Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

  2019         08         13                                         2019/ШЦТ/1275

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амундарь,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч Б.Дуламсүрэн,

Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бхолбогдох 1906 03799 1619 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Цахилгаан станцын 5 дугаар байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар байрны 7 тоотод түр оршин суух, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Сийн Б /РД:…............/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Бнь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дуламсүрэнг нүүрэн тус газар нь цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дуламсүрэнгийн өгсөн: “Шүүгдэгчийн ярьсан зүйл үнэн. Шинэхүү манай эгч пааб ажиллуулдаг. Хоёулаа хамт оччихоод, гэрлүүгээ явъя гэж хэлсэн. Бид хоёр эгчийнх нь ажил дээр очсон боловч эгч  нь байгаагүй. Тэгээд бид хоёр зам хөндлөн гараад такси барих гэж гарцан дээр машинд мөргүүлсэн. Жолооч, эхнэртэйгээ цагдаа, эмнэлэг дуудтал Байгалаа эгчийн ажил ойрхон байсан тул түрүүлээд гүйгээд ирсэн. Түргэн иртэл намайг хөдөлгөөнгүй сууж бай гэж хэлсэн. Тэгээд Шинэхүү явах гэтэл цагдаа иртэл явж болохгүй гээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой бид нар маргалдаад байсан. Тэр жолооч надад Б чамайг өшиглөснийг хараагүй, мэдээгүй гэж мэдүүлсэн шүү гэж хэлж байсан. Одоо биеийн байдал сар гаран болсон тул гайгүй байгаа ч үе үе чамархайн ухархайн яс янгинаж өвдөж байгаа. Эмч хамрын ухайрхайн яс хугарсан байна гээд Компьютер томографикийн зураг 80.000 төгрөгөөр авахуулсан чинь мурийлттай байна. Хагалгаанд ор гэж хэлсэн. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох гэж байгаа. Би 70.000 төгрөгөөр хамрын мурийлт янзлуулсан. Тухайн үед 20.000 төгрөгөөр тос, эм авч уусан боловч баримт байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дуламсүрэнгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 цагийн үед найз Шинэхүүтэй хамт гарцаар зам гарч байхад машин мөргөөд цагдаа болон эмнэлэг дуудсан. Улмаар цагдаа, эмнэлэг ирэх хооронд ар гэрээсээ хүн дуудъя гээд эгч болох Байгаль мөн эхнэр Туяа нар ирсэн. Цагдаа болон эмнэлэг ирэх хооронд эгч “энэ ямар найз чинь юм, юун хүүхэн юм” гэж уурлаад намайг түлхэж унагаагаад босох гэтэл нүүр лүү өшиглөсөн тэр хооронд цагдаа, эмнэлэг ирсэн. Тэгээд найзыг минь мөргөсөн жолооч Гэмтэл Согог Судлалын Үндсэний Төв рүү үзүүлэхээр авч явсан. Мөн би өөрөө Гэмтэл Согогийн Үнэдсэний Төвд очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлээд зургаа авахуулаад хамар хугарсан байна гэсэн. Өргөдлөө өгөөд шүүх эмэнэлгт үзүүлээд явж болно гэсэн болохоор цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.4-5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гантуяагийн өгсөн: “... Тэр үед Б.Дуламсүрэн гэх эмэгтэй С.Шинэхүүд хандаж “танай эхнэр чинь ирсэн байна наад эхнэрээсээ салаач” гэхэд нь С.Шинэхүүгийн эгч С.Б“чи дуугүй бай, гавъяа байгуулсан биш, олон юм яриад байх юм” гэхэд Дуламсүрэн босож ирээд С.Бгийн цамцнаас зууралдаад татаад байхаар нь би салгахад С.Шинэхүү осол болсон газраас зугтаасан. Би араас нь явж очоод Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очиж үзүүл гэсний дагуу эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаярын өгсөн: “... Гэтэл эргээд хартал С.Бболон Дуламсүрэн нар барьцалдаад зогсож байсан. Би очиж салгаад эхнэр дээрээ очоод эргээд харсан чинь Б.Дуламсүрэн гэх эмэгтэй миний машиныг налаад унасан байхаар нь очиж босгоод “чи зүгээр үү” гэж асуухад “би зүгээр” гэж байсан... Б.Дуламсүрэнгийн нөхөр нь Б.Дуламсүрэнг аваад явсан би С.Шинэхүүг аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан..." гэх мэдүүлэг /хх.14-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7912 дугаартай:

“1.Б.Дуламсүрэнд хамрын нурууны хугарал, зүүн зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын автобусны буудлын хойд талын гарцан дээр манай дүү болох С.Шинэхүү машинд мөргүүлчихлээ гээд манай бэр Н.Гантуяа надад утсаар залгаад хэлсэн. Би удалгүй тэр газар яваад очиход Б.Дуламсүрэн гарцны хажууд газар сууж байсан ба манай дүү болох С.Шинэхүү гарцны хажуу талын байрны буланд сууж байхад би очоод юу болсон талаар асуугаад ярьж байхад түргэн тусламжийн эмч ирсэн. Эмч Ирээд Б.Дуламсүрэн болон С.Шинэхүү нарыг үзээд байж байхад нь манай бэр болох Н.Гантуяа ирээд С.Шинэхүүтэй уулзаад “энэ согтуу хүүхэн юу юм бэ” гээд уурласан С.Шинэхүү юу ч хэлэлгүй яваад өгсөн. Б.Дуламсүрэнтэй Н.Гантуяа бид 2 очиж уулзаад ярьж байгаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиход Б.Дуламсүрэн ард талд байсан машиныг налаад газар унасан тэгэхээр нь би цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Бнь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дуламсүрэнг нүүрэн тус газар нь цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дуламсүрэнгийн өгсөн: “... эгч “энэ ямар найз чинь юм, юун хүүхэн юм” гэж уурлаад намайг түлхэж унагаагаад босох гэтэл нүүр лүү өшиглөсөн..." гэх мэдүүлэг, /хх.4-5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаярын өгсөн: “... Гэтэл эргээд хартал С.Бболон Дуламсүрэн нар барьцалдаад зогсож байсан. Би очиж салгаад эхнэр дээрээ очоод эргээд харсан чинь Б.Дуламсүрэн гэх эмэгтэй миний машиныг налаад унасан..." гэх мэдүүлэг /хх.14-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7912 дугаартай:

“1.Б.Дуламсүрэнд хамрын нурууны хугарал, зүүн зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Б.Дуламсүрэнтэй Н.Гантуяа бид 2 очиж уулзаад ярьж байгаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиход Б.Дуламсүрэн ард талд байсан машиныг налаад газар унасан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Дуламсүрэнгийн баримтаар нэхэмжилсэн 158.000 төгрөгийг шүүгдэгч С.Бгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч Б.Дуламсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Бнь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

С.Бд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Сийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Бд сануулсугай.

          4. С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бгаас 158.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дуламсүрэнд олгосугай.

6. Хохирогч Б.Дуламсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР