| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/03394/И |
| Дугаар | 210/МА2025/00971 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00971
*******СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03133 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
******* дугаар орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 3,024,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Тус орцны хонгилын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******СӨХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ******* дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг.
1.2. Хариуцагч ******* нь тус СӨХ-ны эрхлэн хариуцах ******* дугаар орцны хонгилыг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж, ашиглуулан ашиг олсоор өнөөдрийг хүрсэн. Түүний хувьд СӨХ-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ны зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоодог.
1.3. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусдад төлбөртэйгөөр ашиглуулан ашиг олж, бусад өмчлөгч, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
1.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Нийслэлийн ******* ******* дугаар орцны хонгилыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.
1.5. Мөн хариуцагч ******* нь ******* дугаар орцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 60 м.кв талбайтай хонгилын 2018 оны 11 сараас 2024 оны 11 сар хүртэл (сар бүр 72,000 төгрөг) СӨХ-д төлбөл зохих 73 сарын төлбөр 5,251,700 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч нь Нийслэлийн *******, ******* тоот хаягт байршилтай орон сууцад тус байрыг анх ашиглалтад орсон 1966 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд өмч хувьчлалаар уг орон сууцыг өмчлөлдөө авсан.
2.2. Өмч хувьчлалаар Нийслэлийн *******, ******* орцны хонгил өмчлөгчгүй, эзэнгүй үлдэж, хог новшиндоо дарагдсан, согтуу, тэнэмэл хүмүүс хонож өнждөг, золбин ноход үүрлэсэн хүндхэн байдалтай байсан. Энэ үед манай орцны иргэд, оршин суугч, өмчлөгчид ярилцаад орцны айлууд бүгд хонгилыг авахгүй, эзэмшиж өмчлөхгүй гээд харин манайхыг авч, засаж засварлан эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байдаг юм.
2.3. Энэ хугацаанд хонгилын өрөөнд СӨХ болон конторын хүмүүс чөлөөтэй нэвтрэн орж, ус, дулаан, цахилгааны узель зэргийг чөлөөтэй шалгаж, ажлаа хийцгээдэг. СӨХ-ны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, орон сууцны барилга болон орчны даацыг хэтрүүлсэн, тухайн хонгилын өрөөнд хүн нас барсан, бусдынхаа эрх ашиг сонирхлыг ноцтой хохироосон зүйл байхгүй.
2.4. Хонгилын өрөөг эзэмшиж, ашиглаж байхдаа СӨХ-той гэрээ байгуулж, төлбөр төлж ирсэн бөгөөд төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж байна. Маргаан бүхий хонгилын өрөөний өмчлөгч нь *******СӨХ биш ба харин би маргаан бүхий хонгилын өрөөг эзэнгүй байхад нь шударга аргаар олж аван, засан сайжруулж, өнөөдрийг хүртэлх хугацаанд шударгаар эзэмшиж, арчлан хамгаалж байгаа болно.
2.5. Түүнчлэн СӨХ-ны төлбөрийг тухайн нэхэмжлэлийг гаргахаас өмнө бүрэн төлсөн байсан ба нэхэмжлэгч талаас төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Маргаан бүхий хонгилын өрөөг хариуцагч эзэнгүй байхад нь бусад оршин суугчдын зөвшөөрлөөр шударгаар олж аван, засан сайжруулж, өнөөдрийг хүртэлх хугацаанд шударгаар эзэмшиж, арчлан хамгаалж, эрхлэн удирдаж байгаа тул тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм.
3.2. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн иргэн Очир овогтой Атарцэцэг намайг Нийслэлийн *******, ******* орцны хонгилын өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулга:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн ... доод хонгил ... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө ... орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд... зэрэг эд хөрөнгө гэж заасны дагуу уг маргаан бүхий хонгил нь нэхэмжлэгч *******СӨХ-ны эзэмшилд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө тул хэн нэг иргэнийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 142 дугаар зүйлийн 142.2, 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Нийслэлийн *******, ******* дугаар орцны хонгил-ыг чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх маргаан бүхий эд хөрөнгийн дундын ашиглалт засвар үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч *******ийн тус хонгилын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 132,334 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Харицагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа үндэслэлээ ... оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтад хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж, улмаар нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна ... гэсэн агуулгаар тодорхойлсон байдаг.
6.2. Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэл болгож буй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан Орон сууцны доод хонгил, шатны хонгил чөлөөлүүлэх тухай *******СӨХ-ны мэдэгдэлд 2024 оны 12 сарын 20-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан, тус хуралдаанаар СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө буюу *******дугаар байрны доод хонгил, шатны хонгилыг хууль ёсоор зохих журмын дагуу ашиглаж, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллахаар тогтсон гэж тусгасан. Гэвч мэдэгдэлд дурдсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй буюу ийм үйл баримт болсон эсэх нь тодорхойгүй байдаг.
6.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж зааж өгсөн. Үүнээс үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан тохиолдолд тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэж байж тухайн хурал хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан гэх үйл баримтыг нотолж чадаагүй тул хариуцагчийн үйлдлийн улмаас оршин сууц өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн эсэхийг тодорхойлох боломжгүй ба ийм үйл баримт бодит байдал дээр огт байхгүй болно.
6.4. Нэхэмжлэгч *******СӨХ нь хариуцагчийг 2008 оноос эхлэн маргаан бүхий орцны хонгилыг эзэмшиж, ашиглаж, өмчилж байсныг мэддэг, үүнтэй огт маргадаггүй. Улмаар 2012 оны 04 сарын 04-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г хариуцагчийн нөхөр болох иргэн *******тай байгуулсан. Хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэгч талаас тус гэрээний талаар мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг боловч гэрээний агуулга маргаан бүхий орцны хонгилыг ашиглах тухай байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орцны хонгилыг ******* өмчилж, эзэмшиж, ашиглаж байгааг нэхэмжлэгч тал аль хэдийн мэдэж байсан хэдий ч 2012 оноос хойш нэг ч удаа хариуцагчаас орцны хонгилыг чөлөөлөхийг шаардаж байгаагүй. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
6.5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна Мөн хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тус тус заасан ба нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй байсан. Анхан шатны шүүх уг хэсэг дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүйд үүнийг авч үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.6. Маргаан бүхий орцны хонгил нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Орон сууцны бүртгэл нь тухайн орон сууцны байшин дахь сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлээс бүрдэхээр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааж өгсөн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.4-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл гэж заасны дагуу орон сууцны бүртгэлдээ дундын өмчлөлийн эд хөрөнгийг тусгаж өгөх ёстой байна.
6.7. *******СӨХ-ны дүрмийн 4.1-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэхдээ дундын өмчлөлд хамрагдах эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалтыг холбоо, тухайн орон сууцны байрыг эзэмшиж байсан байгууллага хамтран гаргаж хүлээлцэхээр зааж өгсөн. Гэвч хавтаст хэрэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалт авагдаагүй атал маргаан бүхий орцны хонгилыг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна.
6.8. Хариуцагч маргаан бүхий орцны хонгилын өрөөг цэвэрлэж, засаж сайжруулж, тохижуулсан гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй. Тухайн үед орцны оршин суугчид хариуцагчийн өмчлөлд орцны хонгилыг шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ нь 2024 оны 12 сарын 05-ны өдрийн гар бичмэлээр илэрхий нотлогддог. Гэтэл шүүх тус баримтыг үнэлж дүгнээгүйд маш их гомдолтой байна.
6.9. Мөн хариуцагчийн зүгээс тухайн орцны хонгилыг шилжүүлж авснаас хойш өдийг хүртэл засаж сайжруулж, хонгилын өрөөний шугамд гэмтэл гарахад хариуцагч нь гэмтлийг засварлуулж холбогдох зардлаа гаргасаар ирсэн. Хариуцагчаас тухайн маргаан бүхий хонгилын өрөөг засаж сайжруулахад тодорхой хэмжээний зардал гаргасан гэдэг нь үйл баримтаар нотлогдож байхад энэ талаарх дүгнэлтийг шүүх авч үзээгүйд гомдолтой байна.
6.10. Тус шүүхээс 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16471 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шударгаар эзэмшигчээр тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах, зардал 20,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаар ихэсгэж байгааг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.дүгнэсэн. Гэвч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахгүй байгаа үндэслэлийн талаар огт тайлбарлаагүй, тодорхойгүй үлдсэнд гомдолтой байна. Энэ нь хариуцагчийн шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гаргах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна.
6.11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээр нэг бүрчлэн дурдсан үндэслэл бүрийг хянан үзэж, мөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан ******* дугаар орцны хонгилыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 3,024,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь тус орцны хонгилын өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. *******СӨХ нь *******ны *******дугаар байрны оршин суугчдын хурлаас байгуулагдаж, уг орон сууцуудад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
*******, ******* дугаар орцны хонгилыг ******* нь 2000 оноос хойш хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд хөлслүүлэн эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргаагүй.
4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул *******, ******* дугаар орцны хонгил нь *******СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлд хамаарна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******СӨХ нь орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарахгүй сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
5. Хариуцагч нь ... *******, ******* байрны нийт оршин суугчид эзэмшүүлсэн ... гэсэн тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус нийцэхгүй байна.
Хариуцагч ******* нь *******, ******* дугаар орцны хонгилыг эзэмших, өмчлөх талаар эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэр гараагүй, мөн орон сууцны байшингийн доод хонгил нь хуульд нэрлэн заасан дундын өмчлөлийн зүйлд хамаарах тул оршин суугчид хариу төлбөргүйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхгүй тул *******ийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
*******СӨХ-нд ашиглалтын төлбөр төлж байсан нь хуульд заасан эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрийг төлсөн үйл баримтыг нотлохоос бус, харин түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй.
6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. Анхан шатны шүүх хариуцагч *******ийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт нийцжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар *******, ******* дугаар орцны хонгил нь эзэнгүй хөрөнгөд хамаарахгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшсэн хугацаанаас хамаарч өмчлөх эрх үүсэхгүй.
6.2. *******СӨХ нь орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарахгүй сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
6.3. *******, ******* байрны оршин суугчдын ******* дугаар орцны доод хонгилыг *******ийн өмчлөлд шилжүүлэх тухай 2024 оны 12 сарын 05-ны өдрийг гар бичмэл баримтыг үндэслэн бусдын дангаар өмчлөх хөрөнгөд шилжүүлэх нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт нийцэхгүй тул уг баримтыг үнэлээгүй талаар гомдол үндэслэлгүй.
6.4. Хариуцагч нь 2025 оны 04 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ... уг хонгилын шударга эзэмшигчээр тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын гэрээг *******тэй байгуулахыг *******СӨХ-д даалгах, уг хонгилыг засан сайжруулахад гарсан зардал 20,000,000 төгрөг гаргуулах тухай ... гэж тодорхойлж нэмэгдүүлсэн байна.
Анхан шатны шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР