Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 003

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 07 өдөр

Дугаар 101/ШЗ2016/003

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Хаппи таун хотхон 73 байр 188 тоотод оршин суух Саруул овогт Ганбаатарын Ононгийн /УК90101215/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Юу Би Эйч Проперти” ХХК-д /Сүхбаатагр дүүрэг 1 дүгээр хороо Энх тайваны өргөн чөлөө 13/3/ холбогдох,

 

6.493.220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч Г.Онон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Г.Онон би “Юу Би Эйч Проперти” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тус компаний Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололд барьж буй “Нарру town” орон сууцны хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орцны 6 давхарт 46.4 м2 талбай бүхий 2 өрөө сууцыг захиалсан. 2013 оны 10 сарын 07 өдөр НРТ13А06 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан ба гэрээний дагуу 46.4 мкв орон сууцыг нэг м.кв-ийг нь 1.880.000 төгрөгөөр бодож, нийт 87.232.000 төгрөг төлж бариулахаар гэрээ байгуулсан 2013.10.07 өдөр нийт төлбөрийн 30% буюу 27.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох  60. 232. 000 төгрөгийг банкны 8%-ийн зээлээр хийх үүрэг хүлээсэн боловч 2014.11.21 өдөр 10.232.000 төгрөгийг нэмж төлсөн. Харин тус компани миний захиалсан орон сууцыг чанар стандартын дагуу барьж 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн.

Гэтэл “Юу Би Эйч Проперти” ХХК нь орон сууцыг 2014 оны 4 улирлын сүүлчээр буюу гэрээнд заасан хугацаанаас даруй 10 сар орчмын дараа ашиглалтад өгсөн боловч 2015 оны 02 сарын 05 өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Би гэрчилгээгээ албан ёсоор хүлээн аваад орон сууцныхаа үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгийг Хас банкны зээлд хамрагдан 2015.02.27 өдөр төлж дуусгасан. Тус компани орон сууцыг надад хүлээлгэн өгөхдөө орон сууцны м.кв-ийг гэрээний дагуу 46.4 гэж хэлж өгсөн тул би тухайн үед барилгын мэргэжлийн талаар зохих мэдлэггүйн улмаас орон сууцны талбайн хэмжилтийн буруу, зөвд эргэлзээ төрөөгүй.

Гэтэл 2015 оны сүүлчэээс эхлэн манай байрны орон сууц захилагчид талбайн зөрүү байна гэж ярих болсон тул хэмжилт хийлгэхэд 43.16 м.кв гэсэн дүгнэлт гарсан. 

Иймд хариуцагчаас 3,24 м.кв талбайн үнэ 6.091.200 төгрөг, хүү 402.020 төгрөг нийт 6.493.220 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Иргэн Г.Онон нь “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн хэмжээ болон банкны зээлийн хүүний төлбөр хэмээн нийт 6.493.220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Юу Би Эйч Проперти” ХХК нь 2013.04.12 өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “Өндөрбуянт Холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани нь 2013.04.12 өдрийн “Захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээ”-ний дагуу “Өндөрбуянт Холдинг” ХХК-иар дээрх барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд ингэхдээ барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнэ тогтоосон.

Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, МУ-ын Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмын дагуу талууд гэрээний нөхцөл үр дагаврыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Иймд иргэн Г.Ононгийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Онон нь “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан нийт 6.493.220 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид  2016 оны 06 дугаар сарын 06 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Энэхүү гэрээг нэг талаас БЗД-ийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхон 73 дугаар байр 188 тоот хаягт оршин суух Ганбаатар овогтой Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХУД-ийн 15-р хороо, Үйлдвэр 2, ХД62-16 тоот хаягт оршин суух Т.Баярдалай / цаашид “Нэхэмжлэгч” гэх/, нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 1  дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 13/3 1 тоот хаягт оршин суух “Юу Би Эйч Проперти” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг нар /цаашид “Хариуцагч” гэх/ бид / хамтад нь Талууд гэх/ харилцан тохиролцож байгуулав.

Г.Онон нь “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан  2013.10.07 өдөр байгуулсан НРТ13А06 дугаар “Орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээний дагуу 46.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалан нийт 83.232.000 төгрөг төлсөн боловч миний захиалсан талбайн хэмжээнээс 3.24 м.кв талбай дутуу барьж өгсөн бөгөөд дахин томсгож гүйцээж авах боломжгүй тул энэхүү талбайн хөлсөнд илүү төлсөн 6.091.200 төгрөг болон түүний хүүнд 2015.02.27-2015.12.27- ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд Хас банкинд төлсөн хүү 402.020 төгрөг нийт  6.493.220 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхээр нэхэмжилсний дагуу иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр эвлэрсэн болно.

Үүнд: Г.Онон нийт 6.493.220 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК нэхэмжлэлийн шаардлагын 4.500.000 төгрөгийг 2016.07.20 өдөр бэлнээр төлөх саналыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баярдалай хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 1.993.220 төгрөгнөөс татгалзсан болно.

 Талууд 2013.10.07 өдрийн НРТ13А06 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээний үүрэгтэй холбоотой дахин шүүх, цагдаагийн байгуулагад нэхэмжлэл, гомдол гарган маргаан үүсгэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болохыг харилцан зөвшилцөв гэжээ.

 

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Онон нэхэмжлэлийн шаардлагын 1.993.220 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.500.000 төгрөгийг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК 2016 оны 07 дугаар сарын 20 өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 59.500 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 59.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ононд буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                          

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО