Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0224

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 30 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0224

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: “Санширо” ХХК-ийн /Хан-уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011305043, РД:2075717/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Хантай хайрхан” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Бээжингийн 40/5-07 тоотод байрлах, РД:5426618 / холбогдох,

 

36.345.302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Санширо” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Монгол Улсын Засгийн газрын 2013.07.06 өдрийн 250 дугаар “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ба “Санширо” ХХК нь 2013.07.24 өдрийн ХҮГСДХ-1/10 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд зориулж 121.000.000 төгрөгийг олгосон байдаг.

Үүний дагуу 121.000.000 төгрөгийн санхүүжилтээр чанар, стандарт хангасан 124.226.190 төгрөгийн үнэ бүхий 4077 кг утас ээрмэл утас үйлдвэрлэсэн. Үүнээс “Хантай хайрхан” ХХК-д 24.230.201 төгрөгийн үнэ бүхий 795.2 кг утсыг 2013.10.10 өдөр, “Мөнгөн пирамид” ХХК-д 31.684.382 төгрөгийн үнэ бүхий 1039,9 кг утсыг 2013.09.13 өдөр, “Айбексмонекс” ХХК-д 25.952.122 төгрөгийн үнэ бүхий 851.7 кг утсыг 2013.09.03 өдөр тус тус нийлүүлсэн.

 

Иймд “Санширо” ХХК болон “Хантай хайрхан” ХХК-иудын хооронд байгуулсан 2013.07.23 өдрийн “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд, нийлүүлсэн утасны үнэ 24.230.201 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 12.115.101 төгрөг нийт 36.345.302 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хантай хайрхан” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Утасны үнийг гэрээнд зааснаар ҮХААЯам төлөх үүрэгтэй ба утасны үнийг гэрээнд тохирсон хугацаанд төлөхийг тохирсон боловч хугацаа тодорхойгүй тул алданги тооцох хугацаа тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Санширо” ХХК нь хариуцагч “Хантай хайрхан” ХХК-д холбогдуулан 36.345.302 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид  2016 оны 06 дугаар сарын 16 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Энэхүү гэрээг нэг талаас: “Санширо” ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир /цаашид “нэхэмжлэгч” гэх/, нөгөө талаас: “Хантай хайрхан” ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн /цаашид “хариуцагч”, хамтад нь талууд гэх/ нар доорх нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү гэрээгээр шүүхийн өмнө эвлэрч байна. “Санширо” ХХК нь “Хантай хайрхан” ХХК-д холбогдуулан “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл утасны үнэд 24.230.201 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 12.115.101 төгрөг нийт 36.345.302 төгрөгийг “Мөнгөн пирамид” ХХК-иас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Эл асуудлаар талууд эвлэрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул эвлэрэн хэлэлцэх нөхцөл, болзол, журмыг тогтоохоор энэхүү гэрээг байгуулж байгаа болно.

Хариуцагч “Хантай Хайрхан” ХХК нь 2013 оны 7 сарын 23 өдрийн “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 24.230.201 төгрөгийн үнэ бүхий 795.2 кг утас зээлээр худалдан авсан бөгөөд утасны үнэ болох 24.230.201 төгрөг, хугацаа хэтэрсний алдангид 1.956.767 төгрөг нийт 26.186.968 төгрөгийг хариуцагч “Хантай Хайрхан” ХХК нь 26.186.968 төгрөгийн тооцоог 2016 оны 11 дүгээр сарын 10 дотор төлж барагдуулахаар тохиролцов.

Энэхүү гэрээг байгуулснээр 26.186.968 төгрөгийн төлбөрийг барагдуулах болсноор гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, гэрээг 3 % үйлдэх ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээний 1%-ийг шүүхэд хүргүүлэн эвлэрлийг баталснаар талууд 2013 оны 7 сарын 23 өдрийн “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийн талаар цаашид маргаангүй болно гэжээ.

 

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Хантай хайрхан” ХХК нь 26.186.968 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10 өдөр нэхэмжлэгч “Санширо” ХХК-д  төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339.680  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хантай хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 169.840 төгрөг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 169.840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Санширо” ХХК-д буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                           

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО