Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 160

 

А.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
                                                           

Хэргийн индекс: 135/2016/00600/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж,  шүүгч С.Оюунцэцэг, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Соёд овогт А-ийн С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боржигон овогт Д-ын М,

Хариуцагч Чанров овогт Д-ийн О нарт  холбогдох

          “8.551.650 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С-,  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.С- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр С.Отгондүрэвийн Буян захын шинэ орчин төвийн жимс ногооны дэлгүүрт худалдагчаар орж ажиллаад Д.М- болон түүний эхнэр Д.О- нарыг мэддэг болсон.

Д.М-, Д.О- нар нь 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс манай дэлгүүрээс нарийн ногоо болон хоол амтлагчууд цувуулан зээлээр авч яваад бага багаар мөнгийг нь эргүүлэн төлж байсан. Ингэж харилцан тохиролцож бараа зээлээр авдаг байсан болохоор би итгэж бараагаа зээлээр өгч байсан. Гэтэл Д.М-, Д.О- нарын зээлээр авдаг бараа нь ихсэж төлбөрөө төлөх нь багассаар байгаад 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийтдээ 14.295.650 төгрөгийн барааг зээлээр авсан. Энэ хугацаанд би барааныхаа үнийг нэхэж цувуулан 6.444.000 төгрөгийг авсан. Гэтэл Д.М-, Д.О- нар Шинэ захад хүнсний бүтээгдэхүүн зардаг лангуугаа ажиллуулахаа больж Хонгор сумын Цайдам хэсэгт Буузандаа цайны газрыг худалдан авч одоо хүртэл ажиллуулж байгаа.

Би энэ хоёр хүнээс үлдэгдэл мөнгөө авахаар 3-4 удаа очиход янз бүрийн шалтаг тоочин сар болгон цувуулан өгнө гэсэн боловч одоог хүртэл үлдэгдэл 7.851.650 төгрөгийг өгөхгүй байснаас болж би ажлаасаа халагдан 2 жил гаруй ажилгүй хохирч байна.  Иймд Д.М-, Д.О- нараас зээлээр авсан барааны үлдэгдэл үнэ 7.851.650 төгрөг болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн 700.000 төгрөг, нийт 8.551.650  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.О- нь А.С-аас өдөр болгон зээлээр ногоо авдаг байсан. А.С- хүний лангуун дээр ажилладаг байсан. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр жимс, ногоо худалдаж авсан, энэ хугацаанд лангууны бараандаа 14.295.650 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнээс 6.644.280 төгрөгийг төлсөн, одоо 7.850.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Оюунгэрэл нь жимс ногооны лангуугаа болиод, Хонгор суманд цайны газарт ажилладаг болсон. Д.О-ээс мөнгөө нэхсэн боловч  мөнгөө төлөөгүй. 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Д.О-, А.С- нар нь тооцоо нийлсэн байдаг. Д.О- нь 7.851.650 төгрөгийг төлнө хэмээн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ 2 жилийн хугацаанд эвлэрсэн байсан боловч хариуцагч нь мөнгөө өгөлгүй худал хэлээд яваад байдаг. Үүнээс болоод А.С- ажилгүй болсон, одоо Д.О-ээс 8.551.650 төгрөгийг нэхэмжилж байгаа. Д.О-тэй уулзаж төлбөрийн 60 хувийг төлбөл эвлэрье гэж хэлсэн. Гэтэл Д.О- нь Хас банканд 10.000.000 төгрөгийн өртэй байсан. Одоо энэ мөнгөө гаргуулж авна. Би энэ хэрэгт итгэмжлэл авч оролцож байна. Тухайн үед би төрийн албан хаагч биш байсан, төрийн албанд байгаагүй. Гар дээрээс жимс ногоо худалдаж авдаг байсан нь А.С-ын хувийн дэвтэр дээр нь бичигдсэн. 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нь өөрөө энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлага хүлээсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. Гар дээрээс жимс ногоо худалдаалдагаа зөвшөөрсөн нотлох баримт байгаа гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бараа өгсөн гэж хэлж байна. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. А.С-ын хувьд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг гэтэл энэ хугацаа өнгөрсөн байна. Хэрэгт нотлох баримт байхгүй, ганцхан нэхэмжлэх байгаа, ямар бараа хэдэн төгрөгөөр худалдаж аваад, ямар барааны үнийг төлөөгүй үлдсэн талаар нотолж чадахгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын хөлс авсан гэж нэхэмжилж байгаа. Төрийн албан хаагч төлбөр авч, ажил үйлчилгээ үзүүлж болдог юм уу? Энэ жижиг зөрчлийг ялгах ёстой. Миний хувьд үйлчлүүлэгчийн хууль мэдэхгүй байгаагаас болоод эрх нь зөрчигдөх болов уу гэж энэ хэрэгт орж ирсэн, төрийн албаны хүн үйлчилгээний хураамж аваад, бусдыг төлөөлөх эрх байдаг юм уу. Нэхэмжлэлийн шаардлагад зааснаар Иргэний хуулийн 243.1 дэх харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна. А.С- гэж нэхэмжлэх эрхгүй өөр хүн орж ирээд байна. Жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээсэн зүйл нэхэмжлэгч талд байгаа, энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй, энэ төлбөрийг хариуцагч нар нь төлөх боломжгүй. Эвлэрэх боломжгүй хариуцагч Хас банкинд төлбөртэй байгаа тул энэ төлбөрийг төлж чадахгүй гэж миний үйлчлүүлэгчийн нэр төрд нь халдаж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөх ёстой, бараагаа падаанаар өгөх ёстой, бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа бол баримтаар үйлчилгээ хийх ёстой, энэ баримтыг тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэс байхгүй. Д.О- нь А.С-аас бараа авсан гэж байгаа нь нотлогдохгүй байна. Акт гээд байгаа тэр зүйл дээр гарын үсэг зурсан гээд байгааг шинжилгээнд өгөөд шийдэгдэнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хангалттай нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед төрийн албан хаагч байгаагүй гээд байгаа, өнөөдөр та төрийн албанд ажиллаж байгаа, төлөөлөх эрхийг үгүйсгэхгүй, төлбөр авч байгаа талаар шүүх харж үзээч гэжээ. Хариуцагч нь А.С-д төлбөрийг төлнө гэсэн талаар нотлох баримт байхгүй байна. Тодорхой баримт дээр тулгуурлаж шүүхийн шийдвэр гарна. Энэ акт гээд байгаа зүйл нь хэнтэй тооцоо нийлсэн нь тодорхойгүй байна. Тэр хар дэвтэр гээд байгаа зүйл нь өөр дэвтрээс хуулаад бичсэн зүйл байна. Барааны хар дэвтэр гэдэг нь өөр байдаг, үнгэгдсэн, нугалагдсан, гэтэл энэ дэвтэр нь нэг өнгийн балаар бичсэн, шинэ дэвтэр байна. Хуулж бичсэн баримтыг санхүүгийн баримт гэж үзэхгүй, А.С-д төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.М-, Д.О- нараас 7.851.650 төгрөг гаргуулан А.С-д олгон, 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.С-аас 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 151.776 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.М-, Д.О- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 7.851.650 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 140.576 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-д олгож  шийдвэрлэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд зээлээр хүнсний бараа худалдах, худалдан авах харилцаа үүссэн бөгөөд барааны үлдэгдэл төлбөр 7.851.650 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Шүүх Худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэж байгаа бол тус гэрээний харилцаа хэзээ үүссэн ямар бараа худалдан авсан талуудад тооцоо нийлсэн эсэх зэргийг нягталж дүгнээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт гэх дэвтрийг үндэслэн талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болсонгүй.  Д.О- миний бие зээлээр бараа авдаг байсан гэхдээ ийм их хэмжээний төлбөртэй бараа аваагүй. Нэхэмжлэгч гэх А.С-ын өөрийн бараа биш А.С- нь зөвхөн энэ дэлгүүрийн худалдагч байсан. Төлбөр нэхэмжлэх субъект биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

         1.Бидний хооронд бараа худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг шүүх тогтоогоогүй.

         2.Бидний хооронд тооцоо нийлсэн акт баримт байхгүй.

         3.Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

         4.Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн ажил үйлчилгээнээс бусад асуудлаар шүүхэд төлөөлөх эрх нь байхгүй зэргийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.С- хариуцагч Д.О-д холбогдуулж зээлээр авсан хүнсний барааны үлдэгдэл 7.851.650 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн 700.000 төгрөг, нийт 8.551.650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодит дүгнэлт хийлгүй  шийдвэрлэсэн, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм бол энэ харилцаа хэзээ хэрхэн үүссэн, ямар бараа авсан, тооцоо нийлсэн эсэх зэргийг тал бүрээс нь нягталж үзээгүй, зээлээр авч байсан гэх бараа нь А.С-ын бараа биш, нэхэмжлэгч нь зөвхөн тус дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан учир төлбөр нэхэмжлэх эрх бүхий субьект биш гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 6 дугаар талд авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой, “тооцоо нийлэв”, хүлээн зөвшөөрөв Д.О- гэсэн бичвэр бүхий баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд илэрхий болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч А.С- нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр бусдын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан нь өөрийнх нь тайлбараар нотлогддог бөгөөд хариуцагчаас нэхэмжилж буй төлбөрийг тус дэлгүүрт хэн хэзээ төлж барагдуулсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг тал бүрээс нь нягталж, бодит дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь тус дэлгүүрт хөлсөөр ажиллаж байсан А.С- биш тус дэлгүүрийн эзэн буюу хуулийн этгээд байх боломжтой байсныг шүүх анхаараагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.С- нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Мөн шүүгчийн захирамжийг гардуулсан тухай баримтан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх хэнд гардуулсан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлал байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч Д.О-ийн нэрийг буруу бичсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т зааснаар давж заалдах гомдол хүлээн авснаас хойш анхан шатны шүүх гомдлыг 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэх ёстой байхад анхан шатны шүүх давж заалдах  гомдлыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буюу 5 хоногийн дараа хавтаст хэргийг хүргүүлэх албан бичиг гаргасан атлаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу 22 хоногийн дараа хавтаст хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу хэргийн хөдөлгөөний стандартыг ноцтой зөрчсөн алдааг гаргасан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                           ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                               Л.АМАРСАНАА