд тэндээ хүний 2 лааз пиво уусан. Ингээд 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 89 дүгээр байрны гадаа бид хэд ирсэн бөгөөд сагсны шийдний хажууд юм яриад бөөнөөрөө зогсож байсан. Тэгтэл нэг ах машинаас бууж ирэн шит рүү шээгээд байсан. Тэгэхээр нь “ахаа болиоч ээ, наад газар чинь бид нар тоглодог шүү дээ” гэсэн. Тэгтэл нөгөө ах “ална шүү” гээд намайг нэг цохьсон бөгөөд манай найзууд больцгоо гээд тэр ахыг болиулаад бид хэд дээшээ тоглоомын сад руу явсан. Ингээд удалгүй нөгөө ах хоёр залуутай хамт бас гурван эгчтэй саадан дээр ирээд дахиад намайг цохьсон. Ингээд тэнд хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл хажууд аав хүрээд ирсэн байсан. Тэр үед нөгөө муудалцсан гэх ах намайг газар унагаасан бөгөөд аав хажуу талаас салгасан. Ингээд аав бид хоёр гэр лүүгээ харьсан... миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Д.Цогтсайханы өгсөн: “... Манай найзууд 90г байрны гадаа машинд пиво уугаад сууж байсан юм. Би гудамжинд очиж бие засчихаад ирж байтал хэдэн залуучууд “бие засч болохгүй” гэхээр нь би уучлалт гуйтал “нааш ир” гээд 10 жилийн хүүхдүүд байсан. Очиход хэл амаар доромжлоод байсан, муудалцаж байгаад манай найз нэгэнтэй нь муудалцаад байж байтал найзтай маань муудалцаж байсан хүүхдийн аав гэх залуу гарч ирээд манай найзыг зодсон... харахад нүүр лүү нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
С.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.32/,
С.Нын иргэний үнэмлэх болон ял шалгасан лавлагаа, ажлын газрын газрын тодорхойлолт /хх.33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7095 дугаартай:
“... 1. Б.Алтаншагайгийн биед зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-З удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нын яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй... Би Б.Алтаншагайгийн биед халдаж нүүр лүү нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Миний буруу байсан учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт хүссэн...” гэх мэдүүлэг /хх.40/,
Хохирогч Б.Алтаншагай, шүүгдэгч С.Ннараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Ннь 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90г байрны гадаа иргэн Б.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтаншагайгийн өгсөн: “... Ингээд газар байж байтал гэнэт хажуу талаас гар орж ирэн цохиод тэр хүн намайг зодож эхэлсэн. ... 40 гаруй насны ax байсан бөгөөд 160 см өндөртэй махлагдуу, бор өнгийн куртик бор малгай өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Д.Цогтсайханы өгсөн: “... найзтай маань муудалцаж байсан хүүхдийн аав гэх залуу гарч ирээд манай найзыг зодсон... харахад нүүр лүү нь цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7095 дугаартай:
“... 1 .Б.Алтаншагайгийн биед зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-З удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нын яллагдагчаар өгсөн: “... Би Б.Алтаншагайн биед халдаж нүүр лүү нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.40/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Нын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Алтаншагай нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
С.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Алтаншагай нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч С.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Над оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
С.Ннь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Сын Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Над 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Над оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Над сануулсугай.
5. Хохирогч Б.Алтаншагай нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, С.Ннь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР