| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1290/Э |
| Дугаар | 1313 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1313
2019 08 22 2019/ШЦТ/1313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Чт холбогдох 1906 04423 1741 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Архуст суманд 1980 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Батхүлэг” ХХК-д автомашины доторлогоо хийдэг ажилтай, Төв аймгийн Архуст сумын 2 дугаар баг, Нарст гэх газар оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, охины хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 16 дугаар гудамжинд байрлах Нийтийн байранд түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Хийн Ч /РД:........................./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Х.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 16 дугаар гудамжинд байрлах Нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Атэй маргалдаж, улмаар заазуураар нуруун тус газар зүсэж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Чын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Аийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Б, Ч хоёр утсаар дуудаад байхаар нь 22 цагийн үед би Чын гэрт 2 шил 0.75 литрийн архи авч очсон. Очиход Ч, Б хоёр архи уучихсан халамцуу байсан. Тэгээд архиа ууж байгаад ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд Чтай муудалцан зууралдаад байсан. Тэгээд салаад байж байтал Ч босож яваад гал тогооны тэнд очоод буцаад ирж байсан. Тэгтэл Ч гартаа заазуур барьчихсан ирснийг нь би мэдээгүй байж байтал гэнэт ар нуруу луу 2 удаа заазуурдахаар нь би эргэж хараад Чыг барьж аваад зууралдахад дахиад 2 удаа нуруу луу заазуурдсан. Тэгээд би зууралдаж байгаад түлхэж унагаагаад гарч гүйгээд цагдаа дуудсан. Одоо минмй биеийн байдал хэвийн, зүгээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Чаас хохирлын мөнгө болох 100.000 төгрөг бэлнээр хүлээн авсан...” гэх мэдүүлэг. /хх.16-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батмөнхийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чын гэрт би очиж бид хоёр 2 шил 0.5 литрийн архи хувааж уугаад 21 цагийн үед Алтансүхийг Чогсомын гэрт дуудахад 22 цагийн үед Алтансүх ирсэн. Тэгээд бид гурав нэг шил 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад би согтоод унтсан. Намайг унтахад Алтансүх, Ч хоёр цалин мөнгөний талаар яриад байсан. Тэгээд нэг сэрэхэд Чын хамараас цус гарчихсан, гартаа заазуур барьчихсан Алтансүхийн нуруу луу заазуурдахаар нь би босож салгасан. Тэгтэл Алтансүх “би цагдаа дуудна гээд гарч яваад цагдаа дагуулаад буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9266 дугаартай:
“1. Л.Алтансүхийн биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Чын яллагдагчаар өгсөн: “... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна... Алтансүхтэй маргалдсан. Тэгээд би Алтансүхтэй барилцаад автал Алтансүх миний хамар луу толгойгоороо мөргөхөд би газар унасан. Тэгээд би босч ирээд Алтансүхийг түлхэж газарт унагаагаад гал тогооны шүүгээнээс бор өнгийн иштэй заазуур авч ирээд эргэхэд Алтансүх намайг бариж аваад бид хоёр ноцолдож байгаад шалан дээр унахад Алтансүх миний цээжин дээр суугаад дээрээс дараад байхаар нь гартаа барьж байсан заазуураараа Алтансүхийн нуруу луу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 16 дугаар гудамжинд байрлах Нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Алтансүхтэй маргалдаж, улмаар заазуураар нуруун тус газар зүсэж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Алтансүхийн өгсөн: “... Тэгтэл Ч гартаа заазуур барьчихсан ирснийг нь би мэдээгүй байж байтал гэнэт ар нуруу луу 2 удаа заазуурдахаар нь би эргэж хараад Чыг барьж аваад зууралдахад дахиад 2 удаа нуруу луу заазуурдсан...” гэх мэдүүлэг /хх.16-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батмөнхийн өгсөн: “... Тэгээд нэг сэрэхэд Чын хамараас цус гарчихсан, гартаа заазуур барьчихсан Алтансүхийн нуруу луу заазуурдахаар нь би босож салгасан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9266 дугаартай:
“1. Л.Алтансүхийн биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт /хх.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Чын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би босч ирээд Алтансүхийг түлхэж газарт унагаагаад гал тогооны шүүгээнээс бор өнгийн иштэй заазуур авч ирээд эргэхэд Алтансүх намайг барьж аваад бид хоёр ноцолдож байгаад шалан дээр унахад Алтансүх миний цээжин дээр суугаад дээрээс дараад байхаар нь гартаа барьж байсан заазуураараа Алтансүхийн нуруу луу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Чын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Чт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Х.Чын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Л.Алтансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Х.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Х.Чын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Х.Ч нь хохиролд 98.100 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Л.Алтансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Х.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Х.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Чт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овгийн Хийн Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Чт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Чт сануулсугай.
5. Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 98.100 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Алтансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 12 см, бариул нь 9 см, нийт 21 см урттай, бор өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР