Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2025/00014

 

 

 

 

 

     

 

 

Р.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2025/00119 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: ......... оршин суух, Р.Н-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: .......... оршин суух, Б.М.д холбогдох,

...........2. өрөө байрыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд хийгдсэн ....... 2 өрөө байрыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгч Р.Н, түүний өмгөөлөгч Н.Э нараас гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н /цахимаар зайнаас/, түүний өмгөөлөгч Н.Э хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.Н.н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...2020 оны 10 сард М.н над руу залгаад өмнө түрээсэлж байсан хүнээ гаргаад би орох оронгүй болсон байраа надад зарчих гэж надад санал тавьж байсан. Хамт ажиллаж байсан болохоор итгээд өөрөө надад 2 жилийн хугацаа өгчих би чиний төлбөр мөнгийг барагдуулна асуудалгүй, сар болгон чиний дансанд 1,000,000 төгрөг байршуулж байя үндсэн төлбөрөөс хасаад байрны мөнгөнөөс багасгаад явж байвал сайн байна гэж надад хэлсэн. Үүнийг би зөвшөөрөөд 2 жилийн хугацаа өгсөн. Энэ 2 жилийн хугацаанд хэлсэн ярьсан зүйлээ нэгийг ч биелүүлээгүй аргаа бараад би байрнаасаа гар эсхүл зээлээ бүтээгээд байраа ав, авахгүй бол байрнаасаа гар гэсэн шаардлагыг 2021 оноос хойш тавьсан. 2021 оноос хойш зээл гарахгүй байна гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Байрнаас гар гэхээр яг одоо болох гээд байна гэдэг зүйлийг хэлсэн. Болох гээд байна гэсэн хэр нь болсон зүйл ч байхгүй бүтсэн зүйл ч байхгүй, зээлээ хөөцөлдсөн зүйл ч байхгүй, сүүлдээ аргаа бараад байрнаас гар гэсэн чинь гарахгүй гээд байсан. Тэгвэл би шүүхээр явна шүү гэсэн чинь тэгвэл тэр шүүхээрээ яв даа шүүхээр яваад авч чаддаг бол ав гэж хэлсэн. Бид 2-т ул ойлголцох зүйл байгаагүй юм. Ямар ч гэрээ хэлцэл амаар байна уу, бичгээр байна уу тодорхой цаг хугацаатай байдаг шүү дээ. Хувь лизинг чинь хамгийн ихдээ 2 жилийн хугацаа заагаад төлөх ёстой хугацаандаа төлж чадвар байраа ав чадахгүй бол байраа өг гэсэн ийм зарчмаар явагдана. Энэний үндсэн дээр явагддаг шүү дээ. Энийг биелүүлээгүй байсан. 2 жил нь одоо 5 дахь жил дээрээ явж байна. Засвар хийлээ шүү гээд надад нэг ч удаа хэлээгүй байж надаас би завсар хийсэн гээд бөөн мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Сард 360.000 төгрөгийг осолдохгүй миний дансанд хийж байсан. Араасаа утсаар яриулна. Сард 360.000 төгрөгийг түрээстэй байр 10 жилийн өмнө ч ...д байгаагүй. Би 2018-2019 он хүртэл түрээсийн байранд ч амьдарч байсан өөрийнхөө байранд амьдарч байсан. 360.000 төгрөгд амьдрах байр олддоггүй байсан шүү дээ. Хүний байранд 360.000 төгрөгөөр амьдарчхаад яагаад хохирсон болоод байгаа юм бэ үүнийгээ ойлгомжтой тайлбарлаад өгөөрэй. Хэн нь хохироод байгаа юм бэ. Ярьсан хэлсэндээ 2 жилийн хугацаанд дууссан байсан бол ярьсан хэлсэндээ өгч авалцаж болох байсан шүү дээ. Би чинь бас хүн өөрөө зээлтэй өөрийн гэсэн хувийн амьдралтай. Яагаад М.ы өмнөөс 4,5 жил зээл төлж амьдрах ёстой юм бэ. Би амьдралгүй М.н ганцаараа амьдралтай М.ны амьдрал болж байвал миний амьдрал хамаагүй гэсэн утгаар надад хандаж байгаа юм уу. Эвлэрэх талаар нэг бус удаа хоорондоо ярилцаж саналаа гаргасан. Маш олон удаа эвлэрэх санал гаргаж байсан. Урьдчилгаатайгаа нийлээд байрны тал үнээр эвлэрэх талаар санал гаргаж байсан. М.н надтай эвлэрээгүй. Өөрөө хүлээж аваагүй байж би эвлэрэх гэсэн боловч Н. хүлээж аваагүй гэдэг зүйлийг ярьж байна. Эвлэрэх гэж байгаа бол М.н өөрөө над руу холбоо барих ёстой байсан миний утсыг авахгүй байгаа. Тэгсэн нэг бол өмгөөлөгчөөрөө үгүй бол туслахаар яриулж санал тавьж байсан. Шүүх дээр очих болгонд шүүгчийн туслах та эвлэрч болохгүй юм уу гэдэг зүйлийг хэлдэг. Үнэхээр эвлэрэх хүсэлттэй хүн өдөр болгон над руу залгаад санал гаргах ёстой байсан. 2 жилийн хугацаа дууссан. Тэрнээс хойш тавьсан саналыг нэг ч удаа зөвшөөрч байгаагүй. Хамаг асуудал наад хүнд чинь байгаа надад нэг ч асуудал байхгүй. Надад харилцааны асуудал гэх зүйл огт байхгүй. Өөрөө бүх зүйлээ ийм дээрээ тулгачхаад хохирогчийн дүрд тоглоод байх шаардлага байгаа ч юм уу үгүй юм уу. гэжээ.

2.Хариуцагч Б.М.шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...бид 2 хамт ажиллаж байсан. Н маань ажлаасаа гараад хот руу явж байгаа гэж байсан. Надад тухайн үед байрны хэрэг гарсан. Нэгэнт байр авах гэж байгаа юм чинь таньдаг хүнээс авъя гэж бодоод Н.той холбоо бариад байрыг нь авахаар тохиролцсон. Гэхдээ 2 жилийн дотор гэж ярилцаж байгаагүй. Тухайн үед байрны урьдчилгаа мөнгөө өгчих дараа нь зээлээ төлөөд явчих гэсэн зүйлийг хэлсэн. Би тухайн үед 1.300.000 төгрөгийн цалинтай байсан. Дээр нь 360.000 төгрөгийг тушаагаад амьдарч болох байсан. Зээлийн мөнгийг шууд дансанд нь шууд шилжүүлж төлж байсан. Ковидын 2 жил өнгөрөөд би өөрийн гэсэн ажилтай болоод 2024 оны 01 сард цалингийн зээл аваад байрны зээлээ хаах гээд 33.000.000 төгрөгийн зээлийг төрийн банкнаас зээл авсан. Тэгээд нэрээ шилжүүлж авах гээд байр зарсан 2 хувийг чи төлөх үү гэсэн чинь би яахаараа төлдөг юм чи өөрөө төлчих гэхээр нь хууль дээрээ зарж байгаа нь төлөх ёстой гэж заасан байгаа шүү дээ гэж хэлэхэд би наад мөнгийг чинь төлж чадахгүй гээд энэ маргаан үүссэн. Тэгээд би чамд байр зарахгүй. гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: ...сөрөг нэхэмжлэл өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 02 сарын 20-ны өдөр гаргасан. Хариуцагч, нэхэмжлэгч нар 2020 оны 10 сард маргаан бүхий байрыг урьдчилгаа 26.500.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 38.273.118 төгрөгийг үргэлжлүүлж төлөхөөр харилцан тохиролцож хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд 26.500.000 төгрөгийг 2020 оны 10 сард нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж нэхэмжлэгч нь тухайн байраа хүлээлгэж өгсөн байдлаар хэлцлийг хийж биет байдлаар хүлээж аваад биет байдлыг доголдолгүй хүлээж авсан нөхцөл байдал харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Энэ нь өөрөө хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Худалдах, худалдан авах өмчлөлийн болон үүргийн гэсэн 2 хэлцлээс бүрдэнэ. Эдгээр хүмүүсийн хооронд үүргийн хэлцэл үүссэн. Үүргийн хэлцэл гэдэг нь анх тохирсон үнээ хүсэл зоригоор хийгдсэн хэлцлээ хийгээд үүргээ гүйцэтгэсний дараа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангуулж өмчлөлийн хэлцлийн хэлцэл хийгдсэн байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл буюу амаар байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөрт тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нөгөө талаас нь харахаар нэхэмжлэгч тал анхнаасаа энэ гэрээ хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал харагдаж байгаа учраас талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж өгнө үү. гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай тал энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Энэ гэрээний үүрэг биелүүлээгүйтэйгээр холбоотойгоор гэрээний үүргээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 69.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнийгээ өөрчлөөд хүчин төгөлдөр хэлцэл юм гээд өнөөдөр өөрчлөөд оруулаад ирсэн. 69.000.000 төгрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж харж байна. Харин энэ хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл гэдэгт манай талаас маргах зүйл байхгүй. гэв.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Р.Н.н нэхэмжлэлтэй хариуцагч Б.М.д холбогдох Д....2 өрөө байрнаас Б.М. албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.М.н нь .... 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200, 323,347 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид гаргасан 483,390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч Р.Н. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид хоёрын хооронд хийгдсэн аман хэлцлийг хэн ч харсан ойлгомжтой. Би мэдээж хугацаагүйгээр 10 жилийн турш хүний өмнөөс зээлтэй амьдрахгүй нь ойлгомжтой. Тухайн үед хариуцагч өөрөө л 2 жилийн хугацаанд төлнө гэж хэлсэн. Тухайн үед маргаан бүхий байрыг түрээсэлж байхад орох оронгүй туслаач гэхээр нь л зарсан. Би энэ хүнийг өнөөдрийг хүртэл зээлээ бүтэхгүй байна гэхэд нь хүлээж л байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн би болж бүтэхгүй байгаа мэтээр яриад байгаа нь надад хэцүү байна. Олон жил хүнтэй маргалдаад 4 удаа шүүхээр явах нь хэцүү байна. Иймд одоо өөрийн байраа суллаж авмаар байна. Одоо энэ хүн өмнө нь дансанд маань мөнгө хийдэг байсан боловч сүүлийн 2 жил огт хийгээгүй. Ер нь хариуцагч өөрөө байрны зээлээ шийдэх ёстой. Тухайн байранд хариуцагч 4, 5 жил үнэгүй суусан. Гэтэл би хохироод байгааг ойлгохгүй байна. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би өнөөдөр энэ хүнд хувийн байдлаар өс хонзон бодож хандаагүй. Энэ бол зөвхөн санхүүгийн асуудал буюу өөрийнх хувийн зохицуулалттай нь холбоотой асуудал юм. Хариуцагч анхнаасаа аман хэлцлээ биелүүлсэн бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ зохигчдын хооронд .......... 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгөөр худалдах, худалдан авсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгч талаас 69,820,000 төгрөгийг гаргуулах тухай гэж тодорхойлсон. Гэтэл хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн болохыг тооцуулах гэж гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэртээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж бичсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үнэлж дүгнэхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Р.Н., Б.М. нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкны зээлийг төлж байхаар тохиролцсон нь тогтоогдсон гэж дурдсан. Гэтэл энэ талаарх тогтоогдсон гэх баримт нэг ч байхгүй. Энэ талаар бол талууд хоёр өөр байдлаар тайлбарладаг. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд төлбөрийг төлөхөөр тохиролцсон байсан гэж тайлбарладаг. Харин миний бие хариуцагч болон хариуцагчийн эхнэрийг гэрчээр оролцоход удаа дараа та нар гэрээний хугацаа тохирсон уу гэхэд гэрээний хугацааг тохироогүй. Бид нар банкнаас зээл авахаараа үлдэгдэл төлбөрийг барагдуулна гэж тайлбарладаг.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч Р.Н.н Төрийн банктай байгуулсан зээлийн үлдэгдлийг дуусах хүртэл хугацаанд дуусгана гэж тайлбарласан гэж үздэг. Гэтэл үүнийг бол хэн ч тайлбарлаагүй. Тухайн үед хариуцагчийн өмгөөлөгч наанаас нь тэгж хэл гэдэг. Би хугацааны талаар хариуцагч талаас удаа дараа асуухад та нар 2035 он хүртэл тохиролцсон буюу ипотекийн зээлийг дуусахад гэрээний үнэ өөр болоод явчихна. Учир нь шүүх гэрээний үнийг 69,000,000 төгрөг гэж тогтоосон байна. Хэрэв ипотекийн зээлийг дуусахаар гэж тохиролцсон бол дээрх үнийн дүнгээс хэд дахин илүү өндөр дүн гарна. Гэтэл ийм өндөр дүнгээр худалдан авахаар тохиролцсон зүйл байхгүй.

Үүнээс харахад талууд нэхэмжлэгчийн ипотекийн зээлийг хааж дуусах хүртэл гэсэн хугацааг тохироогүй байдаг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй гэж заасан. Талууд хоёулаа хугацааг тохироогүй байна. Тэгэхээр шаардах эрх нь Р.Н.д үүссэн байна. Мөн зүйлийн 208.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ 10 хоног өнгөрсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Талуудыг харахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзчихээд талууд нь ямар нэгэн байдлаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан харагдаад байна. Урьдчилгааг нь төлж үлдэгдлийг зээл аваад өгөхөөр харагдаж байгаа. Хэрэв зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасан тус гэрээг бичгээр байгуулагдсан байх ёстой. Хэрэв шүүх үүрэг хүлээлгэсэн хэлцэл байна гэж дүгнэж байгаа бол 2033 оныг хүртэл ийм графикаар харуулж гэрээ нь бичгээр байгуулагдсан байх ёстой боловч ийм ямар ч боломжгүй харагдаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тус зүйл заалтын аль хэсгийг үндэслээд хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй буюу үүнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ямар ч заалт байхгүй байна.

Мөн 2033 он хүртэл үүргийг хүлээлгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талууд анхнаасаа энэ нөхцөлөөр тохиролцоогүй. Хариуцагч тал зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлөх байсан талаар өөрөө шүүх хурал дээр тайлбарладаг. Хэрэв шүүхийн дүгнэснээр 2033 он хүртэл төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнэж байгаа юм бол Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-т 202.2.2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл яг бичгээр байгуулагдсан хэлцэл байхгүй. Ийм учраас бид хүчин төгөлдөр бус эсэхэд маргаагүй. Үүнээс харахад талууд анхнаасаа хугацаа тогтоогоогүй. Мөн энэ хугацааны зээлийг төлөх үүрэг хүлээлгэсэн бол хариуцагчийн тайлбарласнаар 64,113,650 төгрөгөөр худалдсан нь тогтоогдохгүй. Харин сар бүр 360,000 төгрөг төлөх үүргийг 2033 он хүртэл төлөхөөр хүлээлгэсэн бол үнийн дүн нь өөрөө зөрүүтэй байна.

Гэтэл шүүхээс яг ямар баримтыг үндэслээд ипотекийн зээлийг 2033 он хүртэл төлөх үүргийг хүлээлгэсэн нь тодорхой бус байна. Иймд давж заалдах гомдол болох

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2025/00119 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

8.Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд хугацааны хувьд маргадаг. Тухайн хугацааны хувьд маргаж байгаа үйл баримт нь хариуцагчийн тайлбарласнаа тэр үед нэхэмжлэгч нь надад 26,500,000 төгрөгийн урьдчилгаа өгчих тэгээд үлдэгдэл ипотекийн зээлийг төлөөд явж бай гэхэд хариуцагч би 2033 он хүртэл мэдээж урт хугацаатай байна. Ийм учраас боломж байвал наана нь дуусгана гэдэг байдлыг ярьсан гэж шүүх хуралдаанд гаргадаг. Хариуцагч үүний дагуу урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид өгсөн.

Нэхэмжлэгч тал гомдолдоо мөн сөрөг нэхэмжлэлийг шүүх дүгнэхдээ зөвхөн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал үүнийг зөрчсөн гэж дурдсан байсан. Үүнтэй холбогдуулан тайлбар гаргахад миний зүгээс тус хэрэгт 2025 оны 02 дугаар сард өмгөөлөгчөөр оролцож эхлэхдээ хариуцагчийн өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийг өөрчилсөн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд хүчин төгөлдөрт тооцуулъя, харин 69,820,000 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна гэх шаардлагыг гаргасан байдаг.

Дараа нь шүүх хуралдааны явцад миний бие өмгөөлөгчийн зүгээс бодохдоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргах нь ач холбогдолгүй юм байна гэж үзэж өөрчилж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан. Учир нь нэхэмжлэгч талаас нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр хэлцэл гэж тодорхойлж байгаа учраас ач холбогдолгүй гэж үзсэн.

Хугацааны хувьд нэхэмжлэгч талаас 2 жилийн хугацааг тогтоосон гэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2 жилийг хугацаа тогтоосон нь тогтоогддоггүй. Учир нь анх тухайн хэлцэл 2021, 2022 онд аман хэлцэл хийгдсэн байдаг. Тэгэхээр 2022 онд тухайн хугацаа дуусаж байгаа. Тухайн үед энэ 2 жилийн хугацаа дууссан бол нэхэмжлэгч Р.Н.нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар хариуцагчийг энэ үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэж гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдэл хүргэх буюу Б.М.д хэлэх байсан. Гэтэл үүнтэй холбоотой баримт хэрэгт байдаггүй. Тэгэхээр үүнээс харахад тухайн хэлцэл нь 2 жилийн хугацаанд байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч тал энэ талаар нотлоогүй. Ийм учраас шүүхээс хуульд заасан дүгнэлтийг хийсэн байдаг.

Хариуцагч ярихдаа манай эхнэр гэрчилнэ гэж гэрчээр эхнэр О.ыг оролцуулсан. Эхнэр нь хугацааны асуудлын талаарх үйл баримтыг гэрчилдэг. Мөн нөгөө талаас нэг гэрчийг оролцуулсан байдаг боловч нэхэмжлэгч, хариуцагч талын энэ хоёр гэрч нь дамжмал нотлох баримтыг ярьдаг. Түүнээс яг тухайн үйл явдал болоход хажууд нь сонсоогүй. Харин маргаан үүссэний дараас өөр, өөрсдөөс нь дам сонссон гэрч нар байдаг. Тэгэхээр гэрч нарын мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй буюу яг тухайн үйл баримтыг нотолж чадахгүй гэж үзэж байгаа.

Мөн нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээ бол бичгээр байгуулах байсан гэж байна. Гэтэл энэ харилцаа бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах хэлцэл буюу тухайн хэлцэл нь үүргийн болон өмчийн хэлцэл хөндөгдөнө. Тэгэхээр эхний хэлцэл буюу үүргийн хэлцэл дууссаны дараа өмчийн хэлцэл буюу шаардлага хангуулах ажиллагаа явагдана. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцэл үүссэн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хугацаа тогтоогоогүй хэлцэл буюу шаардсанаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргах байсан гэж байна. Гэтэл тухайн хоногийг тоолох юм бол хамгийн сүүлийн төлөлт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн байдаг. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн төлөлт хийгээд хариуцагчийг үүрэг зөрчсөн гэж үзээд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж 10 хоног гэж тоолоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ гаргасан өдөр 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байдаг. Тэгэхээр үүнээс хугацаагаа тоолохоор 10 хоног нь дуусаагүй буюу шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь үүсээгүй байхад 8 дахь хоног дээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ нөхцөл байдал харагддаг.

Иймд анхан шатны шүүхээс хууль ёсны шийдвэрийг гаргаж шүүгч зөв дүгнэлт хийгдсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.Н., түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нараас гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:

1.Нэхэмжлэгч Р.Н.нь хариуцагч Б.М.д холбогдуулан .... 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33,079,470.04 төгрөг буюу орон сууцыг 52 сар хөлслөх төлбөр 27,418,685 төгрөг, 2022 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл банк-нд төлсөн зээлийн хүү 5,260,785.04 төгрөг, орон сууцны зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгосон хөлс 400,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага/2хх46-47/-аа тодорхойлсон.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М. эс зөвшөөрч ...2020 оны 10 сард Н.той холбоо бариад байрыг авахаар тохирч, байрны урьдчилгаа мөнгөө өгчих дараа нь зээлээ төлөөд явчих гэж хэлсэн, зээлийн төлөлтийг сар бүр хийж байсан, 2024 оны 1 сард 33,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад байрны үлдэх төлбөрийг төлж, нэрээ шилжүүлж авах гэсэн боловч байр зарсан 2 хувийг төлөхгүй, төлж чадахгүй, чамд байраа зарахгүй гээд шүүхэд хандана гэсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар, татгалзал /1хх 24-26х/-ыг гаргаж,

хэргийг хянан шийдвэрлэх явцад Р.Н.д холбогдуулан ...зохигчдын хооронд хийгдсэн ..........2 өрөө байрыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, байрны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, байрны гэрчилгээг өмчлөгч Б.М.ы нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэ шаардлагыг ...Б.М.н, Р.Н. нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Р.Н.с хохиролд 69,820,000 төгрөг гаргуулах/1хх146/ гэж мөн ...орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, 69,820,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна/2хх128/ гэж тус тус өөрчилсөн ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагч Б.М.н сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзжээ./2хх127-128, 181/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Р.Н...зөвшөөрөхгүй, Б.М.ны нэхэмжилж буй 65,644,000/1хх104-105/ төгрөг үндэслэлгүй, Б.М. урьдчилгаа өгч, 2 жилийн хугацаанд миний дансанд сар бүр 1,000,000 төгрөг хийж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохирсон ч энэ дүнгээр хийгээгүй, манай тал гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэдэгт маргах зүйл байхгүй гэсэн агуулга бүхий тайлбар, татгалзал гаргасан.

2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Р.Н.н нэхэмжлэлтэй хариуцагч Б.М.д холбогдох .... 2 өрөө байрнаас Б.М.г албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33,079,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.М. нь .2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэснийг,

нэхэмжлэгч Р.Н. эс зөвшөөрч ...хариуцагч сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн байхад зөвхөн шаардлагын хүрээнд үнэлж, дүгнэхийг зөрчсөн, хариуцагч орон сууцны зээлийг 2 жилийн хугацаанд төлөх үүргээ зөрчсөн талаар шүүх үндэслэлгүй дүгнэсэн, хариуцагч байрны үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байхад үүргээ зөрчөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 249 р зүйлийн аль хэсгийг үндэслэл болгон хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, 2033 он хүртэл зээлийг төлөх үүрэг хүлээлгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах худалдан авах үүргийн хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь зөв боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулаагүй, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнээгүй мөн гэрээний үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон бусад өөрчлөлтийг оруулах нь зүйтэй юм.

Зохигчийн хооронд хийсэн, орон сууц худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр байх тул хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх бөгөөд маргаан гарснаас хойш хугацааны ипотекийн зээлийн үлдэх төлбөр, нэхэмжлэгч Р.Н. банкны зээлийн хүүг 2024 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 5 сар хүртэл төлсөн болон хариуцагч орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх санал гаргасан хугацаа, нэхэмжлэгч саналыг хүлээж авалгүй шүүхэд хандсан зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаараагүй байна.

4.Нэхэмжлэгч Р.Н., Б.М.нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-нд /урьдчилгаа мөнгө шилжүүлсэн баримт /2хх152х/ хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр, орон сууцны зээлийн үлдэх төлбөрийг төлж дуусгахаар гэрээний үндсэн үүргийг тодорхойлсон.

Тухайлбал ...2 өрөө орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, нэхэмжлэгч Р.Н.н нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байх ба талууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг сууцыг мкв-ыг 1,250,000 төгрөгөөр тооцож 65,088,000 төгрөгөөр /1хх24-25х/ худалдах, худалдан авахаар, худалдан авагч Б.М. урьдчилгаанд 26,500,000 төгрөг болон ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг, худалдагч талын банкны данс руу шилжүүлэн төлж дуусгах, өмнөх түрээслэгчийн төлсөн 2 сарын төлбөр 1,000,000 төгрөгийг түүнд өгөхөөр талууд харилцан тохирч, хариуцагч тухайн орон сууцанд орж, амьдарсан.

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл/1хх34-43, 44-65, 2хх154-159,60/ нэхэмжлэгчийн ипотекийн зээлийн сар бүрийн төлөлт/360,000 төгрөг, нийт 14,335,000 төгрөг/-ийг төлж байсан ба худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр уг орон сууцанд орж, хууль ёсоор амьдрах хугацаанд зохих засвар үйлчилгээг хийж, засан сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Худалдах, худалдан авах гэрээ нь хариу төлбөртэйгөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлдэг ба энэхүү маргааны тухайд талууд харилцан тохирсны дагуу нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж өгсөн, хариуцагч төлбөр төлөх үүргийнхээ дагуу урьдчилгаа болон банкны ипотекийн зээлийн үлдэх төлбөрийг 3 жил 2 сарын хугацаанд төлсөн, үлдэх төлбөрийг 2024 оны 1 сард авсан цалингийн зээл 33,000,000 төгрөгт үндэслэн төлж дуусгах саналыг худалдагч талд тавьсан байх боловч нэхэмжлэгч Р.Н.өөрийн төлөх үүрэг бүхий үл хөдлөх хөрөнгийг борлуулсны татвар 2 хувийг төлөхгүй үндэслэлээр орон сууцыг зарахгүй гэж уг саналаас татгалзсан зэрэг нөхцөл байдал нь түүний банкин дахь зээлийн хүүг төлж эхэлсэн болон шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан хугацаа, хариуцагчийн тайлбар, хариуцагчийн төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

Эндээс дүгнэвэл хариуцагч төлбөр төлж дуусах хугацаанд төлбөрийг дуусгаагүй ч гэрээний үндсэн үүрэг болох төлбөрийг зохих ёсоор төлж байсан, нэхэмжлэгч, хариуцагчийн хугацаа хэтрүүлэн төлсөн төлбөрийг тухай бүрд хүлээн авч, өөрийн ипотекийн зээл төлөх үүргээ биелүүлж байсан зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах шаардах эрхийг үүсгэсэн байна. Гэвч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа/2024-03-05/-нд хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

Тиймээс гэрээнд заасан үндсэн үүрэг болон дээр дурдсан зөрчлөөс үүсэх үр дагаврыг тодорхойлж, тооцож үзвэл хариуцагч маргаан үүсэх үед худалдан авагч талд эд хөрөнгийн үнийн 3/2-ыг төлж барагдуулсан байдал, хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сард цалингийн зээлд 33,000,000 төгрөгийг авч төлбөрийг бүрэн төлөх санал тавихад нэхэмжлэгч хүлээж авалгүй шүүхэд хандсан зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байх тул талуудын тохиролцоонд үндэслэн мөн тэдгээрийн ашиг сонирхлыг харгалзан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг дангаар цуцлах эрхгүй учир нэхэмжлэгч Р.Н.г гэрээнээс татгалзах эрхгүй харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.М.с хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Гэхдээ нэхэмжлэгч Р.Н.н ...2022 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл банк-нд төлсөн зээлийн хүү 5,260,785.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь хариуцагч Б.М.н 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээл төлөлтийг нэхэмжлэгчийн харилцах данс руу шилжүүлж байсан нь баримт /1хх34-65, 2хх152-160/-аар тогтоогдсон ба нэхэмжлэгчийн төлөх ипотекийн зээлийн үлдэгдэл 30,956,631.98 төгрөг/2хх70/ мөн нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэж тооцвол /2хх143/ нийт 2,208,506.02 төгрөгийг зээлийн хүү-д төлжээ.

Тиймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан зэргээс хамааран талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн хэлцэлтэй холбоотой цаашид худалдагч тал гэрээний үлдэгдэл төлбөр төлөх, өмчийн хэлцэл хуульд заасны дагуу хийгдэх асуудлыг тус тус энэ маргаантай хамтатган, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй болно.

Иймд хариуцагч Б.М.с байрны үнээс төлөөгүй 30,956,631.98 төгрөг, хохирол буюу нэхэмжлэгчийн төлсөн зээлийн хүү 2,208,506.02 төгрөг, нийт 33,165,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Н.д олгохоор, төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Н.н ...төлсөн зээлийн хүү 5,260,785.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж буюу 2,208,506.02 төгрөгийг, ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 30,956,631.98 төгрөг, нийт 33,165,138 төгрөгийг хариуцагч Б.М.с гаргуулж нэхэмжлэгчид олгож,

нэхэмжлэлийн бусад шаардлага болох 30,870,964.02 төгрөг буюу орон сууцыг 52 сар хөлслөх төлбөр 27,418,685 төгрөг, 2022 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл банк-нд төлсөн зээлийн хүү 3,052,279.02 төгрөг, орон сууцны зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгосон хөлс 400,000 төгрөгийг гаргуулах,

.2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах гэснийг хэрэгсэхгүй болгож,

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлаагүй дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул

2 дахь заалтыг Хариуцагч Б.М. нь ....2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгч Р.Н.с 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.М.н 33,165,138 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Р.Н. нэр дээрх Үл хөдлөх хөрөнгийн . дугаар гэрчилгээний дугаартай, Ү-. дугаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй, ....тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.М.ны нэр дээр шилжүүлж, зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,060.91 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 507,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 2,208,506,02 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 50,286.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж,

улсын орлогоос нэхэмжлэгчийн гомдол гаргахад төлсөн 393,547 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2025/00119 дугаартай шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Н....төлсөн зээлийн хүү 5,260,785.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж буюу 2,208,506.02 төгрөгийг, ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 30,956,631.98 төгрөг, нийт 33,165,138 төгрөгийг хариуцагч Б.М.с гаргуулж нэхэмжлэгч Р.Нямдоржид олгож,

нэхэмжлэлийн бусад шаардлага болох 30,870,964.02 төгрөг буюу орон сууцыг 52 сар хөлслөх төлбөр 27,418,685 төгрөг, 2022 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл банк-нд төлсөн зээлийн хүү 3,052,279.02 төгрөг, орон сууцны зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгосон хөлс 400,000 төгрөгийг гаргуулах,

.... 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн үлдэх хохирол 30,870,0964.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай, гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.М. нь .... 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгч Р.Н.с 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.М. 33,165,138 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Р.Н. өөрийн нэр дээрх Үл хөдлөх хөрөнгийн .... дугаар гэрчилгээний дугаартай, .... дугаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй, ...тоот орон сууцыг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг хариуцагч Б.М.д шилжүүлж өгөхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,060.91 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 507,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 2,208,506,02 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 50,286.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, 3, 4 дүгээр дугаарыг 5, 6 гэж дугаарлан, гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,547 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               А.САЙНТӨГС

 

                           ШҮҮГЧ                Б.НАРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА