Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2025/00013

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Г.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;  

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 308/ШШ2025/00175 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: * нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 288,022,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэ, түүний өмгөөлөгч Г.Сувданбилэг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч Г.Э нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “1.1.И ХХК-иас хоёр орон сууц авахаар болж тохиролцон 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 39 тоот дугаартай гэрээний байрны үнэ 88,536,000 төгрөг, 40 дугаартай гэрээний дагуу 103,479,000 төгрөг буюу нийт 192,015,000 төгрөгийг анх гэрээ байгуулсан өдөр төлсөн.

1.2.Харин миний бартерт тооцож өгсөн автомашины зах зээлийн үнэ 280,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө байсан ба А.Т уг автомашиныг 260,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой,А.Т зарж борлуулсан байсан.

1.2.Анх гэрээ байгуулахдаа алданги тооцохоор гэрээ байгуулсан ба тухайн гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж орон сууцыг хүлээлгэж өгөхөөр байсан. Би энэ хугацаанаас хойш гэрээний дагуу алдангийг тооцсон. Өөрөөр хэлбэл 39 тоот гэрээнд бол алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээний алданги 155,218,500 төгрөг болсон. Би нөгөө талын тавьсан гэрээний графикийн дагуу явсан. Гэрээнд хоногийн ашиглалтад ороогүй хугацаанаас гэрээний үүрэг нь хэрвээ зөрчигдвөл зөрчсөн тал хоногийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан учраас дээрх алданги болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 288,022,500 төгрөгийг нэхэмжилж байгаа.

1.3.Ер нь бол миний хувьд Дорноговь аймагт хамаатны хүндээ машинаа зарах сонирхолтой байсан. Бид хоёрын хувьд машин зарах урьдчилгаа мөнгөн дээр тохироогүй байсан.

Тэр үед мөн тухайн үед Улаанбаатар хотод байхдаа А.Т гэх залуутай утсаар холбогдсон байсан. Тэгэхэд А.Т нь ахаа би байшин барьж байгаа та ирээд машинаа үзүүлээч гэсэн. Үүний ч дагуу би ирж байшинг нь үзсэн. Миний хувьд урьд нь байшин барилга барьж байсан хүний хувьд А.Тыг миний машиныг зараад мөнгийг нь хэрэглээд энэ байшингаа цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа юм байна гэдгийг бол ойлгосон.

Тэгээд залуу хүнийх нь хувьд дэмжье гэж бодсон. Хоёрдугаарт миний ажил хөдөө байдаг учраас ажлын шаардлагаар муу машин унах боломжгүй. Өөрөөр хэлбэл машинаа тоноглодог байсан учраас сайн машин байсан. Тэгээд бид уулзаж машинаа үзэж хараад А.Т надад 2 байр байгаа хоёулаа үнэ ханшийг нь тохиролцъё гэсэн.

Тухайн үед А.Т байшингаа бусад хүмүүст худалдаалахдаа мкв 1,200,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгөөр захиалга авсан юм шиг байсан. Гэхдээ би залуу хүний хувьд, машинаа өгч байгаагийн хувьд мкв 1,700,000 төгрөгөөр тохиролцъё гэж хэлээд тохиролцсон. ...би хамаатны хүндээ урьдчилгаа өгөөд зарах боломжтой байсан.” гэжээ.

2.Хариуцагч И ХХК хариу тайлбартаа: “...2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр үед өмгөөлөгч аваагүй, нарийн зүйл мэдэхгүй байх үедээ хариу тайлбараа гаргасан байдаг. Одоо бол өөрөө биечлэн шүүх хуралдаанд оролцож буюу хууль зүйн туслалцаа авч байгаагийн хувьд энэ үнийн дүн хэт өндрөөр үнэлэгдсэн, нийцээгүй байна гэдэг байр суурьтай байгаа.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв алданги тооцох байсан бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж байгаа. Тэгэхээр би 85 хувьтай гүйцэтгэсэн барилгад гүйцэтгээгүй 15 хувьд яагаад алданги тооцож болохгүй байгаа юм бэ. Ковид цар тахал гарсан байх үед манай барилгын ажил эхлээд захиалагч нартай гэрээ байгуулж явсан. ... ажлын хөлс болон бусад зардлууд нэмэгдэнэ гэж тооцоолоогүйгээр байрны мкв үнийг гаргаж байрнуудад захиалга авсан барилгын материалын үнэ өссөнөөс болж ажил гүйцэтгэх компани барилгыг ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдалд орсон. ...Монголын барилгачдын холбоо...барилгад оролцох нийт 84 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ анх тооцоолсон үнээс дараа жил гэхэд 1,5-2,5 хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн гэдэг тодорхойлолт гаргасан....Худалдаа аж үйлдвэрийн танхим...давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдал бий болсон гэж тодорхойлолт гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт хэрэв ажил гүйцэтгэгч талын буруутай шалтгаан бус хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон бол алдангийг тооцохгүй гэж заасан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн машиныг өгөөд 2 байр худалдаж авах гэрээ хийсэн байдаг. Дээрх гэрээг байгуулсан хариуцагч компанийн захирлын хувьд үнийн дүнгийн судалгаа хийлгүйгээр машиныг унах гэж нэхэмжлэгчээс аваад тэгээд унах явцад эвдрэлтэй буюу хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй байсан учраас цааш нь Цэргийнхүүд зарсан... машины үнэ 140,000,000 төгрөгийн үнэтэй буюу 2 өрөө байрыг авах хэмжээнд хүрэхээргүй. Хэрэв нэхэмжлэгч тал энэ гэрээг цуцалъя энэ 2 өрөө байрыг авахгүй гэдэг шаардлага гаргавал бид нар 140,000,000 төгрөгийн машиныг буцаагаад өгөхөд татгалзахгүй буюу 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар И ХХК-иас 70,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уугантуяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уугантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 512,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уугантуяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сийн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сийн өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах гомдолд дурдагдсанаар тухайн үед бол хүн нөхцөл байдал бий болсон юм. Энэхүү хүнд нөхцөл байдал нь өөрөө улс төрийн шийдвэр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талуудын аль аль нь урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу бараа материалын үнэ нэмэгдэж, барилгын ажил гүйцэтгэх ажлыг зогсоох хэмжээнд хүрсэн. Мөн нэхэмжлэгч Г.Эын зүгээс машиныг бартерт өгч байр авахаар орон сууцын гэрээ байгуулсан боловч бусад захиалагч нарын зүгээс графикийн дагуу төлбөрөө төлөхөөр гэрээ байгуулагдсан боловч бусад захиалагчийн зүгээс тухайн тогтсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас барилгын ажил зогсоох үндэслэл болсон. Гол нь энэ хүнд нөхцөл байдал гэдгийг зөв тодорхойлсноор урьдчилж таамаглах боломжгүй байсан нийгмийн шинжтэй нөхцөл байдлын улмаас манай компанийн зүгээс үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Тухайн үүргийг үргэлжлүүлэхэд илүү их хохирол үүсэж алдагдалтай болох байсан учраас нэхэмжлэгч Г.Э болон бусад захиалагч нарын өмнө үүргээ гүйцэтгэж чадалгүйгээр 85 хувийн гүйцэтгэлтэйгээр барилгын ажил зогссон. Тухайн гүйцэтгэж чадаагүй хүнд нөхцөл байдал үүссэн учраас хариуцлага буюу нэхэмжлэгч талаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т зааснаар хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл өөрөө гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл бий болсон бол ажил гүйцэтгэгч нь энэ хуулийн 355 дугаар зүйлийн 355.4-т заасныг харгалзахгүй гэрээ хэлцлийг цуцлах эрхтэй, энэ талаар захиалагчид учирсан хохирлыг ажил гүйцэтгэгчид нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан. Гэтэл энэ бол хохирол гэж заасан байдаг. Анхан шүүхээс үүнийг шийдвэрийн 5 дугаар хуудасны 6 догол мөрөн дээрээс хохирлыг захиалагч нар шаардах эрхтэй байна гэж заасан байгаа.

Мөн тус шийдвэрийн 7 хуудасны 2 дугаар догол мөрөн дээр нэхэмжлэгч хэдийгээр алданги нэхэмжилсэн боловч үүнийг гэрээний үүргийг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж ойлговол зохино гэж заасан байна. Тэгэхээр энэ бол үүссэн хохирол гэж үзэж байгаа боловч тухайн хохирол нь өөрөө ажил гүйцэтгэгч талын 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй ба хүнд нөхцөл байдлаас болсон. Хүнд нөхцөл байдал гэдгийг мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд алданги тооцсон хэмжээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бол гэрээний талууд өөрсдийн хариуцлагыг тухайн гэрээгээр буюу хэрвээ орон сууцыг хугацаад нь хүлээлгэж өгөөгүй байх юм бол аль, аль тал нь хариуцлага хүлээхээр тусгаж өгсөн байгаа. Хүчинтэй гэрээ хийгдсэний улмаас энэ хариуцлагын үндсэн дээр гэрээнд заагдсан нөхцөлийг талууд чөлөөтэй байдлын үндсэн дээр гаргуулж байгаа шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн гэрээний гол нөхцөл болох Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2, 3-т зааснаар зайлшгүй тусгавал зохих гол нөхцөл дээр бартерт машиныг хэдийгээр авсан ч гэрээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байхад энэ хариуцлагаа хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй өөр байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудлаар энэ асуудлыг тавьж байсан бол бартерт өгсөн машиныг тухайн орон сууцны төлбөрт 100 хувь тооцож авна гэж гэрээнд заасан. Тэгэхээр талуудын хооронд хийгдсэн гэрээнд хүсэл зориг нь илэрхийлэгдэж хийгдсэн буюу хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн байгаа тул алдангийг хэмжээг үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж гомд гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэрээний алдангийг гаргуулахдаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол юм гэж тооцож тус хуулийн заалтыг үндэслэл болгож шийдвэрлээгүй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасныг үндэслэж гэрээний үүрэг гэж үзэж алдангийн хэмжээг шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хувьд болон бусад нөхцөл байдлаар маш их хохирол амссан буюу гэрлэлтээ хүртэл цуцлах хэмжээнд явж байна. Энэ бол зөвхөн энэ хэрэг дээр бус бусад хэргийн хувьд ч хохирол амсаж байна. Анх бол барилгын зөвшөөрөл нь газрын зөвшөөрлийн хамт гарсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад энэ газар нь дахиад өөр хүний нэр дээр буюу Г.Сувданбилэгийн нэр дээр шилжиж өнөөдөр энэ хүмүүс мөнгөө авах баталгаагүй болох хүртэл нөхцөл үүссэн нь маш харамсалтай буюу хохирол амсчхаад дахиад хохирол хүрч байгаа нь цаана нь гэрээгээр халхавчилсан залилан мэхлэх ажиллагаа явж байгааг үгүйсгэхгүй. Шүүх бүрэлдэхүүнийг энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Эоос ... “И” ХХК-тай 2023 оны 06 дугаар 19-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 39, 40 тоот 2 гэрээг байгуулж 52,08 мкв 2 өрөө орон сууцны төлбөр 88,536,000төгрөг,  60,87 мкв 2 өрөө орон сууцны 103,479,000 төгрөгөөр тус тус захиалсан ба 2 орон сууцны төлбөрт өөрийн өмчлөлийн 2016 оны * маркийн автомашиныг тооцуулан төлбөрийг 100% төлсөн. Орон сууц 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч ороогүй тул хариуцагчаас орон сууцанд нийт төлсөн 192,015,000 төгрөгт алданги тооцож нийт 288,022,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа “Орон сууц захиалан бариулах гэрээ №39, 40, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийлгэсэн орон сууцны үнэд тооцуулсан * маркийн автомашины үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” үнэлгээний компаниас гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн  гаргасан.

Хариуцагч “И” ХХК-ны гүйцэтгэх захирал А.А.Таас ...бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдал болон захиалагч гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас ажил зогссон, нэхэмжлэгч талын бартераар борлуулсан машины зах зээлийн үнэ нь 190,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги болох 98,022,500 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “И” ХХК-аас 237,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,522,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон байна гэж үзсэн.

Учир нь: Хариуцагч “И” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сийн өмгөөлөгч Ч.Ганболдоос “...хэргийг шийдвэрлэх гэж байгаа шүүгч Д.Наранцэцэгээс татгалзаж” гэсэн хүсэлт /хх 48-49/ гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхдээ ерөнхий шүүгч Д.Наранцэцэг зөвлөгөөнөө удирдан шийдвэрлэсэн /хх50-51/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.8-д зааснаар “...ерөнхий шүүгч дангаараа хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан бол ...шүүгчдийн зөвлөгөөнөөр олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэнд тус тус нийцсэнгүй буюу шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэл болж анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэл болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.8 дугаар зүйлийн зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 05 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор “...ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх, ...ингэхдээ татгалзан гаргагдаж байгаа шүүгчийн оролцуулахгүйгээр шийдвэрлэх, ...шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх” гэснээс өөрөөр буюу татгалзагдсан шүүгч өөрөө шүүгчдийн зөвлөгөөнөө удирдан явуулсан нь буруу юм.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүх нь тухайн үед ерөнхий шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Ц.Ариунзул гэсэн 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба шүүгчдийн зөвлөгөөнийг татгалзагдсан ерөнхий шүүгч Д.Наранцэцэгийг оролцуулахгүйгээр явуулахад ганц Ц.Ариунзул шүүгч үлдэж, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон байгааг анхаараагүй нь алдаа болсон.

Мөн уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах тухай тогтоол гаргахдаа хэргийг хянан шийдвэрлэж байгаа ерөнхий шүүгч Д.Наранцэцэг оролцоогүй, Ц.Ариунзул шүүгч дангаараа оролцон 30 хоногийн хугацаагаар сунгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасанд нийцсэнгүй.

5.Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөн засуулах шаардлагатай гэж үзсэн.

6.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхгүй тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 308/ШШ2025/00175 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ А.САЙНТӨГС

                                     Н.БОЛОРМАА