Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/0134

 

“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

               Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                                    М.Батсуурь

                                                                    Д.Батбаатар

       Ц.Цогт                                           

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга:          Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0559 дүгээр шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0577 дугаар магадлалтай

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0394 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г (цахимаар), Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Х...” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар тушаалаар Б... дүүрэг ... дүгээр хороо, Х... бүсчлэл, Б... уулын дархан цаазат газрын Х-ын ам, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хойд талд байрлах 2,2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон. Энэхүү шийдвэрийн дагуу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ..... дугаартай гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгож, Б... уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан. Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн тул газар ашиглах 5 жилийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болоход, дахин 3 жилийн хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дугаар тушаалаар сунгасан.

2.1.Аялал жуулчлалын цогцолбор барих ажлын зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлэх, бэлтгэл ажлууд 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй хийсэн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. Газрын талбайн байршил ойн сангийн талбайд хэсэгчлэн давхацсан хэсэгт “Х...” ХХК огт барилга барихгүй, үйл ажиллагаа огт явуулахгүй бөгөөд тийм үйл ажиллагаа явуулах боломжгүй. “Х...” ХХК нь аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламжийг ойн санд давхцуулан барихаар төлөвлөөгүй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төсөлд батлах эрх бүхий байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэхгүй барилгын төлөвлөлтийг баталдаггүй. ...батлагдсан зураг төсөл, даалгавар, зураг төсөлд ойн санд барилга барих үйл ажиллагаа явуулахаар тусгаагүйн дээр, өнөөдрийг хүртэл ойн сангийн байршилтай давхцаж буй хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй зэргээс “Х...” ХХК-ийг Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10 дахь заалтуудыг зөрчөөгүй. Манай компанийг газар ашиглах гэрээний үүргээ болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй. Газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотойгоор аялал жуулчлалын цогцолбор үйл ажиллагаатай холбоотой маш олон бичиг баримт, зөвшөөрөл, ажлын зардал болон газрын төлбөрийн зардал зэргийг гаргасан тул эдийн засгийн хувьд маш их хохирч байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгатай байна.

3.Хариуцагчийн хариу тайлбар: “... Нэхэмжлэгч “Х...” ХХК нь газар ашиглах эрхтэй газар буюу Хүрэл тогоотын аманд байрлах газраа зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй байна. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газар нь ойн сан бүхий газартай давхцалтай байх тул маргаан бүхий тушаал гарсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Х...” ХХК-аас Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэх агуулгатай тайлбар гаргав.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.Х...” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар тушаалаар Б... дүүрэг ... дүгээр хороо, Х... бүсчлэл, Б... уулын дархан цаазат газрын Х-ын ам, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хойд талд байрлах 2,2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон. Энэхүү шийдвэрийн дагуу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ..... дугаартай гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгож, Б... уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан. “Х...” ХХК-ийн газар ашиглах 5 жилийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болж, дахин 3 жилийн хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дугаар тушаалаар сунгасан байна.

4.2.Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Б... уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр санал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2.1.... Газар ашиглах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байгуулсан боловч газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “Х...” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

5.2.2. ... Нэхэмжлэгчээс маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагаар батлуулсан байна. Үүнд: Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Ш...” ХХК-иар 2018 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулж, Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалтын хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын ...-ний өдрийн МЗХ2020/09-059 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, Хот байгуулалт хөгжлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас Аялал жуулчлалын загвар зураг батлуулж, “Г...” ХХК-тай Марс вилла төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 176/06-21 дугаартай барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт гаргуулж, улмаар Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2559/2022 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргуулж, Б... уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/08-01 дугаартай хашаа барих зөвшөөрлийг авч, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компаниар 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дугаар 15/03573/22 дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж, М... ХХК-иар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр TH-D485/2022 дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж, Хаан даатгал ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын Г23444041 дугаартай гэрээ байгуулж, Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн актыг хот байгуулалтын мэдээллийн сангийн ТТ2023/0189 дугаарт бүртгүүлж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0013...4БАЗГ 2023/416 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч, Мөн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...маргаан бүхий газарт хашаагүй, суурь ухсан байдалтай байв гэж дурдаж, энэ талаар фото зургаар баталгаажуулснаас үзэхэд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

5.2.3.Хэрэгт баримтаар авагдсан Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зургаас үзвэл маргаан бүхий газар нь Ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцаагүй, хэсэгчилсэн байдлаар буюу бага хэмжээний давхцалтай байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

5.2.4.Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Газрын талбайн байршил ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан хэсэгт нэхэмжлэгч нь аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламжийг ойн санд давхцуулан барихаар төлөвлөөгүй, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төсөл батлах эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэхгүй барилгын төлөвлөлтийг баталдаггүй, нөгөө талаас өнөөдрийг хүртэл давхцалтай газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч явуулахгүй тул Ойн тухайн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, энэ талаар төрийн хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах гэрээний үүргээ болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

5.2.5.Дээрх байдлаар Б... уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар нь ойн сан бүхий газартай хэсэгчилсэн байдлаар давхацсан, мөн холбогдох зураг төсөл, баримт бичгийг бүрдүүлж эрх бүхий байгууллагаар батлуулсан талаар мэдээлэлтэй байсан боловч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 914 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.

5.2.6. ... Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, ... нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй, эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байхад хариуцагчийн гаргасан шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байна.” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:

6.1.1.“… Б... уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гуравласан гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан, газар ашиглах тухай гуравласан гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаал гарах хүртэл хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа болоогүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.

6.1.2.Түүнчлэн хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаа болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь ойн сантай хэсэгчлэн давхцаж буй нь тогтоогдож байх боловч маргаан бүхий энэ тохиолдолд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

6.1.3.Учир нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий газарт дээрх хуульд заасны дагуу ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоох учиртай.

6.1.4. ... Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтоц бүхий газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго нь Аялал жуулчлалын тухай хуулийн зорилтоос тодорхой харагдах бөгөөд энэхүү зорилго нь тухайн газрыг ашиглахгүйгээр хэрэгжих боломжгүй. Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ..., 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа ямар барилга, байгууламж барьж болох талаар Аялал жуулчлалын тухай хуультай харилцан уялдаатайгаар зохицуулсан.

6.1.5.“Дархан цаазат газар” нь бусад ой бүхий газраас онцлогтой учраас тусгай хамгаалалтад авч, түүнийг ашиглахад тусгай дэглэм шаардагдах тул тус газарт орших ойн сан бүхий газрын дэглэмийг Ойн тухай хуулиар бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоодог байна. Ийнхүү тусгай дэглэм бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ойн сан бүхий газартай холбоотой шийдвэр гаргахдаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

6.1.6.Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай харьцуулан шинжилж, тайлбарлаж, хэрэглэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. ...” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.1.“... Нэхэмжлэгч “Х...” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байдаг боловч газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн маргаан бүхий актын сонсох ажиллагааны үед ямар нэгэн газар ухаж үйл ажиллагаа явуулсан талаар баримт байдаггүй. Гэтэл шүүхийн үзлэгээр газар ухсан байдалтай байгаа нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь маргаан бүхий акт гарснаас хойш үйл ажиллагаа явуулж, ухсан эсэх талаар нарийвчлан судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

7.1.2.Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт болон 26 дугаар зүйлийн 26.1.10 дахь хэсгийн тухайд гэвэл Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Тусгай хамгаалалтын газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.”, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн ... дүгээр зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг заасан байдаг.

7.1.3.Нэхэмжлэгч “Х...” ХХК нь тус ойн хамгаалалтын бүсийн газарт үйл ажиллагаа явуулахгүй, орц гарцаа шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч газар ашиглах гэрчилгээ авахдаа зориулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ... дүгээр зүйлийн ....7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж авсан байдаг. Энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 26 дугаар зүйлийн 26.1.10 дахь хэсгүүдтэй зөрчилдөж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ... дүгээр зүйлийн ....3-т “ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” гэсэн зориулалтаар өөрчлөх боломжтой юм.

7.1.4.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж болон нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №559 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №221/МА2024/0577 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0394 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарт 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

11.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

12.Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан, газар ашиглах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байгуулсан, энэ тохиолдолд газар ашиглах тухай гуравласан гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаал гарах хүртэл хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

13.Харин, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ойн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

14.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа “ой”, “ойн сан”, “ойн нөөц” зэрэг нь хаана байршиж байгаагаас үл хамааран ижил эрх зүйн дэглэмээр хамгаалагдана, уг дэглэмийг Ойн тухай хуулиар тусгайлан, нарийвчлан тогтоосон тул ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд Аялал жуулчлалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт, хуулийг тайлбарлан хэрэглэсэн агуулга буруу байна. 

15.Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь “байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьс өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалах” эрх зүйн харилцааг зохицуулах зорилготой бөгөөд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан нь Ойн тухай хуулиар тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын эрх зүйн дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бууруулсан агуулга биш тул энэ утгаар хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхгүй.

16.Иймд давж заалдах шатны шүүхийн “ ... “Дархан цаазат газар” нь бусад ой бүхий газраас онцлогтой учраас тусгай хамгаалалтад авч, түүнийг ашиглахад тусгай дэглэм шаардагдах тул тус газарт орших ойн сан бүхий газрын дэглэмийг Ойн тухай хуулиар бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоодог /тул/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ..., 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа ямар барилга, байгууламж барьж болох талаар Аялал жуулчлалын тухай хуультай харилцан уялдаатайгаар зохицуулсан” гэж, /маргаан бүхий газарт байгаа/ ойн сан бүхий газрын хамгаалалтын эрх зүйн дэглэмийг тогтоосон Ойн тухай хуулийн хэрэглэхгүй гэх агуулгаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй.

17.Маргааны үйл баримтад хамаарах, нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон газрын “ойн сан бүхий” газрын эрх зүйн дэглэм нь Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгчид ашиглуулахаар олгогдсон ойн сан бүхий газартай давхцалтай хэсэгт ямар нэг зориулалтаар орон байр барих, ашиглахыг хуулиар хориглосон гэж үзнэ. 

18.Анхан шатны шүүхээс “маргаан бүхий газар нь Ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцаагүй, хэсэгчилсэн байдлаар буюу бага хэмжээний давхцалтай байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй” гэж үйл баримтыг тогтоосон, харин дүгнэлтдээ “... ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан хэсэгт нэхэмжлэгч нь аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламжийг ойн санд давхцуулан барихаар төлөвлөөгүй, өнөөдрийг хүртэл давхцалтай газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч явуулахгүй тул Ойн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёстой Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасныг тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу.

19.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий газрын ойн сан бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0559 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0577 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгч  “Х...” ХХК-д ашиглах эрх олгогдсон газрын ойн сан бүхий газартай давхцалгүй хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                      Д.БАТБААТАР

                                                                                      Ц.ЦОГТ