| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0114/Э |
| Дугаар | 1304 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1304
2019 08 20 2019/ШЦТ/1304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч О.Инарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ид холбогдох 1806 09079 2210 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн ордны ёслолын албанд гэрээт гэрэл зурагчин ажилтай байсан, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 12 дугаар байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Оын И /РД:РП91081115/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.Инь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Энхмааг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч О.Ин өгсөн: “Энхмаатай хамт амьдардаггүй, би тэдний гэрээр ирж, очдог байсан. Тухайн үед хохирогчоос гэртээ яагаад ирээгүй юм бэ гэж асуухад хохирогч намайг утасны цэнэглэгчээр зохих гэсэн ба над руу хутга барьж дайрсан. Би хохирогчийг түлхье гэж бодоогүй, өөрийгөө хамгаалсан. Би хохирогчийг гомдоохгүй гэсэн үүднээс цагдаагийн байгууллагад хандаагүй. Намайг цагдан хоригдоод гараад ирэхэд өөр хүнтэй болсон байсан. Хохирогч, бид хоёрын хамт амьдардаг гэрийг өөрчилсөн байсан. Би дахиж хохирогчтой уулзаагүй, одоо салсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Энхмаагийн өгсөн: “... би гэртээ орж ирэхэд хамтран амьдрагч болох И нь унтаж байсан бөгөөд би унтах гээд “Ороо засъя, босож бай” гэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан ба би уурлачихсан юм болов уу гээд ая эвээр орыг нь засах гээд тэгэхлээр түлхээд байхаар нь доор дэвссэн юмыг нь аваад газар унтах гээд татахад дэр газар уначихсан ба би аваад орон дээр тавихдаа толгойг нь оночихсон чинь босож ирээд хоёр алгадаад авсан ба үснээс зулгаагаад цэнэглэгчээр ороолгосон...” гэх мэдүүлэг, /хх.8-9, 129-131/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13243 дугаартай:
“1. Х.Энхмаагийн биед зүүн хацарт цус хуралт зөөдөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гуя, зүүн шуунд зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ин яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой Энхмаа гэртээ 03 цагийн орчим орж ирээд намайг босооч гээд татаж чангаагаад байсан. Тэгээд би тухайн үед босолгүй хэвтээд байсан. Гэтэл Энхмаа цэнэглэгчийн залгуур авч ирээд миний цээжин хэсэгт цохьчихсон. Тэгэхээр нь би босоод нэг удаа зүүн талын гаранд нь алгадсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.29-30/,
“... Би тухайн үед Энхмаагийн гэрт амьдарч байхад Энхмаа шөнө 03-04 цагийн орчим орж ирсэн. Тэгээд хаагуур явж байгаад ирсэн юм бэ? гээд маргалдахад Энхмаа утасны цэнэглэгчээр намайг ороолгочихсон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ? гээд цэнэглэгчийг нь таттал гал тогооноос хутга аваад ална шүү гээд байсан. Тэгээд би гараад явах гэтэл үүдэнд зогсоод орилоод байсан. Тэгэхээр нь би гартаа барьсан хутгыг нь авах гээд баруун гар тал руу нь түлхтэл угаалгын өрөөний хаалга мөргөчихсөн. Тэгээд тэр гэмтэл шархууд үүссэн. Урьд өгсөн мэдүүлэгтээ Энхмааг хутга мэс барьсан гэхээд дэмий болов уу гэж бодоод энэ талаар ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх.136-137/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Инь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Энхмааг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Энхмаагийн өгсөн: “... доор дэвссэн юмыг нь аваад газар унтах гээд татахад дэр газар уначихсан ба би аваад орон дээр тавихдаа толгойг нь оночихсон чинь босож ирээд хоёр алгадаад авсан ба үснээс зулгаагаад цэнэглэгчээр ороолгосон...” гэх мэдүүлэг, /хх.8-9, 129-131/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13243 дугаартай:
“1. Х.Энхмаагийн биед зүүн хацарт цус хуралт зөөдөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гуя, зүүн шуунд зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ин яллагдагчаар өгсөн: “... Гэтэл Энхмаа цэнэглэгчийн залгуур авч ирээд миний цээжин хэсэгт цохьчихсон. Тэгэхээр нь би босоод нэг удаа зүүн талын гаранд нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
“... Тэгэхээр нь би гартаа барьсан хутгыг нь авах гээд баруун гар тал руу нь түлхтэл угаалгын өрөөний хаалга мөргөчихсөн. Тэгээд тэр гэмтэл шархууд үүссэн...” гэх мэдүүлэг /хх.136-137/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.Ин үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Энхмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Х.Энхмаа нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Игаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Ин үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Иг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул урьд нь шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй байна.
О.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг болон уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Инь “хохирогч намайг хутгалах гэхэд нь өөрийгөө хамгаалахаар түлхсэн” гэх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
О.Ин урьд нь цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Оын Иг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Иг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч О.Ид Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, О.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 35 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 35 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, О.Ид оногдуулсан 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Ин урьд нь цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. О.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хохирогч Х.Энхмаа нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч О.Инь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хохирогч Х.Энхмаа нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Игаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР