| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/01590/И |
| Дугаар | 210/МА2025/00970 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00970
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01173 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний доголдолд 13,229,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 15-ны өдөр машин худалдан авахаар судалж байгаад *******ийн эзэмшлийн Лексус LX570 маркийн автомашиныг худалдаж авахаар ББСБ-д зээлээ судлуулсан.
1.2. Тухайн үед ******* нь машинд ямар нэгэн доголдол байхгүй, хажуу хаалга, ард купер л будагтай өөр асуудал байхгүй гэсэн учир би маргааш нь буюу 2023 оны 02 сарын 16-ны өдөр автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болох 25,800,000 төгрөгийг бэлнээр нь *******ийн дансанд хийж, үлдэгдэл төлбөрийг ******* ХХК-тай 2023 оны 02 сарын 16-ны өдөр №3Г/20020243 дугаар Зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, сарын 2.5 хувийн хүүтэй, 103,200,000 төгрөгийн зээл авч төлбөрийг бүрэн төлсөн.
1.3. Худалдаж авсны дараа 2023 оны 02 сарын 18-ны өдөр хөдөө явах гээд автомашиныг машин угаалгын газар оруулахад, гэмтэл гарч ирсэн тул авто засварын газар оношилгоо хийлгэсэн. Гэтэл тухайн автомашин нь унасан машин байсан ба хянах дээр байх ёстой аваарын дэрний зураг түлхүүр түлгэхэд гарч ирэхгүй, аваарын дэрний гэрэл дээр хар лентээр наасан байсан.
1.4. Мөн Засварын газраас аваарын дэр, машин маш хүчтэй мөргүүлсэн, хөрвөсөн тохиолдолд задардаг эд, мөн бусад бүх хэсэгтээ будаг орсон байна, сайн анзаарч харвал өнгө нь зөрүүтэй, муу будгаар будсан, будаг нь урссан мөн кузовын замаск нь цуурсан байна. Хэсэг, хэсгээр нь будагт оруулж болохгүй, заавал бүтэн будагт оруулна гэсэн. Хариуцагчид энэ талаар хэлэхэд 3,000,000 төгрөг өгвөл өгнө, өөр бол чадахгүй гээд 3,000,000 төгрөгийг өгсөн, тэр явдаг газраараа явна биз гээд утсаа тасалсан.
1.5. Худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв мэдээллийг худалдагч тал өгөх үүрэгтэй ба хариуцагч нь анхнаасаа унаж осол аваарт орж байсан мөн их биед бүтэн замаск орсон талаар мэдээллийг нуун дарагдуулж эд хөрөнгийг худалдсан байна. Нэхэмжлэгч нь ******* ХХК-аар авто завсар их биеийн засвар хийлгэх болсон бөгөөд одоогоор гарах нийт төсөв буюу зардал 12,000,000 төгрөг болж байна.
1.6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйл 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг, буюу доголдолгүй тухай төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлыг төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 253 дугаар зүйл 253.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухай төрлийн жил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчийн шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Иймд хариуцагч *******, ******* нараас худалдсан эд хөрөнгийн доголдолд 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:
2.1. 2023 оны 02 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь холбогдож, миний тавьсан зарын дагуу Лексус LX570 маркийн автомашиныг сонирхож байна зээлийг нь шийдээд өгөх боломжтой юу гэхэд нь эхлээд машинаа үзчих тэгээд наймаагаа ярья гэж хэлсэн.
2.2. Хариуцагч нь эд хөрөнгийн бодит байдлыг зориуд нуун далдлах үйлдэл хийгээгүй буюу 2023 оны 02 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 4.2-д худалдан авагч нь тухайн тээврийн хэрэгслийг шалгаж авах үүрэг хүлээсэн буюу 2023 оны 02 сарын 15-ны шөнө болон 2023 оны 02 сарын 16-ны өглөө хоёр удаа шалгаж, унаж үзсэн.
2.3. Тухайн үед эд хөрөнгийн доголдолгүй гэдгийг нь шалгуулж, өөрөө хүлээн зөвшөөрч авсан, хариуцагчийн зүгээс ойр зуурын засвар орох үнийг хасаад 129,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг машиныг хүлээн авснаас гурван хоногийн дараа ******* нь гаднах хэрэглээний сэвд 3,000,000 төгрөг нэмээд өгчих, гэхэд нь машин хүлээлгэн засварын үнийг хасаад өгсөн талаар хэлж, ярилцаж байгаад 3,000,000 төгрөг шилжүүлсэн.
2.4. Тухайн автомашиныг ******* ХХК нь эвдрэл гэмтэлтэй эсэхийг шалгаж түүнийг үндэслэн тухайн автомашины 80 хувийн үнийн дүн дээр автомашиныг барьцаалсан зээл олгосон. Автомашиныг 1 сарын хугацаанд нэхэмжлэгч унасан, унаж байх хугацаанд ямар гэмтэл учруулсныг мэдэх боломжгүй ба нэхэмжлэгч нь шалгаж хүлээн авчхаад үндэслэлгүй мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч *******эс 2,040,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,189,500 төгрөгийг болон хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 47,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******гөөс 400,000 төгрөг, хариуцагч *******эс 400,000 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-ийн Төрийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагч *******эс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг үндэслэн 2,040,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа хариуцагчаас шинэ машин худалдаж аваагүй, будгийн ажил тодорхой хэмжээгээр орох шаардлагатай байсан гэдэг дээр огт маргаагүй.
4.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч *******өөс машиныг шилжүүлэн бүх зүйлийг шалган үзэж авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаагүй зүйл дээр дүгнэлт хийлгүйгээр эд хөрөнгийн доголдолтой машин шилжүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч *******гийн зүгээс 2023 оны 02 сарын 15-ны өдөр *******өөс Лексус LX570 маркийн автомашиныг 129,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагчийн зүгээс дээрх машиныг баруун талын хойд хаалга гажаатай, урд купер будагтай зэргээс өөр асуудалгүй гэж хэлж машиныг худалдсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа машиныг угаалгахад тус машины бүх бие хэсэгт будагтай мөн дээврийн замаск нь цуурсан байдалтай байсан учир автомашины засварын газар орж үзүүлэхэд тус машин нь бүрэн замаск тавьж будсан байна гэсэн.
5.2. Хариуцагчийн зүгээс анхнаасаа доголдлыг мэдэж байсан гэх болов ч эд хөрөнгийг худалдсанаас хойш мөнгө шилжүүлж байгаа үйл баримт нь тус эд хөрөнгийн үнэ, бодит байдлыг нуун дарагдуулж худалдан авагч талд худал мэдээлэл өгсөн болохыг нотолж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс зах зээлийн үнэ ханшаар дээрх эд хөрөнгийг худалдсан гэх боловч шинжээчийн дүгнэлтээр тус эд хөрөнгийн үнэ нь 104,800,000 төгрөг болохыг тогтоож эд хөрөнгө бүхэлдээ замаск хийж, будганд орсон болохыг тогтоосон.
5.3. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн үнэлгээг үндэслэж 9,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан. ******* ХХК-ийн үнийн дүнг үндэслэл бүхий болсон эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргасан.
5.4. Түүнчлэн нэхэмжлэгч Доктор автомашины засварын төвөөр 2023 оны 04 сарын 08-ны өдөр явах эд ангид үзлэг оношилгоо хийлгэхэд машины сэнс нь ажиллахгүй байсныг сольж, зохих ёсны засвар үйлчилгээ хийлгэхэд 4,229,500 төгрөгийн зардал гаргах талаарх баримтыг 2025 оны 01 сарын 25-ны өдөр шүүхэд гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үгүйсгэж нотлох баримт ирүүлээгүй.
Иймд Давж заалдах шатны шүүх гомдол заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж авч үздэг учир нэмэгдүүлсэн шаардлагыг хянаж үзэхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 13,229,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Хариуцагч өмчлөлийн *******ийн тээврийн хэрэгслийг 2023 оны 01 сарын 09-ний өдрийн бүртгэлийн №0022 дугаартай итгэмжлэлээр *******эс *******т Тээврийн хэрэгслийг худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон;
3.2. ******* нь хариуцагч *******тэй 2023 оны 02 сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Лексус LX570 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 129,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон;
3.3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 сарын 16-ны өдөр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, дээрх автомашин худалдан авах зориулалтаар 103,200,000 төгрөгийг 2023 оны 02 сарын 16-ны өдрөөс 2028 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Лексус LX570 маркийн ******* улсын дугаартай хар өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон;
3.4. Хариуцагч ******* нь 2023 оны 02 сарын 20-ны өдөр автомашиныг засварт зориулж 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, мөн уг хэлцэл нь хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
5. Маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой нэхэмжлэгч нь *******т мэдэгдэж байсан, хариуцагч ******* нь уг доголдлыг засварлахад зориулж 3,000,000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
5.1. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг худалдах авахдаа биет байдлын доголдлыг мэдэх боломжтой байсан гэж маргах боловч уг доголдлыг мэдэх боломжтой байсан гэсэн татгалзал үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь автомашиныг гадна сэв зураасыг мэдэх боломжтой ба харин автомашин осолд орж, онхолдож байсан талаар мэдэх боломжгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдагч шаардах эрхээ алдах зохицуулалтад хамаарахгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээч ******* ХХК-ийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн №136 тоот дүгнэлтэд автомашины байдалтай танилцах үед зүүн урд талын хаалга гажсан, урд куперийн будаг халцарсан, дээврийн замаск цуурсан, баруун хойд хаалга гажсан, их биеийн бусад деталиудын будаг халцарч зурагдсанаар доод замаск ил гарсан, будаг арзайсан, багажийн хаалга гажсан баруун толины дохионы гэрлийн бүрхүүл хагарсан, багажийн хаалганы гэрлийн ирмэг хугарсан байдалтай байв., Уг тээврийн хэрэгсэл бүтэн будганд орсон байна. ******* улсын дугаартай Лексус ЛХ570 маркийн суудлын зориулалттай машины доголдлын үнэлгээ 5,040,000 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээг тогтоожээ.
5.3. Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5,040,000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,040,000 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 11,189,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.
6. Хариуцагч нарын төлөөлөгч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаагүй зүйл дээр дүгнэлт хийлгүйгээр хөрөнгийн доголдолтой машин шилжүүлсэн гэж үзсэн гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй дүгнэлт өгч, маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл нь доголдолтой талаар үйл баримтыг зөв тогтоосон байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР