Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00972

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03236 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 02 сарын 27-ны өдөр иргэн Н.Өнөржаргалтай худалдах худалдан авах гэрээг байгуулж, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан.

1.2. Дээрх газрыг худалдан авахдаа цахим газрын мэдээллийн санд /www.egazar.gov.mn/ орсон эсэх, зөрчилтэй эсэх, газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх зэргээр шалгаж, тухайн газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр төлбөр тооцоог бүрэн дуусгаж худалдан авч, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж, татвараа төлж шилжүүлэн авсан.

1.3. Тухайн газар нь******* нутаг дэвсгэрт ******* вагон өртөөний баруун хойд талд байршдаг бөгөөд өртөөний автомашин нэвтрэх хэсгээр орох, гарах боломжтой. Гэтэл өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадахгүй, ******* вагон өртөөний холбогдох ажиллагсад нэвтрүүлэхгүй төв байгууллагад ханд гэсэн тул Улаанбаатар төмөр замын дарга *******д 2024 оны 08 сарын 15-ны өдөр хандаж, төмөр замын хамгаалалтын бүсэд манай эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн.

1.4. Улаанбаатар төмөр замын 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 10/3491 тоот албан бичгээр ... 1949 оны 06 сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдэд ...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..., ... Албан тоотод дурдсан,******* *******ны нутагт байрлах ******* нэгж талбар газар нь дээрх хэлэлцээрүүдэд заасан төмөр замын зурвас газартай давхцаж байна... гэсэн хариуг өгсөн.

1.5. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2024 оны 08 сарын 15-ны өдөр хандаж дээрх нэгж талбарын ******* дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Улаанбаатар төмөр замын төмөр замын хамгаалалтын бүсэд эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргуулахад ... төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалгүй байна ... гэсэн хариуг өгсөн.

1.6. Улаанбаатар төмөр зам нь ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот хаягт байрлах эзэмших эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хааж, зориулалтын дагуу ашиглах эрхийг хууль бусаар хязгаарлан Иргэний тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

1.7. Иймд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2, 138.4-т заасны дагуу ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг Улаанбаатар төмөр замд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1.******* *******ны Төмөр замын баруун 1, 3 тоот хаягтай ******* дугаартай гэрчилгээ бүхий газартаа зөвхөн тус нийгэмлэгийн ******* өртөөний нийтийн эзэмшлийн замаар дамжин өнгөрдөг гэсэн байгаа нь үндэслэлгүй юм.

2.2. ******* өртөөний хашааны зориулалт нь тухайн өртөөгөөр үйлчлүүлж буй иргэд зорчигч ба угтан авагч, үдэн гаргагч нарын автозогсоол бөгөөд Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий талбай юм.

2.3. Тухайн талбай нь ертөнцийн зүгээр урд ба баруун хойд, баруун талаараа төмөр замтай хойд талаасаа автозамтай бол зүүн талаасаа төмөр замын ******* өртөөний нийтийн эзэмшлийн автозогсоолтой газар байна. Уг газарт ертөнцийн зүгээр хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай байхад өртөөний автомашин нэвтрэх хэсгээр орох гарах боломжтой хэмээн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгч тал тухайн газрын талаар манай байгууллагаас лавлагаа хүссэн бөгөөд бид тухай газар нь ******* зурвас газартай давхцаж байгаа талаар 2024 оны 08 сарын 22-ны өдөр 10/3491 дугаартай албан тоотоор хариу өгсөн болно.

2.5. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т төмөр замын зурвас газар гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг хэлэх бөгөөд төмөр замаар зорчигч тээврийн технологийн онцлог үйл ажиллагаанд тухайн зогсоол хамаарах ба зорчигчдын аюулгүй чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь *******-ийн үүрэг юм.

2.6. Нэхэмжлэгч нь ямар учраас тухайн газраа 4 ба түүнээс дээш давхрын орон сууцны зориулалтай гэж бичсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн газар нь урд талаар байнгын галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнтэй, баруун талаараа 5 дугаар ДЦС ба ******* бүсийн үйлдвэрлэлийн төмөр замын хөдөлгөөнтэй тул хүн амьдрах орон сууц барих газар биш юм. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй этгээдийн газар нь Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан бусдын газраар хүрээлэгдсэн газар биш тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийг эзэмших эрх бүхий газраа ашиглахад дайран өнгөрөх, нэвтрэх орц, гарц гаргаж өгөхийг хариуцагч *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус хэргийн анхны шүүх хурал 2025 оны 02 сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу шүүгч 192/ШЗ2025/07150 дугаар захирамж гарган хойшлуулсан. Уг захирамжаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар,******* газар зохион байгуулалтын нэгдүгээр ангид нотлох баримт ирүүлэхийг даалгасан бөгөөд шүүх хурлыг 2025 оны 03 сарын 05-ны өдөр хийхээр товлосон.

4.2. Дараагийн шүүх хурлууд 2025 оны 04 сарын 01-ний өдөр, 2025 оны 04 сарын 10-ны өдөр, 2025 оны 04 сарын 23-ны өдөр тус тус зарлагдсан боловч тус хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие өвчний учраас хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадаагүй бөгөөд тухайн үед зохих журмын дагуу нотлох баримтыг хүсэлтийн хамт гаргаж өгсөн.

4.3. Гэтэл 2025 оны 04 сарын 23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/18580 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзан, шүүхийн шийдвэрийг гаргажээ.

4.4. 2025 оны 02 сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/Ш32025/07150 дугаар захирамжийн дагуу******* Газар зохион байгуулалтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд хариуцагчийг уг нотлох баримттай танилцуулаагүй, нотлох баримттай танилцсаны дараа хариу тайлбар өгөх, нотлох баримтыг зохих эрх бүхий байгууллагаас гаргуулах эсвэл өөрөө гаргаж өгөх, хүсэлт гаргах, мэтгэлцэх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч байгууллага хувь хүн биш 6,500 орчим үндсэн ажилтан, албан хаагчтай байгууллага. Тухайн байгууллагын дарга н.Хэрлэн нь ******* , ******* нарт төлөөлөх итгэмжлэл олгосон ч явцын дунд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаас татгалздаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 3 удаа шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргадаг. Энэ бүх хүсэлтүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан учраас хариуцагч байгууллагын дарга н.Хэрлэн нь тухайн өвчтэй байгаа, ажлаас халагдсан төлөөлөгч нарыг өөр хүнээр солих, эсхүл өөрөө шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох үүрэгтэй тул энэ үүргээ биелүүлж өгөөч гэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас удаа дараа гаргасан.

5.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан ба хэргийг шийдвэрлэх өдрийн шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдал 3 дахь удаагаа давтагдсан учраас шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасан.

5.3. Хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй. Энэ нь итгэмжлэл авсан хүн гэх агуулгаар яригдахгүй бөгөөд бүхэлдээ хариуцагчийн үүрэг яригддаг. Хэн нэгэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бол тэр даруй өөр хүнээр сольж, эсхүл шүүх хуралдаанд байгууллагын төлөөлөгч өөрийн биеэр ирж оролцох боломжтой. Энэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын үүрэг биш хариуцагч *******ын үүрэг.

5.4. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ******* ХХК-ийг эзэмших эрх бүхий газраа ашиглахад дайран өнгөрөх, нэвтрэх орц, гарц гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь ... өөрийн эзэмших эрхтэй газрыг ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож, саад учруулахгүй байхыг даалгах, үүнтэй холбоотойгоор нэвтрэх орц, гарц гаргаж өгөхийг даалгах тухай гэж, хариуцагч нь ... энэ орц, гарц гаргах хэсэгт төмөр замын хамгаалалтын зурвас байршдаг учраас ийм боломжгүй гэж тус тус тайлбарласан.

 

Энэ тохиолдолд******* Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичигт дурдсан хэсгээр орц, гарц гаргах боломжтой эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх орц, гарц гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичигт дурдсан хэсгээр орц, гарц гаргах боломжтой эсэх, уг хэсгээр орц, гарцыг нээхэд хоёр улсын хэлэлцээрээр тогтоосон хамгаалалтын зурваст давхцал үүсэж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоогдсоны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

3.2. Хариуцагчийн төлөөлөгч өвчтэй талаарх баримтыг хавсаргаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ас

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР