| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1280/Э |
| Дугаар | 1303 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1303
2019 08 20 2019/ШЦТ/1303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Д.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч И.Гэрэлсайхан, өмгөөлөгч М.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Д.Чад холбогдох 1906 04311 1649 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 12 айлын 3-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дийн Ч, /РД:…............/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 12 айлын 6-12 тоотод байрлах нийтийн 12 байрны 6-12 тоотод оршин суух иргэн Ц.Цэвээнмандахын байрны вакум цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж унтлагын өрөөний шүүгээнд байсан хар өнгийн түрийвчнээс 3.000 төгрөг, бор өнгийн түрүүвчээс 10.000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Чын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Чын хууль ёсны төлөөлөгч И.Гэрэлсайханы өгсөн: “Би амралтаа аваад эхнэрийн хамт хөдөө амрах хооронд ийм асуудал болсон байсан. Энэ хэдэд захиж, захиж явсан юм. Ч уг нь 10 ангид орсон боловч сурахгүй гэж дургүйцээд сургуулиас гарсан. Нэг жил гэртээ өнжөөд энэ жилээс барилгын коллежид орж байгаа. Эцэг, эхийнхээ үгэнд сайн ордог. Хааяа компьютер тоглоом тогломоор байна гэхээр нь мөнгө өгөөд явуулдаг” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэвээнмандахын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 14-ний 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай хаалганы урд талд байрлах вакум цонхны салхивч онгорхой хөшиг нь нээгдсэн байсан... унтлагын өрөөндөө ороод үнэд хүрэх зүйлүүдээ харсан чинь байрандаа байсан ба сайн анзаарч харсан чинь үүдний өрөөний шүүгээн дээр байсан чемодан дээр байсан зооснууд шалаар тараад унасан байсан... унтлагын өрөөнд ороод харсан чинь мөлхөө тавилгын доод шургуулган дотор байсан бор өнгийн түрүүвчнээс 10.000 төгрөг алдагдсан байсан, тухайн үед хивсэн дээр гутлын мөр байсан ба манай эхнэр арчаад цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Д.Чын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө би хөрш айлынхан байхгүй эзэнгүй байхад байшингийн вакум цонхны салхивчийг шар өнгийн хасах автеркаар хөшиж онгойлгон дотогш ороод том өрөө лүү нь явж ороод зурагтны тавиурын шургуулганаас бор өнгийн түрийвч байхаар нь онгойлгож үзээд 10.000 төгрөг байхаар нь аваад, булангийн хувцасны шүүгээг онгойлгож үзтэл хар өнгийн түрийвч байхаар нь онгойлгож үзтэл дотор нь 3.000 төгрөг байхаар нь бас аваад шууд буцаад вакум цонхоор гараад шууд гэртээ орчихоод буцаад гэрээсээ гараад шөнийн дэлгүүрт байдаг писи тоглоомын газарт очоод писи тэнд тоглож хоносон... Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийж болохгүй гэдгийг мэдэж байсан. Писи тоглох мөнгөгүй байсан болохоороо хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Дуламсүрэнгийн өсвөр насны яллагдагч Д.Чын хувийн байдлын талаар өгсөн мэдүүлэг /хх.16/,
Төрсний гэрчилгээний хуулбар /хх.32/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх талаар лавлагаа /хх.34/,
Хохирогч Ц.Цэвээнмандахын хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх.35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 12 айлын 6-12 тоотод байрлах нийтийн 12 байрны 6-12 тоотод оршин суух иргэн Ц.Цэвээнмандахын байрны вакум цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж унтлагын өрөөний шүүгээнд байсан хар өнгийн түрийвчээс 3.000 төгрөг, бор өнгийн түрүүвчээс 10.000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэвээнмандахын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 14-ний 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай хаалганы урд талд байрлах вакум цонхны салхивч онгорхой хөшиг нь нээгдсэн байсан... унтлагын өрөөндөө ороод үнэд хүрэх зүйлүүдээ харсан чинь байрандаа байсан ба сайн анзаарч харсан чинь үүдний өрөөний шүүгээн дээр байсан чемодан дээр байсан зооснууд шалаар тараад унасан байсан... унтлагын өрөөнд ороод харсан чинь мөлхөө тавилгын доод шургуулган дотор байсан бор өнгийн түрүүвчнээс 10.000 төгрөг алдагдсан байсан, тухайн үед хивсэн дээр гутлын мөр байсан...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Д.Чын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө би хөрш айлынхан байхгүй эзэнгүй байхад байшингийн вакум цонхны салхивчийг шар өнгийн хасах автеркаар хөшиж онгойлгон дотогш ороод том өрөөрүү нь явж ороод зурагтны тавиурын шургуулганаас бор өнгийн түрийвч байхаар нь онгойлгож үзээд 10.000 төгрөг байхаар нь аваад, булангийн хувцасны шүүгээг онгойлгож үзтэл хар өнгийн түрийвч байхаар нь онгойлгож үзтэл дотор нь 3.000 төгрөг байхаар нь бас аваад шууд буцаад вакум цонхоор гараад шууд гэртээ орчихоод буцаад гэрээсээ гараад шөнийн дэлгүүрт байдаг писи тоглоомын газарт очоод писи тэнд тоглож хоносон...” гэх мэдүүлэг /хх.25-26/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Чын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Д.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Д.Чыг үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Ч хохирол нөхөн төлсөн, хохирогч Ц.Цэвээнмандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Д.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Чад ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Улмаар өсвөр насны шүүгдэгч Д.Чад ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эх С.Дуламсүрэнд даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Д.Чад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Д.Чад сануулж байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Дийн Чыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Чад ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 8.7 дугаар зүйлд тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Д.Чад ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг И.Гэрэлсайхан, эх С.Дуламсүрэн нарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Д.Чад сануулсугай.
5. Хохирогч Ц.Цэвээнмандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч Д.Ч нь хохирол нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР