Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0080

 

2020 оны 01 сарын 30 өдөр           Дугаар 221/МА2020/0080                          Улаанбаатар хот

“М...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “М...” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0817 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасныг баримтлан холбогдогч “М...” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э-ы үйлдсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0291474 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Дараах үндэслэлийн дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, 2.8 нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 3.5 эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2 хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Уг үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-д заасны дагуу шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй байдаг ба татварын улсын байцаагч Т.Э нь холбогдогч “М...” ХХК-ийн захирал Б.Б-ыг дуудах ажиллагаа хийсэн байдаг. Гэвч Б.Б нь дуудсан цагт өөрөө ирэлгүй нягтлан бодогч О.Х-ыг явуулсан байдаг. Улмаар О.Х-ыг Компанийн тухай хуулийн 85 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасны дагуу эрх бүхий этгээдэд тооцон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх үүргийг тайлбарлан өгч ярилцлага авч, зөрчлийг танилцуулсан байдаг. /Захирал Б.Б санхүүгийн асуудлыг нягтлан хариуцаж мэддэг учраас өөрөө ирэлгүй нягтлангаа явуулсан байдаг./

“Зөрчил гаргасан этгээдэд эрх, үүрэг танилцуулах тухай тэмдэглэл” бланк дээр н.Ч гэж О.Х-ын нэрийг андуурч бичсэн ч О.Х нь танилцсан гэх хэсэг дээр гарын үсгээ бичсэн байдаг. Татварын улсын байцаагч Т.Э миний бие эрх, үүргийг танилцуулж тайлбарласан байдаг. Мөн холбогдогч тайлбар, мэдүүлэг өгөх эрхийнхээ дагуу тайлбар, мэдүүлгээ өгсөн байдаг. Баримт өгөөгүй гэх гомдол гаргагчийн иргэний нэр, гэрийн хаяг, утас зэрэг тодорхой хувийн мэдээллийг нууцалсан болохоос гомдлын шаардлагыг бүхэлд нь танилцуулсан байхад шүүх дээрх дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх зөрчил үйлдсэн нотлох баримт бүрдээгүй гэж үзэн зөрчлийг хэрэгсэхгүй болгосон.

Татварын ерөнхий газрын 1800-1288 тоот утсанд “М...” ХХК-ийн Р ресторан нь и-баримт өгөхгүй байна гэх гомдол мэдээллийн дагуу татварын улсын байцаагч нь ажлын байрны үзлэг хийсэн. Уг үзлэгээр холбогдогч баримт өгөөгүй нь илэрсэн. Уг ажиллагааг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байдаг. Эрх бүхий этгээд өөрийн биеэр шалган тогтоосоор байтал түүнийг ямар ч нотолгоо гэж үзэхгүй байгаад гомдолтой байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0291474 тоот шийтгэлийн хуудсаар “иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй” нь иргэний гомдол, үзлэг зэргээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “М...” ХХК-д нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хариуцагчаас Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарын утсанд иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Нархан хотхонд байрлах Монгол ази хоолны газар буюу “Р” ресторанаар үйлчлүүлэхэд цахим төлбөрийн баримт олгоогүй, олон удаа ийм үйлдэл гаргаж байна” гэх гомдлын дагуу шалгаж, ажлын байрны шалгалт хийж байсан яг тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Р” ресторанаар үйлчлүүлсэн иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй, гараад явсан ч араас нь баримтаа аваарай гэж сануулаагүй, ... иргэнд цахим төлбөрийн баримт олгохгүй байгаа үйлдлийг татварын улсын байцаагч  /эрх бүхий этгээд/ миний бие өөрийн нүдээр шалгаж тогтоосон” гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоосон байх нөхцөл байдлыг тус тус заажээ.

Гэтэл гомдол гаргагч тухайн зөрчлийг гаргасан эсэхийг нотлох зорилгоор дээрх хуульд заасан ажиллагааг явуулалгүйгээр эрх бүхий албан тушаалтан өөрөө харж тогтоосон гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд иргэнээс “М...” ХХК цахим төлбөрийн баримт олгохгүй байгаа тухай гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, “М...” ХХК зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “баримт олгохгүй, пос машинтай хэрнээ баримт олгохоос татгалзсан” гэх гомдол, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр утсаар иргэн Б.Б-аас ирүүлсэн мэдээлэл болон татварын улсын байцаагч хяналт шалгалт хийж байх үед үйлдэгдсэн гэх зөрчлийг тус хуулийн этгээдийн ресторанаар үйлчлүүлсэн гэх иргэдтэй ярилцаж, тэмдэглэл үйлдэх, уг хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл, тайлан зэрэгтэй тулгах, нягтлах зэргээр “М...” ХХК нь гомдол гаргасан иргэнд бараа борлуулсан эсэх, ресторанаар үйлчлүүлсэн эсэхийг шалгаж, хэзээ, ямар худалдан авалт хийхэд цахим төлбөрийн баримт олгоогүй талаар нотлох боломжтой байжээ.

Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан бөгөөд харин мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой байна. Гэтэл хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг томилж, тогтоол үйлдээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ