Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2025/00016

 

 

 

 

 

2025           5              15                                              223/МА2025/00016

 

 

“М” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоотод байрлах, “М” ХХК, 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, ... тоотод байрлах, “Д” ХХК холбогдох,

Нийлүүлэгдээгүй бетон блокийн үнэ 89,873,644 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, Д.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаярын гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-г байгуулж, 920,371,900 төгрөгийн үнэ бүхий бетон блок худалдан авахаар болсон. Гэрээ хэрэгжих явцад авах бетон блокийн хэмжээнд өөрчлөлт орж, нийт 742,737,927 төгрөгийн бетон блок авахаар тохиролцсон. Захиалагч “М” ХХК нь бетон блокийн үнэ болон хохиролд нийт 744,011,086 төгрөгийг “Д” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлсэн. Харин “Д” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй СВ200, СВ150, СВ120 маркийн бетон блокийг “М” ХХК-д бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж 89,873,644 төгрөгийн үнэ бүхий 22,151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй. Гэрээний хугацааг талууд гэрээндээ 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон буюу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сард дууссан байна. Өнгөрсөн хугацаанд “М” ХХК нь “Д” ХХК-аас нийлүүлээгүй бетон блокийг нийлүүлэх, үйлдвэрийн хашаанд байгаа бэлэн болсон блокоо ачиж авах нөхцөлөөр хангахыг удаа дараа хүсэж, шаардаж байсан боловч “...түр хүлээж бай, үйлдвэрийн хашаанд манаач байхгүй” гэх зэрэг тайлбар хэлдэг байсан. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 3,312 ширхэг, нийт 22,151 ширхэг бетон блокийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 188/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолд хариуцагч “Д” ХХК-ийн хашаанд 4,500 ширхэг бетон блок байгааг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 22,151 ширхэг бетон блокийг хариуцагч үйлдвэрлээгүй, үйлдвэрийн хашаанд байгаа бетон блок нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй, мөн удаан хугацаанд хадгалсан нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хадгалалтын стандарт, шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй үйл баримтууд нь үүрэг гүйцэтгэгч “Д” ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлээд зогсохгүй, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Иймд худалдан авагч “М” ХХК нь 22,151 ширхэг бетон блок гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийлүүлээгүй 22,151 ширхэг бетон блокийн үнэ 89,873,644 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2.Хариуцагч "Д” ХХК-ийн тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрахын тайлбарын агуулга: “Манай компани “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 920,371,900 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээр багахан хэмжээний ашигтай ажиллах боломжтой байсан. Гэвч “М” ХХК захиалсан тоо хэмжээнээс хамаарсан үнийн дүнгийн хөнгөлөлт эдэлсний дараа дарамт, шахалт үзүүлэн гэрээнд заасан барааны тоо хэмжээг бууруулахаас өөр сонголтыг өгөөгүй тул тэдний гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбар худал болно. Бид маргаан үүсгэхгүй, гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байсан тул багасгасан үнийн дүн, тоо хэмжээгээр бараа нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл дахин 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 3,312 ширхэг, нийт 22,151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хоёр компанийн нягтлан бодогч нар байгуулсан гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ хугацаанаас хойш манай компани ямар нэгэн бараа нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэгч бараа, материал дутуу авсан талаар манай компанид санал, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас мэдэгдэл хүргүүлж байсан гээд өөрийн э-мэйлд үзлэг хийлгэсэн боловч үзлэгээр нотлогдоогүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагч талд бараа материал хүлээн авах үүрэг байсан ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Захиалагчийн бараа хүлээн аваагүй гэх асуудал нь манай талын буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа ба 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь өглөг, авлагагүйг нотолж байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3 жил 5 сарын дараа гэнэтхэн бараа бүтээгдэхүүн дутуу авсан хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйлдлийг бид хариуцах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас бетон блокийн үнэ 89,873,644 /наян есөн сая найман зуун далан гурван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 608,000 /зургаан зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “Д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, А.Энхболд нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх нь "Д" ХХК-аас бетон блокийн үнэ 89,873,644 төгрөгийг гаргуулан "М" ХХК-нд олгохоор шийдвэрлэхдээ дараах ноцтой алдаануудыг гаргаж, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээнд оруулсан тоо, хэмжээний өөрчлөлтийн дагуу "Д" ХХК-ийн нийлүүлэх ёстой нийт бетон блокийн тоо хэмжээг тодорхойлоогүй атлаа "Д" ХХК-ийн нийлүүлсэн болон нийлүүлэх ёстой үлдсэн бетон блокийн тоо хэмжээг тогтоосон.

2.Улмаар "Д" ХХК-ийн нийлүүлсэн болон нийлүүлэх ёстой үлдсэн бетон блокийн тоо хэмжээг тогтоохдоо "М” ХХК-аас гаргаж өгсөн зарлагын баримтууд дээр үндэслэн нийлүүлсэн бетон блокийн тоо хэмжээг 66,555 ширхэг байна гэж тогтоосон байна. Гэвч нэхэмжлэгч нь өөрөө 154,920 ширхэг бетон блок хүлээн авсан гэж тайлбарладаг. Харин "Д" ХХК нь 744,011,086 төгрөгийн дүнд дүйцэхүйц нийт бетон блокийг нийлүүлж, үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбар гарган маргаж байхад ямар ч бичгийн баримтыг үндэслэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг шүүх хүлээн авч шийдвэрээ гаргажээ. Өөрөөр хэлбэл "М" ХХК-аас гаргаж өгсөн зарлагын баримтууд болон шүүхэд гаргаж буй тайлбар нь зөрүүтэй байхад зөвхөн "М” ХХК-аас гаргасан тайлбарт дүгнэлт хийж, "Д" ХХК нь "М” ХХК-нд 22,151 ширхэг бетон блок нийлүүлээгүй гэдэг нь үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар "Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан боловч нэхэмжлэгч талаас аваагүй гэж маргаж байгаа бетон блокийг хүлээн аваагүй болохоо нотлох баримтын үндсэн дээр нотлоогүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

3.Шийдвэрийн 6-р талын 7-д "Д" ХХК-аас "М" ХХК-нд хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 009/2020 дугаар албан бичгийн агуулгаас харахад тухайн албан бичиг хүргэгдэх үед 143,421 ширхэг бетон блок нийлүүлсэн, 29,738 ширхэг блок нийлүүлэгдээгүй болохоо хариуцагч илэрхийлж байжээ" гэх бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш "Д" ХХК-аас бетон блок нийлүүлэлт хийгдсэн, үүн дээр зохигч талууд маргаагүй байхад үүгээр яг ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

4.Мөн "Д" ХХК-ийн 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлангийн дансны өглөг хэсэгт өр төлбөртэй гэсэн мэдээллүүд тусгагдсан байна гэснээ тухайн төлбөрийг "М" ХХК-нд төлөх ёстой төлбөр мэт тогтоосон байгаа нь зөвхөн "М" ХХК-аас гаргасан тайлбарт л үндэслэн дүгнэлт хийсэн байна.

5.Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн боловч шийдвэрийн 16 дугаар талд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулахад тэрээр гэрээний үүргийн биелэлтийг шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу ажлын гүйцэтгэлд үүссэн доголдлын талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь захиалсан ажлын үр дүнд үүссэн ажлын доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага биш талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна" гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ" гэж тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч тал нь “Д" ХХК-ийг тоо хэмжээний дутуу блокийг нийлүүлсэн гэж маргаж байгаа байтал шүүхээс тус маргааныг доголдолтой холбоотой маргаан биш байна гэж нэг талыг барьж дүгнэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг баримтлан шийдвэрлэх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор ... гомдлын шаардлагаа гаргаж болно" гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчлэх гэрээ юм гэж дүгнэсэн атлаа гэрээний дагуу бараа материалыг хүлээн авах үүрэг нь аль талд байсан талаар буюу Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь заалт "Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй", талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7, 8 дах заалтын дагуу “Д" ХХК нь Бетон блокийг үйлдвэрлээд өөрийн хашаанд бэлэн байлгах, “М” ХХК нь өөрөө ирж бетон блокийг хүлээн авах үүрэгтэй байхад, захиалагчийн хүлээх энэхүү үүргийн талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан байх тул Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Бетон блокийн тоо, хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар дурдсан байхад хариуцагч тоо, хэмжээний талаар маргаантай байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт ямар баримтуудыг үндэслэж тоо, хэмжээг гаргасан талаар тодорхой дурдаад өгчихсөн. Мөн гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлээд, хэрхэн няцаагдаж байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүх тогтоосон. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар хариуцагч “Д” ХХК-г ямар нэгэн тооцоогүй гэж үзсэн, өглөг, авлага байхгүй гэснийг илтгэж байгаа юм гэж мэдүүлсэн гэрч н.Дэлгэрмаагийн мэдүүлэг 3-р хавтаст хэргийн 113 дугаар талд авагдсан. Энэ нотлох баримтуудаар няцаагдсан. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн гэсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд бетон блокийг нийлүүлээд явж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан, нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг хэлж байх шиг байна. Шүүхийн шийдвэр дээр ямар нотлох баримтыг үндэслэсэн болон ямар нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой дурдсан. Мөн “М” ХХК өөрөө тухайн бетон блокийг очиж авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал яриад байна. Очоод авах гэхээр ерөөсөө өгдөггүй, хаалга, хашаа нь цоожтой, яаж орох нь тодорхойгүй нөхцөл байдал байсан. Энэ ч үүднээс гэрчийг асуулгасан. Тухайн үед бетон блок авах гэж очсон жолоочийг гэрчээр асуулгасан. Жолооч очихоор байдаггүй гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхдээ хашаан дотор нь бетон блок байгаад байдаг. Энэ бетон блокийн хувьд энгийн байшин, барилга барихад зориулагдсан бетон блок бол биш байсан учраас зөвхөн тэр хэв хашмалыг “М” ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа ажилд зориулж тухайн бетон блокуудыг үйлдвэрлэж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн бетон блокийг битүүмжлүүлье гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авагдсан. Тухайн бетон блокийг нийлүүлэх гэсэн боловч 4.500 ширхэг байсан. Тэгэхээр нөгөө шүүхийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдэх боломжгүй болсон талаар хавтаст хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг авагдаж, үүгээр нотлогдон тогтоогдсон.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч "Д" ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, хэргийн үйл баримтыг тогтоосон байгаа ч талуудын байгуулсан гэрээний харилцааг ижил төрлийн гэрээнээс ялгаж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх нотлох баримтад дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь бетон блокийн үнэ 89,873,644 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч "Д" ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож нийт 920,371,900 төгрөгийн үнэ бүхий бетон блок худалдан авахаар тохирсон. Ингээд гэрээнд заасан ёсоор тухай бүр захиалсан бетон блокийг тогтоосон хугацаанд нийлүүлэх, татан авалтыг үйлдвэрийн талбайгаас хийж байхаар болсон. Манай тал тооцооллын алдаа гаргасан байсан тул гэрээнд өөрчлөлт оруулж бетон блокийн хэмжээ, тоо ширхэг болон үнийг багасгах талаар санал гаргасан. Хариуцагч "Д" ХХК гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүлээн авсан ба захиалгын тоо хэмжээ өөрчилсөнтэй холбогдуулан хохиролд 31,716,370 төгрөг тооцсон. Манай компани зөвшөөрч нийт 744,011,086 төгрөгийг төлсөн.  Хариуцагч "Д" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон боловч 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190:390:200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190:390:150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190:390:120 хэмжээтэй 3,312 ширхэг нийт 22,151 ширхэг бетон блокийг нийлүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд "Д" ХХК-ийн хашаанд байгаа блокийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан боловч 4,500 ширхэг блокноос өөр зүйл байгаагүй тул 89,873,644 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шаардаж байна..." гэсэн үндэслэлээр бүрэн дэмжсэн.

 Хариуцагч "Д ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Манай компани “М” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 003/2019 дугаартай “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-ний үүргээ цаг хугацаанд нь чанарын доголдолгүй гүйцэтгэж дуусгасан. Бид 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар тооцоо нийлж гэрээний үүргээ дуусгавар болсон талаар акт үйлдсэн. Харин Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Гэтэл захиалагч бэлэн болсон бүтээгдэхүүнээ хүлээн авахгүй байсан. Үүнд манай тал буруугүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

Харин зохигчид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 003/2019 дугаартай 920,371,900 төгрөгийн үнэ бүхий бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх тухай гэрээ байгуулсан, “М” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/55 тоот албан бичгээр “... үйлдвэрлээгүй байгаа 51,673 ширхэг блокийг үйлдвэрлүүлэхгүй, худалдан авахгүй байх...”-аар санал тавьсан, хариуцагч “Д” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/08 тоот албан бичгээр зөвшөөрсөн хариу өгөхдөө “...СВ200 нь 5405.57 төгрөг, СВ150 нь 4765.57 төгрөг, СВ120 нь 4420.24 төгрөг...” гэж өөрчилсөн, “М” ХХК нь нийлүүлсэн блокийн үнэ болон гэрээнд өөрчлөлт оруулсантай холбоотой гарсан хохиролд нийт 744,011,086 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, зохигчид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 003/2019 дугаартай “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ” байгуулж, хариуцагч “Д” ХХК нь СВ200 М100 маркийн 190:390:200 хэмжээтэй 135,250 ширхэг бетон блокийг 583,198,000 төгрөгөөр, СВ150 М100 маркийн 190:390:150 хэмжээтэй 32,770 ширхэг бетон блокийг 125,246,940 төгрөгөөр, СВ120 М100 маркийн 190:390:120 хэмжээтэй 60,070 ширхэг бетон блокийг 211,926,960 төгрөгөөр, нийт 920,371,900 төгрөгийн бетон блокийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “М” ХХК-нд нийлүүлж гэрээний үүрэг дуусгавар болох,   

“М” ХХК нь дараагийн сард худалдан авах барааны тоо хэмжээ, хуваарийг ажлын 7 хоногийн өмнө "Д" ХХК-д бичгээр мэдэгдэж баталгаажуулна. Хэрэв баталгаажуулсан барааны тоо хэмжээнээс илүү хэмжээтэй бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлд уг өөрчлөлтийг нэн даруй буюу захиалга эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө бичгээр "Д" ХХК-д урьдчилан мэдэгдэж захиалгаа өгч, тогтоосон хугацаанд татан авалт хийж үйлдвэрийн талбайг чөлөөлж..." байхаар тохиролцсон.

Мөн нэхэмжлэгч  “М” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/55 тоот албан бичгээр “... үйлдвэрлээгүй байгаа 51,673 ширхэг блокийг үйлдвэрлүүлэхгүй, худалдан авахгүй байх...” саналыг хариуцагч “Д” ХХК-д хүргүүлсэн.

Хариуцагч “Д” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/08 тоот албан бичгээр “...шинэчилсэн байдлаар СВ200-ийн үнэ 5405.57 төгрөг, СВ150-ийн үнэ 4765.57 төгрөг, СВ120-ын үнэ 4420.24 төгрөг гэж тогтоож, үлдэгдэл тооцоо 233,118,749.88 төгрөг..." гэж тооцохоор хариу өгч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүлээн авсан.

Нэхэмжлэгч  “М” ХХК нь худалдан авсан блокийн үнэ болон хохиролд нийт 744,011,086  төгрөг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /1-р хавтас х-11-29 тал/

4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээг юу гэж нэрлэсэн эсэхээс бус гэрээний агуулга болон гол зүйлийн талаар хэрхэн тохиролцсон байдал нь гэрээний харилцааг тодорхойлох үндэслэл болох бөгөөд ойролцоо төрлийн гэрээнээс ялгах гол шинж болдог.

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Харин нэхэмжлэгч “М” ХХК нь барилга байгууламжийн ханыг дүүргэх зориулалттай нэг орц найрлага хэвээр олон тоо ширхэгээр үйлдвэрлэгдэх 3 төрлийн бетон блок буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсыг захиалж үнийг төлөх, хариуцагч “Д” ХХК нь бэлэн болсон барааг захиалагчийн өмчлөлд хэсэгчлэн шилжүүлэхээр тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 003/2019 дугаартай гэрээ байгуулсан байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т “Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэж зааснаар зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч “М” ХХК нь захиалсан бетон блокийн тоо, хэмжээ, үнийг өөрчилсөн нь хариуцагч “Д” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа өөрчлөгдөх үндэслэл болохгүй юм.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч "М" ХХК нь гэрээгээр тохирсон үнийг төлсөн, хариуцагч "Д" ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо баримтаар тус тус нотлох нотолгооны үүрэг хуваарилагдаж байна.

6.1.Нэхэмжлэгч “М” ХХК нь нийт 920,371,900 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190:390:200 хэмжээтэй 135,250 ширхэг бетон блок, СВ150 М100 маркийн 190:390:150 хэмжээтэй 32,770 ширхэг бетон блок, СВ120 М100 маркийн 190:390:120 хэмжээтэй 60,070 ширхэг бетон блок худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, 51,673 ширхэг блок худалдан авахаас татгалзаж, 176,417 ширхэг бетон блокийн үнэ болон хохиролд нийт 744,011,086 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаарх үйл баримтыг диспозитив зарчим буюу талуудын зарчимд нийцүүлэн дүгнэв. /1 хавтас х-19-29/   

6.2.Харин хариуцагч "Д" ХХК нь “...захиалсан бетон блокийг хийж үйлдвэрийн талбайд тавьсан. Нэхэмжлэгч тал 22,151 ширхэг бетон блокоо аваагүйд манай талын буруу байхгүй. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хоёр компанийн нягтлан нар тооцоо нийлж, төлбөр тооцоо байхгүй талаар акт үйлдсэн...” гэж тайлбарлаж маргасан.

6.2.1. Шүүх хавтас хэргийн 1 дүгээр хавтас 85 хуудсанд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаанд "...төлөгчийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай Загдсүрэн овогтой Ганцэцэгтэй тус хоёр байгууллага хооронд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд "М" ХХК өр төлбөргүй..." гэж бичиж хоёр талаас гарын үсэг зурж, "Д" ХХК-ийн тамга, "М" ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан баримтаас үзэхэд хариуцагч "Д" ХХК-ийг өр төлбөргүй болох талаар тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй байна.

6.2.2. Мөн хариуцагч "Д" ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 66,555 ширхэг бетон блокийг "М" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн талаарх үйл баримт 2 дугаар хавтаст хэргийн 64-91, 94-99, 198-аас 3 дугаар хавтас хэргийн 63, 3-р хавтас хэргийн 97-107, 110, 113 талд авагдсан байх ба "Д" ХХК-ийн тамга болон санхүүгийн тэмдэг дарсан зарлагын падаанаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн уг үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

6.2.3. Шүүхийн санаачлагаар бүрдүүлсэн баримт болох "М" ХХК, "Д" ХХК-ийн 2019 оноос 2023 оны хагас болон бүтэн жилийн тайлангуудад өр, авлагын талаар тусгасан байгаа ч аль компаниас өр, авлагатай болохыг нотлохгүй байх тул хэрэгт ач холбогдолгүй баримт гэж үнэлхээр байна.

6.2.4. Түүнчлэн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ...” гэж зааснаар  хариуцагч "Д" ХХК нь 22,151 ширхэг бетон блокийг хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул устаж, гэмтсэн, алга болсон эрсдэл нэхэмжлэгч "М" ХХК-нд шилжсэн гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгч "М" ХХК нь 22,151 ширхэг бетон блокийг нийлүүлэх талаар шаардаж 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/97 тоот албан бичгийг хариуцагч "Д" ХХК-нд хүргүүлж байсан байх ба хариуцагч "Д" ХХК нь гэрээний зарим хэсэг болох 22,151 ширхэг бетон блокийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэв.

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч "М" ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа 3 жил дотор шүүхэд гаргах эрхтэй.

7.1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2022/03676 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШЗ2023/00983 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах юм.

7.2. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан зургаан сарын хугацаа нь худалдан авагч тал эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн тохиолдолд худалдагч талд Иргэний хуулийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагаас сонгон гаргах эрхийг заасан нь энэ хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8. Нэхэмжлэгч "М" ХХК хариуцагч "Д" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу цуцалж, 89,873,644 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар зохицуулсан хуулийн хэм хэмжээг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна. Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагчаас 89,873,644/наян есөн сая найман зуун далан гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хууль хэрэглээг зөвтгөн шийдвэрлэлээ.

9.Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00307 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан “анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг дээрх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж төлсөн 608,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2025/00307 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас бетон блокийн үнэ 89,873,644 /наян есөн сая найман зуун далан гурван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэснийг

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас бетон блокийн үнэ 89,873,644 /наян есөн сая найман зуун далан гурван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар “Д” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 /зургаан зуун найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                              ШҮҮГЧИД                                               А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА