Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2025/00017

 

 

 

 

 

 

 

 

2025            5               22                                                   223/МА2025/00017

 

 

 

Ш.Т, “Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00135 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 55 дугаар байр, 30 тоотод оршин суух, И овогт Ш Т,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод байрлах, “Х” ХХК нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Төв аймаг, ... тоотод оршин суух, Н овогт Г Ч-т холбогдох,

 

Иргэн Ш.Т-ын нэр төрийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээрээ уучлалт гуйхыг даалгах,

“Х” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээрээ уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Иргэн Ш Т миний бие Төв аймгийн Ц суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ үйл ажиллагааны чиглэлээр “Х” ХХК-ийн захирал ажилтай, газар тариалангийн үйл ажиллагааг энэхүү компанийн нэр дээр зохион байгуулан ажилладаг.

2024 оны 5  дугаар сарын эхээр газар тариалангийн үйл ажиллагааг бусадтай хамтран зохион байгуулахаар ярилцаж, бэлтгэл ажлыг хангаж, тариалах газраа судлах зэрэг ажлуудыг тохиролцох, цаашлаад сум орон нутгаасаа Газрын тухай хуулийн дагуу газар ашиглуулах зөвшөөрлийг хүсэх тухай албан бичиг илгээх, гэрээ байгуулах асуудлыг уламжлах тухай тохиролцох зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байтал Төв аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ч 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн “C” гэх фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт буюу “LIVE” хийж,  “Төв аймгийн Ц суманд Өвөр Монгол, Хятад иргэд ажил хийж байгаа тухай мэдээллийг товчхон өгье. 5 дугаар сарын эхээр “Х” ХХК-ийн Ш.Т Өвөр Монголчуудтай хамтарч тариалалт хийх гэж байна гэсэн мэдээллийг ард иргэдээс ирүүлсэн. Энэ сум орон нутагт төрж өссөн хүний хувьд арай ч Хятадуудтай хамтарч ажиллахгүй байлгүй дээ гэж бодож байсан. 5 дугаар сарын сүүлээр дөрвөн Өвөр Монгол хэдэн техник авчраад хавалт хийгээд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Сумын Засаг дарга ажлын хэсэг байгуулаад газар дээр нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай хяналт шалгалт хийгээд очиход Монгол хүн байгаагүй, Өвөр Монголчууд байсан “мэдэхгүй, мэдэхгүй” гэдэг үг хэлсэн. “Х” ХХК нь 2022 оноос хойш газрын татвараа төлөөгүй, хянан баталгаа хийлгээгүй. Сүүлийн 2 жилд талбай дээрээ ашиглалт явуулаагүй зэрэг Газрын тухай хууль зөрчсөн учраас сумын Засаг дарга сонсох үйл ажиллагаа явуулах захирамж гаргасан. Миний бие 3 дахь өдөр /2024-05-23/ мэдэгдсэн. Тэр өдөр нь бурхан багшийн Их дүйчин амралтын өдөр байсан, 5 дахь өдөр алба цуглаж холбогдох хүмүүс нь ирж уулзсан байгаа. Уулзаад байж байтал дахиад хөдөөгийн 5 дугаар багаас Хятадууд ажиллаж хор цацаад, тариалалт хийх гэж байна, Хятадууд, Өвөр Монголчуудыг  хөөгөөч гэдэг мэдээллийг мөн өгсөн.

Сумын Засаг дарга Хятадууд, Өвөр Монголчуудыг ямар зорилгоор хаанаас авчирч ажиллуулж байгааг тодруулахаар мэргэжилтнүүдийг явуулж албан мэдэгдлийг хүргүүлсэн. Хэдэн хүний эрх ашгаас болж нийт иргэдийн эрх ашиг, малчид, тариаланчдын эрх ашгийг хөндөж боломгүй байна. Бид бүхэн газрыг түрээсэлж болохгүй гэж байгаа юм биш. Түрээслэхдээ Монгол хүндээ түрээслүүлээч, хуулийн дагуу түрээсийн гэрээгээ сумын Засаг даргаар батлуулаад яваач гэдэг шаардлага тавьж байгаа. Нэг жил 10 хятад ирнэ. Дараа нь жил нь 20 хятад ирнэ. 3000 хүн амтай Ц сум хятадаар дүүрлээ. Ах нь дүүтэйгээ нийлээд Төв аймгийн Ц суманд Хятад, Өвөр Монгол ажилчдыг авчраад Ц суманд ажиллуул гэж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгоогүй байх гэж бодож байна. Энэ хариуцлагатай албан дээр ажиллаж байгаа Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч хүн ёс зүйн ухамсартай байж авчирсан Хятад, Өвөр Монголчуудаа буцаагаач гэж Цийн олон түмний өмнөөс шаардаж байна. Ирэх 7 хоногийн 3 дахь өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлана, 21 төлөөлөгч оролцоно, шууд лайв хийнэ. Газрын тухай хуулийг зөрчсөн “Х” ХХК-тай сумын Засаг дарга сонсох үйл ажиллагаа явуулах захирамжаа гаргасан. Иргэд олон түмэн энэ нээлттэй хуралдаанд сууж газрын ямар, ямар хуулийг зөрчсөн гэдгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асууж мэдээллийг аваарай. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгч орон нутагт ажиллаж байгаа хужаа нарыг хөөж гаргахын тулд Газрын тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг миний хувьд цуцлах байх гэж бодож байна. Цуцлах талаар сумын Засаг даргад өргөн барих байх, ямар ч гэсэн хурлыг зарлана. Иргэдэд ил тод нээлттэй хуралдааныг явуулна гэдгийг хэлье” гэсэн худал ташаа мэдээлэл тараасан.

Гэтэл “Х” ХХК нь Хятад улсын иргэн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй. Монгол Улсын хуулийн этгээдтэй газар ашиглуулах түрээсийн гэрээ байгуулж тэр тухайгаа сум орон нутгийн Засаг даргад мэдэгдэх, уламжлахаар хэлэлцээрийн шатанд явж байсан. Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүн өөрийн үзэл бодлыг тулгаж Ц сумын нийт иргэдэд “Х” ХХК нь олон хууль зөрчсөн гэж хэлж, Хятад, Өвөр Монгол иргэнтэй гэрээ байгуулсан мэтээр миний нэр төр, ажлын нэр хүндэд халдсанд гомдолтой байна.

Г.Ч нь өөрийн фэйсбүүкээр удаа дараа миний болон компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсанд их гомдолтой. Түүнээс улбаалан хэд хоног нойргүй байж, сум орон нутгаар тайван явах боломжгүй, хүн алж, хүрээ талсан хүн шиг ард иргэд надад хандаж, харьцаж байсан.

Иймд сэтгэл санааны маш их хохирол болон бизнесийн үйл ажиллагаанд их саад учруулж, мөн тэр хэмжээгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Г.Ч нь өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан “...ард иргэдээ болгоомжтой байгаарай, хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулаарай, хүүхэд хулгайлах вий...” гэсэн агуулгатай мэдэгдлийг мөн оруулж байсан. Би тариалангийн газрынхаа 400га талбайг Монгол Улсын “Эмералд хэйвен” ХХК-ний захирал Б.Баттөрд түрээслүүлэхээр гэрээ байгуулж, уг компани БНХАУ-аас авсан трактораа засуулахаар 2 Өвөр Монгол ажилчныг Ц суманд дуудаж хэд хоног ажиллуулсан юм билээ. Гэтэл Г.Ч нь үүнийг нягтлалгүй намайг, манай компанийг суманд хятадууд оруулж ирж сумыг хятадын эрлийзээр дүүргэх нь гэсэн утгатай “live” хийж, үүнийг нь 7200 хүн үзэж,  254 хүн лайк болон бусад эможи дарж, 48 сэтгэгдэл бичсэн, 70 хүн бусдад түгээж хуваалцсан. Үүнээс үүдээд манай компанитай түрээсийн гэрээ байгуулах гэж байсан компани гэрээгээ цуцалсан.  Энэ нь цэвэр гүтгэлэг, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан миний болон компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, албан ёсоор уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Төв аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга миний бие тус сумын “Х” ХХК, “Дэвших түвшин” ХХК /захирлууд нь ах дүү хоёр/ хаврын тариалалт явагдаж байх үед БНХАУ-ын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авчирч, газраа ашиглуулж, эзэмшүүлж байгаа зөрчлийн талаар өөрийн цахим хаягаас видео бичлэг хийж олон нийтэд хүргэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ асуудлын мөрөөр сумын Засаг дарга ажлын хэсэг байгуулан сонсох ажиллагаа зохион байгуулж дүгнэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын Засаг даргад тэмдэглэлээр 6 заалт бүхий хугацаатай үүрэг, чиглэл өгсөн болно.

Ц сум нь газар тариалангийн бүс нутаг учир газар тариалантай холбоотой маргаан, гомдол, санал их гардаг. Тухайн үед иргэдээс “Ш.Т-ын тариалангийн талбайд Хятад хүмүүс ажиллаж тариалалт хийж байна. Хятад хүмүүс шөнийн 22 цагийн үед дэлгүүрээс архи аваад явж байна” гэх мэдээлэл утсаар надад ирсэн. Ингээд сумын Засаг дарга ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийн 2 мэргэжилтэн тариалангийн газар дээр очиход 2 Хятад иргэн байсан, Монголоор ярьж чадахгүй, мэдэх хүн байхгүй байна гэж ирсэн. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь газраа бусдад түрээслүүлэхдээ сумын Засаг даргад түрээсийн гэрээгээ бүртгүүлж ажиллах ёстой. Гэтэл “Х” ХХК газрын түрээсийн гэрээгээ бүртгүүлээгүй, газрын татвараа төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, Хятад хүмүүсийг оруулж ирэн ажиллуулж байгаад нь ямар нэгэн арга хэмжээ аваач гэж сумын иргэд шаардаж байсан. Иймд миний бие 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энэ талаар видео бичлэг хийж фейсбүүкт тавьсан нь үнэн.

Бичлэгийн утга нь “Ц сумаас Хятад иргэдийг гаргана уу” гэсэн утга бүхий бичлэг юм. Энд Ц сумын 2.000 гаруй иргэдийн эрх ашиг яригдаж байгаа. Хятад, Өвөр Монгол хүмүүсийг ажиллуулж байна гэж ярьсан нь үнэн, тэгээд бичлэгээ 5-6 хоногийн дараа устгасан. Бичлэг оруулчихвал Хятад иргэдийг явуулчих болов уу гэж бодсон. Тэр Хятад, Өвөр Монгол хүмүүс яг ямар учиртай, хэн оруулж ирснийг нь сайн нягтлаагүй. Ш.Т-ын газар дээр ажиллаж байсан тул түүнийг л оруулж ирсэн гэж бодсон. Одоо нэхэмжлэгчээс амаар уучлалт гуйж байна. Мөн бичгээр пост оруулах хэлбэрээр уучлалт гуйж болно. Гэхдээ цаашид буруу жишиг тогтох вий гэж бодож байна. Иймд фейсбүүкт бичлэг /Live/ хэлбэрээр уучлалт гуйх боломжгүй байна. Сонгуулийн үеэр намайг ийм байдлаар хандсан байна гэж иргэд буруу ойлгоно. Аливаа ажлыг хянаж, нягталж хийхээ ойлгож авсан. Гэхдээ би иргэдийнхээ төлөө явснаасаа болж буруутай, уучлалт гуйх байдалд ороод байна гэжээ. 

 

3. Иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэл нь “...Г.Ч уучлалт гуйх нь зөв. Сонин дээр бичээд уучлалт гуйхад болохгүй юм байхгүй гэж бодож байнагэх дүгнэлтийг гаргажээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ын нэр төр, алдар хүнд, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, анх тараасан хэлбэр, хэрэгсэл болох дүрс бичлэг /лайв/ хэлбэрээр ташаа мэдээлэлдээ няцаалт хийхийг хариуцагч Г.Ч-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-ээс 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Т, “Х” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Г.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч надад хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг хүргээгүй, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байхад нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, үзлэгийн тов мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Түүнчлэн намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох замаар мэтгэлцэнэ” гэж зохицуулсан бөгөөд энэхүү зохицуулалт нь “нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлаа үгүйсгэх, харин хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгжихээр зохицуулсан гэж ойлгож байна.

Гэтэл хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч миний бие хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өмнө шүүгч өөрчлөгдсөн, хэн гэдэг шүүгч дээр хэрэг очсоныг мэдээгүй, хэн гэдэг туслах дээр байгааг мэдээгүй, шүүгчийн туслах гэх хүн нууцалсан дугаараас залгаж байснаас болж хэнтэй ярьж байгаагаа мэдээгүй буцааж залгах боломж байгаагүйн улмаас шүүх хуралд оролцож чадаагүй.

Иймд зохигчдын мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэлгүй шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “мэтгэлцэх зарчим”-ыг хэрэгжүүлээгүй, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзах, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Г.Ч-ийн давж заалдах гомдлын дагуу хэргийг тус шүүх 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК, Ш.Т нараас хариуцагч Г.Ч-т холбогдуулан “Х” ХХК болон Ш.Т нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг анх тараасан хэлбэр, хэрэгслээрээ уучлалт гуйн сэргээлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч уучлалт гуйж байна, мөн бичгээр пост хэлбэрээр уучлалт гуйж болно, харин “Live” хэлбэрээр уучлалт гуйх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

2. Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ш.Т нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Х” ХХК-г үүсгэн байгуулж мөн өдрөө уг хуулийн этгээдийн захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-ийн 5-ртал/, Төв аймгийн Ц сумын 4 дүгээр багт газар эзэмшин тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Эмэралд Хэйвэн” ХХК-тай “Газар тариалангийн талбайн түрээсийн гэрээ” /хх-ийн 47-49-р тал/ байгуулан 400га газрыг түрээслэгчид газар тариалангийн зорилгоор эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Үүний дагуу тухайн компанийн захирал Б.Баттөр БНХАУ-аас авсан трактораа засварлуулахаар Төв аймгийн Ц суманд 2 Өвөр Монгол хүн авчирсан байхад 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Г.Ч “...Х” ХХК нь 2022 оноос хойш газрын татвараа төлөөгүй, хянан баталгаа хийлгээгүй, сүүлийн 2 жил талбай дээрээ ашиглалт явуулаагүй зэрэг Газрын тухай хууль зөрчсөн, Ш.Т нь Хятад хүмүүстэй хамтран ажиллаж тариалалтын үйл ажиллагаа эрхэлж, сумыг Хятадын эрлийзээр дүүргэх гэж байна...” гэх агуулга бүхий бичлэгийг өөрийн “C” гэх өөрийн фэйсбүүк /Facebook/ хаяг буюу цахим орчинд байршуулсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хариуцагчийн дээрх бичлэгийг 8.300 хүн үзэж, 266 хүн лайк /Like/ болон бусад эможи буюу хариу үйлдэл үзүүлж, 72 хүн тухайн бичлэгийг бусдад хуваалцан, 48 хүн сэтгэгдэл бичсэн гэх үйл баримтад зохигчийн хэн аль маргаагүй байна.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д заасны дагуу Монгол Улсын иргэн “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...” эрхтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг учиртай.

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Ч дээрх бичлэгийг хийж өөрийн санаа бодлыг илэрхийлэх эрх хуулиар нээлттэй боловч түүний агуулга, үзэл санаа, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

 

4. Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” хэмээн хуульчилсан.

 

5. Анхан шатны шүүхээс хийсэн хариуцагч нь өөрийн фэйсбүүк хаягт байршуулсан дүрс бичлэгээр тараасан мэдээллийг үнэн зөв болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар няцааж чадаагүй.

Дээрх бичлэгээр олон нийтэд түгээсэн мэдээлэл, түүний агуулга бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 27 дугаар зүйлийн 27.6., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т тус тус заасан зохицуулалт, тэдгээрт тусгагдсан ойлголт, шаардлага агуулгад нийцсэн гэж үзнэ.

 

Мөн иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэлийн  “...Г.Ч уучлалт гуйх нь зөв. Сонин дээр бичээд уучлалт гуйхад болохгүй юм байхгүй гэж бодож байна...” гэх дүгнэлт нь хууль эрх зүйн хувьд бодит байдалд нийцсэн байна

 

6. Хариуцагч Г.Ч-ээс “...шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байхад нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, мөн шүүх хуралдааны болон үзлэгийн тов мэдэгдэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, түүнчлэн намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн нууцалсан дугаараас залгаснаас үүдэн хэнтэй ярьж байгааг мэдээгүй учир буцаан залгах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

6.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Х” ХХК болон Ш.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч /хх-ийн 1-р талын арын зүүн доод булан дахь дардас/ тус шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэнд хуваарилагдсан байх ба шүүгчээс хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 151/ШЗ2024/02806 дугаар захирамжаар “Иргэний хэрэг” үүсгэн, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 151/ЕШ2024/01046 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Мөнхбүрэн томилогдсон. /хх-ийн 13-15-р тал/

Шүүгчээс тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 151/ЗТ2024/00002 дугаар тогтоолын хавсралтын 1.1.3-т заасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан нэхэмжлэлийг хожим шүүх хүлээн авч хуваарилахад /шүүгч өвчтэй, удаан хугацаагаар чөлөөтэй, сургалтад хамрагдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй, ээлжийн амралттай/ өөр шүүгчид системээс санамсаргүй аргаар хуваарилагдсан нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө мэдэгдвэл урьд шийдвэрлэсэн шүүгчид шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн системээс гараар хуваарилна” гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн шүүгч Д.Отгончулуунд шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ЗТ2024/00121 дугаар тогтоолоор шилжүүлснийг Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151/ЕШ2024/01162 дугаар захирамжаар албажуулж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Мөнхбүрэн нарыг томилжээ. /хх-ийн 26, 27-р тал/

Хэргийг тус шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх бөгөөд уг шүүх хуралдаанд хариуцагч Г.Ч биечлэн оролцсон, шүүхээс 151/ШТ2024/00096 дугаар шүүхийн тогтоол гарган хэрэгт авагдсан CD-нд үзлэг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх-ийн 69-83-р тал/

Монгол Улсын Их хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэршил, бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн хэрэг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжиж мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 317/ЕШ2025/00235 дугаар захирамжаар /хх-ийн 88-р тал/ тус шүүхийн шүүгч Д.Отгончулууныг шүүх хуралдаан даргалагчаар, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Марина нарыг томилсныг хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

6.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасны дагуу тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө хэмээн хуульчилсан.

Хариуцагч Г.Ч-т Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Нөлөөллийн мэдүүлэг”-ийн талаар танилцуулан, хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар сануулж гарын үсэг зуруулсан байх тул /хх-ийн 24-р тал/ шүүхээс Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.  

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1400 цагт хянан хэлэлцэхээр товлож хариуцагч Г.Чт мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу “Мэдэгдэх хуудас” /хх-ийн 92-р тал/-ыг Монгол шуудан ХК-аар хүргүүлсэн байх ба шүүгчийн туслахаас мөн өдөр түүний 99014203 дугаар утсанд холбогдон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “за ойлголоо” /хх-ийн 96-р тал/ гэсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

6.4. Мөн шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ш.Т, иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэл, хөндлөнгийн гэрч Б.Цэмбэлдулам, Э.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан хэрэгт авагдсан CD бичлэгт үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг зөрчөөгүй байх ба мөн зүйлд зааснаар “...хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй...” учир шүүхээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хууль бусаар хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

8. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч Г.Ч нарт 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн мэдэгдэх хуудас болон тэдний гар утас руу залган мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасны дагуу тэдний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдав.

    

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Ч-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                        А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                              М.МӨНХДАВАА