Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 19

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Хууз овгийн Төмөртогоогийн Чинбаярын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэдээлэл, технологийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Чинбаяр намайг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож, аймгийн Засаг даргын тамгын газрын ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй,

          

          Сөрөг нэхэмжлэгч: Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

          Хариуцагч: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Хууз овгийн Төмөртогоогийн Чинбаяр

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Т.Чинбаяраас Sukhbaatar.mn сайтын төлбөр 4,9 сая төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Чинбаяр, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Т.Чинбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөртогоо овогтой Чинбаяр миний бие нь 2006 оноос эхлэн улсад тасралтгүй 11 жил ажилласны сүүлийн 4 жилийг Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэдээлэл технологийн ахлах мэргэжилтнээр  ажиллаж байна. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10,  33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтуудыг зөрчсөн. Надтай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж үзээгүй. Тамгын газрын даргаар томилогдоод 2 хоноод бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн хууль бус захирамж гарснаар миний амьдралд хүндээр нөлөөлж байна гэв.          

       

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Чинбаярыг тус Тамгын газарт мэдээлэл, технологи сүлжээ хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 02 сард томилсон байсан. Аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай А/368 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэст “ мэдээлэл технологи, сүлжээ, дотоод ажил хариуцсан” гэх орон тоо батлагдсан байсан. Харин Т.Чинбаярыг томилсон тушаал ажлын чиг үүрэгт өөрчлөлт оруулаагүй, дотоод ажлыг өөр мэргэжилтэн хариуцан ажилладаг байсан. 

          Миний бие 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын А/14 тоот захирамжаар Тамгын газрын даргын ажилд томилогдсон. Энэ А/14 тоот захирамжид ямар нэгэн гомдол гараагүй байна. Тиймээс Тамгын газрын дарга бол хуульд заасан эрхийнхээ хүрээнд хуульд заасан тушаал шийдвэр гаргах эрхтэй. 

          Иймээс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А/09 дугаартай тушаалыг гаргасан. Энэ тушаалыг гаргахдаа Засгийн газрын 2016 оны “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” гэсэн 9 дүгээр тогтоолыг үндэслэсэн. Энэ тогтоолоор Тамгын газрын бүтцийг 37 орон тоотой байхаар тогтоосон. Иймд энэ тогтоолд нийцүүлэхийн тулд Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон А/09 дүгээр тушаалыг гаргасан. Үүний өмнөх аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 45 хүний орон тоотой байхаар баталсан байсан. Энэ захирамжаар Төрийн захиргаа удирдлагын хэлтэс 9 хүний орон тоотой байсныг 6 болгосон. Энэ бүтцийн өөрчлөлтөөр мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоог байхгүй болгосон. Орон тоо хасагдсан учраас Т.Чинбаярыг ажлаас чөлөөлсөн. Гаргасан шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгосон. 

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв. 

 

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Энэ тогтоолын 15.1.1-д орон тоо хасагдах гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр тухайн байгууллага, хуулийн этгээдийн бүтэц орон тоогоор ажил албан тушаал, ажлын байр үгүй болсныг ойлгоно гэж тайлбарласан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/09 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр бий болсон ажил, албан тушаалуудын чиг үүргийг харахаар Т.Чинбаярын ажиллаж байсан чиг үүрэгт хамаарах ажил, албан тушаал тусгагдаагүй байгаа. Тиймээс үүнийг хасагдсан гэж үзэж байгаа. Орон тоо хасагдсан гэж үзсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангаж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон. Энэ нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

 

           Хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Чинбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө өөрийн хариуцан ажиллаж байсан Тамгын газрын хөрөнгө болох Sukhbaatar.mn сайтыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд удаа дараа шаардсан. Гэвч сайтад нэвтрэх нууц кодыг өгөөгүй байна.

          Ингэснээр уг сайтаар дамжуулан хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, мэдээлэл хүргэх, холбогдох байгууллагуудад мэдээ тайлан хүргэх зэрэг үйл ажиллагаа зогсож, зөвхөн Тамгын газраар зогсохгүй нийт агентлаг, аж ахуй нэгж байгууллагууд мэдээлэл тавих боломжгүй болж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна.

        Сайтад 2 дугаар сараас хойш шинэ мэдээлэл тавигдаагүй, нийт байгууллагын хуучин танилцуулга мэдээллийг устгасан байна. Түүнчлэн Т.Чинбаяр ажлаа хүлээлгэн өгөхдөө ажлаас чөлөөлөгдсөн нийт албан хаагчдын компьютер дээр дэлгэц нээгдэхэд бүх мэдээллийг уншдаг, дамжуулдаг үйлдэл хянах зориулалт бүхий программ суулгасныг манай ажилтнууд мэдэж устгасан. Т.Чинбаяр нь сайтыг хариуцан ажиллаж үндсэн цалингийн 40 хувиар тооцож нэмэгдэл авдаг байсан. Анх Sukhbaatar.mn сайтыг 4,9 сая төгрөгөөр хийлгэсэн байдаг. Дахин шинээр хийлгэхэд төдий хэмжээний хөрөнгө шаардагдах болоод байна. 

          2017 оны 02 дугаар сарын 09-өөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл www.sukhbaatar.mn сайт огт ашиглагдахгүй байгаа. Иймд сайт хийлгэсэн зардал болох 4,9 сая төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.         Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

       

          Т.Чинбаяр  сөрөг нэхэмжлэлд өгсөн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/118 тоот албан бичгээр надад гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд Sukhbaatar.mn вэб сайтын админ эрхийг өгөөгүйн улмаас төрийн үйл ажиллагаа алдагдсан мэтээр бичиж мөнгөн төлбөр нэхэмжилсэн байна. Үүнд тайлбар өгөхөд: 

          1. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө ажил хүлээлцэх акт үйлдэн хариуцаж байсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн. Уг актад Sukhbaatar.mn вэб сайт гэж байгаагүй. Надаас ч энэ талаар асууж лавлаагүй. Аймгийн Засаг даргын Тамгын газарт Sukhbaatar.mn вэб сайтад өөрсдийн эрхээрээ хандан мэдээлэл оруулдаг 7 хүн байдаг. Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат, Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн шинжээч н.Мөнхгэрэл, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн А.Бадмаараг, Орон нутгийн өмч, худалдан авах үйл ажиллагааны газрын мэргэжилтэн Ч.Батболд, Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Улаанаа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяагийн эрх буюу Ч.Осгонбатын эрх, Монгол банкны мэргэжилтэн н.Хүрэлтогоо нар бөгөөд эдгээр нь тус тусын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа учраас төрийн ажлыг гацаасан гэж үзэхгүй байна. Sukhbaatar.mn вэб сайтыг хийлгэхэд зарцуулсан 4,9 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамааралтай асуудал биш. 

         2. Ажлаас чөлөөлөгдөхдөө албан хаагчдын компьютер дээр хянах төхөөрөмж суулгасан мэтээр бичсэн байна. Уг асуудлаар Ч.Энхцэцэг нь хуулийн байгууллагуудад удаа дараа албан тоот өгч шалгуулсан бөгөөд шалгалтаар гэм буруугүй нь тогтоогдсон болно.

          Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэгийн Төмөртогоо овогтой Чинбаяр надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл нь захиргааны хэрэгт хамааралгүй тул хүлээн авахаас татгалзаж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:  

    

           Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын  хэлтсийн мэдээлэл технологийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Чинбаяр намайг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож, аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2017 оны 02 дугар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон.

     

           Хариуцагч нь Засгийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог 37 байхаар тогтоосон, орон тоо хасагдсан учраас Т.Чинбаярыг ажлаас чөлөөлсөн, түүнд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тэтгэмж олгосон гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      

           Т.Чинбаяр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Т.Чинбаярыг ажилд томилох тухай” Б/06 тоот тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэдээлэл, технологи, сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллажээ.

    

           Маргаан бүхий захиргааны акт буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн“Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заалтууд болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ.  

     

         Нэхэмжлэгч Т.Чинбаяр нь энэ тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдын жагсаалт”- ын 3 дугаарт бичигдэн тус аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

    

          Монгол улсын Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ. 

       

          Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 тоот тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоо батлагдаагүй нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан мэдээлэл технологийн ахлах мэргэжилтний орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

       

          Аймгийн Засаг даргын 2013 оны “Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” А/368 тоот захирамжаар Төрийн захиргаа удирдлагын хэлтэст “мэдээлэл, технологи, сүлжээ, дотоод ажил хариуцсан” орон тоо батлагдсан боловч  Т.Чинбаярын томилсон  тушаал, ажлын чиг үүрэгт өөрчлөлт оруулаагүй, дотоод ажлыг өөр мэргэжилтэн хариуцдаг байсан гэсэн хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй  болно.

    

          Түүнчлэн дээрх  Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоосон Засаг даргын захирамж болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 тоот тушаалаар  Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтний орон тоо батлагдаагүй байх тул нэхэмжлэгчийн  аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

    

          Төрийн албаны тухай хуулиар, уг хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцааг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заажээ.

    

           Хариуцагч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон орон тоонд тохируулан мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоог хасаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

    

          Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “төрийн жинхэнэ албан хаагч ... тухайн төрийн байгууллага нь ...  бүтцийн өөрчлөлт орж орон тоо, хасагдсан бол түүнийг төрийн албанаас чөлөөлнө” гэж заасан байна.

     

          Ийнхүү Засаг даргын Тамгын газрын шинэ бүтцээр мэдээлэл, технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, албан тушаалын чиг үүрэг нь аль нэг албан тушаалын ажлын байранд хадгалагдан үлдээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

          Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”; гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.032.308 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан Т.Чинбаярын эзэмшлийн ХААН банкны 563179756 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ажлаас чөлөөлөгдсөн ажилтны тэтгэмжийн хүснэгтээр тогтоогдож байх тул төрийн албан хаагчийн баталгаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

    

         Нэхэмжлэгч нь хариуцагчаас олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн талаар маргаагүй бөгөөд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалаар хангах боломж захиргааны байгууллагад байсан эсэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

    

         Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоо хасагдсан, албан тушаал /ажлын байр/-ын чиг үүрэг нь хадгалагдаагүй болох нь тогтоогдсон, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан тохиолдолд захиргааны байгууллага хуулинд заасны дагуу сонгох боломжит хувилбараас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Т.Чинбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

          Хариуцагч нь  Т.Чинбаяраас Sukhbaatar.mn сайтын төлбөр 4,9 сая төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсч сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд  захиргааны акттай холбоотой үндсэн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах эрх хариуцагчид олгогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “ ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзлээ.

     

          Мөн төрийн албан хаагчид ажил, үүргийн дагуу хариуцуулан өгсөн байгууллагын хөрөнгийг ажил хүлээлцэхдээ хүлээлгэн өгөөгүй, байгууллагын хөрөнгөд хохирол учруулсан гэж Т.Чинбаяраас Sukhbaatar.mn сайтын төлбөр 4,9 сая төгрөгийг нэхэмжилсэн нь ажилтанд эд хөрөнгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэл бүхий нэхэмжлэл байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус нэхэмжлэл” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Түүнчлэн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

    

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

        1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Чинбаярын Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын  хэлтсийн мэдээлэл технологийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Чинбаяр намайг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож, аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгч Т.Чинбаярт холбогдуулан гаргасан Sukhbaatar.mn сайтын төлбөр 4,9 сая төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                       

      

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАЯРЦОГТ