Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01017

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/03244 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 68,845,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан зээлийн төлбөрт 41,518,000 төгрөг, хүүд 6,568,640 төгрөг, алдангид 20,759,000 төгрөг, нийт 68,845,640 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. ******* болон ******* нарын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан.

1.2. Тус гэрээгээр 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй 41,518,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч хариуцагч нь зээлийн хүү, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний хугацаанд *******гийн ХААН банкны ******* тоот дансанд ******* нь өөрийнхөө ХААН банкны ******* тоот данснаас 5 удаагийн үйлдлээр 13,360,000 төгрөгийг шилжүүлснийг хүүгийн төлбөрт тооцсон. Зээлийн гэрээний 3.7-д талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувь байхаар алданги төлөхөөр тохирсон.

1.3. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс алданги тооцоход 392 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд алданги нь 32,550,112 төгрөг болсон учир хуульд заасантай нийцүүлэн 20,759,000 төгрөгөөр тооцон 68,845,640 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хэрэгт 2019 оны 05 сарын 10-ны өдрийн бүртгэлийн 1138 дугаартай Зээлийн гэрээ авагдсан байдаг бөгөөд уг гэрээний 3.4-д зээл олгох хэлбэр, хугацааг бэлнээр, 2019 оны 05 сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь 41,518,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч гэрээний зүйл болох 41,518,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт байхгүй буюу мөнгийг шилжүүлж өгөөгүй.

2.2. Зээлийн гэрээний 6.1-д зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох нөхцөлөө тусгасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй учраас талууд гарын үсэг зурсан бүртгэлийн 1138 дугаар бүхий Зээлийн гэрээний 6 дугаар зүйл болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй.

2.3. Иймээс зээлийн гэрээнд заасан 41,518,000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Талуудын хооронд байгуулагдсан 1138 дугаартай Зээлийн гэрээний 3.4, 6.1-д заасны дагуу талуудын хооронд мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй учраас зээлийн гэрээ байгуулагдаагүй.

3.2. Иймд хариуцагч *******аас нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн 13,360,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Тодруулж хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч нь нэхэмжлэгч *******д өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Мөн хууль зөрчиж бичгээр хийсэн хэлцэл нь үндэслэлгүй гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2019 оны 05 сарын 10-ны өдөр мөнгө хүлээн аваагүй гэдэг үндэслэлээр тайлбарладаг. Гэтэл зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний мөнгийг зээл, зээлийн төлбөр, уучлаарай гэсэн агуулгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг.

4.2. Иргэний хуульд хүсэлт зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэдэг зарчим үйлчилдэг.

Тийм учраас хариуцагч талын тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******ааc 68,845,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******гаас 13,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,180 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 502,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-д ... талуудын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний зээлдүүлэгч тал мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ ... хэмээн дүгнэж, үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай байна.

6.2. Тус иргэний хэргийн маргааны гол зүйл бол 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх буюу нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний дагуу *******д 41,518,000 төгрөгийг олгосон эсэх тухай асуудал байсан.

6.3. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.2-т ... Зээлийн хэмжээ: 41,518,000 төгрөг ..., 3.4-т ... Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр, 2019.05.10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө ... 6.1-д ... Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно ..., мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ... Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ... гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ******* гэрээнд заасан 41,518,000 төгрөгийг хариуцагч *******д огт олгоогүй тул зээлийн гэрээний 6.1-д заасны дагуу тус гэрээ бодитоор байгуулагдаагүй байдаг.

6.4. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тохиролцооны агуулга, зээлийн гэрээ байгуулагдах нийтлэг нөхцөлийг анхаарч үзээгүйн зэрэгцээ тус хэргийн маргааны зүйл болсон зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдлыг тогтоохдоо зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтыг буруу үнэлсэн ... зэрэг алдааг гаргасан болно.

6.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-д ... талуудын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний зээлдүүлэгч тал мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ ... хэмээн дүгнэлт хийхдээ 2020 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд харилцсан цахим захидлууд, телеграмм мессежнүүд болон нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

6.6. Гэтэл тухайн цахим захидлууд болон телеграмм мессежинд *******гаас 41,518,000 төгрөгийг *******д олгосон эсэх, тийм бол хэзээ, хаана, ямар хэлбэрээр олгосон эсэх буюу мөнгийг бодитоор түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болохыг нотолсон аливаа үйл баримт байгаагүй, мөнгө хүлээлгэж өгөөгүй тул байх ч боломжгүй юм.

6.7. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ... хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч *******гаас зээлийн мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай баримт авагдаагүй, ийм баримт үйлдээгүй тухай нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч хариуцагч *******аас нэхэмжлэгч *******д нийт 13,360,000 төгрөгийг төлсөн тухай нэхэмжлэгчийн дансны хуулга ... хэмээн дурдаж, үүндээ үндэслэж зээлийн 41,518,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсонд гомдолтой байна.

6.8. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргийн зарчмыг буруу хуваарилснаас талуудын маргааны зүйлийн үр дагаврыг буруу, үндэслэлгүй тодорхойлсон. Тодруулбал зээлийн гэрээний маргаанд зээлдүүлэгч нь гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй байтал анхан шатны шүүх дансны хуулга, мессенжер чатны үзлэгийн тэмдэглэлийг л үндэслэж зээлийн мөнгийг олгосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

6.9. Зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд зээлдүүлэгч гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч мөнгө шилжүүлснээ нотлоогүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж байгаад гомдолтой байна.

6.10. Тус иргэний хэргийг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 210/МА2023/00194 дугаар магадлалаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Уг магадлалын Хянавал хэсгийн 3.б-д ... анхан шатны шүүх уг мөнгийг аваагүй гэдгээ хариуцагч нотлоогүй гэж дүгнэн нотолгооны үүргийг буруу хуваарилсан байна ... гэж дүгнэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хариуцагчид бэлнээр шилжүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, гэрээнд заасан 41,518,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн үйл баримт байхгүй тул энэ нь хэрэгт авагдсан ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдохгүй.

6.11. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч ******* нэхэмжлэгч *******д 13,360,000 төгрөгийг төлсөн тухайд ******* нь *******ээс 2018 оны 03 сарын 30-ны өдөр 31,300,000 төгрөгийг, зээлэхээр тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд энэхүү гэрээний дагуу *******т төлөх зээлийн төлбөрийн түүний хүссэнээр *******гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, *******, *******, ******* нар нь танил, найзууд байсан, хэрэгт авагдсан ******* хаягаас ******* гэсэн хаягтай харыдсан фейсбүүк чат, ******* хаягаас ******* мөнгө гэсэн хаягтай харьцсан телеграмм чатад дурдагдаад буй ******* гэдэг нь ******* болох талаар тайлбарладаг. Тиймээс нэхэмжлэгч талаас иргэн *******ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хоёр ч удаа гаргасан байдаг.

6.12. Дээр дурдсанчлан зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад анхан шатны шүүх материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна процессын хуульд заасан нотлох үүргийн зарчмыг буруу хуваарилж, нотлох баримтыг буруу үнэлсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагч руу мөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэхдээ мөнгө зээлсэн нотлох баримт байхгүй гээд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх боломжгүй. Талууд 2019 оны 05 сард зээлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очсон.

7.2. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлдөө зээлийн төлбөрийг бэлнээр өгнө гэж тохиролцсоны дагуу хариуцагч бэлнээр өгсөн. Хариуцагч тал нотлох баримт байхгүй гэж маргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т нэхэмжлэгчийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон учраас 2020, 2021 онуудад 5 удаагийн үйлдлээр 13,600,000 төгрөгийг хариуцагчаас зээл гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

7.3. Мөн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч тал мөнгөө төлнө гэх хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд хариуцагч уг харилцааг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал нотлогдохгүй байгаа учраас зээлийн харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

7.4. Хариуцагч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө маргаж байгаагүй хэр нь нэхэмжлэл гаргасан нь маргаж эхэлдэг. Мөн ******* хүний зээлийн гэрээг холбож тайлбарладаг. Гэхдээ ******* нь тухайн гэрээнд тусгасан тусдаа данс байдаг. Хэрэв дамжуулж шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол гэрээнд заасан дансанд биш нэхэмжлэгчийн дансанд хийсэн. Мөн нэхэмжлэгчийн дансанд хийсэн бол яагаад *******ийн зээлийн төлбөр гэх агуулгаар хийгээгүй нь ойлгомжгүй.

7.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн шиг нэг зээлийн гэрээгээ өөр зээлийн гэрээ болгосон бол 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд уг харилцаагаа тохиролцоогүй вэ гэх зүйл яригдана. *******ийг гэрчээр асууя гэхэд татгалзаад байдаг шалтгаан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч үзмэрч хүн байсан учраас бэлэн мөнгөтэй, тэр хариуцагчид зээлсэн хэр нь баримт үйлдээгүй. Энгийн иргэд зээлийн гэрээ байгуулахдаа нотариат дээр гэрчлүүлснээ баримт үйлдсэн гэж боддог. Гэрчийн мэдүүлэгт нотариатчийн 20 жилийн туршлагад миний хажууд 2 хүн бэлэн мөнгө өгсөн гэж баримт үйлдсэн гэж хэлдэг. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 68,845,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... ******* гэрээний зүйл болох 41,518,000 төгрөгийг *******д шилжүүлэн өгөөгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, 13,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр 1138 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 2 жилийн хугацаатай, 41,518,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Хариуцагч нь ...2019 оны 05 сарын 10-ны өдөр 1138 дугаар Зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй... гэсэн үндэслэлээр маргасан.

 

5.1. Анхан шатны шүүх талуудын харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг удаа дараа шаардаж байсан, харин хариуцагч нь ... дүү нь Эрдэнэт ороод явсан юм ажил их ийшээ тийшээ явна бас хэдэн төгрөг бүтээчих санаатай явж байлаа., ******* нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр 1138 дугаар Зээлийн гэрээ-г илгээж, хугацааг сунгах шаардлагатай тухай бичихэд *******: эмнэлэгт гаднаас хүн эргэлт огт болохгүй гэсэн яах уу за болох байх аа ... гэх зэргээр зээлийн гэрээний үүргийн төлөхийг зөвшөөрсөн агуулгатай цахим зурвас бичиж байсан, мөн хариуцагч ******* нь ... *******гоос зээл,. *******гоос уучлаарай ... гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 13,360,000 төгрөг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үндэслэн ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг *******д шилжүүлсэн гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх нотолгооны хуваарилалт зөрчсөн талаар гомдол үндэслэлгүй.

 

5.2. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нь ... *******ийн зээлийн үлдэгдэл дээр хүүг нэмж тооцож зээлийн гэрээ байгуулсан ... гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаар анхан шатны дүгнэлт зөв.

 

Хариуцагч нь ... *******ийн зээлийн үлдэгдэл дээр хүүг нэмж тооцож зээлийн гэрээ байгуулсан ... гэсэн атлаа нэхэмжлэгч талаас *******ийг гэрчээр асуулгах хүсэлт шүүх хуралдаанд гаргахад хариуцагч нь ... хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн тайлбар гаргажээ.

 

Хэрэв, хариуцагч нь ... *******тэй зээлийн гэрээний харилцаанд оролцсон, *******гаас зээл аваагүй ... гэж маргаж байгаа атлаа өөрийн тайлбар, татгалзлын эсрэг тайлбар гаргаж байх тул *******ын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэлэх боломжгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө. гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүх алданги гаргуулж шийдвэрлэсэн зөв болжээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/03244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР