Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1284

 

 

 

 

 

  2019         08         14                                         2019/ШЦТ/1284

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох 1906 03801 1644 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын дотор засал чимэглэл хийдэг, Архангай аймгийн Их Тамир сумын 5 дугаар баг, Тайхар тээгийн 10 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар гудамжны 58 тоотод түр оршин суух, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нийн Б /РД:АГ92032414/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Бнь 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “М-Ойл” шатахуун түгээх станцын орчим Ц.Дэмчигийг гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Н.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дэмчигийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “М-Ойл” шатахуун түгээх станцын хажууд хуучин үерхэж байсан Туул гэх эмэгтэйтэй уулзаад байж байтал түүний найз залуу болох Нямдорж овогтой Б хүрч ирээд миний зүүн нүд рүү нэг л удаа цохьсон. Тэгсэн миний хөмсөг сэтэрсэн бололтой их цус гарсан тул би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баяртуулын өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 12 цагийн үед би ажлаа тараад найз залуу болох Н.Бтай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Хараа” гэх дэлгүүрийн үүдэнд уулзахаар тохирч хүлээгээд зогсож байхад миний хуучин үерхэж байсан залуу болох Ц.Дэмчиг таараад “юу хийж байгаа юм” гэж асуухад би хариуд нь “найз залуугаа хүлээж байнаа” гэж яриад байж байхад манай найз залуу Н.Бхүрч ирээд “чи хэн юм бэ” гэж хэлээд шууд түүний баруун нүдний хөмсөг хэсэгт зүүн гараараа нэг удаа цохиход газар унаад хэвтэж байгаад удалгүй босч ирээд зугтаан зам гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7649 дугаартай:

“1. Ц.Дэмчигийн биед зүүн хөмсөгт шарх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт/хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баяртуул 00 цагийн үед над руу залгаад “очиж явна, тосож аваарай” гэж хэлэхээр нь бид 2 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд уулзаад хамт манай гэрт орохоор болсон. Удалгүй Х.Баяртуул “ирчихлээ” гэж утсаар хэлэхээр нь би тосох гээд гэрээс гараад явж байсан чинь Баяртуул “Хараа” дэлгүүрийн доод талын “М-Ойл” нэртэй ШТС-ын дэргэд үл таних залуутай уулзан юм яриад зогсож байхаар нь миний уур хүрээд түүнийг хардаад үл таних залуутай маргалдалгүй шууд очоод баруун нүдний хөмсөг хэсэгт нь зүүн гараараа 1 удаа цохиход уг залуу газар унаад босож ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Бнь 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “М-Ойл” шатахуун түгээх станцын орчим Ц.Дэмчигийг гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дэмчигийн өгсөн: “... Б хүрч ирээд миний зүүн нүд рүү нэг л удаа цохьсон. Тэгсэн миний хөмсөг сэтэрсэн бололтой их цус гарсан...” гэх мэдүүлэг, /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баяртуулын өгсөн: “... миний хуучин үерхэж байсан залуу болох Ц.Дэмчиг таараад юу хийж байгаа юм гэж асуухад би хариуд нь найз залуугаа хүлээж байнаа гээд яриад байж байхад манай найз залуу Н.Бхүрч ирээд чи хэн юм бэ гэж хэлээд шууд түүний баруун нүдний хөмсөг хэсэгт зүүн гараараа нэг удаа цохиход газар унаад хэвтэж байгаад удалгүй босч ирээд зугтаан зам гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7649 дугаартай:

“1. Ц.Дэмчигийн биед зүүн хөмсөгт шарх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бийн яллагдагчаар өгсөн: “... Баяртуул Хараа дэлгүүрийн доод талын М-Ойл нэртэй ШТС-ын дэргэд үл таних залуутай уулзаад юм яриад зогсож байхаар нь миний уур хүрээд түүнийг хардаад үл таних залуутай маргалдалгүй шууд очоод баруун нүдний хөмсөг хэсэгт нь зүүн гараараа 1 удаа цохиход уг залуу газар унаад босож ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Бийн  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ц.Дэмчиг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Н.Бнь хохиролд 100.000 төгрөг нөхөн төлсөн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Н.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Нийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бт сануулсугай.

          5. Хохирогч Ц.Дэмчиг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Н.Бнь хохиролд 100.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                   С.ӨСӨХБАЯР