Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00807

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 193/ШШ2025/00161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,900,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2023 оны 09 сарын 23-ны өдөр *******, ******* нарт гүү, морь, үрээ нийлсэн 66 адууг худалдахаар амаар тохирсон. Нэг адууг үнэгүй өгсөн. Тэр үеийн ханш болох морь 40 х 1,000,000 төгрөг, гүү 8 х 800,000 төгрөг, үрээ 10 х 700,000 төгрөг, даага 5 х 400,000 төгрөг, 3 х 500,000 төгрөг, нийт 56,900,000 төгрөгөөр өгөхөөр болсон. Сүлжээтэй газар очоод шилжүүлнэ гээд тэнд байсан залуучуудаар адуугаа туулгаад явсан. 2023 оны 09 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2023 оны 10 сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг, 11 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 02 сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 02 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн.

Иймд, үлдэгдэл 14,900,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү. Хариуцагч *******гаас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч *******ы хариу тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 09 сарын 23-ны өдөр *******аас 66 адууг нийт 35,000,000 төгрөгөөр авсан. Морь 14, гүү 20, үрээ 18, даага 14 байсан. 2023 оны 09 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлж төлбөргүй болсон. Сүүлд цаг хэцүү байна, мал өвс тэжээлгүй хэцүү байна гэхэд нь тусалж 7,000,000 төгрөг нэмж өгсөн. Нэхэмжлэгч үндэслэлгүй зүйл ярьж байна.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас 14,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 232,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******гаас 14,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нэхэмжлэгчийн ярьж буй зүйлд тулгуурласан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.2. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн хариу тайлбарыг үл ойшоож нэг талыг барьж шийдсэн. Тухайн үед 12 морь /нас гүйцсэн/ үнэ 900,000 төгрөг, 10 гүү үнэ 700,000 төгрөг, 30 үрээ үнэ 600,000 төгрөг, 13 даага үнэ 350,000 төгрөгөөр тус тус авсан. Хамт явж байсан хүмүүс гэрчилнэ. Зөвхөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг илт зөрчиж байна.

4.3. Тухайн үед хамт байсан хүмүүсийг дуудаж гэрчээр асуулгах, уг хэрэгт шаардлагатай хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, дутуу хийсэн гэж үзэж байна. Уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан адууны үлдэгдэл төлбөр 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. *******, ******* нар 2023 оны 09 сарын 23-ны өдөр 66 тооны адууг худалдах, худалдан авахаар амаар тохирсон;

3.2. Үүний дагуу ******* нь 66 тооны адууг *******ы өмчлөлд хүлээлгэн өгч, нэмж 1 адууг үнэгүй бэлэглэсэн;

3.3. ******* нь 2023 оны 09 сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 41,500,000 төгрөгийг *******ын өмчлөлд дансаар шилжүүлсэн.

 4. Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй. Харин 66 тооны адууг нийт хэдэн төгрөгөөр худалдсан болох, төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ...66 тооны адууг нийт 56,900,000 төгрөгөөр худалдсан, одоо үлдэгдэл төлбөр нь 14,900,000 төгрөг байгаа... гэсэн агуулгатай тайлбарыг, хариуцагч ******* нь ...66 тооны адууг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авсан, уг мөнгийг төлж барагдуулсан, нэмж 7,000,000 төгрөг өгсөн... гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гарган маргадаг.  

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар няцаагаагүй... гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох үүргийн хуваарилалтад нийцээгүй байна.

6. Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас адууны үлдэгдэл төлбөр гэж 14,900,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд 66 тооны адууг нийт 56,900,000 төгрөгөөр худалдсан болохоо, мөн үлдэгдэл төлбөр 14,900,000 төгрөг байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох учиртай.

7. Талууд 66 тооны адууг нийт 56,900,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 66 тооны адууг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь төлсөн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэргийн бодит үнэнд илүү нийцсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ...шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******ы давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 193/ШШ2025/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох, 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 232,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР