Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00968

 

 *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Орон сууцнаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нарын аав болох *******, ээж болох С******* нар нь 2016 онд гэр бүл болсон. Үүнээс хойш 2017 онд охин *******, 2019 онд хүү ******* нар нь төрсөн.

1.2. Хоёр дахь төрөлтийн дараагаар бидний ээжийн биед өндгөвчний хорт хавдрын эс байгаа тухай эмнэлгийн байгууллагаас хэлж бид тухайн үеэс хойш боломжит бүхий л эмчилгээг хийлгэсэн боловч 2023 оны 08 сарын 04-ний өдөр таалал төгссөн.

1.3. Ээж *******г нас барснаас хойш бид нар аав *******ын нэр дээр бүртгэлтэй 34.76 м.кв. бүхий жижиг байранд амьдарч байна. Бидний ээжийн нэр дээр ******* тоот хаягт байрлах 30 м.кв бүхий орон сууцанд ээжийн эгч ******* нь хүүхдүүдийнхээ хамт амьдарч байх бөгөөд бид хууль ёсны өвлөгчид тул тухайн орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ******* тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий байрыг анх 2014 оны 11 сарын 27-ны өдөр ХХБанкны ажилтан байсан ******* гэх хүнээс 101,800,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед орон сууцны төлбөрөө банкнаас 55,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний барьцаанд хариуцагчийн *******ын байраа барьцаалж, үлдэх 46,800,000 төгрөг төлж худалдаж авсан.

2.2. Маргаан бүхий орон сууцыг бид нар ээждээ авч өгсөн ба тухай үед хэний нэр дээр авах талаар ярилцаад банкны зээлд хамрагдах боломжтой нь манай дүү******* байсан тул түүний нэрээр зээл авч ******* хамтран зээлдэгчээр оролцож байрыг авч байсан. Одоо уг байрны зээлийг хариуцагч нь төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******гийн төрсөн дүү талийгаач*******тай хэсэг хугацаанд хамтран амьдарсан нь үнэн боловч талийгаачийг өнгөрөхөөс 1-2 жилийн өмнө орхиод явсан бөгөөд энэ хугацаанд манай үйлчлүүлэгч ******* өөрийн төрсөн дүү*******г хүнд өвчтэй байх хугацаанд нь асарч хамгаалж байсан бөгөөд мөн адил түүний төрсөн 2 хүүхэд болох *******, ******* нарыг өөрийн гэртээ асран хамгаалж байсан.

4.2. Мөн талийгаачийг БНХАУ-д хүнд өвчнөө эмчлүүлэхээр явахад нь мөн л ******* нь анхнаасаа хамт явж асарч байсан байдаг. Ингээд түүний дүү******* хүнд өвчний улмаас 2023 оны 08 сарын 04-ний өдөр нас барсан. Өв нээгдэх хугацаа нь 2024 оны 08 сарын 04-ний өдөр байсан боловч энэхүү өвийн харилцаа үүсээгүй, өв залгамжлах бүрэн эрхтэй гэдэг нь хуулийн дагуу тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч нарын төрсөн эцэг гэдгээрээ тухайн орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр хууль бус байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаад хууль зүйн дүгнэлтийг зөв хийгээгүй иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өв залгамжлалтай холбоотой асуудлыг бүрэн дүүрэн, үнэн зөв шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна.

4.3. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд заавал өмгөөлөгчтэйгөө оролцохоо илэрхийлж, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй байгаа талаар шүүхэд албан ёсоор хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт 09 цаг 15 минутад хүргүүлсэн боловч шүүх хуралдаан эхэлснээс хойш 10 минутын дараа ирүүлсэн гэж үзэн хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хууль эрх зүйн мэдлэггүй хүнийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүнтэй мэтгэлцүүлж шүүх хуралдааныг явуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

4.4. Шүүх маргаан бүхий байр орон сууц нь анхнаасаа хэрхэн яаж бий болсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, одоо хэн хэн хамтдаа амьдарч байгааг хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөөр байхад дан ганц хариуцагч *******г албадан гаргаж, бусад хамтран амьдарч байгаа *******гийн хүүхдүүд зэрэг хүмүүсийг хэрхэн яаж хаана байлгах нь тодорхойгүй, тухайн байранд одоо ч гэсэн оршин сууж байгаа бөгөөд тэднийг ямар нэгэн байдлаар тухайн байрнаас албадан чөлөөлүүлэх талаар шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байгаа нь байдлыг улам эргэлзээтэй болгож байна. Энэ асуудлыг ч гэсэн нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4.5. Энэ хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн боловч өв залгамжлалын асуудал нь шийдэгдээгүй, өв нээгдээгүй байсан бөгөөд нотариатаас болон банкнаас энэ асуудалд зээлийн барьцаанд байгаа тул барьцааны эрх зөрчигдөхөд хүрнэ, тиймээс энэ асуудлыг зээл чөлөөлөгдөх хүртэл асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн байдлаар хариу өгсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хууль зөрчиж өөр нотариатаар өв залгамжлалын гэрчилгээ гаргуулсан байгаа нь хамгийн их маргаан дагуулсан оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Энэ асуудлаар нотариатын төв танхимаас тодруулахад тухайн нотариатчийн үйлдлийг хууль бус шинжтэй байна гэж үзэж, Нотариатчидын сахилгын хороонд хандахыг зөвлөсөн байдаг. Энэ асуудлаар хандаад явж байгаа бөгөөд энэ нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол агуулгын хувьд ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэргийг буцааснаар энэ хэрэгт ямар хийгдээгүй ажиллагааг хийх зорилготой юм бэ, анхан шатны шүүх юуг хийгээгүй байгаа нь ойлгомжгүй.

5.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг дөрвөн удаа хойшлуулсан ба ирээдүйд сөрөг нэхэмжлэл гаргана гэж хойшлуулж байсан. 2025 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт ирүүлээгүй ба шүүх хуралдаан эхэлснээс хойш хүсэлт ирүүлсэн нь холбогдох баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан.

5.3. Хурал орохоос өмнө өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн ба анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцах, тайлбар гаргах хугацааг хангалттай хугацаа байсан. Уг нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-д заасан үндэслэлүүд бүрдсэн учраас хүлээж авсан. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг хүлээж аваад өвлөгч мөн эсэх, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх, хуульд нийцэж байгаа эсэхээс бусад үндэслэлээр шүүх хүлээж авахгүй байх шалтгаан болохгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл болохоор шүүх нэхэмжлэлийг хүлээж авах нь үндэслэлтэй.

5.4. 2025 оны 03 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн өв хүлээн авах хүсэлт, хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1 дэх хэсэгт заасан нэгдүгээр үеийн өв залгамжлагч нар нь зөвхөн энэ үл хөдлөх хөрөнгийг 50,50 хувиар эзэмшигч *******, ******* нар байна гэж тогтоосон үйл баримт болон бусад нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн.

5.5. Хариуцагч талд нотлох баримт, тодорхой хүсэлт гаргах хугацаа байсан, энэ хэрэг 9 удаа хойшлогдож байсан ба нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх энэ боломжоор хангаагүй гэж ярьж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчмыг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа шүүхийн ажиллагаа байгаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь нотолбол зохих байдлыг нотолж оролцох нөхцөл боломж байсан.

5.6. Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар олгох үлгэрчилсэн зааврын хүрээнд ямар баримтыг хууль зөрчсөн талаар болон өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо ямар зөрчил гаргасан болохыг хариуцагч тал тодорхой эрх зүйн баримтад үндэслэж тайлбарладаггүй, зөвхөн амаар хэд хэдэн газарт гомдол гаргасан гэдэг.

5.7. Нэхэмжлэгчийн зүгээс *******, ******* нарын хууль ёсны асран хамгаалагчийг тогтоосон баримт анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн. Эдгээр хүүхдүүдийг төлөөлөх эрхтэй этгээд Оюу толгой уурхайд ажиллаж, 14 хоног ажиллаж хүүхдүүдээ тэжээж байна. Хүүхдүүдийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон байрыг авч түрээсийн зардал төлөхгүй амьдрахад нь тусалж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулан ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02648 дугаар шийдвэрээр *******,******* нарыг 2016 оны 05 сараас 2023 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон байна. Мөн тэдний дундаас 2017 оны 11 сарын 14-ний өдөр охин ******* ургийн овогтой *******, 2019 оны 08 сарын 07-ны өдөр ******* ургийн овогтой ******* нар төрсөн;

 

3.2. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд*******г 2014 оны 11 сарын 27-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан;

 

3.3. Иргэн *******,******* нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан;

 

3.4. Орон сууцыг худалдан авахад*******, ******* нар нь ******* ХК-тай 2024 оны 11 сарын 21-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 59,500,000 төгрөгийг 20 жил буюу 2037 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, барьцаанд ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууц, ******* аймаг, ******* тоот, 35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан;

 

3.5.******* нь 2023 оны 08 сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан байна.

 

4. ******* нь насанд хүрээгүй хүүхэд *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

4.1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар*******гийн төрсөн хүүхэд *******, ******* нар нь хууль ёсны өвлөгч юм.

4.2. *******, ******* нар нь 2024 оны 05 сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өв хүлээн авах хүсэлт гаргаж, *******, ******* нарт өвлүүлэх 0032 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа үйл баримтад маргаагүй.

 

5.1. ******* нь ... Орон сууцыг манай эгч дүүс анх нийлж ээждээ авч өгсөн бөгөөд биднээс зээл гарах боломжтой хүн нь манай дүү******* байсан юм. Ингээд*******гийн нэр дээр банкны зээл авч гэрчилгээг нэр дээр нь гаргуулсан. Барьцаанд миний байр байгаа бөгөөд зээлийн төлбөр, зардлыг би төлж байгаа. Бид энэ байрыг 2014 онд авсан бөгөөд энэ цагаас хойш байрандаа амьдарч байна. Тухайн үед дүү******* нас барж, ийм асуудал болно гэж тооцоогүй. Би байр авахад төлбөрийн 30 хувьд байраа барьцаалж, банкны зээлийг төлж байгаа учир тодорхой хувийг өмчлөх эрхтэй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

5.2. Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны тодорхой хувийг өмчлөх эрхтэй талаар тайлбар, татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

5.3. Анхан шатны шүүх маргааны бүхий орон сууцыг худалдан авахад ******* нь урьдчилгаа төлбөрт өөрийн орон сууц барьцаа барьцаалж, түүний эгч ******* хамтран зээлдэгчээр оролцсон зэрэг үйл баримт нь хариуцагч *******г хуульд заасны дагуу өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрх үүсээгүй талаар эрх зүйн дүгнэлт зөв.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт нийцжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.1. Анхан шатны шүүх *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хууль бусаар иргэний хэрэг үүсгэсэн талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.2. Хариуцагч *******гийн өмгөөлөгч ******* нь 2025 оны 03 сарын 12-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтыг хавсарган ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 34 дүгээр зүйлийн 34.3.12-т заасныг зөрчөөгүй байна.

7.3. Анхан шатны шүүх 2024 оны 03 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар хариуцагч нь 2024 оны 04 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хугацаанаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг шүүх хязгаарлаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР