Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 49

 

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, Д.Данзандорж,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалтай, 201201012197 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, М овогт Ц-ын Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Д-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-гээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 9 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Туул, өмгөөлөгч Х.Даваасүрэн, Д.Данзандорж нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бөгөөд энэ нь эрх зүйн харилцаанд заасан стандартын дагуу хийгдсэн гэрээ юм. ... Гантогтох, Д- нар нь тархи болон нойр булчирхайн хагалгаанд орсон, хөл нь хугарч 6 сар хэвтэрт байсан, тухайн үед сонгууль болоод мөнгөний урсгал хаагдаж талуудаас үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хөрөнгө оруулалтад өгсөн 40 сая төгрөгийг Ч-т буцаан өгсөн бөгөөд Ч-ийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хэргийг иргэний хэрэг гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзандорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдээгүй. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Хуурч мэхлэх арга нь бие даасан бүрэлдэхүүний шинжийг тодорхойлно. Тухайн гэрээгээ нотариатаар батлуулж, Нотариатын тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.11 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1 дүгээр зүйлд тус тус зааснаар гомдол гаргаагүй бол шүүхийн бус аргаар гаргуулах боломж байсан. Үүнийг хэрэглээгүй нь онцгой шалтгаантай гэж үзэж байна. Итгэл эвдэх аргаар, хууль бусаар мөнгийг аваагүй өөрийн хийх гэж байгаа үндсэн үйл ажиллагаа, шалтгаанаа тайлагнан туслалцаа хүссэн байдаг. Гэтэл давагдашгүй хүчин зүйл тулгарсан. Гэрээгээр халхавчлан хууль бус үйлдэл хийгээгүй. Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар аваагүй гэдгийг гэрээгээ нотариатаар баталгаажуулсан нь нотолж байна. Гэрээний харилцаанаас үүссэн гол ялгаа бол Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт өгөхгүй байх субъектив санааг агуулсан байна. Дээр дурдсан ангиллуудыг нэгдсэн дүнгээр нь авч үзвэл төөрөлдүүлэх замаар, хуурч мэхлэх замаар, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийгээгүй, түүнийг нь нотолж, тогтоогоогүй. Иргэний хуульд заасан гэрээ байгуулах журмын агуулгыг бүхэлд нь Эрүүгийн гэмт хэргийн шинж рүү иш татах боломжгүй. Хохирогчид 40,000,000 төгрөгийг нь өгсөн. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хяналтын шатны шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн саналдаа: “... Д-гийн хувьд тухайн үед хийж гүйцэтгэх ажлын нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн нь Ч-той харилцан тохиролцсон үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Чинзориг гэрээнд гарын үсэг зурахдаа эрсдэлээ хамтран хариуцна гэсэн учир өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах буюу зээлдүүлсэн мөнгөө гэрээгээ үндэслэн иргэний журмаар нэхэмжлэх боломж байсан. Гэтэл хохирогч гэрээний дагуу өөрийнхөө хүлээх хариуцлагыг үгүйсгэж, зөвхөн Ц.Д-г залилан мэхлэгч мэт болгон гомдол гаргасан нь үндэсгүй. Ц.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... тухайн хэргийг 2015 оны 05 дугаар сард анхан шатны шүүхэд буцаасан. Д- нь иргэн Ч-оос би өрмийн машинтай хамтран бизнес хийе, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж итгэл төрүүлэн 40,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг мөнгийг зарцуулах ёстой зүйлд зарцуулаагүй болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон. Өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолыг ярьж байна. Энэ тогтоолд итгэл эвдэх аргыг тодорхой заасан. Ч-ийн ”А” ХХК, “Ц” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ц.Д- нь 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Ч-т “би нэг өрмийн машинтай гэж хэлж Ц.Э-аас түрээсэлсэн өрмийн машиныг үзүүлэн дахин нэмж нэг машин авах шаардлагатай байна, БНХАУ-аас өрмийн машин оруулж ирэхэд урьдчилгаа 40,000,000 төгрөг хэрэгтэй байгаа тул хөрөнгө оруулаач, хоёр машинаар ажиллавал ашигтай, “А” ХХК-тай 10,000 метрийн өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулах гэж байгаа” гэж бодит бус зүйлийг хэлж итгүүлэн “хөрөнгө оруулалтын хэлцэл” гэгчийг байгуулан 40,000,000 төгрөгийг авч уг мөнгийг Ц.Э-аас түрээсэлсэн техник хэрэгслийн төлбөрт төлсөн талаарх үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь харилцан тодорхой үр дүнд хүрэх зорилгоор талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгддэг, харин Ц.Д-гийн Б.Ч-той бичгээр хийсэн хэлцэл анхнаасаа биелэгдэх бодит боломж, нөхцөлгүй байгааг Ц.Д- нь урьдчилан мэдсэн атлаа онц их хэмжээний мөнгийг Б.Ч-оос авч өөрийн өр төлбөрт өгсөн нь бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Д-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “хэргийг иргэний хэрэг гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ