Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 397

 

 

  

 

 

 

  

 

2016 оны 07 сарын 28 өдөр          Дугаар 181/ШШ2016/00397            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 8 байр, 31 тоотод оршин суух, Дархад овогт Янжинлхамын Цэрэндэндэв /УД74040818/-ийн нэхэмжлэлтэй,    

    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 12 байр, 14 тоотод оршин суух, Самбуу овогт Галсандоржийн Ариунболд /РД:ЦЕ80062178/-д холбогдох,  

 

77,827,732 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 31,456,683 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Энхтайван, хариуцагч Г.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэболор, Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2012 оны 11 дүгээр сард Г.Ариунболдтой орон сууц худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 8 байр, 31  тоотод байрлах 92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа, 18 м.кв зогсоолын хамт 280,000,000 төгрөгөөр худалдахаар болсон.

Ингэхдээ 280,000,000 төгрөгийн 120,000,000 төгрөгт нь Г.Ариунболдын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг тооцож авах, үлдэх 160,000,000 төгрөгийг бэлнээр, гэхдээ 100,000,000 төгрөгийг тэр дор нь, үлдэх 60,000,000 төгрөгийг хэсэг хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцлийг тохирсон.

Бид 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр харилцан байраа суллаж, сольж нүүж орцгоосон. Г.Ариунболд 100,000,000 төгрөгөө ч төлсөн. Үлдсэн 60,000,000 төгрөгөө 2013 оны 3 дугаар сар гэхэд хэвийн төлж дуусгасан байсан

Би өөрийнхөө орон сууцыг худалдах үедээ “Тэлмэн хас” ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан байсан учир уг барьцааг чөлөөлж, Г.Ариунболдын нэр дээр шилжүүлж өгөх талаар бид тохирсон тул энэ үедээ түүний 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Гэхдээ би банк бусын зээлээ төлж чадалгүй 2013 оны 6 дугаар сар хүрэхэд Г.Ариунболд надад зарсан 3 өрөө орон сууцаа өөрийн эхнэрийнхээ ахын нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд наймаагаа буцъя гэсэн.

Надад хэлэхгүйгээр байраа өөр хүнд зарж наймаагаа буцах болсон нь мөнгийг хэрэглээндээ зарцуулсан надад хэцүү туссан тул маргаан үүссэн. Нэгэнт больё гэсэн учир наймаагаа буцахаар болсон. Гэтэл манай байрыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Би цоож онгойлгодог газраар хаалгаа онгойлгуулаад орсон.

Би Г.Ариунболдын 3 өрөө байранд хэсэг амьдарч байгаад өөр байр руу нүүж, найзыгаа эхнэр хүүхэдтэй нь амьдруулж байсныг сүүлд шүүхийн шийдвэрээр суллаж өгсөн.

Би авсан мөнгөө буцааж төлнө. Гэхдээ энэ хугацаанд миний байранд Г.Ариунболд ямар ч үнэ төлбөргүй амьдарсан тул түүнээс олох байсан орлогоо нэхэмжилнэ.

Хэрэв Г.Ариунболдтой наймаа хийгээгүй байсан бол 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд байр, зогсоолоо түрээслэж, сард 2,100,000 төгрөг олох байсан гэж үзэж байгаа тул 36 сарын төлбөрт 75,600,000 төгрөг олох байсныгаа нэхэмжилж байна.

Мөн Г.Ариунболдын амьдарч байх хугацааны буюу 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 967,732 төгрөгийг би төлсөн тул үүнийг гаргуулна. Тэрчлэн анх байраа суллаж өгөхдөө би “Тансаг Мебель” ХХК-аар 1,260,000 төгрөгийн үүдний шкаф захиалгаар хийлгэсэн байсныг Г.Ариунболд авч нүүсэн тул түүний үнэ 1,260,000 төгрөгийг гаргуулна.

Иймд Г.Ариунболдоос нийт 77,827,732 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү.

Сөрөг шаардлагын тухайд Г.Ариунболдын банкнаас авсан зээл энэ маргаанд ямар ч хамаагүй тул зээлийн хүүд төлсөн гэх 31,456,683 төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа:

2012 оны 11 дүгээр сард Я.Цэрэндэндэвээс 3 өрөө орон сууцыг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Би өөрийн 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр тооцож, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 орон сууцаа сольж нүүсэн. Үлдэх 170,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг байранд орохоос өмнө бэлэн төлсөн. Харин үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сар гэхэд төлж дуусгасан.

Анх байрыг авахад зээлийн барьцаанд байгаа талаар Я.Цэрэндэндэв тайлбарласан бөгөөд намайг төлбөрөө төлж дуусахад зээлээс чөлөөлж, миний нэр дээр шилжүүлнэ гэж тохирсон. Тэр үед нь би бас өөрийн байрыг нэр дээр нь шилжүүлж өгье гэсэн. Нэр шилжигдээгүй байж байтал 2013 оны 7 дугаар сард “Тэлмэн хас” ББСБ-ийн захирал Нина гэх хүн ордер барьж орж ирсэн. Ордер дээр Я.Цэрэндэндэвээс 2012 оны 2 дугаар сард Нинагийн нэр рүү шилжсэн харагдсан. Ингэж л Я.Цэрэндэндэв нь өмнө нь өөр хүнд зарсан байсан байраа надад давхар зарсныг мэдсэн.

Энэ байдлаас болж би Я.Цэрэндэндэвтэй уулзаж, 2013 оны 07 дугаар сард 160,000,000 төгрөг өгсөн авсан баримт үйлдэж, 2013 оны 07 дугаар сараас 2013 оны 12 дугаар сарыг хүртэл түүнийг зээлээ чөлөөлж, байрныхаа нэрийг шилжүүлж өгөхийг хүлээсэн. Хүлээгээд үр дүнд хүрэхгүй байсан учир би 2014 оны эхээр өөрийнхөө өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Э.Тунгалагтамирт зарж, Я.Цэрэндэндэвд наймаа буцъя, би өөрийнхөө 3 өрөө орон сууцыг мөнгө хэрэгтэй болоод зарсан гэдгээ хэлсэн. Тэгээд түүнээс бэлнээр өгсөн 170,000,000 төгрөгөө шаардаж, улмаар шүүхэд хандаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 2434 тоот захирамжаар Я.Цэрэндэндэвээс 160,000,000 төгрөг гаргуулахаар болсон.

Гэхдээ үүнээс 1 ч төгрөг өгөөгүй. Би арга буюу Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 247,920,000 төгрөгийн зээл авч, өөр орон сууц худалдан авч, 2015 оны 6 дугаар сард Я.Цэрэндэндэвийн байрнаас нүүсэн. Гэхдээ надад мөнгөө өгөөгүй болохоор нь түлхүүрийг нь хүлээлгэж өгөөгүй байсан. Сүүлд Я.Цэрэндэндэв цоож онгойлгодог хүнээр хаалганы цоожоо онгойлгож орсон байна билээ. Би нүүхдээ тэр шкафийг нь авч нүүгээгүй, тэндээ л үлдсэн. Харин 2015 оны сүүлийн 1-2 сарын СӨХ-ийн төлбөр төлөөгүй нь үнэн байх.

Я.Цэрэндэндэв 160,000,000 төгрөгийг төлсөн байсан бол би 2015 оны 5 дугаар сарын 04-өөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны хооронд 31,456,683, төгрөгийн хүү төлж хохирохгүй байсан. Би зээлээсээ төлөлт хийж чадахгүй, зээлийн хүүгээ төлөөд явж байгаа тул нэхэмжлэгч үүнд буруутай гэж үзэж байна.

Я.Цэрэндэндэв ч мөн адил 2 жилийн хугацаанд миний байрыг үнэ төлбөргүй ашиглаж, орон сууцны ашиглалтын зардалд 338,000 төгрөг төлөх ёстойгоо төлөөгүй, би төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Харин түүнээс төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол болох зээлийн хүүд төлсөн 31,456,683 төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв нь хариуцагч Г.Ариунболдоос 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогод 75,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2,227,732 төгрөг, нийт 77,827,732 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн хүүд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 31,456,683 төгрөг төлж хохирсон гэх үндэслэлээр Я.Цэрэндэндэвээс мөн төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 11 дүгээр сард орон сууц худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, Я.Цэрэндэндэв нь “Тэлмэн хас” ББСБ-ын зээлийн барьцаанд буй эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016794 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 31 тоотод байрлах 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа 280,000,000 төгрөгөөр Г.Ариунболдод худалдахаар тохирсон байна.

 

Г.Ариунболд нь дээрх 280,000,000 төгрөгийн зарим хэсэгт нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002875 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тооцож шилжүүлэх, үлдэх хэсгийг бэлэн мөнгөөр өгөх бөгөөд 100,000,000 төгрөгийг байр хүлээлцэхдээ, үлдэх мөнгийг 2013 оны 3 дугаар сард багтааж, хэсэгчлэн төлж дуусгахаар болжээ.

 

Гэрээний дагуу зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцнуудаа харилцан солилцсон ба энэ үед Г.Ариунболд нь 100,000,000 төгрөгийг бэлнээр Я.Цэрэндэндэвт хүлээлгэн өгсөн бөгөөд 2013 оны 3 дугаар сард багтааж үлдэх төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ.

 

Гэрээний зүйл болох орон сууц нь зохигчдыг гэрээ байгуулах үед Я.Цэрэндэндэв М.Нина нарын хооронд 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр “Тэлмэн хас” ББСБ-ын захирал М.Нинагийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба хожим Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2013/ч дугаартай шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор  Я.Цэрэндэндэвийн өмчлөх эрх сэргэж, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн 000369180 тоот гэрчилгээ нэхэмжлэгчид олгогдсон байна.

 

Хариуцагч Г.Ариунболд нь нэхэмжлэгч Я.Цэрэндэндэвтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд тооцож, нэхэмжлэгчид шилжүүлсэн байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Э.Тунгалагтамирт худалдаж, бэлнээр төлсөн гэх 170,000,000 төгрөгийн 160,000,000 төгрөгийг нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2434 дүгээр захирамжаар Я.Цэрэндэндэвээс гаргуулан авахаар болсон байна.

 

Г.Ариунболдын 3 өрөө орон сууцыг худалдан авсан Э.Тунгалагтамир нь Р.Эрхэмбаяр, Я.Цэрэндэндэв нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3246 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоолоор чөлөөлөх ажиллагааг явуулснаар уг орон сууцыг эзэмших Я.Цэрэндэндэвийн эрх дуусгавар болсон байна.

 

Харин Г.Ариунболд нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 31 тоотод байрлах 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан нь тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтад зохигчид маргаагүй, харин гэрээнээс татгалзахад хүргэсэн үндэслэлийн талаар, тодруулбал гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө тал зөрчсөн гэж хэн аль нь маргасан.

 

Хэдийгээр зохигчид Г.Ариунболдын орон сууцыг 110,000,000 төгрөгт эсхүл 120,000,000 төгрөгт тооцсон, үлдэх бэлэн мөнгө 170,000,000 төгрөг эсхүл 160,000,000 төгрөг байсан гэж харилцан адилгүй тайлбарлаж байгаа ч худалдан авахаар тохирсон орон сууцны үнийн нийт үнэ 280,000,000 төгрөгт болон төлбөр 100 хувь төлөгдсөнд маргаагүй, энэхүү зөрүүтэй тайлбарууд нь уг хэрэгт ач холбогдолгүй тул шүүх тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Зохигчдын хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

 

Гэрээнд үнийг талууд эд хөрөнгө болон мөнгөн хэлбэрээр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д нийцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үедээ худалдаж буй орон сууцыг “Тэлмэн хас” ББСБ-ын байгууллагын зээлийн барьцаанд бариулсан талаар хариуцагчид мэдэгдсэн, улмаар энэ шалтгаанаар зохигчид орон сууцны өмчлөх эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр харилцан шилжүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж Я.Цэрэндэндэвийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ийм учраас Я.Цэрэндэндэв нь бусдад зарсан орон сууцаа надад давхар зарсан байсан гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

 

Харин Я.Цэрэндэндэв нь орон сууцаа барьцаанаас чөлөөлж, Г.Ариунболдын нэр дээр шилжүүлж өгөх үүргээ 2014 оны 1 дүгээр сарыг хүртэл биелүүлээгүйн улмаас Г.Ариунболд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Я.Цэрэндэндэвийн эзэмшилд шилжүүлсэн орон сууцаа 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Э.Тунгалагтамирт худалдаж, урьдчилгаанд төлсөн 170,000,000 төгрөгөө Я.Цэрэндэндэвээс шаардсанаар шүүхийн шийдвэрээр 160,000,000 төгрөг гаргуулан авахаар болсон байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан тул худалдан авагч Г.Ариунболд ийнхүү худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэн бөгөөд үүнд худалдагч Я.Цэрэндэндэв буруутай байна.

 

Иймд Г.Ариунболд нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин үүрэг зөрчсөн тал болох Я.Цэрэндэндэв хохирол шаардах эрхгүй.

 

Зохигчдын хэн аль нь солилцож орсон орон сууцаа өөр өөрийн эзэмшилд байх хугацаанд хүсэл зоригийн дагуу, чөлөөтэй ашиглаж байсан тул шүүх хэн алиныг нь орон сууцны хөлсөнд төлөх байсан төлбөрийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Я.Цэрэндэндэвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасны дагуу буцаан шаардах шаардлагад хамаарах олох байсан орлого гэж шаардсан 75,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов. 

 

Харин Г.Ариунболд нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 31 тоотод байрлах 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг эзэмших хугацаандаа 2015 оны 3, 4, 5, 6 дугаар саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 435,433.88 төгрөгийг төлөөгүй, Я.Цэрэндэндэв түүний өмнөөс төлсөн нь “Мон” СӨХ-ийн мөн саруудын төлбөрийн баримтаар тогтоогджээ.

 

Г.Ариунболд нь тухайн орон сууцыг худалдан авах зорилгоор дотор нь амьдарч, эзэмшиж байсны хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс 435,433.88 төгрөгийн өр үүсгэснийг түүний өмнөөс Я.Цэрэндэндэв төлсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч гарсан зардлаа шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 3 сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд “Мон” СӨХ-ийн зардалд нийт 967,732 төгрөг төлсөн нь тогтоогдох боловч үүнээс 2015 оны 3, 4, 5, 6 сарын зардлыг Г.Ариунболд хариуцах үндэслэлтэй тул Г.Ариунболдоос 435,433.88 төгрөгийг гаргуулж Я.Цэрэндэндэвт олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 532,298.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

“Тансаг Мебель” ХХК-аар захиалан хийлгэсэн ханын шкафны үнэ 1,260,000 төгрөгт холбогдох шаардлагын тухайд нэхэмжлэгч нь гаргасан шаардлага, түүний үндэслэлийг өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, энэхүү шаардлага нь нотлогдохгүй байх тул шүүх нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Г.Ариунболдын сөрөг шаардлагын тухайд:

 

Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Ариунболд, Э.Булгантамир нэрээр авсан 247,920,000 төгрөгийн зээлийн хүүд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны хооронд төлсөн гэх 31,456,683 төгрөгийг Я.Цэрэндэндэв, Г.Ариунболд нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд шууд тооцох боломжгүй байна.

 

Тэрчлэн хариуцагч хэрхэн тооцож энэ дүнг гаргасан нь ойлгомжгүй, гаргасан баримт, тайлбарын дагуу тооцоход дурдсан хугацаанд 28,102,673.14 төгрөгийн зээлийн хүү төлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Я.Цэрэндэндэвээс 31,456,683 төгрөг гаргуулах тухай Г.Ариунболдын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Г.Ариунболд нь Я.Цэрэндэндэвийн өмнөөс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны ашиглалтын зардалд 338,000 төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн банкны баримтаар тогтоогдох боловч үүнтэй холбоотой шаардлагыг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан Г.Ариунболдоос 435,433.88 төгрөг гаргуулж Я.Цэрэндэндэвт олгож, Я.Цэрэндэндэвийн нэхэмжлэлээс үлдэх 77,392,298.12 төгрөгт холбогдох шаардлага болон Я.Цэрэндэндэвээс 31,456,683 төгрөг гаргуулах Г.Ариунболдын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 547,100 төгрөгийг бүхэлд нь, хариуцагчаас төлсөн 408,020 төгрөгөөс 315,233 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 92,787 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 13,713 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА