Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 614

 

                              

 

 

 

 

 

 

2019        08          05                                    2019/ШЦТ/614

 

     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч: О.Э,

Шүүгдэгч: А.С, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С, Б.Б, О.Э нарт холбогдох эрүүгийн 1911007030649 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Буянт овгийн О, 1999 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 17 дүгаар хороо, Сурагчийн 49-3-49б тоотод оршин суух, урьд:

- 2015-08-11-ний өдөр Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуусан,

- 2017-02-07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

            -2019-03-01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 187 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд 51 тоот шийтгэх тогтоолоор хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 1 жил хорих ял шийтгэж, энэ тогтоолоор 240 цагийн тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ял болгон өөрчилж, 30 хоногийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хорих ялаар тогтоосон, /РД:/,

            Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Б Бр, 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, барилга дээр туслах ажил хийдэг гэх, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 34-375в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Боржгон овгийн А С, 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31-341е тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УЮ96120131/,

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Э, Б.Б, А.С нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э, Б.Б, А.С нар нь бүлэглэж машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын “49-3-41з” тоотод байсан Б.Номиндалайгийн эзэмшлийн 26-20 УНМ улсын дугаартай, “тоёота приус”-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хулгайлж, 360.000 төгрөгний хохирол,

 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-02 тоот хашааны гадна байсан Ж.Ариунболдын эзэмшлийн 49-44 УНС улсын дугаартай, “тоёота приус”-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хулгайлж, 360.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид хар өнгийн приус 20 маркийн автомашины толийг авсан ...”  гэх,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид гурав Чингэлтэйд очиж PC тоглоом тоглосон. Бид машины толийг авсан. Дараа нь хар машины толь авсан  ...” гэх,

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…Сүхбат бид хоёр хамт явж байгаад Баасандэлгэртэй уулзаад компьютер тоглоом тоглохоор болсон. Тэгээд машины хоёр толь авсан тэгээд улмаар доошоо явж байгаад хар өнгийн машинаас толийг нь авсан ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хулгайлаагүй. Тухайн өдөр орой 22:00 цагийн үед Энх-Амар, Баасандэлгэр бид нар компьютер тоглоом тоглох гэсэн чинь нэг хүн дутаад байхаар нь Энх-Амарын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Ачтан автобусны буудлын тэнд байх гэрт очоод Энх-Амар дүүгээсээ компьютер тоглоом тоглох уу? гэж асуусан чинь дүү нь тоглохгүй гэсэн гэж хэлсэн. Тухайн үед Энх-Амар гэр рүүгээ орох үед Баасандэлгэр бид хоёр гадаа машин дотроо хүлээж үлдсэн байсан. Энх-Амар хашаанаасаа гарч ирээд Баасандэлгэрийг дуудаж машинаас буулгаж хашаа руугаа орж уулзаж байсан. Би тухайн үед Баасандэлгэр, Энх-Амар хоёр юу ярьсан талаар мэдэхгүй. Би хашааны гадна машин дотроо үлдсэн. Удаагүй Энх-Амар, Баасандэлгэр хоёр хашаанаас гарч ирээд намайг доошоо гудамж эргээд машинтайгаа зогсож бай бид хоёр хашаа руу орчоод гараад ирье гэсэн. Тэгээд удаагүй 5 орчим минутын дараа Энх-Амар, Баасандэлгэр хоёр хашааныхаа хойд талын хаалгаар гарч ирээд машинд суусан. Тэгсэн Энх-Амар доошилчих андаа гэхээр нь би доор байх худаг руу уруудсан. Тэгээд худгийн ард талд байх хүнсний дэлгүүрийн гадна зогсчих гэж Энх-Амар, Баасандэлгэр хоёр хэлээд машинаас хоёулаа буугаад гудамж руу орсон. Машин дотроо дэлгүүрийн хажууд үлдсэн. Тэгээд удаагүй Энх-Амар, Баасандэлгэр хоёр гудамжнаас гарч ирэхдээ нэг, нэг хар өнгийн машины толь гартаа барьсан гарч ирээд машинд суусан. Тэгээд доошоо хуучин эцэс рүү бид нар явсан. Тэгээд Баасандэлгэр нь Энх-Амар бид хоёрыг хуучин эцсийн сааданд үлдээгээд машиныг аваад дөрвөн ширхэг, хоёр машины толио зарах гээд дээшээ гудамж өгсөөд явсан. 20 орчим минутын дараа буцаад Баасандэлгэр ирээд миний дансны дугаарыг аваад бид хоёрыг үлдээгээд дээшээ гудамж өгсөөд явсан. Миний дансанд мөнгө хийлгэнэ гэж дансны дугаарыг авсан. Тэгээд Баасандэлгэрийг дөрвөн ширхэг хоёр машины толио зараад буцаж ирэх үед нь Энх-Амар бид хоёр машиндаа суугаад бид гурав 7 буудал орж толь зарж миний дансанд хийсэн байсан 60.000 төгрөгнөөс 55.000 төгрөгийг Хаан банкны ATM ашиглаж авсан. Тэгээд 55.000 төгрөгийг Баасандэлгэрт өгсөн. Баасандэлгэр, Энх-Амар хоёр 55.000 төгрөгөө хувааж авсан. Харин би толь зарсан мөнгөнөөс нь аваагүй. Харин Энх-Амарын гэр лүү дүүд нь компьютер тоглоё гэж хэлэх гэж явж байхад миний машины бензиний гэрэл ассан байсан болохоор Баасандэлгэр өөрөөсөө 20.000 төгрөг надад өгсөн. Баасандэлгэр, Энх-Амар хоёрыг хар өнгийн Приус-20 загварын толь авч ирэх үед нь машины толь хулгайлж байгаа юм байна гэж гадарласан. Харин Энх-Амар, Баасандэлгэртэй хамт хашаандаа байх машины толь хулгайлсан талаар мэдээгүй. Машин дотор тэр хоёр суухдаа толь барьсан байсанг нь би анзаарч хараагүй ...” гэх / 1 хх-ийн 184-185/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд удаагүй Энх-Амар гэрээсээ гарч ирээд намайг хашаа руугаа дуудаж оруулаад Сүхбатыг машинтайгаа гудамжны үзүүр дээр зогсож бай гэж хэлсэн. Тэгээд Энх-Амар бид 2 Энх-Амарын хашаанд байсан саарал өнгийн приус 20 маркийн машины 2 ширхэг толийг салгаж аваад хашааны хойд хаалгаар гарч гудамж уруудаж Сүхбатын машинд суусан.” “...Тэгээд Сүхбатын машинд суугаад доошоо уруудаж дэлгүүрийн үүдэнд зогсоолгоод Энх-Амар бид 2 машинаас бууж гудамж руу орж гудамжинд зогсож байсан хар өнгийн Приус 20 маркийн машины 2 ширхэг толийг салгаж аваад Сүхбатын машинд суусан. Тэгээд бид 3 хуучин эцсийн саад орсон. Би Сүхбат, Энх-Амар 2-ыг үлдээгээд Сүхбатын машиныг авч яваад хулгайлсан 2 машины 4 ширхэг толийг зарах гэж явсан. Толио зарахад данс хэрэгтэй болоод буцаж ирээд Сүхбатын дансыг аваад машины толийг 60.000 төгрөгөөр зарж буцаж ирээд бид 3 Сүхбатын дансанд хийсэн байсан 60.000 төгрөгнөөс 55.000 төгрөгийг Хаан банкны АТМ ашиглаж авсан...” гэх /1 хх-ийн 68- 69х/,

Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Б надад хандан энэ танай эгчийн машины 2 толийг нь авчих уу? гэж асуухаар нь би тэг тэг гэж хэлчихээд ганцаараа доошоо хашааны буланд очоод хүлээж байсан юм. Уг машин нь манай хашаанд дотор байсан бөгөөд манай нагац ахын эхнэрийн 26-20 УНМ гэсэн улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота Пруис-20” маркийн авто машин байсан юм. Тэгээд хүлээж байтал удаагүй Б.Б авчихлаа гэсээр хоёр ширхэг толь барьж ирсэн. Тэгээд бид доошоо уруудаад гудамны үзүүр дээр зогсож байсан А.Сын машинд ирж суугаад бид гурав хөдлөөд явсан юм. Тэгээд мөн манай гэрийн доохон талд байдаг Буянт зүрх дэлгүүрийн хажууд хар өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин зогсож байхаар нь Б.Б бид хоёр бууж очоод уг автомашины баруун талын толийг нь би, зүүн талын толийг нь Б.Б хугалж аваад бид А.Сын машинд сууж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хуучин эцсийн автобусны буудлаар доошоо гудамж уруудаж зогсоод А.С бид хоёр машинаас бууж Б.Б хугалж авсан авто машины 4 ширхэг толийг өөрийн зүс таних хүнд зараад ирье гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд зарчихлаа дансанд шилжүүлнэ гээд А.Сын дансанд хийсэн...” гэх /хх-64-65/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 32-35х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1 хх-72-73, 215-216х/,

Хохирогч Б.Номиндалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хашаан дотроосоо өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн 26-20 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашины 2 ширхэг толийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 2016 онд автомашинтайгаа цуг авсан дохиотой толь байсан...”, “...Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-41з тоотод өөрийн нөхөр П.Мөнхболд болон 3-н хүүхдийн хамт өвлийн байшинд амьдардаг юм. О.Э нь манай нөхөр П.Мөнхболдын төрсөн дүү болох П.Отгончимэгийн том хүү нь байгаа юм Хэрэг болдог өдөр би гэрийнхээ жижиг өрөөнд унтаж, манай хүү М.Энхтулга нь өөрийн өрөөндөө унтаж, манай бага хүү М.Энхтүвшин нь аавтайгаа хамт том өрөөндөө зурагт хараад байж байсан юм. Тэгээд орой 23 цаг 30 минутын үед манай нөхөр гарч бие засах гэж байгаад байшингийн үүдний амбаарын үүдэнд шахаад тавьсан байсан миний 26-20 УНМ улсын дугаартай “Приус-20” маркийн саарал өнгөтэй машины толь нь алга болсон байхыг нь харсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тэр өдөр толь алга болохын өмнөхөн манай гэрт ер нь бол орж ирдэггүй тэр ч байтугай гэртээ ч 2 хоног харагдаж үзэгдээгүй О.Э нь манай гэрт орж ирээд хэнтэй ч юу ч дуугарахгүй буцаад гарсан гэж манай бага хүү М.Энхтүвшин /9 настай/ нь хэлсэн. О.Энх-Амрынх болон манайх бараг л нэг хашаанд байдаг юм гэхдээ манайх 49-3- 41з тоот гэж явдаг О.Энх-Амрынх 49-3-41б тоот гэж явдаг юм. Уг нь хоёр өөр хаалгаар ордог хэдий ч голоороо хашаа байхгүй болохоор бараг л нэг хашаанд хамт байдаг гэсэн үг юмаа. О.Эын аав болох Мөнхцолмон нь нэг хувийн зам засварын компанид ковш гэх нэртэй том машин барьдаг бөгөөд 3 хүүхэдтэй О.Энх- Амар нь доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй айлын том хүүхэд байгаа юм. Ээж нь Отгончимэг нь одоогоор гэртээ хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж гэрийн ажлаа хийгээд байж байгаа юм. О.Эынх их боломжийн айл гэхдээ О.Э нь яагаад гэмт хэрэг хийгээд яваад байдгийг нь би мэдэхгүй юм.

О.Э нь миний бодож байгаагаар хүмүүст л уруу татагдаад байх шиг байдаг юм. Би өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хашаанд байсан автомашинаасаа алдсан хоёр ширхэг толийг хүлээж авсан. Гэхдээ уг толинуудыг би буцааж авмааргүй байна учир нь би хүнээс мөнгө зээлж байгаад машиндаа шинэ толь үнэтэй суулгуулсан байгаа. Тэгээд ч уг толинууд нь хугалж авсан болохоор дахин ашиглахад хэцүү, бараг боломжгүй болсон...” гэх /1 хх-45-47х/,

Хохирогч Ж.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн 46-44 УНС улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх /1 хх-179х/,

 Гэрч Ц.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орой бага хүүхэд Т.Билгүүдэйгийн бие нь өвдөөд энхэр Т.Үүрийнсолонгын хамт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод байж байсан. Гэрт үлдсэн байсан миний хуү Т.Билгүүнтөгс залгаад ааваа энд нэг хүн ирчихээд машины толь авах уу гэж байна гэж хэлсэн тэгэхээр нь би хэн юм бэ, юун толь юм гэхэд хүүгийн утсаар Б.Б буюу Жижигээ байна ахаа хоёр ширхэг хос Приус-20-ын толь байна та авчихаач гэхээр нь би юун толь юм бэ, хулгайн толь юм биш биз дээ гэсэн чинь бишээ ахаа манай хамаатны хүний бие өвдөөд мөнгө хэрэгтэй байна. Та энэ толийг авчих хулгайн толь бол бишээ та 60.000 төгрөгөөр авчих гэхээр нь би хүүгээсээ наад ахын чинь авчирсан толь ямар толь байна гэсэн чинь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан хар суурьтайгаа толь байх шиг байна гэхээр нь би за за миний хүү аваад цааш нь тавьчих аав нь очоод үзье гэж хэлчихээд Баасандэлгэртэй утсаар ярьсан чинь би тань руу данс явуулчихъя та тийшээ мөнгөө хийчихээрэй гэсэн тэгэхээр нь за гэж хэлээд миний утсанд нэг дансны дугаар ирэхээр нь өөрийн эхнэр Т.Үүрийнсолонгын 5042044679 гэсэн дугаарын данснаас Б.Бийн явуулсан дансанд 60.000 төгрөг хийсэн юм. Тэгээд би маргааш өдрийн өглөө нь нөгөө толийг нь авч ирсэн уутнаас нь гаргаад харсан чинь хугарсан толь байхаар нь сэжиг аваад цааш нь зарж борлуулалгүй өөртөө байлгаж байгаад Б.Бт буцааж өгсөн. Б.Б ч надаас тэр толио буцааж авах үедээ ахаа нэг тийм юм болоод хулгайлчихсан юмаа гэж хэлсэн. Тэгээд чи ямар балай юм хийдэг юм одоо наадахаа аваачаад өг гэж хэлээд өөрт нь тэр хоёр толийг нь өгөөд явуулсан юм...” гэх /1 хх-61-62, 202-203х/,

Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хаан банкы депозит дансны дэлгэрэнгүй хуулга, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч А.С, Б.Б, О.Э нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.С, Б.Б, О.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, А.С, Б.Б нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Энэ хэрэгт битүүмжилсэн 66-38 НАА улсын дугаартай “тоёота карина” маркийн  тээврийн хэрэгслийг чөлөөлж, тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэлгээ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ -ийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Амарбатын Сүхбат Боржигон овгийн Билэгсайханы Баасандэлгэр, Буянт овгийн Отгончимэгийн Энх-Амар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т зааснаар шүүгдэгч А.Сыг 1 /нэг/ жил, Б.Бийг 1 /нэг/ жил, О.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Эт энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №187 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 9 сар 11 хоногоор тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч А.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч А.С, Б.Б, О.Э нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжилсэн 66-38 НАА улсын дугаартай “тоёота карина” маркийн  тээврийн хэрэгслийг чөлөөлж, тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэлгээ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ -ийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД