Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 20

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Э.Идэрцэцэгийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, өөр ажил албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц төрийн захиргааны  өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Идэрцэцэг, түүний өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Э.Идэрцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэбаатар овогтой Идэрцэцэг миний бие 2013 онд Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс одоогийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдож 5 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 01-нд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч билээ. Ажиллах хугацаандаа байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ жил бүр А үнэлгээтэй дүгнүүлж, байгууллагын аваргаар шалгарч үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжинням томилогдсон. Томилогдсон цагаасаа хойш өмнөх даргатай төрийн албаны маргаантай асуудлаа ажилчдад хамааруулж, дарамт шахалт үзүүлж байсан. Энэ байдлыг нь албан хаагчдын зүгээс шүүмжилж төрийн албаны ажилд гадны хүн оролцуулахгүй байх, тус тусын хариуцсан чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ажиллах талаар тавьсан шаардлагыг үл ойшоож манай намын бодлого учраас та нарт хамаагүй, бид бодлогоо хэрэгжүүлж, багаа бүрдүүлнэ гэх зэргээр хүлээн авдаггүй байсан. Улмаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн өш хонзон санаж, үндэслэлгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн  гэж үзэж байна. 

Учир нь О.Балжинням нь Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдохдоо “ Төрийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл “аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж заасныг, Ашиг сонирхлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/2354 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно. Миний хувьд төрийн захиргааны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хүүхэд залуучуудын чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж мэргэшсэн тул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинээр батлагдсан бүтцийн аль ч ажил, албан тушаал дээр шилжин ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Иймд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, өөр ажил албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц төрийн захиргааны  өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Э.Идэрцэцэг нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ТЗ-5-1 ангиллаар цалинждаг байсан нь нотлогддог. Э.Идэрцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Аймгийн Засаг даргын 2015 оны А/262 дугаар захирамжаар тус хэлтсийн орон тоог 16 байхаар баталж байсан бол 2017 оны А/58 дугаар захирамжаар тус хэлтсийн орон тоог 17 болгож нэмэгдүүлсэн байдаг. 

Мөн тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжинням нь гаднаас шинээр 7 хүнийг мэргэжилтнээр авсан байдаг бөгөөд 1 төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд томилсон байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал / ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалт болон, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн баталгааг тус тус зөрчсөн байна.  

Э.Идэрцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсан Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоолуудыг хэрэглэхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь зүйлд заасан хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. 

Хариуцагч нь бүтцийн өөрчлөлтөөр Э.Идэрцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн ч дээрх хуулийн заалтын дагуу өөрийн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа бусад албан тушаалд эгүүлэн томилоогүй байдаг. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдөж байгаа бөгөөд дахин томилоогүй эс үйлдэхүйгээр бас эрх ашиг нь хөндөгдөж байна.

Шинээр томилогдсон төрийн захиргааны албан тушаалтнуудыг Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсон тул төрийн үйлчилгээний албан тушаалаар өдийг хүртэл цалинжуулж байгаа үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн Э.Идэрцэцэгийн гаргасан тайлбар, өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл Э.Идэрцэцэгийн урьд нь эрхэлж байсан ажлын байрны чиг үүргүүдийг өөр ажлын байрны чиг үүрэгт нэгтгэх нэрэн дор нуух замаар халхавчилсан байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмын дагуу шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

Хариуцагч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь хоёр ч шатны шүүхээр тогтоогдоод байгаа. Хариуцагч нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж, өөрийн намын харьяалалтай хүмүүсийг ажилд томилж байгаа юм. Дээрх хүмүүсийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан процесс, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг илт зөрчин шууд томилж, Э.Идэрцэцэгийг үндэслэлгүй чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т заасан “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэсэн заалт, Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “тэгш байдал”, 4.2.4, 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмуудыг зөрчсөн байна. 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гуравдагч этгээдүүдийн эрхийн асуудал дурдагдах хэдий ч тэдгээр хүмүүс нь бүгд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, холбогдох бусад журмыг зөрчин ажилд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид биш. Мөн цалингийн санг төрийн үйлчилгээний ангиллаар олгож байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосны дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдсөн. Иймд аймгийн Засаг даргын А/58 тоот захирамж гарч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог баталсан. 

Өмнөх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст хүүхдийн мэргэжилтэн 3 ажиллаж байсныг чиг үүргийн давхардлыг арилгаж Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр 1 хүн ажиллах болж Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу “сэтгэл зүйч, оношлооч” мэргэжилтэй, тухайн байгууллагад 10 жил ажилласан Д.Энхнаран сонгогдож ажиллах шаардлага хангасан.

Байгууллагын шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн албан тушаалд зохих мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах шаардлагатай болсон.

 Э.Идэрцэцэг нь мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй, мэргэжил, мэргэшлийн хувьд тохирохгүй, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байсан. Одоо манай байгууллагад сул орон тоо байхгүй, бүх албан тушаалд хүн томилогдон ажиллаж байгаа. Э.Идэрцэцэгийг авч ажиллуулах ямар ч боломж байхгүй учраас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн тушаалаа гаргасан. Э.Идэрцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох болон нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Хүүхдийн мэргэжилтнээр ажиллаж байсан 3 хүнээс мэргэжил, мэргэшил, улсад ажилласан жил зэргийг нь харгалзаж хуульд заасан журмын дагуу шалгаруулалтаа хийсэн.

 Э.Идэрцэцэг нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Э.Идэрцэцэгээс  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05, Л.Нарантуулыг Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилсон 11 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, өөр ажил албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц төрийн захиргааны  өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон болно. 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан Л.Нарантуулыг цааш үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбар өгөх боломжтой гэсний дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “ ... Миний урьд эрхэлж байсан Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинэ бүтцээр батлагдсан 6 мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт хуваагдан шилжиж хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж өөр ажил, албан тушаалд томилох ёстой байсан ... “ гэж, 

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “ ... Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдөж Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт нэгтгэж Э.Идэрцэцэгийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, шинэ бүтцээр батлагдсан албан тушаалуудад тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг нэхэмжлэгч нь хангахгүй байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй... “ гэж маргажээ. 

 

1. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Нэхэмжлэгч Э.Идэрцэцэг нь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар “ ... Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан ...” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамж гарч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг Дарга 1, мэргэжилтэн 6, төрийн үйлчилгээний 10, нийт 17 орон тоотой байхаар баталжээ. 

 

Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар Э.Идэрцэцэгийг Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас,  мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст ажиллаж байсан бусад албан тушаалтнуудыг нэг бүрчлэн тушаал гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ ... байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотой бүх ажилтнуудыг тус тусад нь тушаал гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлж, заримыг нь буцаан томилсон ... ” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд ийнхүү Э.Идэрцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 05 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ. 

 

Тодруулбал аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар тус газар нь шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулах шаардлага үүссэн, үүнтэй холбогдуулж хуучин бүтцээр ажиллаж байсан нийт албан тушаалтнуудыг чөлөөлсөн агуулгатай шийдвэр гаргасан нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан хаагчдын болон нэхэмжлэгч Э.Идэрцэцэгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй байна. 

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд  “... маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, О.Балжинням нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрхгүй ...” гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

 

Учир нь хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдлээр нотлогдох ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... ” гэснийг зөрчөөгүйн дээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын ажилчдын  хуралдаанд бүтэц, орон тоонд өөрчлөлт орж байгаа талаар танилцуулж, үүнтэй холбоотой санал хүсэлтээ албан ёсоор бичгээр ирүүлж болохыг тайлбарлан өгч, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан нэг хэлбэр гэж үзэхээр байна. 

 

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжиннямыг томилсон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаал  нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа, түүнийг хөндсөн ямар нэгэн эрхийн акт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д зааснаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байх тул О.Балжиннямыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ.

 

Тиймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

2. Өөр ажил, албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

  Э.Идэрцэцэг нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр 2013 онд томилогдож ТЗ-5-1 шатлалаар цалинжин ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. 

 

Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан боловч ажлын байрны чиг үүрэг шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байранд хуваагдан хэвээр хадгалагдан үлдсэн, мөн түүнчлэн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлсээр байтал төрийн албаны шалгалтад ороогүй 7 хүнийг шинээр албан тушаалд томилж, намайг өөр ажил, албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус ... ” хэмээн тайлбарлан маргаж байгааг үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин заажээ. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэжээ. 

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заагаагүй үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөхгүй ба өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах, хоёрдугаарт төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд харин эдгээр баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, чөлөөлөх зохицуулалтыг захиргаа хэрэглэхээр байна. 

 

Гэтэл хариуцагч нь Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Э.Идэрцэцэгийг тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон “ ... өөр ажил, албан тушаалд шилжих, ... дахин мэргэших, ... ажлын байраар хангуулах” эрхийг нь зөрчжээ. 

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа  ... төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заасны дагуу хариуцагч нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинэ бүтцээр бий болсон Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Залуучуудын хөгжил, соёл, боловсрол хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Зорилтот өрхийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны албан тушаалын 5 сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөх үүргээ хэрэгжүүлэлгүй төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй иргэдийг гаднаас томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “ ...тэгш байдал, ... хууль дээдлэх ... ”  төрийн албаны үндсэн зарчимтай нийцэхгүй байна. 

 

Хариуцагчийн “...байгууллагын шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн албан тушаалд зохих мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах шаардлагатай болсон. Э.Идэрцэцэг нь мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй, мэргэжил, мэргэшлийн хувьд тохирохгүй, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байсан, одоо манай байгууллагад сул орон тоо байхгүй, бүх албан тушаалд хүн томилогдон ажиллаж байгаа ... ” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан Э.Идэрцэцэгийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 74-76-рт/, шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 46-61-рт/, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдал /хх-ийн 90-рт/, төрийн албан хаагчийн тангаргын хуудас /хх-ийн 71-рт/, дипломын хуулбар /хх-ийн 72-73-рт/ нэхэмжлэгчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байсныг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна. 

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэн биш бөгөөд нэгэнт өмнө нь ажлын байрны шаардлага хангана гэж авч ажиллуулж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг дээрх үндэслэлээр ажлын байраар хангахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангах үүргийг хүлээсэн тул Э.Идэрцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах ёстой байжээ. 

 

Иймд хариуцагчийн Э.Идэрцэцэгийг өөр ажил албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.Идэрцэцэгийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх нийт 93 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж  2.226.513 (хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун арван гурав) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Идэрцэцэгт олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Идэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өөр ажил, албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Идэрцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.226.513 (хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун арван гурав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгч Э.Идэрцэцэгт олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНХАНД