| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/03748/И |
| Дугаар | 210/МА2025/00945 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00945
******* гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* миний бие бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, маркетингийн чиглэлээр 13 жил ажилласан ажлын туршлагатай. Сүүлийн 7 жил маркетингийн албаны захирал буюу удирдах албан тушаал хашсан.
1.2. 2023 оны 07 сараас 3 сарын туршилтын хугацаагаар ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж, маркетингийн албаны даргаар ажиллаж, 2023 оны 10 сард үндсэн ажилтнаар ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байсан ба ямар нэгэн байдлаар сануулга, сахилгын шийтгэл авч байгаагүй атал 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 дугаар тушаалаар намайг ажил мэргэжил нь энэ албан тушаалд тэнцэхгүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс нэг ч удаа аман болон бичгээр нэхэмжлэгчид ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэсэн анхааруулга өгч байгаагүй, ажлаа засан сайжруулах боломжит хугацааг олгоогүй, танилцуулж мэдэгдсэн зүйл байхгүй, нэхэмжлэгчээс ажил мэргэжилтэй тэнцэх эсэх талаар мэргэжлийн ур чадварын шалгалт аваагүй. Иймд нэхэмжлэгчийг ажил мэргэжилтэй тэнцэхгүй гэж тогтоогоод байгаа нь тодорхойгүй.
1.4. Нэхэмжлэгчийг ажлаас гаргах үндэслэл болсон гэх ажилчдын гомдол, хүсэлт нь мэргэжлийн байгууллагын эрх бүхий байгууллагын комиссын дүгнэлт биш, нотлох баримтаар хэмжигдээгүй өргөдөл байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т удирдах ажилтны ажил үүргийг тодорхойлсон болохоос биш ажилтныг шууд ажлаас чөлөөлөх агуулга байхгүй. Ажилтныг ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.
1.5. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан байх тул урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-д 2023 оны 07 сард 3 сарын туршилтаар ажилд орж, 2023 оны 10 сард үндсэн ажилтнаар томилогдсон. Ажил олгогчийн зүгээс ажилтныг аль болох тогтвортой ажиллуулахыг хичээдэг. Тухайн хүний ажлын байр нь ажиллах хүчний хомсдолтой байдаг учраас компанийн зүгээс ажилчдаа тогтвортой ажиллуулах сонирхолтой байдаг.
2.2. ******* манай компанид ажиллаж байгаад 2024 оны 02 сард ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. Тухайн үед нэхэмжлэгч нь маркетингийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд удирдлага дор нь байх ажилтнууд болох ******* зэрэг ажилтнуудаас албаны дарга ажлаа хийж чадахгүй байна, зан харилцааны доголдол гаргаж байна гэх мэтээр удаа дараа гомдол гаргасан тул ажил олгогчийн зүгээс ******* тай уулзан энэ байдлаа засах талаар анхааруулга өгч хугацаа олгосон.
2.3. Гэтэл ******* нь зан харилцааны доголдол гаргаж байсан тул компанийн зүгээс 2024 оны 02 сард ажлаас нь чөлөөлсөн. Үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* г ******* ХХК-ийн маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 41,144,860 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ******* д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 363,675 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны тойргийн шүүх нь Нэхэмжлэгч ******* гийн сүүлийн гурван сарын цалин хөлсийг тооцоход 2024 оны 02 сарын цалин дээрээ ээлжийн амралтын олговор, өмнөх саруудын нэмэгдлийг нэгтгэн олгосон байх тул дээр дурдсан аргачлалаар бус хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 3,000,000 төгрөгийн хэмжээнд тооцох нь зохимжтой гэж дүгнэсэн. Гэвч уг дүгнэлт нь холбогдох хууль, журмын зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны тойргийн шүүх нь уг заалтыг үл харгалзан, зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин болох 3,000,000 төгрөгийг дундаж цалин хэмээн тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
4.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. гэж заасан байдаг.
4.4. Гэтэл анхан шатны тойргийн шүүх нь сүүлийн 3 сарын бодит цалингийн мэдээллийг дээрх журамд нийцүүлэлгүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалинг дундаж цалин болгон тооцсон нь нөхөн олговрын тооцоолол холбогдох хэм хэмжээнд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй байж болох нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс нөхөн олговрын дүнг журмын дагуу дахин тооцох шаардлагатай байна.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3 дахь хэсэгт Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно. гэж заасан байдаг.
4.6. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ болон цалингийн дэлгэрэнгүй тайлангаас үзвэл ялангуяа KPI-тай холбоотой урамшуулалт цалин нь хөдөлмөрийн гэрээний дагуу cap бүрийн гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн тогтсон журам, нөхцөлийн хүрээнд тогтмол олгогдож ирсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Энэхүү орлого нь хөдөлмөрийн үр дүнтэй шууд уялдаатай, давтамжтай, тогтвортой байдлаар олгогдож байсан тул хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд багтах үндэслэлтэй гэж үзэх боломжтой юм.
4.7. KPI урамшуулалт цалин нь гэрээний дагуу хөдөлмөрийн үр дүнтэй уялдсан, тогтмол давтамжтай олгогдож байсан нь түүнийг орлогын тогтвортой бүрэлдэхүүн гэж үзэх боломжтой нөхцөлийг бүрдүүлж байсан, цалингийн бодит орлогын нэг хэсэг байх тул цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах үндэслэлтэй хэмээн үзэж болохуйц нөхцөл байдал бүрдсэн гэж дүгнэж байна.
Иймд энэ урамшууллыг тохиолдлын буюу нэмэлт орлого гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дундаж цалинг тооцохдоо зайлшгүй хамруулах шаардлагатай. Энэхүү урамшуулал нь зөвхөн бичгээр тохиролцсон нөхцөл бус бөгөөд цалингийн дэлгэрэнгүй тайланд тогтмол тусгагдаж ирсэн. Иймд дундаж цалинд хамруулах нь хуульд нийцэх бөгөөд үүнийг орхигдуулах үндэслэлгүй юм.
4.8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7 дахь заалтад заасныг харгалзан үзэлгүйгээр, цалингийн дэлгэрэнгүй тайлан, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг хангалттай хэмжээнд харгалзан үзээгүй.
4.9. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй шийдвэр гаргасан нь хууль, журамд нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. ******* нь ******* ХХК-аас 2024 оны 02 сарын 15-ны өдөр Б/046 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 болон Байгууллагын дотоод журамд зааснаар ******* өөрөө мэргэжил, албан тушаалын шаардлагад нийцээгүй.
5.2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлаагүй. Нэхэмжлэгч нь өөрийнхөө дундаж цалингийн хэмжээг тооцохдоо 2023 оны 12 сар, 2024 оны 01, 02 сарыг урьдчилаад, өөрийн нийт дундаж цалинг 14,000,000 төгрөг, сарын дундаж цалин 4,728,000 төгрөг байх ёстой байсан гэж тайлбарладаг.
5.3. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн журмыг хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж байна. Гэвч уг журмын 1.5-д заасны дагуу ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлт, унаа хоолны үнийн хөнгөлөлт зэргийг ажилтны цалин хөлсөнд тооцохгүй гэж зохицуулсан. 2023 оны 12 сар, 2024 оны 01, 02 сард олгож буй цалинд хоол, унааны мөнгө, тэтгэмжийг тооцож, олгосон.
5.4. 2024 оны 02 сард Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасныг баримталж, ажлаас чөлөөлсөнтэйгөө холбоотойгоор мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар нэг сарын цалин хөлстэй холбоотой тэтгэмж олгосныг дундаж цалин хөлсөнд оруулж тооцсон нь холбогдох хууль тогтоомж дүрэм, журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тооцоолол нь буруу бөгөөд холбогдох дүрэм, журамд заасны дагуу тооцооллыг гаргахад нийт 38,000,000 төгрөгийн тэтгэмж олгогдох боломжтой. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч нь ******* нь ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг Анхан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийн үнэн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хэрэгт цугласан нотлох баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй болно.
6.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа ... Намайг албан тушаалдаа тэнцэхгүй, өмнө нь анхааруулж хэлж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож байгаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн бол ажил албан үүргээ сайжруулах талаар хуульд заасан боломжит xyгацаa олгоогүй, шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй ... гэж тодорхойлсон.
6.3. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг барьж нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь түүнийг эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр бус гагцхүү бусдыг үр дүнтэй удирдах, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 42 дугаар зүйлийн 42.2.3-т тус тус заасныг зөрчсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
6.4. ******* нь ажлын байран дээрээ удаа дараа харилцааны доголдол, зөрчил гаргах, удирдлагадаа ажиллаж буй ажилчдыг хэл амаар гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, хамт олны дунд уур амьсгалыг эвдэх зэргээр Хөдөлмөрийн гэрээний 5.3-д заасан ноцтой зөрчил гаргасан болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажил мэргэжилдээ тэнцсэнгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
6.5. Ажил олгогч байгууллагад ******* нь Маркетингийн албаны дарга албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 10 гаруй хүнтэй баг удирдан ажиллаж байсан ба удирдах албан тушаалтны ур чадваргүй, өөрийнхөө удирдлагадаа ажиллаж байгаа ажилтнуудтай зүй бус харьцах, ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх зэрэг зөрчлүүдийг гаргаж байгаа болохыг удирдлага дор нь ажиллаж байсан 7 ажилтан компанийн гүйцэтгэх удирдлагад гомдол гарган мэдэгдсэн.
6.6. Уг гомдлын дагуу компанийн гүйцэтгэх удирдлага ******* тай 2023 оны 01 сард уулзан удирдах албан тушаалтны хувьд доод шатны албан тушаалтнуудтай харилцах, удирдах ур чадвартаа анхаарах, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг мэдэгдэж, удирдах ажилтны ур чадвараа сайжруулах боломжит хугацаа олгосон.
Гэтэл ******* нь доод албан тушаалтнуудтай зүй бус харьцах, ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлсээр байсан тул түүнийг 2024 оны 02 сарын 15-ны өдөр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн болно.
6.7. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хариуцагч нь...энэ ажилтнуудаас гаргасан өргөдөл гомдлыг ******* д танилцуулж, хуульд заасан боломжит хугацаа олгосон...гэж мэтгэлцэх боловч үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын эхээр гүйцэтгэх удирдлагатай уулзсан талаараа маргадаггүй.
Түүнчлэн ******* гийн албаны ажилчдаас 2023 оны 12 сарын 27-ны өдөр гаргасан өргөдөл гомдолтой 2024 оны 01 сард ******* нь танилцсан талаар гэрч ******* нотолдог бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг 45 хоногийн дараа гаргасан байгаа нь нэхэмжлэгчид хугацаа олгосныг илэрхийлж байгаа болно.
6.8. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн зөрүүтэй өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажилчдаас гаргасан өргөдөл гомдол зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлээгүй гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалыг гаргасан боловч уг тушаалтай холбоогүй нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан.
7.2. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. Уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Хариуцагч ******* ХХК-ийн захирлын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 дугаартай тушаалын 1 дэх заалтаар Тус компанийн Маркетингийн албаны дарга албан тушаалтай ******* нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажилтны үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дэх заалтыг үндэслэн ******* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
3.1. ******* г ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зохицуулалтыг баримталсан атлаа ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргасан гэж тайлбарласан.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөөгүй тул хуулийн энэ үндэслэлд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
3.2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д Ажилтан нь гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, аливаа хэлбэрээр өгсөн анхааруулга сануулгыг үл тоомсорлож, 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж заасныг удирдлага болгожээ.
Анхан шатны шүүх хэрэгт ******* гийн талаар нэр бүхий 7 ажилтны гаргасан өргөдлөөр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 5.3.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаарх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.
3.3. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь ******* д сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмын зөрчсөн байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулна.
Хариуцагч ******* ХХК-ийн захирлын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 дугаартай тушаал нь ажилтны хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн, хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүх ******* г хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон Маркетингийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4. Нэхэмжлэгч ******* гийн сүүлийн гурван сарын цалин хөлсийг 2024 оны 02 сарын цалин дээрээ ээлжийн амралтын олговор, өмнөх саруудын нэмэгдлийг нэгтгэн олгосон байх тул дээр дурдсан аргачлалаар бус хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 3,000,000 төгрөгийн хэмжээнд тооцсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч ******* гийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 13 сар, 25 хоног /ажлын хоног нь 16/-оор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 41,144,860 /39,000,000+2,144,860/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь зөв.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР