| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0586/Э |
| Дугаар | 621 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 621
2019 08 08 2019/ШЦТ/621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Анармөнх ,
шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Төмөрхүүгийн Наранбаярт холбогдох эрүүгийн 1911015160797 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9-295 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Төмөрхүүгийн Н. /./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” нэртэй бааранд Б.Мөнхнасангийн нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан түүний биед учирсан хохирлыг санаатай учруулаагүй учир нь дижей найздаа тунирхаад түүний ус уудаг шилэн өндөр стаканыг тайз руу савах гэж байгаад хамгаалагчийн онож гэмтээсэн. Түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх /хх-ийн 16-17х/,
Хохирогч Б.Мөнхнасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... Наранбаяр гэх хүн агсам тавиад байхаар нь боль гэж шаардлага тавиад эхний удаа явсан. Тэгээд гарчихаад буцаад ороод ирсэн чинь дахиад дижэйн хажуу буюу тайзан дээр гараад зогсож байхаар нь дөхөөд очсон чинь үгийн зөрүүгүй шилэн аяга аваад миний баруун нүдний доод хэсэгт нэг удаа цохиод авсан юм. Яагаад тухайн шилэн аягаар цохисныг мэдэхгүй байна. Миний баруун нүдний доод хэсэг сэтэрсэн, хамар хөндүүртэй байна..” гэх /хх-ийн 09х/,
Гэрч Б.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллааны үед өгсөн: “...Мөнхнасанг манайхаар байнга ганцаараа үйлчлүүлдэг Наранбаяр гэх залуу шилэн аягаар цохиод нүдний баруун доод хэсгээс нь цус гарчихсан...” гэх /хх-ийн 14-15х/,
Гэрч А.Тэгшсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхнасан баруун нүдээ ариун цэврийн цаасаар дарчихсан хүрч ирээд миний нүд хавдаад нүдээ нээж болохгүй байна, дотор нь шил орчихсон байж магадгүй нүд аймар өвдөөд байна гээд байсан. Наранбаяр нь ус уух гэж байсан шилэн өндөр стаканаар шууд нүүр рүү нь цохьчихсон гэж хэлсэн, ямар учраас цохьсонг мэдэхгүй байна гэж хэлсэн, тэгээд бид нар цагдаа болон түргэн дуудсан, цагдаа нарыг ирэхэд Наранбаяр нь зугтчихсан байсан...” гэх /хх-ийн 18-19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6144 дугаартай
Б.Мөнхнасангийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Т.Н.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД