Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00939

 

*******ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 172,649,040.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18-д мөн гэрээний 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******, ******* нар нь ******* ХК-тай 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗБГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, 140,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж авсан.

1.2. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 01 сарын 10-ны өдрөөс хойш зөрчин зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах талаар 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 5/10517 тоот мэдэгдлээр үндсэн зээлийн төлбөр 787,465.25 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 5,448,110.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,388.39 төгрөг, нийт 6,238,964.41 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон.

1.3. Мөн 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 6/9474 тоот мэдэгдлээр үндсэн зээлийн төлбөрт 3,404,969.87 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 18,296,669.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,872.89 төгрөг, нийт 21,742,512.51 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон.

1.4. Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХК-ийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

1.5. Зээлдэгчийн 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүрэгт 2023 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой 31,500 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагч нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 172,649,040.52 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

1.6. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, №OCЗГ2101/200310 тоот "Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан *******н өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот хаягт байрлах, 95 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь нөхөр *******н хамт ******* банктай 2020 оны 03 сарын 10-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 140,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай 18 хувийн хүүтэйгээр зээлсэн.

2.2. Тус зээлийн гэрээнд ******* нь үндсэн зээлдэгчээр, ******* нь хамтран зээлдэгчээр оролцсон байдаг боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийг cap бүрийн төлөлтийг ******* нь ******* банкны ******* тоот дансаар хугацаандаа төлдөг байсан. 2020 онд дэлхий даяар Ковид-19 цар тахал гарч манай улс ч мөн цар тахлын хор нөлөөг бууруулах, тархалтыг зогсоох үүднээс хөл хорио тогтоосны улмаас ажил хийж орлого олох боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан төр засгаас хариу арга хэмжээ болгон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж зээлдэгч нарт зээлийн төлбөрийг хойшлуулах боломжийг олгосон байдаг.

2.3. Зээлийн төлбөрийг хойшлуулсан ч бид нар тодорхой хэмжээнд зээлийн хүүг бус харин үндсэн зээлийн төлөлтийг хийж ирсэн. Гэтэл тухайн үед төлсөн төлбөрийг зээлийн хүүд суутгасан байгаа нь зээлийн тооцооллоос харагдаж байна. Учир нь хариуцагч талаас энэ хугацаанд хүү зогсох үеийн боломжийг ашиглаж үндсэн төлөлтийг төлсөн хэдий ч үндсэн төлөлтөөс огт хасагдаагүйгээс гадна Ковидын үед ч хүү зогсоохгүйгээр 2022 оны 05 сарын 11-ний өдөр 19,978,971.24 төгрөгийг, 2022 оны 05 сарын 24-ний өдөр 7,740,307.25 төгрөгийг, 2023 оны 01 сарын 24-ний өдөр 7,487,585.06 төгрөгийг тус тус төлж зээлийн төлөлтөөс өөр аргачлалаар бодож хүүд тооцсон байна.

2.4. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр үндсэн зээл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, нийт төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн. Нэгэнт зээл авсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн төлбөр дуусгавар болоогүй, төлж дуусаагүй, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа тул үйлчлүүлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин барьцааны гэрээгээр барьцааны зүйл болсон орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зээлийн төлбөрийг төлөх саналтай байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар:

3.1. ******* хамтран зээлдэгч ******* нар нь ******* банктай 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 140,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай 18.0 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд тухай зээлдэгч нь Зээлийн гэрээний 2.1.18-д заасны дагуу шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг банканд төлсөн.

3.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл төлбөр тооцооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасны зөрчиж зээл олгосны шимтгэлд хариуцагч нараас 1,400,000 төгрөгийг төлүүлсэн байна. Бодит байдалд банкнаас зээл олгохдоо бичиг цаасны зардал гарсан болохоос 1,400,000 төгрөгийн бодит зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд уг зээлийн шимтгэлтэй холбоотой зохицуулалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн талдаа хор хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтад хамаарч байна.

3.3. Банкны зүгээс дээрх гэрээнд шимтгэл ногдуулах тухай заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасантай харшилж байна. Зээл олгосны нэмэлт зардал яагаад 1,400,000 төгрөг болох нь тодорхойгүй, зээлдэгч бүх баримт бичгээ нотариатаар батлуулсан, барьцааг улсын бүртгэлд тэмдэглүүлсэн зардлаа өөрөө төлдөг. Харин банк зээл олгох талаар судалгаа хийж, зээлдэгчийн эдийн засгийн чадавхыг үнэлдэг. Үүнд зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үзэх, улсын бүртгэлийн лавлагаатай танилцах, зээлийн баримт бэлтгэх, хувилах зэрэг зардал багтана. Гэсэн ч энэ нь зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай дүйцэх эсэх нь эргэлзээтэй.

3.4. Банкны шимтгэл нь бодит зардалтайгаа нийцсэн байна гэдгийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу гэрээ болгонд 1 хувийн шимтгэл тооцож байгаа нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

3.5. Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн №446 тоот тушаалаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-д шимтгэл авна, шимтгэлийн хэмжээ 1 хувиас хэтрэхгүй байна, уг шимтгэлийн зарцуулагдах зүйлийг тусгасан байдаг. Гэхдээ энэ зээлийн гэрээ байгуулагдахад бодит зардал хэд болсон талаарх тоо хэмжээг нэхэмжлэгч *******ХК-аас гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл зээлийн бүрдүүлбэр хийх, канон, бичиг цаасны асуудлыг тодорхойлоогүй байж шимтгэл авсныг хууль бус гэж үзэж байна.

3.6. Иймд Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.3.1 нь хуульд нийцээгүй тул гэрээний энэ заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагавар болох 1,400,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчээс Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18-д мөн гэрээний 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.7. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэх боловч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах 6 жилийн хугацаа бас яригдах учиртай. Үндсэн зээлийн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэж байгаа тохиолдолд үндсэн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

4.1. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж хуульчилсан.

4.2. Дээрх хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн №446 тоот тушаалаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж ипотекийн зээлд хамаарах шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон.

4.3. Энэхүү шимтгэлд дараах зардлыг оруулсан. Үүнд: 1. Зээл үүсгэх харилцаа, 2. Зээлийн өргөдөл, 3. Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, 4. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, 5. Зээлийн түүхийн судалгаа, 6. Шуудан, холбоо, 7. Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, 8. Хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардлууд тус тус багтахаар байгаа бөгөөд энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, Банк нь зээлдэгчийн зээлийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх, барьцаа хөрөнгийг үнэлэх, зээлийн хүсэлтийг хянах, шийдвэр гаргалт, зээлийн эргэн хяналт харилцагчид мэдээлэл хүргэх, төрийн байгууллагын бүх төрлийн лавлагааны төлбөр болон бичиг хэргийг зардлыг тооцоолон тус шимтгэлийг тогтоодог.

4.4. *******ХК болон *******, ******* нарын хооронд 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ. гэж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхийн хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна., Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдийн өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж тус тус заасан.

4.5. Дээр дурдсан хууль болон журмын дагуу ******* банкны Гүйцэтгэх захирлын 2014 оны 08 сарын 26-ны өдрийн №А/136 дугаар тушаалаар Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-г баталсан. ******* банкны 2015 оны 11 сарын 20-ны өдрийн №A/205 тоот тушаалын хавсралтаар №А/136 дугаар тушаал болох Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулсан. №А/205 тоот тушаалын хавсралтын 1 дүгээр зүйлд Орон сууцны зээл олгосны шимтгэлийг 1.0 хувь байхаар зохицуулжээ.

4.6. Ипотекийн зээлийн үйлчилгээний зардлыг шингээсэн шимтгэлийг банк өөрөө тогтоож, гэрээндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байх бөгөөд ******* ХК-аас *******, ******* нартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулахдаа зээл олгосны шимтгэл" гэж 2020 оны 03 сарын 12-ны өдөр 1,400,000 төгрөгийг суутган авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхүл гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлага үүсдэг. Энэ үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Өөрөөр хэлбэл, шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхэлдгээрээ онцлогтой.

4.8. Дээрхээс үзвэл, хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөгийг ******* ХК-аас буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 03 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд гаргах ёстой байтал 2024 оны 04 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 172,649,040.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 95 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасныг баримтлан, *******ХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18, 3.4.1-д заасан 1.0 хувийн шимтгэл авах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан *******ХК-аас 1,400,000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,091,395.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэгч *******ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөг гаргуулан хариуцагч *******, ******* нарт олгож, хариуцагч *******, ******* нараас шинжээчийн зардал 768,035,71 төгрөг гаргуулан Монгол банкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч ******* /*******дах *******/-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,091,395.3 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад заасны дагуу ипотекийн зээлийн үйлчилгээний зардлыг шингээсэн шимтгэлийг банк өөрөө тогтоож, гэрээндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байх бөгөөд ******* ХК-аас *******, ******* нартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулахдаа зээл олгосны шимтгэл гэж 2020 оны 03 сарын 12-ны өдөр 1,400,000 төгрөгийг суутган авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.2. Хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан №ОСЗГ2101/200310 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөгийг ******* ХК-аас буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 03 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд гаргах ёстой байтал 2024 оны 04 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

6.3. Гэтэл анхан шатны шүүхээс ... дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, талууд орон сууцын зээлийн гэрээтэй 2.1.18 болон 3.4.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх хэмжээтэй шимтгэлийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байгаа нь дээр дурдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцсэн гэж үзэх тул уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж гэрээний заалт хүчин төгөлдөр эсэх тухайд үндэслэлтэй дүгнэлт хийсэн албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж хуульчилсан.

6.4. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн №446 тоот тушаалаар баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж ипотекийн зээлд хамаарах шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан, холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардлууд тус тус багтахаар байгаа бөгөөд энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, Банк нь зээлдэгчийн зээлийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх, барьцаа хөрөнгийг үнэлэх, зээлийн хүсэлтийг хянах, шийдвэр гаргалт, зээлийн эргэн хяналт харилцагчид мэдээлэл хүргэх, төрийн байгууллагын бүх төрлийн лавлагааны төлбөр болон бичиг хэргийн зардлыг тооцоолон тус шимтгэлийг тогтоодог. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн №191/ШШ2025/02457 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 172,649,040.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. *******ХК-д ******* банк ХХК-ийг нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул талууд шаардах эрхийн талаар маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. ******* банк ХХК болон *******, ******* нарын хооронд 2020 оны 03 сарын 10-ны өдөр №ОСЗГ2101/200310 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 140,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 15 жил буюу 180 сар 2035 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл орон сууц худалдан авах зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон;

 

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчид 2020 оны 03 сарын 10-ны өдрийн № ОСБГ2101/200310 дугаартай Орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээ хариуцагч *******н өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 95 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан;

 

4.3. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүрэгт 140,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 12-ны өдөр олгосон бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,902,409.5 төгрөг төлсөн байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 172,649,040.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч *******ХК-аас 1,400,000 төгрөг гаргуулж, хариуцагч нарт олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлт оруулна.

 

7.1. Талуудын хооронд 2020 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан №ОСЗГ2101/200310 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18, 3.4.1-д ... Зээлдэгч нь зээл олгосны шимтгэлд зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг банканд төлнө. Уг шимтгэлийг зээлдэгчийн банкин дахь зээлийн данс руу шилжүүлсэн зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна эсхүл зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлнө гэж заасны дагуу зээлдэгч нь 1,400,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 12-ны өдөр зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн байна.

 

7.2. Хариуцагч *******, ******* нар нь ... талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18, 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн 1,400,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

7.3. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, гэрээний дагуу талууд хүсэл зоригийн илэрхийллээр нэг хувийн шимтгэлийг шилжүүлсэн байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх асуудлууд хамаарна.

Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно.

 

Зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээний харилцаагаар зохицуулна.

 

7.4. Анхан шатны шүүх хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагын хамаарах хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий хугацаа буюу 10 жилээр тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Хариуцагч нар нь ... шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулах ... гэсэн үндэслэл зааж байгаа нь зээлийн гэрээний энэ үүргээсээ татгалзсан агуулгатай тул гэрээтэй холбоотой энэ үндэслэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил-д хамаарч байна.

 

Хариуцагч нар нь 2020 оны 03 сарын 12-ны өдөр 1,400,000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 04 сарын 09-ний өдөр гаргажээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

 

Зээлийн гэрээний үндсэн үүргийн хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран 1/нэг/ хувийн шимтгэлийг буцаан шаардах эрх нь зээлийн гэрээ байгуулах хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хөлс байх тул төлсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д нийцнэ.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зарим хэсэг нь буюу 2.1.18, 3.4.1 дэх заалт нь хууль зөрчсөн хэлцэл гэсэн агуулгаар гомдол гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тайлбарласан Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан гэрээний стандарт нөхцөлтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, нэг хувийн шимтгэлтэй холбоотой гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний тохиролцоонд хамаарах тул уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

8.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэснийг ерөнхий томьёоллоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гэж өөрчилнө.

 

8.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс нотариатын зардалд 31,500 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа уг шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтална.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 172,649,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02457 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 172,649,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгосугай. гэж

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ... гэснийг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.18, 3.4.1-д заасан 1.0 хувийн шимтгэл авах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,091,395 төгрөг, хариуцагч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,859,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д, шинжээчийн зардал 768,035 төгрөг гаргуулан Монгол банкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч ******* /*******дах *******/-т тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,957 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР