Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1323

 

 

 

 

 

   2019         08         23                                        2019/ШЦТ/1323

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч О.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Жад холбогдох 1906 04667 1761 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 40 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Оийн Ж/РД:НЬ98070716/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Жнь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ивээлтэй маргалдан түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ивээлийн өгсөн: “... 2019 оны 08 сарын 05-ны өдөр ... Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуков худалдааны төвийн хойд талын автобусны буудал дээр очиход Номин машинаас буугаад найзтайгаа юм яриад 20 минут орчим болсон. Тэгтэл Номинг найз нь авч явна гээд надтай маргалдаж эхэлсэн. Номингийн найз болох Жгэж залуу маргалдаж байгаад миний нүүрэн хэсэгт 2 удаа баруун гараараа цохиход машинаас дуудлагын жолооч гарч ирээд салгах гэж оролдож байхад тэр залууг би нэг удаа баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг. /хх.5-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... хамт явсан тэр охин машинаас буугаад нэг залуутай уулзаж байгаад тэр залуу нь бид 2 дээр ирээд ... маргалдаж эхэлсэн. Удаагүй Г.Ивээлийг тэр танихгүй залуу нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиход тэр 2 зууралдаад зогсож байхад цаанаас хэдэн танихгүй залуучууд гарч ирж зогсож байгаад тэр Ивээлийг цохисон залууг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9507 дугаартай:

“1. Г.Ивээлийн биед доод зүүн 2-р шүдний эмтрэл, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхгэмтэлньнийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Жын яллагдагчаар өгсөн: “... Ивээл ах машиныхаа цонхоор намайг доромжлоод байхаар нь би эргэж Ивээл ах дээр очоод “яасан гэнээ ах” гэсэн чинь шууд миний уруул хэсэгт нэг удаа цохисон, тэгэхлээр нь би зөрүүлээд шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон... Би хохирогч Г.Ивээлтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч, ярилцаад 500.000 төгрөгийг хохирлын төлбөр болгон өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.23-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.Жнь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ивээлтэй маргалдан түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ивээлийн өгсөн: “... Номингийн найз болох Жгэж залуу маргалдаж байгаад миний нүүрэн хэсэгт 2 удаа баруун гараараа цохиход машинаас дуудлагын жолооч гарч ирээд салгах гэж оролдож байхад тэр залууг би нэг удаа баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг. /хх.5-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Удаагүй Г.Ивээлийг тэр танихгүй залуу нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиход тэр 2 зууралдаад зогсож байхад цаанаас хэдэн танихгүй залуучууд гарч ирж зогсож байгаад тэр Ивээлийг цохисон залууг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9507 дугаартай:

“1. Г.Ивээлийн биед доод зүүн 2-р шүдний эмтрэл, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхгэмтэлньнийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Жын яллагдагчаар өгсөн: “... Ивээл ах машиныхаа цонхоор намайг доромжлоод байхаар нь би эргэж Ивээл ах дээр очоод “яасан гэнээ ах” гэсэн чинь шууд миний уруул хэсэгт нэг удаа цохисон, тэгэхлээр нь би зөрүүлээд шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Жад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар О.Жын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Ивээл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд О.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

О.Жын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

О.Жнь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Ивээл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          О.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Жын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Жад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Жад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          О.Жнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Н овогт Оийн Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Жад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Жад сануулсугай.

          5. О.Жнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ивээл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР