Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00973

 

  *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02693 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 231,568,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* би *******тай 2023 оны 01 сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээгээр *******, гэрчилгээний ******* дугаартай, ******* гудамж, 600 м.кв фермер 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын хамт 260,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

1.2. Худалдан авагч нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрээний 3.3-т заасны дагуу авсан бөгөөд гэрээний 3.2-т зааснаар 125,000,000 төгрөгийг төлсөн. Харин 2023 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлөх байсан 135,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.3. Гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр заасан ба 1 хоногийн 405,000 төгрөг бөгөөд төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцон 67,500,000 төгрөгийн алдангийг гэрээний 3.6-д заасан 29,068,000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөр 135,000,000 төгрөгийн хамт нийт 231,568,000 төгрөгийг *******ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* гудамж хаягт байрлалтай ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* ХХК-ийг төлөөлж ******* нар нь 2022 оны 03 сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн уг үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2023 оны 01 сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан ******* Т******* гудамж хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг 260,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба ******* нь тус гэрээний 3.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан гэжээ.

2.3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 112 дугаар зүйлийн 112.1 Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан байх ба 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3 болон 5 дугаар зүйлд заасны дагуу тооцоо бүрэн дууссан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр 2022 оны 03 сарын 24-ний өдөр *******ы өмчлөх эрх дуусгавар болж, ******* ХХК-д ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байдаг.

2.4. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэсэн, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл байгаа юм.

Гэвч тус гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагч *******ы өмчлөлд биш өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байсан нь уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас гэрээний үүрэгт 231,568,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,315,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 1,315,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* гудамж хаягт байрлалтай ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* ХХК-ийг төлөөлж ******* нар нь 2022 оны 03 сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ хийж, Борнуур сум дахь нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлэн Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн тус үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн байдаг.

4.2. Мөн шийдвэрийн 6.2-т Нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулахдаа татварыг багасгах зорилгоор 100,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж тайлбарласныг, хариуцагч маргаагүй ба талууд 2023 оны 01 сарын 31-ний өдрийн гэрээгээр өмнөх 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж, улмаар талууд гэрээнээс үүссэн үр дагаврыг тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

4.3. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл. Энэ нь өмнөх гэрээг баталгаажуулах тохиролцоо биш юм. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагч *******ы өмчлөлд биш өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байсан нь уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм.

4.4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3-д зааснаар газрыг худалдагч тал худалдан авагч талд 100,000,000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг 2023 оны 03 сарын 23-ны өдөр төлж дуусгасан.

4.5. Шийдвэрийн 4.4-т Гэрээний 3.3-т төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн гэж тохиролцсон байна гэжээ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1, 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3 болон 5 дугаар зүйлд зааснаар тооцоо бүрэн дууссан, 2022 оны 03 сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болж, ******* ХХК-д өмчлөх эрх үүссэн байдаг.

4.6. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд ... гэж, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлд Нотариатын тойрог, 7.3-т Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа газрын нотариатч гэрчилнэ гэж заасан байна. Гэтэл ******* байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг Нийслэлийн тойргийн буюу Хан-Уул дүүргийн нотариатч гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

4.7. Дээрх үндэслэлүүдээр Нотариатын тухай хууль зөрчсөн, өмчлөх эрх нь дуусгавар болсон буюу шаардах эрхгүй этгээд бусдад худалдахаар хийсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч төлбөр тооцоо дууссан гэж маргадаг. Төлбөр тооцоо дуусаагүй гэдэг нь *******, ******* нарын хоорондоо харилцсан захидал, зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог бөгөөд тухайн үзлэг хийсэн тэмдэглэлд ******* нэхэмжлэгч *******д хугацаа зааж, төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

5.2. Шүүх талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд хариуцагч ******* уг үл хөдлөх эд хөрөнгийг авсан, төлбөрийн маргаан үүссэн учраас уг маргааныг 2023 оны 01 сарын 31-ний өдрийн гэрээгээр тохиролцсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.3. Түүнчлэн хариуцагч өөр тойргийн буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын нотариатаар бус Хан-Уул дүүргийн тойргийн нотариатаар гэрээг батлуулсан нь хүчин төгөлдөр болох үндэслэл болно гэж маргадаг. Иргэний хуульд гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох заалтуудад хариуцагчийн ярьсан үндэслэл хамаарахгүй. Монгол улс цахим бүртгэлд шилжсэнээр нотариатын байгууллага 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн харьяаллаар бус цахим сүлжээгээр үл хөдлөх эд хөрөнгийг бүх нотариатаар ижил түвшинд батлах эрх зүйн зохицуулалттай тул мөн хүчин төгөлдөр бусд хамаарахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 231,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ******* нь *******тай 2022 оны 03 сарын 23-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *******хаягт байршилтай, 660 м.кв фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;

 

3.2. ******* нь гэрээний зүйлийг 2022 оны 03 сарын 24-ний өдөр *******хаягт байршилтай, 660 м.кв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, мөн ******* нь гэрээний төлбөрт 125,000,000 төгрөг шилжүүлсэн;

 

3.3. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн *******, ******* дугаартай, Т******* 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын хамт 260,000,000 төгрөг гэж тохиролцож, урьдчилгаа 125,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 135,000,000 төгрөгийг 2023 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

 

Хариуцагч нь анх 2022 оны 03 сарын 23-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан гэх боловч уг гэрээнд хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулаагүй, мөн хожим 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г иргэний хувиар байгуулсан байх тул нэхэмжлэгч нь ******* ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй, харин *******тай гэрээний харилцаанд орсон гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д Гэрээний зүйлийн үнэ: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 260,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.3-т ... төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн., 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг 2022.03.24-нд хүлээлгэн өгсөн., 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө., 3.6-д худалдан авагч талаас хугацаа хэтрүүлснийг хохиролд 29 068 000 төгрөгийг худалдагч талд нэмж төлөхөөр тохиролцов. гэж тус тус тохиролцсон гэрээний тохиролцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

 

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д зааснаар ******* 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын үнийг 260,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нь ... 2022 оны 03 сарын 23-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ-гээр гэрээний зүйлийн үнийг 100,000,000 төгрөгөөр тохиролцсон ... гэж тайлбарлах боловч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг шилжүүлсэн, талууд хожим байгуулсан гэрээгээр үнийг 260,000,000 төгрөг гэж тохиролцсон байна.

 

Талуудын харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... 2022 оны 05 сарын 13-ны өдөр *******: ... эндээс гараад хийчнээ ах банк орхин., 2022 оны 06 сарын 12-ны өдөр *******: Өглөөний мэнд ахаа 10 болсон. Маргааш нэг тооцоо орж ирэх юм. Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарчлаа., 2022 оны 06 сарын 17-ны өдөр *******: Өглөөний мэнд ахаа танд өнөөдөр 60 саяыг л. Тэгээд чадахаараа хүмүүсээс цуглуулаад хийнэ гээл явж байна дүү нь., *******: Одоо энэ удаа 60 саяыг зохицуулаа, Үлдсэнийг нь сарын хугацаа өгий., 2023 оны 04 сарын 11-ний өдөр *******: Би ямартай ч авсандаа тэгээд тооцоогоо дуусганаа гээд хөөцөлдөөд л байна шүүдээ удахгүйшдээ ахаа одоо.,2023 оны 04 сарын 26-ны өдөр *******: Энэ сардаа багтаж амжуулах гээд байна ахаа ... гэсэн утгатай фэйсбүүк чатаар харилцсан байх бөгөөд дээрх үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч талын гэрээний үнийг 100,000,000 төгрөгөөр тохиролцсон татгалзал үгүйсгэгдэж, нэхэмжлэгч талын гэрээний үнийг 260,000,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн үндэслэл тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх баримтуудын харьцуулан дүгнэж, анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт хариуцагчаас 135,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.2. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т ... төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн., 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг 2022.03.24-нд хүлээлгэн өгсөн., 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын тохиролцоог бичгээр байгуулах хуулийн шаардлага хангажээ.

Анхан шатны шүүх хариуцагч *******ас үндсэн үүрэг 135,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 67,500,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөн торгуульд нийт 29,068,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д худалдан авагч талаас хугацаа хэтрүүлснийг хохиролд 29,068,000 төгрөгийг худалдагч талд нэмж төлөхөөр тохиролцов. гэсэн тохиролцоог нэхэмжлэгч нь торгууль гэж шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг нэгэн зэрэг хэрэглэхийг хуулиар хориглоогүй боловч торгууль, алдангийн нийлбэр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлагдана.

 

Анхан шатны шүүх үндсэн үүрэг 135,000,000 төгрөгийн 50 хувиар алданги гаргуулж шийдвэрлэсэн атлаа торгууль 29,068,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул торгууль 29,068,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Шүүх алданги, торгуультай холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь зохицуулалтыг баримтлан шийдвэрлэдэг жишиг тогтсон. Гэтэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь алданги, торгуулийг шаардах эрхийг тодорхойлохгүй тул уг зохицуулалтыг хасаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02693 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-гаас 202,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,068,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,315,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 1,170,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,315,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР