| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/04055/И |
| Дугаар | 210/МА2025/01015 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01015
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03491 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Б/1401 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-д ******* ажилтай *******ийг 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогч ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Б/1401 дугаартай шийдвэрээр ******* болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
1.2. Дээрх шийдвэрийг миний бие эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6-д заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2024 оны 05 сарын 31-ний өдөр, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 07 сарын 08-ны өдөр тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлсэн болно.
1.3. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 сарын 19-ний өдрийн хуралдаанаас №65 дугаартай тэмдэглэл гарсныг нэхэмжлэгчид 07 сарын 25-ны өдөр бичгээр танилцуулж, гардуулсан. Маргаан таслах комиссын болон Гурван талт хорооны хуралдаанд ******* ХХК нь өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрээ татаж авахгүй, надтай эвлэрэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.
1.4. Иймд, ******* ХХК-ийн Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Б/1401 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ******* нь *******оор ажиллаж байхдаа буюу 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болно.
2.2. Дээрх үндэслэлээр 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс ******* албан тушаалаас ******* болгон албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Б/1401 дугаар тушаалыг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн 10 дугаар тал, Үндэслэх хэсэгт ... 2016 оны 09 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ болон 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4-т ажилтны ажиллах хөдөлмөрийн нөхцөл нь Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тодорхойлогдоно. *******ийн Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.7-д ажлын нөхцөлийг хэвийн бус гэжээ., шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, ... 2022-2025 оны Хамтын гэрээний 2-ын 2.17, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь цаг бүртгэлийн хуудсанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан буюу 242 цагийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж бүртгүүлсэн нь 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. гэжээ. Үүнийг зөвшөөрөх боломжгүй байна.
4.2. Төслийн ахлах геологч нь ажил үүргийнхээ 70-80 хувийг үйлдвэрлэлийн ямар ч сөрөг нөлөөгүй орчинд буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан тоноглол бүхий ая тухтай оффист гүйцэтгэж, үлдсэн 20-30 хувийг шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөл бүхий орчинд орж гүйцэтгэдэг.
4.3. Уурхайн лицензийн талбай руу оронгуут стандартаас давсан өндөр давтамж бүхий дуу чимээ, харах, амьсгалахын аргагүй тоос шороо, халуун хүйтний шууд нөлөөлөлд ордог гэх бодит байдалд огт нийцэхгүй төсөөллөөр шүүгч шийдвэрээ гаргасан байна. Уурхайн талбар дахь оффисууд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагын оффисоос ч илүү аюулгүй, тохилог стандартын шаардлага хангасан байдаг. Гагцхүү үйлдвэрлэлийн тодорхой хэсгүүдэд дуу чимээ, халуун хүйтэн болон бусад сөрөг нөлөөллийг бүрэн арилгаж чадаагүй байгаа нь үнэн.
4.4. Хамгийн гол нь ******* уурхайн төслийн олон ажлын байрны үйлдвэрлэлийн орчны сөрөг нөлөөллийг 50-аас доош хүртэл хувиар бууруулсан бодит үнэнийг харгалзан үзэхийг хүсэхгүй байгаа нь зарим нэг шударга бус удирдах ажилтнуудыг хуулийн ерөнхий заалтыг ашиглан зөрчлөө хаацайлах боломж болж байгаа нь үнэхээр шударга бус байна.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг сайтар ухан тайлбарлавал хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг ажил олгогч нь дотоод хэм хэмжээгээр нарийвчлан зохицуулах боломжийг олгосон байдаг. Энд ... нэмэгдлийн хэмжээг ... гэж бичээгүйг анхаарна уу. Хэрэв хуульд зөвхөн нэмэгдлийн хэмжээг ажил олгогч өөрөө тогтоохоор заасан бол шүүхэд ийм маргаан үүсэхгүй байсан. Ямар хувь хэмжээгээр, ямар тохиолдолд олгохыг шууд хуульчлан заагаагүй нь уг нэмэгдлийг шууд тухайн өдрийн ажилласан бүх цагт олгохоор тайлбарлаж байгаа нь хууль ёсны, шударга байх зарчимд огт нийцэхгүй байна.
4.6. Анх ажилд орохдоо хаана ажиллавал хэвийн бус нөхцөлд тооцогдохыг удирдлага нь тайлбарласан, Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай 2016 оны 09 сарын 01-ний тушаалын 2 дахь хэсэгт, болон cap бүрийн ажлын цагийн зааварчилгаанд бодит ажилласан цагт олгохыг дахин дахин сануулсаар ирсэн. Нэхэмжлэгч нь ажилд орсон цагаас хойш 2024 оныг хүртэл 8 жилийн хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг бүтэн авах талаар албан ёсоор хандсан асуусан маргасан зүйл байдаггүй. Үүнийг өөрөө ч шүүх хурал дээр тодорхой хэлсэн. Гэтэл ажилтны очоогүй орон зай, цаг хугацааг нь хянан шалгах ажиллагааны явцад гарган ирж худал ёс зүйгүй үйлдэл гаргасан болох нь баримтаар тогтоогдсон.
4.7. Нэхэмжлэгч талаас сахилгын зөрчил гаргаагүй буюу гүний уурхай руу орсон, өрөмдлөгийн талбай руу очсон, ажлын цагийн бүртгэлийг үнэн зөв бөглөсөн гэж маргасан. Харин хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг бүрэн олгоогүй, авах ёстой гэж огт маргаагүй.
4.8. Түүнчлэн ... хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг ямар аргачлалаар, хэрхэн тооцож бүртгүүлэх ямар журмыг зөрчсөн болохыг баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. гэжээ. Гэтэл өөрийн удирдлага дор ажилладаг геологич нарын ажлын цагийн бүртгэлийг баталдаг байсан удирдах ажилтан шүүхэд ирэнгүүтээ юу ч мэдэхгүй, ойлгохгүй, асуух ч боломжгүй явсаар олон жил болсон гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
4.9. Гэрч *******ын мэдүүлэгт дурдсанчлан уурхайн аль хэсэгт үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн ямар нөлөөллийн өртөлтийг авч болохыг нарийвчлан тэмдэглэсэн хаяг, анхааруулах тэмдэг уурхайн тайлбарын тухайн орох, нэвтрэх хэсэг тус бүрд байрлуулсан. *******ийн ажилд авах тушаал хэрэгт авагдсан, ажлын цагийн бүртгэлийн зааварчилгаа, Сахилгын шийтгэл ногдуулах журам, анх ажилд орох үеийн удирдлагуудын заавар үйлдвэрлэлийн аль орчны сөрөг нөлөөлөл арилаагүй тухай чиглэл өгөгдөөгүй хэрэгт авагдаагүй мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.
4.10. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэсгүүд нь үндэслэлгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03491 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хэвийн болон хэвийн бус нөхцөлөө өөрөө тодорхойлж тайлагнадаг гэж тайлбарласан. Хэрэгт авагдсанд 2 гэрээний тодорхойлолтоор нэхэмжлэгч хэвийн бус нөхцөлд ажилладаг нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байгаа ажлын байр нь хэвийн нөхцөлд хамаарах учраас хэвийн бус нөхцөлд ажилласан гэх цагийн бүртгэл бүртгэхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх уг хэргийн нотлох баримтын хүрээнд зөв шийдвэрлэсэн.
5.2. Мөн хариуцагч тал ажлын цаг бүртгэлийн журам зөрчсөн гэж тайлбарладаг ба хэрэгт авагдсан Ажлын цаг бүртгэлийн журам нь 2023 оны 06 сараас эхэлж дагаж мөрдөгдөх зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл буюу цаг бүртгэлийн журам мөрдөгдөөгүй байхад уг журмыг зөрчсөн гэж логикийн хувьд алдаатай тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгжиж эхлээгүй журмыг нэхэмжлэгч мөрдөх журам байхгүй.
5.3. Түүнчлэн уурхайн талбарт байгаа хүнийг Улаанбаатар хотод байгаа оффистой адилтган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хэвийн бус гэх нөхцөлөөр 12 цаг бүтэн бөглөх боломжтой боловч удирдах албан тушаалтнаас та нар бүтэн бөглөх шаардлагагүй буюу тодорхой байдлаар бөглөчих гэж хэлсний дагуу бөглөсөн байхад Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэж заасан. Нэхэмжлэгчийн ажлын байрыг хэвийн бус гэж тодорхойлсны дагуу цагийн бүртгэлээ хийхэд хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Б/1401 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч нь 2024 оны 05 сарын 22-ны өдрийн Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1401 дугаар тушаалаар ******* ******* нь 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн гэрээний 8-б, в, г., Хөдөлмөрийн нөхцөлийн журмын 13.1.3, 17.4.3.5, 17.5, 18.7.1, 18.7.2, 18.7.3 дахь заалтууд, Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа-ны Хэвийн бус нөхцөлийн цаг хэсэг, ******* ХХК-ийн захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс ******* албан тушаалаас ******* болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4. Хариуцагч нь ... гүний уурхайд ажиллаагүй цагийг хэвийн бус нөхцөлөөр бүртгэсэн ... гэж татгалзлын үндэслэлийг баримтаар нотлоогүй.
4.1. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1-д ... Ажлын байрны тодорхойлолт /хавсралт 1/ заасан ажил үүрэг болон тухай бүр шаардагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ гэж тохиролцсон ба *******ийн ажлын байрны тодорхойлолтын 2.7-д заасан хэвийн бус нөхцөлийг зэрэгт хамаарна гэж заасан.
Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам болон Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа зэрэг байгууллагын дотоод журам тогтоосон хэм хэмжээний актад ажлын байрны хэвийн бус нөхцөлийг ялгаж бүртгэх талаар зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийг хэвийн болон хэвийн бус нөхцөлийг зааглаж бүртгээгүйг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч байгууллага нь дотоод хэм хэмжээ тогтоосон актаар гүний уурхайд ажилласан хугацааг ажлын хэвийн бус нөхцөлөөр тооцно, харин оффист ажилласан хугацааг хэвийн нөхцөлөөр тооцож ажлын цагийг бүртгэх талаар ялгасан хэм хэмжээний акт батлаагүй атлаа уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.
4.2. Анхан шатны шүүхийн хариуцагч нь ... гүний уурхайд ажилласан цагийг хэвийн бус нөхцөлөөр, харин оффист ажилласан хугацааг хэвийн нөхцөлөөр бүртгэнэ гэсэн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаарх дүгнэлт зөв.
4.3. Хариуцагч байгууллага нь 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа 2024 оны 05 сарын 22-ны өдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Хариуцагч байгууллага нь ажлын цагийн бүртгэлийг сар тутам хянаж цалин олгох тул илрүүлсэн зөрчлийн шинжтэй үйлдлийн талаар цагийн бүртгэлд үндэслэн цалин олгохдоо мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний нэгдмэл жишиг, хууль зүйн техникийн хувьд ... 158.1 ... гэж баримтлахгүй тул уг зохицуулалтын хассан өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03491 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... 158.1 ... гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР