| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06116/И |
| Дугаар | 210/МА2025/00967 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00967
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03288 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
45,000,000 төгрөгийг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч *******г богино хугацаанд мөнгө зээлүүлээч гэж хүсэлт гаргасны дагуу түүнд 2021 оны 11 сард 45,000,000 төгрөгийг зээлсэн.
1.2. Нэхэмжлэгч нь уг 45,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөхдөө хариуцагчийн хэлсний дагуу түүний эхнэрийн дүү ******* болон *******гийн нөхөр *******д 2021 оны 08 сард бэлнээр 30,000,000 төгрөгийг, өөрийн Хаан банк дахь ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данс руу 2021 оны 11 сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн.
1.3. *******тэй худ ургийн харилцаатай тул миний бие түүнд итгэн зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн боловч ******* нь хугацаандаа мөнгөө төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь хадам талын холбоотой эхнэрийн дүү болох ******* түүний нөхөр *******нар хувиараа дэлгүүр түрээслэн ажиллуулах зорилгоор надад хандахад *******тэй холбогдож, уулзуулж өгсөн. ******* нь 30,000,000 төгрөгийг *******ид өгсөн байдаг ба тухайн үед хөдөө ажилтай байсан тул хамт байлцаагүй.
2.2. Мөн 10 сард нэмж 15,000,000 төгрөгийг хариуцагч өөрийн данс руу авч *******гийн данс руу шилжүүлсэн. *******нь ярьсан хугацаандаа мөнгөө өгөхгүй, *******тэй нотариатаар орж баталгаажуул гэсэн боловч баталгаажуулаагүй, 2023 оны 10 сараас сураггүй болсон. ******* нь мөнгийг захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ... *******гийн богино хугацаанд мөнгө зээлдүүлээч гэсэн хүсэлтийн дагуу түүний эхнэрийн дүү ******* болон *******д 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул үүнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан атлаа, хариуцагчид уг 30,000,000 төгрөгийг хэзээ хүлээлгэн өгсөн, ямар хугацаагаар зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зориг байсан эсэх бодит үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба энэхүү үйлдэл нь зээлийн гэрээний мөн чанар болон агуулгад нийцээгүй гэж үзэхээр байна.
4.2. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ... *******өөс 30,000,000 төгрөгийг *******д бэлнээр өгөөгүй, тэр хариуцагч хөдөө ажилтай байсан, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст *******ид холбогдуулан гаргасан гомдлын дагуу гэрч *******ийн хариуцагч мөнгийг зээл аваагүй гэх тайлбар, хариуцагчид 30,000,000 төгрөгийн зээл олгосон болон зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
4.3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь *******өөс 45,000,000 төгрөгийн зээл авсан нь нотлогддог. Анх ******* нь *******, ******* нартай хамтран ажиллаж, хүнсний лангуу, дэлгүүр ажиллуулах хүсэлтэй байгаа талаараа хэлж 30,000,000 төгрөгийг зээлэхийг хүсэхэд нь нэхэмжлэгч зөвшөөрсөн. Зээлийг олгох үед ******* нь хамтран ажиллаж байгаа гэх *******, ******* нарыг явуулсан ба 30,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 25-ны өдөр өгсөн. Үүнийг тухайн үед *******д мэдэгдэж байсан.
4.4. Уг зээлийг хүнсний дэлгүүр түрээслэх, ажиллуулахад зарцуулсан буюу *******гийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулагдсан болох нь баримтаар тогтоогддог. Ийнхүү 30,000,000 төгрөгийн зээл авсны дараагаар 2021 оны 11 сарын 10-ны өдөр *******, *******, ******* нар ирж уулзан, эргэлтийн хөрөнгө нэмж хэрэгтэй байна хэмээн нэмж зээл олгохыг хүсэхэд нь *******д 15,000,000 төгрөгийг зээлийг олгосон.
4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тохиролцсоны дагуу зээлээ буцаан шаардахад *******, ******* нартай хамтарсан ажил нь амжилтгүй, алдагдалтай болсон, хоорондоо төлбөр мөнгөний асуудалтай цагдаагийн байгууллагаар шалгуулна, цагдаад өргөдөл гаргасан байгаа зэргээр шалтаг хэлж зээлээ төлөхгүй хойшлуулсаар байсан тул шүүхэд хандсан.
4.6. Анхан шатны шүүхээс зөвхөн мөнгөн гүйлгээ, шилжүүлгийг үндэслэж зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний бие *******д 45,000,000 төгрөгийн зээл олгосон, ******* нь *******, ******* нартай хамтран ажиллаж 45,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тус тусдаа эрх зүйн харилцаа бөгөөд иймээс ******* нь *******гээс хөрөнгө оруулалт хийсэн 45,000,000 төгрөгөө буцаан авахаар төлбөр барагдуулах гэрээ хийж, сар бүр 1,000,000 төгрөг хүлээн авч байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь ... *******ид 45,000,000 төгрөг зээлсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйн улмаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.
3.1. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар ******* нь 2021 оны 11 сарын 10-ны өдөр *******д 15,000,000 төгрөгийг Төөгий гэсэн гүйлгээний утгатайгаар, *******ид 30,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэ үйл баримтад маргаангүй.
3.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
3.3. Нэхэмжлэгч нь ... *******гийн нэрлэн заасан *******ид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн ... гэсэн тайлбар хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байна.
******* нь эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгт ... *******манай баз. Би 30 сая төгрөгийг ******* гэх дүүгээсээ аваад 2021 оны 08 сарын 26-ны өдөр *******өөр дамжуулан мөнгийг *******ид өгүүлсэн ... гэж мэдүүлжээ.
Хэрэгт мөн хариуцагч ******* болон ******* нарын хооронд 2024 оны 04 сарын 23-ны өдөр Төлбөр барагдуулах талаар иргэд хоорондын байгуулсан хэлцэл нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******гээс *******д 2022 оны 08 сарын 25-ны өдөр хүнсний дэлгүүр ажиллуулахад зориулж 30,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг шинээр өөр байршилд ажиллуулах хүнсний дэлгүүр ажиллуулахад зориулж нэмэлт хөрөнгө оруулалт хүүгүй олгосон, ... 2024 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн сар болгоны 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Дээрх мэдүүлгээс үзэхэд хариуцагч *******гийн нэрлэн заасан *******ид нэхэмжлэгч ******* нь 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагч *******гийн 30,000,000 төгрөг аваагүй талаар тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
3.4. Иймд, хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03288 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 232,950 ... гэснийг ... 382,950 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР