Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 13

 

П.*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.*******, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /онлайн/

          Ялтан П.*******

          Ялтны өмгөөлөгч Д.Бурмаа

          Хохирогч Т.*******

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой П.*******ад холбогдох 201616010067 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Т.*******, хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгч П.******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “*******” ХХК-ийн эзэмшлийн 78-86 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “*******” ХХК-ийн эзэмшлийн 19-20 БЧ чиргүүл бүхий, 30-93 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж Д.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “*******” ХХК, “*******” ХХК-иудын эд хөрөнгөд нийт 19740000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас П.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

          Анхан шатны шүүх: П.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт нийт 28960000 төгрөг төлсөн болохийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* сэтгэл санааны хохирол 50000000 /тавин сая/ төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан П.*******ын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар П.*******ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацралаас давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолдоо: Хавтаст хэргийн материалд БНХАУ-ын иргэдийг удаа дараалан бүгдийг орчуулагчгүй байцаалт, мэдүүлэг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Хохирлын баримтыг буруу үнэлж, хохирол төлбөр бүрэн төлөгдсөнд тооцсон. Шүүх хуралдаанд сүүлд гаргаж өгсөн 898530 төгрөгний баримтыг шийтгэх тогтоолд 598530 төгрөг гэж дурьдан хохирол төлбөр бүрэн барагдсанд тааруулан тооцсон.

Шүүх хуралдаан эхлэхэд шүүхэд өмгөөлөгч миний зүгээс иргэний хариуцагч “*******” ХХК-ийг заавал оролцуулж байж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байхад шийтгэх тогтоолд энэ талаар огт дурьдаагүй байх тул шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх, мөн П.*******ад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ялын санкцаас доогуур ял оногдуулсанд хохирогч маш их гомдолтой байгаа тухайгаа хэлсээр байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял завшуулсан хэмээн үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

Хохирогч Т.*******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэхүү осол нь жолооч П.*******ын буруугаас гарсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна.

Шүүх гэм хорын хохирлыг барагдуулсан гэж үзсэнд хохирогчийн талаас гомдолтой байна. П.*******ыг хорьж өгөөч гэж удаа дараа хэлж байхад хорихоос өөр төрлийн ял оноосонд гомдож ял завшуулсан гэж үзэж байна.

 Буруутай этгээд нь өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаагүй зөвхөн өөрийн эрх ашгийг бодож байгаа нь илт байсан. Шүүх хуралдаанд иргэний хариуцагч “*******” ХХК-ийг оролцуулалгүй, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг нэг мөр шийдээгүйд маш их гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хангалттай шинжлэн судалснаар ялтны үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар П.******* нь “*******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт БНХАУ-ын иргэн YAN MING буюу Соёлтыг гэрчээр байцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19, 47 дугаар зүйлд “монгол хэл мэддэггүй” хүнийг байцаахад орчуулагч томилохоор заасан боловч хавтаст хэрэгт гэрчээр байцаалт өгсөн YAN MING буюу Соёлт нь монгол хэл, бичиг мэддэг гэх тул хуулийн дээрх заалтад хамаарахгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч “гомдолтой” гэж мэдүүлэх нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд хамаарахгүй. Тэнсэж харгалзсан хугацаанд П.******* нь Цагдаагийн байгууллагын хяналтанд тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусах хүртэл ялтайд тооцогдож явах учир ял завшсан гэх гомдол нь үндэслэлгүй байна. Энэ хэрэг бол үйлдвэрлэлийн осол биш тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журамтай холбоотой зам тээврийн ослын хэрэг болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хятадын иргэн Соёлт нь криллээр өөрөө уншиж чадна, гарын үсгээ зурж чадна гэсэн үүднээс хууль сануулж, байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 1 сая 200 мянган төгрөгийн баримтыг үндэслэлгүй байна гээд үнэлээгүй орхисон. Шинээр гаргаж өгсөн 598530 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч С.Ариунцацрал “*******” ХХК-ийг анхан шатны шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаад шийдвэрлэсэн байхад заавал түүнийг шийтгэх тогтоолд давхар дурьдах шаардлагагүй юм. Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгээс харахад хуульд заасан ялын санкц дотор ял халдаасан гэж үзэж байна. П.*******ад оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй, гэм бурууд нь тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас харахад нотлох баримтаар хүүхдийн асрамж тэтгэлэгтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байдаг. Энэ талаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй талаар шүүхийн шийтгэх тогтоол дээр тодорхой дурьдаж өгсөн. Ийм учраас анхан шатны шүүхийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан П.*******аас гаргасан тайлбартаа: Миний гэм буруугаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэнд харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.*******аас гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Энэ хүний 100 хувийн буруутай үйлдлээс болж миний нөхөр нас барж бүхэл бүтэн 1 айл сүйрчихээд байна. Энэ хүний ард бүхэл бүтэн хүүхэд нь, эхнэр нь үлдэж байна. Би дайрсан нь үнэн. Үхсэн бол оршуулгын зардлыг гаргаад оршуулаад өгчихье. Одоо оршуулчихсан болоо биз дээ гэсэн маягаар шүүх шийдсэнд үнэхээр их гомдолтой байна. Миний нөхөр би үхье гээд өмнүүр нь орж үхээгүй шүү дээ. Энэ хүн бүхэл бүтэн хүн алчихаад нэг айлыг сүйрүүлчихээд байхад яагаад тэнсэн харгалзах ял өгч байгаа юм бэ. Үнэхээр их гомдолтой байна. Миний хань өнгөрөөд нэг хүүхэд өнчирөөд үлдчихээд байхад энэ хүн гэртээ хүүхдүүд, эхнэртэйгээ ямар нэгэн ял зэмгүй сайхан амьдраад явж байна. Эр хүн л юм бол *******аа чи хийсэн хэргээ хүлээгээд ялаа авчихгүй яасан юм бэ. Ажил үүргээ хийж байгаад амь насаа алдсан байхад ажил олгогч компанийн 100 хувь нөхөн төлбөрийн асуудлыг гаргаж өгөх хуультай л юм билээ. Тэгэж гаргаж өгч болдог л юм билээ шүү дээ. Би өөрөө хууль сайн мэдэхгүй, иргэн хүний хувьд харахад ийм ойлгомжтой хэрэг гарсан байхад яагаад ялыг нь өгөхгүй байгаа юм бэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар 36 сар түүнээс дээш сарын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгнө гэж заасан байна. Миний зүгээс үйлдвэрийн ослын дүгнэлтийг гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг шуудангаар явуулсан. Бүхэл бүтэн нэг хүн нас барж, нэг хүний амьдрал сүйрээд, амьдралын ямар ч баталгаагүй болчихоод байхад та нар юун компанид үлэмж хэмжээний хохирол учирсан гээд яриад байгаа юм бэ. Тэр хоёр компанид үлэмж хэмжээний хохирол учирсан юм байж, би, бид хоёр тэгээд яачихсан юм бэ? хохироогүй хүмүүс үү. Та нарыг ийм зүйл яриад зогсож байгаад үнэхээр их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгоход Монгол Улсын нэрийн өмнөөс гэж ирээд уншсан. Тэгэхэд Монгол Улс бид хоёроос нүүрээ буруулсан шийдвэрийг гаргасан. Би энэ байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлье гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж зөвхөн гомдолд дурдсан үндэслээр бус хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

П.*******ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж чадаагүй байна.

Мөрдөн байцаагч Д.Баасанбат нь иргэний нэхэмжлэгчээр Соёлт /хх-25/-ыг тогтоосон атлаа Соёлтыг гэрчээр /хх-27/ байцаасан тэмдэглэлийг үйлдсэн, мөн иргэний хариуцагчаар Б.Болормааг /хх-30/ татсан тогтоол гаргасан атлаа Б.Болормааг /хх-31/ гэрчээр байцаасан тэмдэглэлийг үйлдсэн, гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК-ий улсын бүртгэлийн гарчилгээнд /хх-146/ 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Qi овогтой Xiaohua-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн гэж хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байхад ******* ХХК-ий 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай гүйцэтгэх захирал Чишохоуа-гийн гарын үсэгтэй албан бичгийг үндэслэн Соёлтыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилсон тогтоол гаргасан нь ойлгомжгүй, мөн гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хэрэгт /хх-157/ хавсаргасан, уг гэрчилгээнд компаний гүйцэтгэх захирал нь хэн болох нь бичигдээгүй байхад ******* ХХК-ий 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16/89 дугаартай захирал Ли хайчин гэсэн гарын үсэг бүхий албан бичгийг үндэслэн иргэний хариуцагчаар Б.Болормааг татах тогтоол гаргасан нь мөн ойлгомжгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл тухайн компаниудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд хэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхойгүй байхад тэдгээр компанийг төлөөлөх иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарыг татах тогтоол гаргасан зэрэг нь шүүхийг хэргийг шийдвэрлэхдээ тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй зөрчил гаргаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болж байна.  .

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан тул хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол П.*******ад бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА