Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 139

 

 М.О, Д.Б нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлалтай, М.О, Д.Б нарт холбогдох 201401060151 дугаартай хэргийг шүүгдэгч М.О-ийн гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял,

2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Г овогт М-ийн О нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,   

2.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, 2006 оны 1 дүгээр сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

2006 оны 7 дугаар сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн

2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 1 жил  3 сар 7 хоногийн хорих ялаас өршөөгдсөн,

2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Ш овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.О-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж үйлдэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж үйлдэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн М.О-ийн ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар М.О-г 100.000 төгрөг хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгя М.О-ээс 15.696.500 төгрөгийг гаргуулж, хохирогч У.М-д 12.946.500 төгрөг, С.Б-д 1.250.000 төгрөг, Р.Д-д 1.500.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 2.750.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д 1.250.000 төгрөг, Р.Д-д 1.500.000  төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийн цагдан хоригдсон 582 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Б 559 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Харанхуй шөнө бэлчээрт яваа 40-д тооны адууг ганцаараа хулгайлах боломжтой. Энэ хэрэгт Д.Б нь хамтран оролцож машинаар үйлчилж, морь барилцаж өгөөд замын дундаас араас чинь очно гээд буцсан. Маргааш нь Э гэх залуутай хамт ирээд буцахдаа хэдэн адуу нядалж аваад буцна гээд машиныхаа суудлыг янзалж, хутга, сүх дээл хувцас авчирсан байсан. 18-ны гарам гэх газраас Э адуу тууж, Д.Б бид хоёр машинд сууж явсан. Бид хоёр хэсэг явж байгаад хүлээгээд зогсох байхад Э харахгүй өнгөрч яваад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаад баригдсан байсан. Тэнд 3 хоноод сэжигтэй зүйл байхгүй байна гээд бидэнд адууг буцааж өгсөн. Тухайн үед цагдаа адуунууд болон машин, хутганы зургийг авсан. Үүний дараа Д.Б чи арыг даагаарай гээд намайг хээр хаяад явсан. Би Ц.Б гэдэг хүнд учир байдлаа хэлээд адуугаа үлдээгээд хот руу орж ирсэн. Үүнээс хойш эргэж очоогүй. Гэтэл нэг өдөр Ц.Б утсаар яриад “..адуунуудыг эзэн нь ирээд авч байна. Би хэдэн адууг хэрэглэсэн балрах гээд байна чамайг явсан гэж хэлий, хохирол төлбөрийг барагдуулна” гэж хэлэхээр нь тэгье гэж хэлсэн. Энэ талаар анхан болон давж шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч анхаараагүй. Б.Одсүрэн, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг тул 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйилийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Э-с нэг ч удаа мэдүүлэг аваагүй тул мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Энэ хэрэгт оролцсон хүмүүсээс хохирол төлбөрийг адилхан гаргуулах ёстой. Эдгээр хүмүүс хохирлыг төлж өгнө гэж надаар хэргээ даалгуулчхаад өөрсдөө цэвэр үлдэж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч энэ гомдлоо өмнө нь давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд үүнд шүүх үндэслэл бүхий няцаалтыг хийсэн. М.О, Д.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч М.О нь давтан үйлдлээр 2013 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө хохирогч У.М-ийн 40 тооны адууг хулгайлж, бусдад 47.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар Д.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хохирогч С.Б, Н.З, Р.Д нарын 5 тооны үхрийг хулгайлж, 12.000.0000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь давтан үйлдлээр 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр М.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хохирогч С.Б, Н.З, Р.Д нарын 5 тооны үхрийг хулгайлж, 12.000.0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч У.М, С.Б, Н.З, Р.Д, гэрч И.Б, А.Э, О.Д, М.Э, Д.Э нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, М.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч М.О-д 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн түүний ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол,  магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт “...анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” гэж тус тус заасан бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч М.О-ийн “...Энэ хэрэгт Д.Б, Э, Б.О, Ц.Б нарыг шалгах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.О-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР