| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 221/2023/0090/з |
| Дугаар | 001/ХТ2024/0133 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2024/0133
“Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/0033 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Т.Б, А.Б нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, тус хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ..., дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах”.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“... хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг баталсан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
2.2. ... Уг хууль зөрчсөн заалтаас болж бид одоог хүртэл тусгай зөвшөөрөл авч чадахгүй, манай компанийн үйл ажиллагаа болон биднээр үйлчлүүлж буй нийт хэрэглэгчид, оршин суугчид хохирч байна. ... Манай компани дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авч чадахгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, хэрэглэгчдийн халаалт, дулаан доголдох, тасалдах зэрэг нийт хэрэглэгчдийн болон манай компанийн нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа ... ” гэв.
3.Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбартаа: “... /Маргаан бүхий заалт нь/ Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 21 дүгээр 21.2.3-д заасантай нийцэж байгаа. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж үүнтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгдөг бөгөөд үүний нэг нь эрчим хүчний хэмжээ, чанарын үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтэд эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх үзүүлэлт хамаарч байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу оруулсан заалт юм.” гэжээ.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1.“Д...” ХХК нь “Ц...” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, “Ц...” ХХК-нд олгогдсон байсан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, “Д...” ХХК өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл авах талаар Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлтээ гаргасан, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 4/706 тоот албан бичгээр “... Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй. “Ц...” ХХК-д олгогдсон байсан тусгай зөвшөөрлийг танай компанид шилжүүлэх эрх зүйн зохицуулалт холбогдох хууль, дүрэм журамд тусгагдаагүй талаар өмнө нь танай компанид 2023 оны 6/545 тоот албан бичгээр хүргүүлсэн. ... тус хорооны 2019 оны 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой” гэсэн хариу өгчээ.
4.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм” баталсан, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 тоот тогтоолоор уг дүрмийг шинэчлэн баталсан, уг “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ... дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж заасан байна.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж заасан заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.1.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.1.1.“ Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6-1/32 дугаар албан бичгээр “... Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 181 дүгээр тогтоол нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 725 дугаар тогтоолоор хүчингүй болсон” нь тогтоогдсон, нэгэнт уг тогтоол эрх зүйн үйлчлэлгүй болсон болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх шаардлага үүсэхгүй, уг актын үйлчлэлтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх болон сэргээгдэх тухай ойлголт байх боломжгүй тул Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй.
5.1.2./иймд/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
5.1.3. ... Эрчим хүчний тухай /хуульд/ зааснаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хороо нь уг хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байхаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох эрх бүхий этгээд байна. Гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан байх тул тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт гаргах боломжгүй байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 3, 4, 14, 14.27, 14.28-д зааснаас үзвэл дулаан түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл олгох асуудал нь тухайлсан хуулиар зохицуулагдсан буюу Зөвшөөрлийн тухай хууль үйлчлэхгүй байх харилцаанд хамаарахгүй байна.
5.1.4. ... Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ..., дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж тусгай зөвшөөрөл олгох эсэхэд хязгаарлалт болохуйц нөхцөл шаардлагыг тогтоож, журамласан нь Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалт болон Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн шаардлагад нийцээгүй.” гэх агуулгаар дүгнэсэн байна.
6.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Т.Б нар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
6.1.“... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчингүй болгосон заалт 1. Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, 2. Дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй 3. Дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн гэсэн гурван агуулгыг илэрхийлж байгаа. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай” нэхэмжлэлд “... ЭХЗХ-ны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1.12-т заасан “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гк/цагаас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.
6.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 725 тоот тогтоол гаргаад Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм батлаад үүний 5.1.12-т дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16.1-д заасан заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гк/цагаас багагүй байна гэсэн заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар маргаж байгаа” гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1321 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар хуудсанд “Шүүгч А.С: Нэхэмжлэгч талаас асууя. Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа хэлнэ үү гэхэд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О: Хариуцагч байгууллагын 2019 оны 181 дүгээр Дүрэм батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуй эрхлэгчдийн дүрмийн 5.2.12-т заасан 20 г/к цагаас багагүй байх заалт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 5.1.12-т заасан 20 г/к цагтай холбоотой заалтыг хүчингүй болгуулах гэв” гэжээ.
6.3.Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлд “Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д нийцсэн” гэсэн хэсэг байхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн” гэсэн хэсэг байхгүй, энэ хоёр агуулгын талаар нэхэмжлэгч тал маргаагүй /энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа./ байхад шүүх энэ хоёр агуулгыг хамтатган авч үзэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн.
6.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт буюу “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана” Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэсэн заалтуудыг баримтлан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/цагаас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 5.1.12 дахь заалтад “сунгах” үйл ажиллагаатай холбоотой агуулга байхгүй байхад ЭХТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй.
6.5.Маргаан бүхий 5.1.12 дахь заалт нь Тав. Тусгай зөвшөөрлийн нөхцөл гээд мөн зүйлийн 5.1-д “ЭХтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1-12.11, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23-14.33 дахь заалтын дагуу үйл ажиллагаа эрхлэх шинээр хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран дараах нөхцөлүүдийг хангасан байна” гээд 5.1.12-т заалтыг оруулсан байгаа. Үүнээс үзвэл маргаан бүхий энэ заалт нь тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хангавал зохих, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1, 3.3-т заасан зөвшөөрөлд тавигдах нийтлэг болон тусгайлсан нөхцөлийн нэг юм.
6.6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2024/0033 дугаартай шийдвэрт “Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тохиолдолд уг журмыг үндэслэн шийдвэрлэж хэвшсэн, хүсэлт гаргагч нь журмын хавсралтад заасан баримт бичгийн бүрдлийг хангах үүрэгтэй, хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол хүсэлтийг буцааж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй заалтын “дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэх хэсэг нь хэм хэмжээний актын бүрдэл хэсгийн хувьд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар (тусгай зөвшөөрөл олгох болон олгохгүй байх)-ыг үүсгэсэн байна. гэж үзсэн нь хууль тогтоомжийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа “дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалт нь үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээдэд хамааралтай бөгөөд тусгай зөвшөөрлийнхөө төрлөөс хамааран бүрдүүлбэл зохих нөхцөлүүдийн нэг нь юм.
6.7.Иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахдаа ямар нөхцөл, шаардлагыг хангасан байхыг Зөвшөөрлийн тухай хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг боловсруулж баталсан.
6.8.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана”, 3.1. зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг 3.3. хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг гэж, Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн... 14.28, ...14.32, ... дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл авахад эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана”. Мөн зүйлийн 21.2.3-т үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт” гэж заасан байгаа бөгөөд “дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн тусгайлан заасан нөхцөл нь эрчим хүчний хэмжээнд хамаарч байгаа бөгөөд зөвшөөрөл хүсэгч нь энэ нөхцөлийг буюу хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/цагаас багагүй хэмжээнд хүрсэн, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгүүлсэн байх нөхцөлийг хангасан тохиолдолд зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой болж байгаа юм.
6.9.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.19-д “тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох” гэсэн заалтын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж дээрх заалтыг хэм хэмжээний актад оруулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх заалтыг тусгай зөвшөөрөл олгох болон олгохгүй байхыг үүсгэсэн байна гэж дүгнэсэн нь дээрх хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна” гээд энгийн болон тусгай зөвшөөрөл гэж 2 ангилсан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно.” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл гэдэг ойлголт нь энгийн зөвшөөрлөөс ялгаатай байх бөгөөд тусгай зөвшөөрлийг олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар нь тусгай болзол, шаардлагыг хангасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг учраас нөхцөл, шаардлага нь маш нарийн, тусгай болзол шаардлагыг тавьж уг нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээд нь эрхлэн явуулахыг шаарддаг.
6.10.Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хамт ирүүлэхийг шаардсан нөхцөл, шаардлага нь хуульд нийцсэн бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, тусгай нөхцөл, шаардлагыг хангахыг зохицуулсан хэм хэмжээний актын 5.1.12 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.11.Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлсэн, нийтээр дагаж мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаагийн үр дагавар нь цаашид хууль хэрэглээний хувьд буруу жишиг тогтох, тусгай зөвшөөрлийг эрхлэх үйл ажиллагааны онцлогт тааруулсан нөхцөл, шаардлагыг үгүйсгэж нийтийн эрх ашигт ноцтой хохирол үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон тусгай нөхцөлийг хангуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг бүрдүүлснээр хүссэн болгон нь тусгай зөвшөөрөл авах боломжийг бий болгох юм.
6.12.Өөрөөр хэлбэл энэхүү хэм хэмжээний актын 5.1.12 дахь заалт нь тусгай зөвшөөрөл хүсэгчийн хангавал зохих нөхцөлийг тодорхойлж уг харилцааг зохицуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь заалтыг зөрчөөгүй болно.
6.13.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн “... Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох эрхтэй этгээд мөн боловч энэхүү эрх хэмжээг хэм хэмжээний акт гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлтийн тухайд: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.11-т “аж ахуйн харилцааны дүрэм батлах”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-т “аж ахуйн харилцааны дүрэм" гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг” гэснээс үзэхэд Эрчим хүчний зохицуулах хороонд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг батлах эрхийг хуулиар тусгайлан олгосон бөгөөд энэ эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
6.14.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/0033 дугаартай шийдвэрт “... Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан нөхцөл, шаардлагыг баталж, манайхаас шаардаж, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаагаас үүдэн нийт хэрэглэгч, оршин суугчид хохирч байна” гэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудсанд байгаа, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарт "Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэхдээ захиргааны хэм хэмжээний акт тогтоож мөрдөж ажиллахыг хориглоно гэж заасныг зөрчөөд манайд олгож өгөөгүй. Олгохгүй гэсэн бичигтэйгээ хамт хариуцан ажиллаж байсан 3000 гаруй хэрэглэгчдийг дулаан, халуун усаар хангахыг салгаад Орон сууц нийтийн аж ахуйн газарт харьяалуулахыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан тоотоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг хүндлээд орон сууцны байруудаа удирдах газарт хуваагаад өгсөн” гэсэнтэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл оршин суугчид хохирсон асуудал байхгүй байгаа гэдгээ нэхэмжлэгч өөрөө хэлээд байхад шүүх хохирч байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн, түүнтэй зөрчилдсөн дүгнэлтийг хийсэн байна.
6.15.Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О “... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигдах шаардлага, түүнийг бүртгэх гэж байгаа бөгөөд Зөвшөөрлийн хуулиа зөрчөөд тусгай зөвшөөрлийн харилцааг энэ журмаар зохицуулж эхэлсэн. 3 дугаар бүлэгт сонгон шалгаруулалттай холбоотой харилцааг зохицуулсан. Дүрмийн 4, 5, 6 бол болж байна... Дүрмийн зарим заалтыг болж байна гэж үзэж байгаа” гэж тайлбарлаад байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6.16.Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг удирдлага болгожээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэм хэмжээний актыг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох” гэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.
6.17.Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн хоёрдугаар заалтад “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хүчингүй болгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т "Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана." гэсэн заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон нь шийдвэр хууль ёсны бус, үндэслэлгүй байна.
6.18.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2024 оны 06 дугаар сарын 20-нд “Д...” ХХК-ийн “ЭХЗХ-ны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан ТЗХЗААХД-ийн 5.2.12 дахь заалтад заасан 20 Гкал.ц-аас багагүй байх гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хүсэлтээ шийдвэрлүүлэхээр дахин хандахад шүүх хүлээж аваагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “... нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
6.19.“Д...” ХХК нь аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол “Т...” ХХК-ийн дээрх дүрмийн 5, 6 дугаар зүйлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа /одоо энэ хэрэг Н.Хонинхүү шүүгч дээр байгаа/, өөрөөр хэлбэл “Д...” ХХК нь аж ахуйн харилцааны дүрмийн заалтыг нь хүчингүй болгуулах, “Т...” ХХК нь зүйлээр нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байгаа. Хүсэлтийг шийдвэрлэхгүй байсны улмаас энэ хоёр хэргийг нэгтгэх, эсвэл аль нэг хэргийг нь түдгэлзүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах боломжийг хязгаарласан болно.
6.20.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШЗ2024/0957 дугаар захирамжаар “Т...” ХХК-ийн ЭХЗХ-ны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5, 6 дугаар бүлгийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /энэ хэргийг шүүгч Тунгалагсайхан шийдвэрлэсэн/. Уг шүүгчийн захирамжтай холбоотойгоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2024/0439 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд хүсэлтийг өгсөн даруйд шийдвэрлэснийг илтгэж байгаа юм.
6.21.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ТМ2024/1321 дугаар тэмдэглэлд шүүх хуралдааны явцыг бүрэн гүйцэд бичээгүй, орхигдуулсан хэсэг маш их байсан тул шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар хүсэлт гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 221/Ш32024/2057 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас даргалагч шүүгч Н.Х-ийн шүүх хуралдааныг хэрхэн удирдан явуулсан талаарх нотлох баримтыг үндэслэх боломжгүй болсон юм.
6.22.Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхгүй байгаа нь хэргийн оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл байсан бөгөөд энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчмыг баримтлаагүйг илтгэж байна.
6.23.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/0033 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн хоёрдугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
7.Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
9.Нэхэмжлэгч “Д...” ХХК “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, тус хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1.12-т заасан “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ..., дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
9.1.Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.
9.2.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх журмыг тус тусад нь хуульчилсан, эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудын агуулга, эрх зүйн үр дагавар өөр тул нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлүүдийг тодруулж, зөв тодорхойлж, хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
10.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан, энэхүү маргааны тохиолдолд Эрчим хүчний тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль хоорондоо зөрчилдсөн, өрсөлдөх хэм хэмжээг хэрхэн тайлбарлан хэрэглэхтэй холбоотой дүгнэлтийг хийж холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх үүрэгтэй.
10.1.Гэтэл шүүхээс холбогдох дүгнэлтийг хийлгүй, харин “... Эрчим хүчний тухай хуульд зааснаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хороо нь уг хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байхаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох эрх бүхий этгээд байна” гэж дүгнэсэн атлаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан байх тул тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт гаргах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй, шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэм хэмжээний өрсөлдөөнт зохицуулалтыг хууль тайлбарлах арга, аргачлалаар тайлбарлан хэрэглэх шаардлагатай.
11.Мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зарим нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.
11.1.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж тус тус заасныг маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа хариуцагч хэрхэн хангасан талаарх баримтыг цуглуулаагүйгээс маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд санал авсан эсэх, хэлэлцүүлэг хийсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
11.2.Түүнчлэн, маргаан бүхий “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ..., дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэх заалтын “20 Гкал/ц” гэсэн нөхцөл шаардлагыг тогтоосон тооцоо судалгааг хариуцагчаас гаргуулан хэрэгт хавсаргаагүй, хариуцагчаас энэ талаар “хийсэн тооцоо, судалгаа байгаа, шүүхээс шаардаагүй” гэх агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгааг дурдах нь зүйтэй.
12.Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ