Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00808

 

 *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02538 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТБАГУТҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2022 оны 03 сарын 11-ний өдөр *******ын Б/60 дугаар тушаалаар *******ын ******* сургуулийн захирлаар томилогдон, Боловсролын ерөнхий хууль шинээр батлагдсантай холбогдуулан *******тай 2024 оны 05 сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулан ажиллаж байсан. Багш *******ийн гаргаж байсан гомдол мэдээллүүдийн дагуу *******ын даргын шийдвэрээр манай сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх удирдамж гарган 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн хяналт, шинжилгээ, дотоод аудит хийж гаргасан дүгнэлтийн дагуу *******ын дарга 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг 2024 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасны дагуу 2024 оны 12 сарын 10-ны өдөр хэлэлцээд, маргааны талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл гаргасныг 2024 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэл гаргаж байна. Тушаалын үндэслэл нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь хяналт шалгалт, дотоод аудитын дүгнэлтээр нотлогдож байна гэж үзсэн. Гэвч дээрх дүгнэлт нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, санхүүгийн баримт материалыг нарийн шалгаж, бодитой дүгнэлт хийгээгүй, тайлбар гаргаад баримт материалаа гаргаад өгөхөд авч үзэлгүй бичигдсэн юм. Энэ дүгнэлтэд дурдагдсан зүйлүүд үндэслэлгүй болохыг тайлбарласан боловч хүлээж авалгүй ажлаас халсан болно. Бодит байдалд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хандивын мөнгө буруу зарцуулсан, хувьдаа завшсан зүйлгүй. Харин өөрийн үйл ажиллагааны орлогоос төрийн сангийн дансаар дамжуулалгүй сургуулийн үйл ажиллагаанд 1,270,000 төгрөг зарцуулсан нь зөрчил гэж *******ын аудитын шалгалтаар дүгнэснээр 2024 оны 02 сард цалингийн 20 хувиар бууруулах шийтгэл хүлээсэн байхад, энэ зөрчилд давхардуулан дүгнэсэн байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д заасныг үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох заалтын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. *******аас хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийхэд өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл тогтоогдож, *******ын даргын 2024 оны 02 сарын 16-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар *******д цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаалд ******* нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал юм. Сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлж, уг үүргийг биелүүлээгүйгээс Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдсон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. *******ын даргын 2024 оны 09 сарын 02-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтаар үйл ажиллагааны хүрээнд бий болсон орлогыг төсвийн байгууллагын төрийн сан банк дахь дансаар дамжуулдаггүй, бэлнээр зарцуулдаг зөрчлүүдийг давтан гаргасаар байгаа бөгөөд 2024 оны сургуулийн заал ашиглалтын бүртгэл байхгүй, сургуулийн цайны газрын 2024 оны эхний хагас жилийн түрээсийн орлого 6,000,000 төгрөгөөс 1,680,500 төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан санхүүгийн зөрчил гаргасан нь илэрсэн. Нэхэмжлэгчийн тухайд хууль, журам зөрчсөн нөхцөл байдлууд эрх бүхий хяналт шалгалтын байгууллагуудаар үйлдэл нь тогтоогдож байсан. Үүнд: сургуулийн спорт заал түрээслүүлсэн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулахгүйгээр захиран зарцуулсан. Уг зөрчилд нь *******ын даргын 2024 оны Б/247 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байхад сахилгын шийтгэлтэй хугацаанд сургуулийн цайны газрын түрээсийн орлогыг хууль тогтоомж зөрчиж, орлогыг зориулалтын бусаар зарцуулсан, /спорт зааланд урсгал засвар хийгдэх үеэр хуучин шалыг зарж орлогыг жижүүр болон зарим ажилчдын дансаар дамжуулан зарцуулсан байж болзошгүй мэдээлэл ирсэн/ санхүүгийн зөрчлийг удаа дараа давтан гаргаж, гаргаж буй үйлдэл нь нэг зөрчилд давхардуулан оногдуулж буй шийтгэл биш учир нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. *******ын дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгчээс шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулан санал тайлбарыг хүлээн авч, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан болно.

Иймд, *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаал нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч *******т холбогдох *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 1,571,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1.  Шүүхийн шийдвэрийн 5.1-д заасныг зөвшөөрөхгүй. Улсын байцаагчийн 30/24 дугаар акт нь захирлын 2023 оны 08 сарын 30-ны өдөр, 31/24 дугаар акт нь 2023 оны 03 сарын 17-ны өдөр, 32/24 дугаар акт нь 2023 оны 12 сарын тушаалын дагуу захиран зарцуулсан төлбөртэй холбоотой асуудлыг шалгаад гарсан байна. Тухайн тушаалын биелэлтэд хяналт тавих этгээд буруутай эсхүл тушаал гаргасан албан тушаалтан буруутай гэдгийг уг актуудын аль нь ч өөртөө заагаагүй байх тул захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасныг хэтрүүлж буюу хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулжээ. Нэрлэн буй актууд нь Төсвийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг үндэслэсэн байх бөгөөд ******* нь агентлагийн харьяа байгууллага биш тул харьяалал зөрчиж шалгалтын ажиллагаа явуулсан буюу нэхэмжлэгчийг ажлаас нь халах зорилготойгоор хууль бус шийдвэр гаргасан байна. Дээрх актуудын талаар Б/247 дугаар тушаалд заагаагүй.

4.2. Ажлын хэсгийн тайланд ******* дансаар тэдэн төгрөгийг дамжуулаагүй, сар, өдөр, төгрөгийг бэлнээр зарцуулсан байна гэдгийг нэг бүрчлэн тоочин тогтоогоогүй буюу зөрчлийн цаг хугацааг нарийвчлан заагаагүй ба уг тайланг *******д танилцуулаагүй нь зөрчил болно. Өөрийн үйл ажиллагааны орлогоос төрийн сангийн дансаар дамжуулалгүй сургуулийн үйл ажиллагаанд 1,270,000 төгрөг зарцуулсан нь зөрчил гэж *******ын аудитын шалгалтаар дүгнэснээр 2024 оны 02 сард цалингийн 20 хувиар бууруулах шийтгэл ******* хүлээсэн байхад уг зөрчлийг энэ удаад давхардуулан дүгнэсэн байна.

4.3. Сахилгын шийтгэл ногдуулах процессыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар нэхэмжлэгчид зөрчлийн талаар мэдэгдээгүй ба тайлбар аваагүй нь хариуцагчаас гаргаж өгсөн албан тушаалын тодорхойлолт, улсын байцаагчийн 3 акт, улсын байцаагчийн 2 албан шаардлагаар нотлогдож байх тул ажил олгогч процессын алдаа гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан.

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан эсэхийг шалгах шаардлага захиргаанд байсан ба тэдгээрийг хэрэглээгүй нь буруу. Захирал *******ы гаргасан гэх ноцтой зөрчил буюу түүний хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий хөндөж, төрд хохирол учруулсан байх ёстой. Гэтэл энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна нотолгоо байхгүй.

4.5. Нэхэмжлэлд ...багш *******ийн шат шатны байгууллагад гаргаж байсан гомдол мэдээллүүдийн дагуу *******ын даргын шийдвэрээр манай сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх удирдамж гарган 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн хяналт, шинжилгээ, дотоод аудит хийж дүгнэлт гаргасан... гэснийг анхаарч үзэх шаардлага байгаа болно.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Улсын байцаагчийн актууд болон 2024 оны 09 сарын ажлын хэсгийн дүгнэлтээр зөрчлүүд тогтоогдсон. 2023-2024 оны хичээлийн жилийн сургуулийн төсөвт хяналт шалгалт хийсэн. Тушаалын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий этгээд буруутай эсэх, тушаал гаргасан этгээд буруутай эсэх тухай актуудад заагаагүй гэж нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан. Улсын байцаагчийн акт нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг дурдсан агуулгатай бөгөөд уг актууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангасан. Дотоод аудитын дүрмийн дагуу улсын байцаагчийн эрхтэй эрх бүхий субъект хяналт, шалгалт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дурдсан бөгөөд ******* нь 2024 оны 02 сард цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Сургуулийн заалыг ашиглуулж мөнгө авдаг байсан орлогыг Төрийн сангийн дансанд хийлгүй хувьдаа бэлнээр авч ашигласан тул зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Хяналт, шалгалт орж байгаа нь санхүүгийн зөрчил зогсоогүй, үргэлжилж байсныг харуулж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд сургуулийн заалны шалны модыг зарж борлуулсан орлогыг хүүхдүүдийн уралдаан, тэмцээнд зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд энэ тухай хяналт, шалгалтын илтгэх хуудаст дурдагдсан. Давж заалдах гомдолд сонсох ажиллагаа хийгээгүй гэж дурдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу *******д сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 09 сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Мэдэгдлийг нэхэмжлэгч өөрөө хүлээн авч, гарын үсэг зурсан ба 09 сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийгдсэн. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулж, сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай хэлж нэхэмжлэгчээс тайлбар, саналыг авсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГУТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.  Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* нь *******тай байгуулсан 2024 оны 05 сарын 29-ний өдрийн С/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний үндсэн дээр *******ын ******* сургуулийн захирлаар ажилласан;

3.2. Улмаар, *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн;

3.3. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээ-ний 7.1.5-д заасныг тус тус үндэслэж, ...******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа... тухай дурдсан. 

4. Нэхэмжлэгч ******* нь дээрх тушаалыг 2024 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, мөн зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хугацааг анхаараагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6. *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалын үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээ-ний 7.1.5-д заасныг тус тус харьцуулан үзвэл ажил олгогч нь ажилтныг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан банкаар дамжуулалгүй бэлнээр зарцуулсан, ашигласан гэсэн ноцтой зөрчлөөр ажлаас халжээ гэж дүгнэхээр байна.

Иймд, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.4, 28.2.13-т заасны дагуу явуулсан *******ын ******* сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлангийн холбогдох хэсэг буюу 6.2-т заасан 2022-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн байдлаар хяналт шинжилгээ, дотоод аудит хийж дүгнэлт гаргах гэсэн хэсгийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс дүгнэнэ.

Өөрөөр хэлбэл, дээрх хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлангийн бусад хэсэг буюу тушаалын үндэслэлд хүчингүй болсон хууль, тогтоол, журмын заалтууд ашигласан, захирлын эрх, үүрэгт хамааралгүй заалт ашиглаж тушаал гаргасан, захирамжлалын баримт бичгийн шаардлага хангаагүй тушаал гаргасан, багш, ажилчдыг ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалын хэрэгжилт, багш, ажилчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт зэрэгт хийсэн дүгнэлт нь тус маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

7. *******ын ******* сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлангийн холбогдох хэсэг буюу 6.2-т заасан 2022-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн байдлаар хяналт шинжилгээ, дотоод аудит хийж дүгнэлт гаргах гэсэн хэсэгт нийт 7 зөрчил илэрсэн талаар дурджээ.

Үүнээс сургуулийн нарийн бичгийн хөрвөх сургалтын төлбөр 2,808,000 төгрөгийг багшийн мэргэжил дээшлүүлэх зардлаас төлсөн гэсэн зөрчил нь 2023 оны 08 сарын 30-ны өдөр, сахилгын шийтгэлтэй ажилтнуудад 3,506,600 төгрөгийн улирлын үр дүнгийн урамшуулал олгосон гэсэн зөрчил нь 2023 оны 03 сарын 17-ны өдөр, 05 сарын 24-ний өдөр, сургуулийн захирал нь дээд шатны байгууллагын тушаал шийдвэргүйгээр 1,404,000 төгрөгийн улирлын урамшуулал авсан гэсэн зөрчил нь 2023 оны 12 сар, сургуулийн лаборантаар томилогдсон *******т хавсран гүйцэтгэх боломжгүй ажлыг хавсруулж, нэмэгдэл олгосон гэсэн зөрчлийн зарим хэсэг нь 2022 оны 11 сарын 01-ний өдөр, 12 сарын 01-ний өдөр, 2023 оны 03 сарын 01-ний өдөр, 2023 оны 12 сарын 01-ний өдөр, нэг удаагийн урамшуулал 8,500,000 төгрөгийг эдийн засгийн ангилал зөрчиж, улирлын урамшуулалтай давхардуулан олгосон гэсэн зөрчил нь 2023 оны 12 сарын 19-ний өдөрт тус тус хамаарч байна.

Дээрх зөрчлүүдэд *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Эдгээр зөрчлүүд нь нэг удаагийн шинжтэй байх тул тэдгээрийг үргэлжилсэн зөрчил гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

8. Харин *******ын ******* сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлангийн холбогдох хэсэг буюу 6.2-т заасан сургуулийн лаборантаар томилогдсон *******т хавсран гүйцэтгэх боломжгүй ажлыг хавсруулж, нэмэгдэл олгосон гэсэн зөрчлийн зарим хэсэг нь (2024 оны 07 сарын 29-ний өдөрт хамаарах), сургуулийн цайны газрын түрээсийн орлогоос 1,680,500 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаанд хамаарч байх боловч:

8.1. Албан тушаал хавсран гүйцэтгүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтаар зохицуулагдах ойлголт буюу Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй, улмаар Хөдөлмөрийн гэрээ-ний 7.5.1-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй.

8.2. Түрээсийн орлогоос зориулалт бусаар зарцуулсан гэсэн нь Улсын Их Хурлын байнгын хорооны 2021 оны Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 05-р тогтоолын 7-д заасныг зөрчсөн гэж хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайланд дурдсан байх тул үүнийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй, улмаар Хөдөлмөрийн гэрээ-ний 7.5.1-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй.

9. Хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд *******ын Улсын ахлах байцаагчийн актуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тэдгээр нь *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаар тушаалын үндэслэл болоогүй тул ач холбогдолгүй, мөн *******ын даргын 2024 оны 02 сарын 16-ны өдрийн Б/34 дугаар *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр бус харин ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан тул мөн ач холбогдолгүй байна.

10. Иймд, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон *******ын даргын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/247 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй байх тул нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******ын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

11. Давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацаа буюу тушаал гарсан 2024 оны 10 сарын 18-ны өдрөөс шүүхийн магадлал гарсан 2025 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацааны олговрыг тооцоход 18,580,814 төгрөг (2,698,990 + 2,642,769 + 2,621,449) : 3 х 7) гарч байна.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

13. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02538 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ыг *******ын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 18,580,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 250,854 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД  

Д.НЯМБАЗАР