Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0083

 

2020 оны 01 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2020/0083                          Улаанбаатар хот

 “Д...” ЗГБХН-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсээн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Х, Д.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д...” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 106 дугаар зүйлийн 106.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д...” ЗГБХН-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х...” ХХК-д **-****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “Д...” нөхөрлөлд олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Д...” ЗГБХН нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х...” ХХК-д **-****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “Д...” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, мөн хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүй хэргийг хэт нэг талыг баримталж, буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. Үүнд:

1. “Д...” ЗГБХН нь Б... аймгийн Б сумын нутаг дэвсгэут “Т” гэх нэртэй газарт байршилтай 2.43 га талбайд хамаарах хэсэгт оуон нутгийн тусгай хэрэгиээнд авсантай холбогдуулж бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох эрхтэй, энэхүү эрх нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тухайд:

“Д...” ЗГБХН нь анх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Ч, нэр бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр нөхөрлөл үүсгэн байгуулах хурлыг хийж, тогтоол гарган 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүсэлт гаргасныг хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар “Нөхөрлөл байгуулах тухай” тогтоолоор “Д” гэсэн нэртэйгээр байгуулагдсан. Ингэж байгуулагдахдаа нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, ахлагчаар нь одоогийн захирал Ж.Ч-ыг сонгосон байдаг. Нөхөрлөлийн тухай хууль, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу “Д” нөхөрлөл нь улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ, гэрээг бүртгүүлсэн.

Нөхөрлөл нь анх үүсгэн байгуулагдахдаа Б... аймгийн Б... суманд “Бичил уурхай” эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа “Т” гэх газарт бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг нотлох баримтууд 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.

Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 06 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 16/01 дүгээр тогтоолыг гаргаж уг тогтоолоор Б... аймгийн Б... сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбилцлыг нэгж талбараар нь 1-4 дүгээр хавсралтаар баталсан байдаг.

Дээрх тогтоолоор нийтдээ 64.44 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь манай нөхөрлөлийн эзэмшиж, ашиглаж байгаа “Т” гэх нэртэй газарт байршилтай 2,43 га талбай хамаардаг. Өөрөөр хэлбэл уг талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглуулах шийдвэрийг баталсан.

Энэхүү бичил уурхайн зориулалтаар олгосон “Т” гэх нэртэй газарт байршилтай 2,43 га талбайн 1.43 га талбайг “Наран эрдэнэ” нөхөрлөл ашиглуулж, нөхөх сэргээлт хийж, үйл ажиллагаагаа явуулж дууссан байдаг. Харин “Т” нэртэй талбайн 2,43 га-аас 1 га талбайг манай нөхөрлөл Бичил уурхайн зориулалтаар авсан бөгөөд дээрх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ жил бүр Б... аймгийн Б... сумын Засаг даргатай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4.3-д “...Сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно ...” гэж заасны дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ жил бүр байгуулсаар ирсэн байдаг. Энэхүү баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.

Дээрх Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоол нь гарахдаа хуульд заасны журмын дагуу гарсан байдаг. Үүнийг дурдвал.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гээд 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “... Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах ...”, 12.1.5-д “... Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ Хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ...” гэж заасан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг гээд 11.1.23-д “...энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох ...” гэж заасан байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл.Тусгай хэрэгцээний газар гээд 16.1-д “... Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна ...” гээд 16.1.11-д “... бичил уурхайн зориулалтаар олгосон газар ...” гэж заасан.

Хуулийн 16.2-д “... Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно ...” гэж заасан байдаг.

Дээрх хуулийн зүйл заалтын дагуу хуулиар олгосон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж санал дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмалын газарт сумын Засаг даргаар уламжлан хүргүүлснийг Ашигт малтмалын газар хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 тоот дүгнэлтээр “Т” гэх газарт 7 солбицол бүхий 2,43 га газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг ... ” гэж зааснаар бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой байна.

Дээрх боломжтой дүгнэлт гарсан газрыг Газрын тухай хуулийн 16.1.11, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.4-т заасны дагуу кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж бичил уурхайн үйл ажиллагааг хууль, журмын дагуу орон нутагтаа зохион байгуулж ажиллахыг дүгнэсэн байдаг.

Үүний дагуу өнөөдрийг хүртэл “Д...” ЗГБХН нь “Т” нэртэй газарт бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа.

Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа, тогтоолын хоёр дахь заалтаар “Бичил уурхайн” зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг 5 жилийн хугацаатай тогтоосон буюу 2021 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилэхээр байгаа болно.

“Х...” ХХК-ний зүгээс дээрх тогтоолтой маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгуулсан болно.

Иймд Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын дагуу эрхээ авсан хуульд заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээр дүгнэлт гаргуулж, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж дүгнэхдээ “Х...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дугаартай магадлалыг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү 29 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч “Д...” ЗГБХН нь нэхэмжлэл гаргаж маргахдаа дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүй бөгөөд харин хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар шийдвэр гаргахдаа Кадастрын мэдээллийн санд бичил уурхайн зориулалтаар олгосон талбайг үл хэрэгсэж, “Х...” ХХК-ний хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалаас хальж, өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 29 дүгээр шийдвэрийг гаргахдаа судалгаа, мэдээлэлд тулгуурлалгүйгээр шийдвэрийг гаргасан байдаг.

Мөн шүүхээс тушаалын 2 дахь заалтаар энэхүү шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд тус тус үүрэг болгосон байдаг.

Энэ нь анхан шатны шүүхийн дүгнээд байгаа “... Маргаан бүхий актыг буюу дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлж хариуцагч байгууллагын зураг зүйн бүртгэл хариуцсан ажилтан Д.Ч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд “Х...” ХХК-ийн ашигт малтмалын **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлтийг хийсэн гэдэг нь маргаан бүхий акт, гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад оруулсан бүртгэлийн тэмдэглэгээ зэргээс тогтоогдож байна. Энэ нь захиргааны шинэ акт ...” байна гэж үзээд байгаа ойлголт биш гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж гарсан үйлдэл бүр нь захиргааны акт болсон гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд 29 дүгээр шийдвэрээр “Х...” ХХК-ийн зураг зүйн бүртгэлд өөрчлөлт хийх асуудлыг үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд бид уг 29 дүгээр шийдвэрийг гаргаж, улмаар тусгай зөвшөөрлийн талбайг “Х...” ХХК-д буцаан олгохдоо зураг зүйн бүртгэл хөтөлж, өөрчлөлт оруулахдаа алдаа гаргаж, өмнө гаргасан шийдвэр дүгнэлт, кадастрын мэдээллийн сан дахь зураг зүйд хайлт шүүлт хийлгүйгээр “Х...” ХХК-д тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 145,41 га талбайгаар олгосон нь үндэслэлгүй шийдвэр гарсан болохыг нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа хангалттай тодорхой дурдаж нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх үнэлж дүгнэж шийдвэрлэсэнгүй.

3. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Х...” ХХК-ийн удирдлага, ажилтан албан хаагчид болон хар хувцас өмсөж, баг зүүсэн хамгаалалтын хүмүүс хар машинтай ирж манай нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, гэр нурааж, эд хөрөнгийг эвдэж сүйтгэн бидэнд их хэмжээний хохирол учруулсан. Бид тэдний хууль бус үйл ажиллагааг тодруулахад бидний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд танай нөхөрлөл үйл ажиллагаа хууль бусаар явуулж байна, бидэнд шүүхийн шийдвэрийн дагуу авсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байна гэж албан ёсны бичиг баримт үзүүлэлгүй амаар дайр ч давшлан эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан фото зургийг хэрэгт хавсаргасан.

“Х...” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж бид Б... сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандахад бид 2016 онд танай нөхөрлөлд хууль ёсны дагуу Ашигт малтмалын газраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор “Т” гэх нэртэй газрыг “Бичил уурхайн” зориулалтаар тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж дүгнэлт ирүүлсний дагуу олгосон болохыг хэлж, “Х...” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, түүний талбайг давхцалтай холбоотой асуудал Ашигт малтмалын газар мэднэ бид мэдэхгүй байна гэдэг хариуг өгсөн.

Нөхөрлөлийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7/7867 тоот албан бичгээр “... “Х...” ХХК нь **-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр олгосон ...” болохыг мэдэгдэж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хавсаргаж шүүхийн магадлалыг биелүүлэх тухай гэж гарсан байдаг бөгөөд ингэхдээ “Х...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрээр Манай нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж “Х...” ХХК-д давхардуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгохдоо цаг хугацааны хувьд өмнө дүгнэлтээрээ олгосон нөхөрлөлийн газрыг үл хэрэгсэж, нөхөрлөлийн талбай мэдээллийн санд байсаар байтал түүнийг шүүж үзэлгүйгээр олгосон нь “Х...” ХХК хууль бус үйл ажиллагааг явуулахад хүргэсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаар магадлалыг хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр, түүнчлэн магадлалын дагуу олгох ёстой байсан талбайг олголгүйгээр анх эзэмшиж байсан хэмжээгээр нь олгосон хууль бус шийдвэрийг гаргасан байдаг.

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газраас “Х...” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д “... тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй ...” гэж заасныг зөрчиж цаг хугацааны хувьд орон нутгийн тусгай хэрэгцээнд авч манай нөхөрлөлд олгосон байхад “Х...” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо давхцалтай гэх нөхцөл байдлыг үүсгэн зөвшөөрөл олгоод байгаа нь хууль бус шийдвэр гарах үндэслэл болсон байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнд нэхэмжлэгч гуравдагч этгээдийн зүгээс талбайн давхцал байгаа талаар маргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно ...” гэж заасны дагуу шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нэгэнт талууд талбайн давхцалтай холбоотой асуудлаар маргаж байгаа тохиолдолд түүний давхцалтай эсэхийг тодруулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай байтал энэ мэт нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхээс үзлэг хийхэд, мөн нотлох баримт гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад Кадастрын хэлтсийн мэдээллийн санд Б... аймгийн Б... сумын нутаг дэвсгэрт 2,43 гектар талбай бүхий “Т” нэртэй тусгай хэрэгцээний газар бүртгэлтэй байгаа болох нь нотлогдсон.

Мөн шүүгч А.С-ээс талбайн координатын цэгүүдийг зуруулах хүсэлт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт гаргасны дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2257 тоот албан бичгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 2.43 га талбай болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 251 дүгээр шийдвэрт тусгагдсан буюу “Х...” ХХК-ийн өмнө нь шүүхээр нэхэмжилсэн газрууд давхцалгүй болохыг тодорхойлсон байдаг.

Эндээс үзвэл Кадастрын хэлтсийн мэдээллийн санд нөхөрлөлийн эзэмшлийн талбай бүртгэлтэй. Түүний хил залгаа “Х...” ХХК-ийн талбай бүртгэлтэй, шүүхээр нэхэмжилсэн 73.69 га талбай нь ч өөр байрлалд байгаа болох нь хэрэгт авагдсан фото зураг, баримтуудаар нотлогддог.

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газраас “Н” нөхөрлөл, “Д...” ЗГБХН, “Х...” ХХК-д өгч байсан албан бичгүүдэд Кадастрын бүртгэлийн системд ***-***** кодтой “Т” нэртэй газрыг шүүж үзэхэд Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор “Бичил уурхайн” зориулалтаар 5 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсан болохыг тодорхойлж, энэ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа болохыг тодорхойлсон байдаг.

Эндээс үзвэл “Х...” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр талбайг буцаан олгохдоо Засгийн газрын тогтоолуудыг баримталж хасалт хийсэн атлаа бусдын эзэмшиж, ашиглаж байгаа талбайг тооцолгүйгээр давхцал үүсгэж талбайн хэмжээг олгосон нь маргаан үүсэх үндэслэл бүрдсэн.

Нэгэнт “Д...” ЗГБХН нь “Х...” ХХК-д **-****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай байгаа тул давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт  өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр магадлалаар “Х...” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ “Х...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын тогтоолын дагуу буцаан олгогдох боломжтой хэмжээг Ашигт малтмалын газар тогтоож, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, тус компанийн эзэмшлийн **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг нэхэмжлэгчид буцаан эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаартай магадлалыг биелүүлж “Х...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

Харин Б... аймгийн Б... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор тус сумын “Т” гэх газрын 2,43 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаагаар авч, уг талбайн 1 га газрыг нэхэмжлэгч “Д...” нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар хүлээлгэн өгч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар хүлээлцсэн тухай акт үйлдэж, Б... сумын Засаг даргаас нэхэмжлэгчтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Д...” ЗГБХНөхөрлөлөөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гуравдагч этгээд “Х...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан хэсгээс өөрийн эзэмшиж, ашиглаж буй талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэж заасныг зөрчиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт гуравдагч этгээд “Х...” ХХК-д тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах замаар давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон гэж маргасан байна.

Нэхэмжлэгчээс уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэн маргасан байхад анхан шатны шүүх “маргаан бүхий актаар “Х...” ХХК-ийн ашигт малтмалын **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайн болон зураг зүйн бүртгэл, өөрчлөлтийг шууд хийгээгүй ... харин шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл хийхийг доод албан тушаалтандаа үүрэг болгосон, ... бүртгэл нь дээд шатны албан тушаалтны үүргийг биелүүлж гаргасан тусдаа үйлдэл буюу захиргааны акт” гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгчээс зураг зүйн бүртгэл хариуцсан ажилтны уг шинэ акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ тохиолдолд маргаан бүхий актаар “... хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж” шийдвэрлэсэн байна. Харин уг актыг холбогдох ажилтан ажил үүргийн  хуваарийн дагуу эрхлэн гүйцэтгэснийг тусдаа захиргааны акт гэж үзэхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаж, хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн талбай давхцалтай эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2257 тоот албан бичигт тус хоёр талбай давхцалгүй гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн талбай давхцалтай эсэх нь хэрэгт авагдсан баримтаас шууд тодорхойлогдохгүй байна. Ашигт малтмалын газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шийдвэрт дурдсанаас өөр газрыг гуравдагч этгээдэд олгосноор нэхэмжлэгчийн газартай давхцах, улмаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичгээр шууд давхцалгүй мэт харагдах нөхцөлийг үүсгэсэн гэж нэхэмжлэгч тал маргаж байхад нэхэмжлэгчийн маргаж буй уг үндэслэлд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргаж буй энэ үндэслэлийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор буцаан эзэмших боломжтой 73,69 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулахаар маргаж, уг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх уг талбайг энэ хэмжээгээр нь “Х...” ХХК-д буцаан ашиглуулахыг даалгаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхээс “Х...” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй буюу усны хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсгийг тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах замаар “Х...” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргаж “Х...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулахдаа шүүхийн шийдвэрээр маргаагүй буюу өмнө эзэмшиж байгаагүй газарт нь газар олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхацсан гэж нэхэмжлэгч талаас маргаж байхад анхан шатны шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг шалгаж шийдвэрлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг шалгаж, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, мэдээллийн санд бүртгэлтэй газартай давхцалгүй эсэхийг тодруулж, гуравдагч этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ