Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00940

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 42,500,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “*******” ХХК нь зээлдэгч “*******” ХХК-тай 2018 оны 01 сарын 08-ны өдөр ББГ-2018/ЗГ/04 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 200,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2018 оны 07 сарын 08-ны өдөр төлж барагдуулах хугацаатай зээлдүүлж ******* дугаартай зээлийн данс нээж, тус компанийн ******* тоот харилцах дансанд олгосон.

1.2. “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 01 сарын 08-ны өдөр ББГ-2018/БГ/04/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг иргэн *******тэй байгуулан эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай, *******3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай *******, 3 өрөө орон сууцны зориулалттай хоёр үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 сарын 08-ны өдөр дуусгавар болсон. “*******” ХХК-аас зээлийн төлбөрөө шаардахад зээлдэгч “*******” ХХК үйл ажиллагаа нь түр саатсан тул зээлийн төлбөртөө нэг барьцаа хөрөнгөө санал болгож “*******” ХХК болон барьцаалуулагч ******* нар нь “*******” ХХК-д хүсэлт гаргаж 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 18/11/02 дугаартай “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ”-г байгуулан эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцуулан өмчлөх эрхийг 2019 оны 01 сарын 14-ний өдөр шилжүүлж үлдсэн зээлээс 136,843,784.90 төгрөг, зээлийн хүү 19,431,859.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,724,355.48 төгрөгийг төлж 14,603,379.99 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон.

1.4. Банкны зүгээс зээл төлж барагдуулахад хугацаа олгож байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байх тул “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 14,603,380 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 23,247,940.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,649,588.39 төгрөг, нийт 42,500,909 төгрөг гаргуулж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаалуулагч *******тэй байгуулсан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн ББГ-2018/БГ/04/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаа хөрөнгө болох эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбарын агуулга:

2.1. 2021 оны 05 сарын 11-ний өдөр “*******” ХХК-аас 50,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Банк уг төлбөрийн гүйлгээг хүлээн авсан эсэх талаар тодорхой хариу өгөөгүй атал нэхэмжлэл гаргаж буй нь эргэлзээтэй байна.

2.2. Дээрх шилжүүлэг нь зээлийн эргэн төлөлтөд хамаарах бөгөөд хэрэв “*******” ХХК тус төлбөрийг хүлээн авсан бол зээлийн хүү, алданги тооцохгүй. “*******” ХХК нь энэхүү шилжүүлгийн талаар тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн үндэслэл эргэлзээтэй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:

3.1. “*******” ХХК-тай 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 18/11/02 тоот “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ”-г байгуулан эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцуулан өмчлөх эрхийг 2019 оны 01 сарын 14-ний өдөр шилжүүлж үндсэн зээлээс 136,843,784.90 төгрөг, зээлийн хүү 19,431,859.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,724,355.48 төгрөгийг төлж 14,603,379.99 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон.

3.2. Хамтран зээлдэгч “*******” ХХК-аас 2021 оны 05 сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул зээлийн төлбөр дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******, “*******” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,603,380 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 23,247,940.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,649,588.39 төгpөr нийт 42,500,909 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талын Үндэслэх хэсгийн 19 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь зээлдэгч нь Хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 сарын 25-ны өдрийн хооронд бодогдсон хүүг, үндсэн зээлээс үлдсэн 6,190,718.19 төгрөг дээр нэмээд үндсэн зээлийн үлдэгдэл 14,603,380 төгрөг болсон. Энэ дүнгээс зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож нийт 42,500,909 төгрөг болсон гэж мэтгэлцэж байсан нь үндэслэлгүй” гэжээ.

5.2. Гэвч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК болон ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авч үзэлгүй нотлох баримтыг үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн байгуулсан Хөрөнгийн зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээний 5 дах заалтад “Талууд Хөрөнгийн үнэлгээг түүний чанар байдал, ашигласан хугацаа, байршил, зах зээл дээрх үнийн судалгаа зэргийг харгалзан 160,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өмчлөх эрхийн өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгийг банканд хүлээлгэн өгснөөр зээлдэгч нь Зээлийн гэрээний төлбөрөөс 160,000,000 төгрөг төлөгдсөнд тооцогдоно” мөн тус гэрээний 12 дахь заалтад “Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, Гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно” гэж тус тус тусгасан байдаг. Хариуцагч нь тухайн гэрээг байгуулсан өдрөөс хойш буюу 2019 оны 01 сарын 25-ны өдөр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн банканд шилжүүлсэн. 2018 оны 11 сарын 22-ны өдөр хариуцагчийн зээлийн төлбөр нь 166,190,718 төгрөг байсан бөгөөд гэрээний 7 дахь заалтад заасны дагуу 4 хоногийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлэхгүй байсаар 2019 оны 01 сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн.

5.3. Хариуцагчийн гэрээний зүйлийг шилжүүлж өгөхгүй байх хугацаанд буюу 2018.11.22-2019.01.25-ны өдөр хүртэлх хугацаанд 64 хоногийн хугацаанд 151,447,165 төгрөгийн зээлийн үлдэгдэлд зээлийн хүү 7,010,552 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,402,110 төгрөг, нийт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8,412,662 төгрөг нэмж бодогдож, нийт зээл, хүүгийн үлдэгдэл нь 174,603,380 төгрөг болж, 2019 оны 01 сарын 25-ны өдөр 160,000,000 төгрөгийн зээл төлөгдсөн. Зээл төлөгдөхдөө зээлийн гэрээний 7-д заасан харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл гэсэн дарааллаар төлөгдөж 14,603,380.00 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

5.4. Түүнээс хойш 2021 оны 05 сарын 11-ний өдөр буюу 50,000,000 төгрөгийн зээл төлөх хүртэлх 837/2019.01.25-2021.05.11/ хоногийн хугацаанд 14,603,380 төгрөгийн зээлийн үлдэгдэлд зээлийн хүү 8,840,766.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,768,153 төгрөг, нийт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 10,608,919 төгрөг болж, Үндсэн зээлийн үлдэгдэл 14,603,380 төгрөг нийт бүгд төлөх дүн 25,212,299 төгрөг болсон байхад шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

5.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талын Үндэcлэx хэсгийн 19 дэх хэсэгт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******. ******* нар шүүх хуралдаанд Хариуцагч “*******” ХХК-аас 2021 оны 05 сарын 11-ний өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр 18/11/02 дугаартай Хөрөнгийн зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээлж төлж барагдуулах гэрээний 9 дүгээр зүйлд 160,000,000 төгрөгөөр буцаан худалдан авах эрхтэй гэж зааснаар 50,000,000 төгрөгийг 160,000,000 хасаж гэж тайлбарлав” гэжээ.

5.6. Хэргийн материалд авагдсан хариуцагчийн *******ин дахь ******* тоот дансны гүйлгээний утга дээр ““*******” ХХК-аас зээлийн төлбөрт тооцон ******* дансанд бүртгэсэн ******* дугаартай ******* тоот орон сууцны зориулалттай ҮХХ-н төлбөр хэсэгчлэн төлснийг бүртгэв” гэсэн байдаг. Ийнхүү хариуцагчийн 50,000,000 төгрөгийг Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээний 160,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй байсан нь нотлох баримтаар тогтоогддог.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь тухайн хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,500,909 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Зээлдүүлэгч “*******” ХХК нь зээлдэгч “*******” ХХК-тай 2018 оны 01 сарын 08-ны өдөр ББГ-2018/ЗГ/04 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон;

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч *******тэй 2018 оны 01 сарын 08-ны өдөр ББГ-2018/БГ/04/01 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай хоёр үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан;

 

3.3. Зохигчдын хооронд 2018 оны 11 сарын 22-ны өдөр 18/11/02 тоот “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ” байгуулж, зээлийн гэрээний нийт үүрэг 166,190,718.19 төгрөгөөс зээлдэгч нь үндсэн зээл 6,190,718.19 төгрөг болон тухайн үеийн байдлаарх хүүгийн хамт 2018 оны 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах, мөн 160,000,000 төгрөгт Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч *******, “*******” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42,500,909 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Зохигчдын хооронд 2018 оны 11 сарын 22-ны өдөр 18/11/02 тоот “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ”-ний үүргийг биелүүлж, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон 2021 оны 05 сарын 11-ний өдөр “*******” ХХК-аас 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Тодруулбал, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд 2018 оны 12 сарын 31-ний өдөр буцаан худалдан авах хугацаа өнгөрсөн байх тул 160,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Түүнчлэн, зохигчдын хооронд 2018 оны 11 сарын 22-ны өдөр 18/11/02 тоот “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ”-ээр үндсэн зээл 6,190,718.19 төгрөг болон тухайн үеийн байдлаарх хүүгийн хамт төлөх тохиролцоо нь 2021 оны 05 сарын 11-ний өдөр “*******” ХХК-аас 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр дуусгавар болсон байна.

 

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-ийн 23/6-08 тоот албан бичигт “… Танай банкнаас ирүүлсэн үндсэн төлбөрийн, хүүгийн, нэмэгдүүлсэн хүүгийн зөрчилд нийт 34,832,574 төгрөгийг бид зөвшөөрч байгаа бөгөөд энэ төлбөрийг үндсэн төлбөрийн хамт төлж барагдуулах талаар өмнө нь бичгээр илэрхийлсэн …” гэж дурдсан.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 сарын 08-ны өдөр ББГ-2018/ЗГ/04 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон байхад хариуцагч байгууллага нь 34,832,574 төгрөгийн үүрэгтэй талаар албан бичиг үйлдсэн хэдий ч хожим нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа татгалзлын үндэслэлийг “… гэрээний үүрэг дуусгавар болсон …” гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэж байна. Энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

     ШҮҮГЧИД                                   Т.ГАНДИЙМАА

 

                                                         С.ЭНХБАЯР