| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1255/Э |
| Дугаар | 1276 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1276
2019 08 13 2019/ШЦТ/1276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амундарь,
Улсын яллагч Э.Намуун,
Шүүгдэгч Ц.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х холбогдох 1906 03386 1582 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Орхон аймагт 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Техникийн англи хэлний орчуулагчийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 1 дүгээр гудамжны 1981 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цын Х /РД:…............./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Хнь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Учрал” нэртэй караокед иргэн М.Болдтой маргалдан улмаар түүний толгой хэсэгт микрофоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Болдын өгсөн: “... Х нь манай караокед орж ирэхдээ Уугий гэх охинтой хамт орж ирэхээр нь бид тавуулаа архиа хувааж уугаад сууж байсан нэг мэдсэн би тасарсан юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн миний талаас Х, Уугий гэх 2 охин архины шил болон микрофоноор толгойн тус газар цохиж байхад караокены зөөгч охин орж ирж салгахаар нь ах, эгч хоёрыгоо утсаар дуудсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Б.Ууганбаярын өгсөн: “... Болд гэгч нь дуу дуулж байснаа миний дэргэд суугаад гар, хөлийг илээд байхаар нь би дүргүйцээд Ц.Хг бидний дундуур ороод суучих гэж хэлсэн чинь Ц.Хдундуур ороод суухад Болд гэгч Ц.Хг дуу дуул гэхээр нь Ц.Хдуулахгүй гэсэн чинь дуулаач гэж уурлаад Ц.Хгийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь Х уурлан босож ирээд гартаа барьсан микрофоноор толгойн тус газар нь нэг удаа цохихоор нь би хажууд очоод Болдыг боль гэж хэлээд татсан чинь Болд намайг үсдээд бид буйдан дээр урд, урдаасаа хараад унасан чинь Х Болдыг боль гээд надаас холдуулах гээд микрофоноор толгойн тус газар нь 1 удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6992 дугаартай:
“...1. М.Болдын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зулай, хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хгийн яллагдагчаар өгсөн: “... Болдоо гэгч нь манай найз Ууганааг дэргэдээ суучих гэж хэлээд гар, хөлийг нь илээд байхаар нь Ууганаа дүргүйцээд намайг дундуур ороод суучих гэхээр нь би дундуур нь ороод суусан чинь Болдоо гэгч намайг дуу дуул гэж шаардахаар нь би дуулахгүй гэсэн чинь дуулаач гэж уурлаад би чадахгүй гэж маргалдсан, тэгсэн Болдоо миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гартаа барьсан микрофоноор толгойн тус газар нь нэг удаа цохисон чинь Ууганаа босож ирээд биднийг салгасан. Болд Ууганааг үсдээд буйдан дээр урд, урдаасаа хараад унахаар нь Болдоог би боль гээд найзаасаа холдуулах гээд микрофоноор толгойн тус газар нь ахиж нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Хнь 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Учрал” нэртэй караокед иргэн М.Болдтой маргалдан улмаар түүний толгой хэсэгт микрофоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Болдын өгсөн: “... Нэг мэдсэн миний талаас Х, Уугий гэх 2 охин архины шил болон микрофоноор толгойн тус газар цохиж байхад караокены зөөгч охин орж ирж салгахаар нь ах, эгч хоёрыгоо утсаар дуудсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Б.Ууганбаярын өгсөн: “... Х уурлаж босож ирээд гартаа барьсан микрофоноор толгойн тус газар нь нэг удаа цохихоор нь би хажууд очоод Болдыг боль гэж хэлээд татсан чинь Болд намайг үсдээд бид буйдан дээр урд, урдаасаа хараад унасан чинь Х Болдыг боль гээд надаас холдуулах гээд микрофоноор толгойн тус газар нь 1 удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6992 дугаартай:
“... 1. М.Болдын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зулай, хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хгийн яллагдагчаар өгсөн: “... Болд Ууганааг үсдээд буйдан дээр урд, урдаасаа хараад унахаар нь Болдоог би боль гээд найзаасаа холдуулах гээд микрофоноор толгойн тус газар нь ахиж нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.49/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Хгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч М.Болд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ц.Хг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.Хнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Цын Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Хд сануулсугай.
5. Хохирогч М.Болд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Ц.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР