Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1308

 

 

 

 

 

  2019         08         21                                         2019/ШЦТ/1308

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч А.Ю нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Ют холбогдох 1906 04604 1747 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлт захад мах бэлтгэгч ажилтай, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Сангийн далай гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дуаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 128 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Аийн Ю /РД:..................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Ю нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 5 дугаар гудамжны 128 тоот хашаанд иргэн М.Азбаярыг зодож биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Юийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Азбаярын өгсөн: “... Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Чулуун овооны автобусны буудлын урд гэрт нь зодуулсан... Өмнө нь ажил дээрээ маргаж байсан тэрнээс болоод л надад өширхөж явдаг байсан... Юүндэнпүрэв гараараа шанаа руу 2 удаа цохисон бас хамар руу мөргөж хамар хугалсан... Одоо хамар өвдөж байна. Далийсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.4/,

“... 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөө цуг ажилладаг Юийн гэрт очсон юм. Тэгээд тэдний гэрт архи уугаад байж байхад Ю намайг алгадаад авсан, тэгэхээр нь би босоод холдсон чинь хүрч ирээд намайг толгойгоороо 1 удаа миний нүүр лүү мөргөсөн. Тэгсэн миний хамар хонхойгоод орчихсон байсан... Миний хамрыг тэгшлүүлэх зардал, эмчилгээний зардлыг Ю бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэвээндоржийн өгсөн: “... Ю гэрт ирээд пиво уугаад хоол хийхийг хүлээгээд хашаа дотор Ю, Азбаяр, Цэнд бид нар байсан юм. Тэгсэн Ю Азбаяр нар ямар зүйлээс болж маргасан гэдгийг мэдэхгүй барьцалдаад авсан, тэгснээ Ю Азбаярын нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, тэгэхэд нь би Юийг Азбаяраас холдуулж түлхсэн, тэгэхэд Ю газар уначихсан. Тухайн үед Азбаярын хамар далийчихсан байсан... Ю Азбаярыг нэг удаа толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батчимэгийн өгсөн: “... Би Юийг гэрт оруулчихаад бусад хүмүүсийг тарцгаа гэж хэлээд тараахдаа Азбаярын хамрыг харахад хамар нь хавдчихсан цус гараагүй байсан. Тэнд байсан хүмүүс Ю Азбаярын хамрыг мөргөчихсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9421 дугаартай:

“1. М.Азбаярын биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Юийн яллагдагчаар өгсөн: “... гэртээ архи ууж байгаад өглөө 07 цагийн орчим цуг ажилладаг Азбаяртай ажил дээр болсон зүйлийн талаар ярьж байгаад маргасан. Би Азбаяртай маргаж байгаад Азбаярыг 1 удаа толгойгоороо нүүр лүү нэг удаа мөргөсөн, тэгсэн Азбаярын хамар хонхойчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Ю нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 5 дугаар гудамжны 128 тоот хашаанд иргэн М.Азбаярыг зодож биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Азбаярын өгсөн: “... Юүндэнпүрэв гараараа шанаа руу 2 удаа цохисон бас хамар луу мөргөж хамар хугалсан...” гэх мэдүүлэг /хх.4/,

“... Тэгээд тэдний гэрт архи уугаад байж байхад Ю намайг алгадаад авсан, тэгэхээр нь би босоод холдсон чинь хүрч ирээд намайг толгойгоороо 1 удаа миний нүүр лүү мөргөсөн. Тэгсэн миний хамар хонхойгоод орчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэвээндоржийн өгсөн: “... Ю Азбаярын нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн... Тухайн үед Азбаярын хамар далийчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батчимэгийн өгсөн: “... Азбаярын хамрыг харахад хамар нь хавдчихсан цус гараагүй байсан. Тэнд байсан хүмүүс Ю Азбаярын хамрыг мөргөчихсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх.13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9421 дугаартай:

“1. М.Азбаярын биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Юийн яллагдагчаар өгсөн: “... Би Азбаяртай маргаж байгаад Азбаярыг 1 удаа толгойгоороо нүүр лүү нэг удаа мөргөсөн, тэгсэн Азбаярын хамар хонхойчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Юийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ют холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.Юийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч М.Азбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Юийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

А.Ю хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Азбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          А.Ют Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Юийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Ют эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Ют оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Аийн Юийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ют 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Ют оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Ют сануулсугай.

          5. А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Азбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ют авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР