Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1314

 

 

 

 

 

  2019         08         22                                         2019/ШЦТ/1314

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Г холбогдох 1906 04074 1691 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

              Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бялдаржуулах багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 13б байрны 6 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Хын Г /РД:..................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Г нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бийг хавирч унаган улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед КТМС-ийн хажууд саравчинд сууж 2.5 литрийн Боргиог ганцаараа уучихаад гэр лүүгээ алхаад харьж явсан юм. Харих замдаа дүү болох Шинэгэрэл рүү залгаж ахыгаа ирээд авчих гэж хэлээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн өгсдөг замаар дүүгээ урдаас нь тосох гээд алхаж явсан юм. Эрдэм хотхоны хажууд ирэхэд нэг үл таних залуу машинаасаа бууж ирээд намайг үүрээд шидсэн юм. Би газар унахдаа замын хажууд байх блокон хашааг мөргөж унасан, толгойноос цус асгарч байсан. Тэгээд би газраас босоод толгойноос цус гарч байхаар нь сууж байтал тэр залуу “наадах чинь юу ч биш” гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх.4-5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Шийн өгсөн: “... 2019 оны 07 сарын 10-ны өдөр 18 цаг 43 минутанд найз залуу болох Тийн Эны хамт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх рүү өгсдөг замын хажууд байрлах орон сууцнуудын дунд алхаж явсан. Тэр үед ах болох Б над руу залган “ах нь КТМС-с дээшээ өгсөж байна” гэсэн юм. Хойшоогоо харсан чинь ах араас алхаж байгаа харагдсан. Тэгээд 1 минут орчмын дараа хойно хүн орилохоор нь хартал ах газар хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг тарган залуу зогсож байсан. Тэгээд очиж тэр залуугаас яасан, юу болсон талаар асуухад “танай ах чинь их соёлгүй, манай авгай руу дайраад байсан, мөн миний араас өшиглөсөн, тэгэхээр нь би барьж аваад зодсон” гэсэн, тэгээд би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “дууд, дууд” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бийн өгсөн: “... манай нөхөр буцаж очоод цамцнаас нь татаад баруун хөлөөрөө хавираад унагасан...” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аийн өгсөн: “... Х.Г гэх залуу тухайн үед эхнэр хүүхэдтэйгээ зам гарч явахдаа араас явж байсан залуутай маргалдаад хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 8574 дугаартай:

“1. Д.Бийн биед дагзны зүүн хэсэгт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Гын яллагдагчаар өгсөн: “... намайг хоёр гараараа цамцнаас бариад боох гэж оролдохоор нь би гарыг нь татаад биеэ зайлуулахад тэр залуу хоёр гурав алхаж байгаад газар унахдаа блокон хашаа мөргөж унасан. Д.Бийн толгойноос нь цус гарсан байдалтай толгойгоо бариад сууж байсан... Д.Б гэх залуу намайг болон манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан болохоор маргалдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Гнь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бийг хавирч унаган улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бийн өгсөн: “... Эрдэм хотхоны хажууд ирэхэд нэг үл таних залуу машинаасаа бууж ирээд намайг үүрээд шидсэн юм. Би газар унахдаа замын хажууд байх блокон хашааг мөргөж унасан, толгойноос цус асгарч байсан...” гэх мэдүүлэг. /хх.4-5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Шийн өгсөн: “... Тэгээд 1 минут орчмын дараа хойно хүн орилхоор нь хартал ах газар хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг тарган залуу зогсож байсан. Тэгээд очиж тэр залуугаас яасан юу болсон талаар асуухад “танай ах чинь их соёлгүй, манай авгай руу дайраад байсан, мөн миний араас өшиглөсөн, тэгэхээр нь би барьж аваад зодсон” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бийн өгсөн: “... манай нөхөр буцаж очоод цамцнаас нь татаад баруун хөлөөрөө хавираад унагасан...” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аийн өгсөн: “... Х.Г гэх залуу тухайн үед эхнэр хүүхэдтэйгээ зам гарч явахдаа араас явж байсан залуутай маргалдаад хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 8574 дугаартай:

“1. Д.Бийн биед дагзны зүүн хэсэгт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсоно гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Гын яллагдагчаар өгсөн: “... намайг хоёр гараараа цамцнаас бариад боох гэж оролдохоор нь би гарыг нь татаад биеэ зайлуулахад тэр залуу хоёр гурав алхаж байгаад газар унахдаа блокон хашаа мөргөж унасан. Д.Бийн толгойноос нь цус гарсан байдалтай толгойгоо бариад сууж байсан... Д.Б гэх залуу намайг болон манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан болохоор маргалдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Х.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Х.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Г эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Г оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. И овогт Хын Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Г оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Г сануулсугай.

          5. Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Х хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР