| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1253/Э |
| Дугаар | 1274 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1274
2019 08 13 2019/ШЦТ/1274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох 1903 00396 0266 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Атибус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 74 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ү овогт Жний Э /РД:…........./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянзүрх товчоо “МТ” Шатахуун түгээх станцын арын замд Б.Эийн эзэмшлийн “Хьюндай Соната-6” маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт: Тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Баянзүрх товчооны “МТ” шатахуун түгээх станцын арын замд үйлдэгдсэн байх бөгөөд зам орчны байдал нь шулуун, тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагагүй, хайсгүй, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ асфальтан зам байлаа. А үсгээр хүн машинд анх мөргөгдсөн гэх цэгийг, Б үсгээр хүн машинд мөргөгдөн унасан гэх цэгээр ... тус тус тэмдэглэн авав” гэх тэмдэглэл /хх.4-5/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн: Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл: копут хонхойсон, урд салхины шилний баруун хэсэгт цөмөрч хагарсан” гэх тэмдэглэл /хх.6/,
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 02-51 тоот хаягтай гэрээсээ ганцаараа автобусаар Цайзад очиж элс, хайрга зардаг газраа ажлаа хийж байгаад 17 цагаас 18 цагийн хооронд тэнд мөн элс, хайрга зардаг газраа ачиж буулгадаг 4 хүний хамт 0.75 граммын Хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгээд би үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан ба тэр өдрөө эмнэлэгтээ хоночихоод маргааш нь өглөө эмнэлгээс гарахдаа эмчдээ хэлэлгүйгээр гараад гэрийнхэндээ хэл дуулгахаар яваад өгсөн юм. Би архи уух нь уусан байсан. Гэхдээ айхтар согтуу байгаагүй. Баруун талын 4 хавирга хугарсан, уруул болон хөмсөг язарсан, зүүн хөлийн булчин хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6686 дугаартай:
“1. Х.Бын биед баруун чамархай ясны хугарал, баруун уушигны урагдал. няцрал. цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун зүүн хоншоор ясны хугарал, 3,4,5-р хавирганы хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.46/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23471 дугаартай: “... зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 5600cd, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 600cd /стандарт 10.000-225.000cd/. Баруун болон зүүн талын ойрын их гэрлийн тусгал стандартад заагдсан хэмжээнээс доогуур байгаа нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл бөгөөд, үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт замын гэрэлтүүлэг болон бусад хүчин зүйлээс шалтгаалж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх49-53/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатарын гаргасан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаартай:
“1. Хьюндай Соната-6 маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2-т заасан "Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. “Хьюндай Соната-6” маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны мөрөөр хурдыг тодорхойлбол: ... ойролцоогоор 56 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна.
4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх.93-94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эийн яллагдагчаар өгсөн: “... Миний зүгээс сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд би Б.Эийн эзэмшилд байдаг мөнгөлөг өнгийн Хьюндай Соната-6 маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Б.Эийн хамт ажлаасаа гараад гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчооны “МТ” шатахуун түгээх станцын арын замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 орчим км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд том оврын ачааны машин нь зөрөх шиг л болсон чинь урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Уг хүнийг би машин жолоодоод явахдаа ойролцоогоор 1-2 метрийн зайнд харсан. Тэгээд би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа баруун урд хэсгээр тэр хүний биеийн зүүн хажуу хэсэг рүү нь мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.89-91/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянзүрх товчоо, “МТ” Шатахуун түгээх станцын арын замд Б.Эийн эзэмшлийн “Хьюндай Соната-6” маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт: Тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4-5/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл /хх.6/,
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... Баруун талын 4 хавирга хугарсан, уруул болон хөмсөг язарсан, зүүн хөлийн булчин хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6686 дугаартай:
“1. Х.Бын биед баруун чамархай ясны хугарал, баруун уушигны урагдал. няцрал. цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун зүүн хоншоор ясны хугарал, 3,4,5-р хавирганы хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.46/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23471 дугаартай : “... зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 5600cd, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 600cd /стандарт 10.000-225.000cd/. Баруун болон зүүн талын ойрын их гэрлийн тусгал стандартад заагдсан хэмжээнээс доогуур байгаа нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл бөгөөд, үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт замын гэрэлтүүлэг болон бусад хүчин зүйлээс шалтгаалж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх49-53/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатарын гаргасан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаартай:
“1. Хьюндай Соната-6 маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. “Хьюндай Соната-6” маркийн 71-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны мөрөөр хурдыг тодорхойлбол: ... ойролцоогоор 56 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна.
4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх.93-94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эийн яллагдагчаар өгсөн: “... эсрэг урсгалд том оврын ачааны машин нь зөрөх шиг л болсон чинь урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Уг хүнийг би машин жолоодоод явахдаа ойролцоогоор 1-2 метрийн зайнд харсан. Тэгээд би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа баруун урд хэсгээр тэр хүний биеийн зүүн хажуу хэсэг рүү нь мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.89-91/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ж.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Ж.Э нь хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Х.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Эс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Ж.Э хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, ялтан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Ж.Э эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ж.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ү овогт Жний Эг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтыг баримтлан, Ж.Э хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.Эсануулсугай.
5. Ж.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ж.Эс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР