| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/03212/и |
| Дугаар | 181/ШШ2016/00092 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2016/00092
| 2016 оны 6 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2016/0092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогт Н. Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШГА-д холбогдох,
2016 оны 02 дугаар сарын 02 өдрийн 2/45 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29 өдрийн 4821 дүгээр захирамжаар төлбөр төлөгч Н.Батбаяраас 135.416.475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авсан төлбөр төлөгч миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016485 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дугээр хороо, Стадион оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 10 тоот 69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 152.640.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 10 цагт дуудлага худалдаанд оруулах болсонд гомдолтой байна. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн саналын талаар харилцан тохиролцож байсан удаагүй, үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргаж байхад ч хүлээж авалгүй бусдын хөрөнгийг хэт багаар үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.
Хан-Уул дүүргийн 11 дугээр хороо, Стадион оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 10 тоот 69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч Н.Батбаяр миний бие юм. Байрыг ах Н.Мөнхбат зээлийн барьцаанд тавихад нь би зөвшөөрсөн. Төлбөрийг ах төлж байсан бөгөөд 135.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөгийг төлсөн, мөн төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэж хэлсэн болохоор би төлбөргүй гэж бодож байсан. Одоогоор энэ байранд өөр айл оршин сууж байгаа, учир нь “Нэмүт констракшн” ХХК тус орон сууцыг барьсан, би 10 тоот орон сууцыг өмчлөгчийн хувьд өөр хүнд худалдсан юм.
Албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг би хүлээн авсан, мөн 2015.09.01 өдөр орон сууцны үнийн санал өгсөнөө саналаа. Энэ баримтыг би өөрөө бичиж өгсөн байна. Өмгөөлөгчтэй хуралд оролцох хүсэлтэй байна. Тус байрыг тухайн үед м.кв-ыг 2.400.000 төгрөгөөр тооцож 152.640.000 төгрөгийг үнийн санал хэлсэн байх гэж ойлгож байна.
Иймд 2016 оны 02 дугаар сарын 02 өдрийн 2/45 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном тайлбарлахдаа- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29 өдрийн 4821 тоот захирамжаар Намжилийн Батбаяраас 135.416.175 төгрөгийг гаргуулж Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Н.Батбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион-Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2015 оны 01 дгээр сарын 19 өдөр битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 31 өдөр хураасан.
Төлбөр төлөгч Н.Батбаяр нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион-Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг 152.640.000 төгрөгөөо үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч Д.Мөнхжаргалд дээрх үнэлгээг 2016 оны 01 дүгээр сарын 28 өдөр танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, барьцаа хөрөнгөнд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй талаар хүсэлтийг ирүүлсэн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 152.640.000 төгрөгийн 70 хувь буюу 106.848.000 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Хоёр дахь Албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёрдахь албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон үнэ 152.640.000 төгрөгийн 50 хувь буюу 76.320.000 төгрөгөөр оруулахаар нийтэд мэдээлэхэд худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй. Хариуцагч Н.Батбаяр өмгөөлөгчтэй хуралд оролцох тайлбар гаргаж байна. 3 сарын хугацаанд өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан. Шүүх хуралдаан хэлэлцэхээс өмнө хариуцагчаас санал асуухад өмгөөлөгч авна гэж хүсэлт гаргаагүй, мэтгэлзэх үед өмгөөлөгч авах талаар ярьж байна. Н.Батбаяр нь хэргийн талаар мэдэхгүй байж болно. Гэхдээ хурал эхлэхээс өмнө түүний ах Н.Мөнхбаатар шүүх дээр хамт явж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ахыгаа оролцуулах боломж түүнд байсан. Иймд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батбаяр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 02 өдрийн 2/45 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж маргаж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.10.29 өдрийн 4821 дугаар захирамжаар, хариуцагч Н.Батбаяр нийт 135.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд төлөхөөр эвлэрчээ. /х.х. 18 тал/
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион-Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 10 тоот орон сууцын өмчлөгч Н.Батбаяр бөгөөд 2013 онд Б.Мөнхжаргалтай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй ба захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь Хан-уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015.01.08 өдрийн 2 тоот албан бичгээр тогтоогдож байна. /х.х. 19 тал/
НШГА-ны Эд хөрөнгийг битүүмжлэх 2015.01.19 өдрийн 02/07 дугаар тогтоолоор Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил /17012/ ХД-ийн 69 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2015.01.26 өдөр буюу тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахыг сануулж төлбөр төлөгч Н.Батбаяраар гарын үсэг зуруулсан байна. /х.х. 23-24 тал/
Төлбөр төлөгч Н.Батбаяр шүүхийн шийдвэрээр Д.Мөнхжаргалд 135.595.495 төгрөгийн төлбөртэй бөгөөд өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөө зэх зээлийн үнэ нь 2.400.000 х 63.6 м.кв=152.640.000 төгрөгөөр үнэлж байна. Үүнийн санал гаргасан Н.Батбаяр гэсэн хүсэлтийг НШГАлбанд 2015.09.01 өдөр гаргасан баримт хэрэгт авагджээ. /х.х. 33 тал/
Төлбөр авагч Д.Мөнхжаргал үл хөдлөх хөрөнгийг 152.640.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрсөн, дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг НШГА-д гаргажээ. /х.х. 34 тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.02.02 өдрийн 2/45 тоот тогтоолоор, 2016.02.19 өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийн Анхны дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномд үүрэг болгосон, /х.х. 7 тал/ тогтоолын дагуу 2016.02.02 өдрийн 3/4397 тоот мэдэгдэл, 2016.02.05 өдрийн 3/5195 дугаар албан бичгээр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосоныг Н.Батбаярт хүргүүлж гарын үсэг зуруулсан байна. /х.х. 8, 6. 40 тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Н.Батбаяр гомдол гаргасныг, 2016.03.09 өдрийн 05 дугаар тогтоолоор шийдвэрлэж хариу өгчээ. /х.х. 5 тал/
Хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөгч Н.Батбаяр 63.6 м.кв орон сууцыг 152.640.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Д.Мөнхжаргал үнийг зөвшөөрсөнөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016.02.02 өдөр 2/45 тоот тогтоолоор Анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгийг 152.640.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч үнийг хүлээн зөвшөөрсөн байгаагаас үзэхэд талууд үнийн талаар маргаагүй, харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтооно” гэжээ. Энэхүү хуулийн дагуу НШГАлба үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах 2016.02.02 өдрийн 2/45 тоот тогтоол гарсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.Батбаяр 2016.03.16 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнд 2016.04.19 өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4-д заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн ба өөрөөр хэлбэл хууль зүйн туслалцаа авах эрхийг тайлбарласан, энэхүү эрхээ хариуцагч эдлэх боломжтой байсан. Хуралдааныг 2016.06.16 өдөр товлосон, 3 сарын хугацаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй, хуульд заасан хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох 2016 оны 02 дугаар сарын 02 өдрийн 2/45 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.СОЛОНГО