| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0230/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/246 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Хохирогч М.Н-,
Шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-т холбогдох эрүүгийн 1938004550276 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.П.
Шүүгдэгч Мөнхжаргал овогтой М.П- нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт хохирогч М.Н-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний цээжин тус газар хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.П- нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт хохирогч М.Н-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний цээжин тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь баруун талын гурав, зүүн талын хоёр хавирганд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч М.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хохирогч М.Н-ын биед шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогч М.Н-оос уучлалт гуйж, эмчилгээнд гарсан хохирлыг төлж барагдуулахаар ярилцаж байгаа. ...би М.Н-ыг унасан байхад нь дээрээс нь дэвссэн нь үнэн. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ ухаан мэдрэлээ алдталаа согтоогүй байсан. ...Тухайн үед М.Н- нь малаа харж байж архи уугаад яваад байсан. Тэгэхээр нь би оторт явж байж архи уулаа гээд ах хүний зүгээс загнахаар очсон. Тэгж очихдоо архиныхаа халуунд түүнийг цохиж зодсон. ...Би машиныхаа суудал дээр байсан нарийнхан 20 см урттай төмрөөр М.Н-ыг айлгая гэж бодож байгаад цохьчихсон. ...Миний хувьд М.Н-ыг газарт унасан байхад нь дээрээс нь дэвсэж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ ч харамсаж, М.Н-ын гэр бүлийнхнээс хүртэл уучлалт гуйсан. ...Би сүүлд М.Н-ыг яагаад дэвсэх болсон юм бэ гэвэл М.Н- Б-г шаазан аягаар цохьсон, цохьсон аяга нь хагарсан. Б- аягаар толгой руугаа цохиулчихаад манарсан, манарахдаа түүнийг барьж авсан. Тэгж барилцаж байхад М.Н- газарт унасан. Би М.Н-ыг зүгээр байгаа хүнийг аягаар цохьчихоор нь уурандаа очоод дээрээс нь дэвсчихсэн юм. Намайг дэвсэж байхад Б- М.Н- бид хоёроос холдчихсон байсан. Энэ үйл явдал болох үед манай эхнэр О.У-, Б-, М.Н- бид дөрөв л байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 63-64 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч М.П- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч М.П- нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт хохирогч М.Н-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний цээжин тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь баруун талын гурав, зүүн талын хоёр хавирганд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч М.П-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт:
“Хөвсгөл Барнууд” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжилгээ, эмчилгээний төлбөр 290.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “Онош Үүдэн” эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн компьютер томографийн оношлогооны хөлс 60.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, “НИК” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримтын хуулбар, “Хөрс” шатахуун түгээх станцын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шатахууны үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Шим” эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн эм, тарианы үнэ 65.000 төгрөгийн ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “НИК” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “НИК” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 30.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Ти эм ойл” шатахуун түгээх станцын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 40.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “НИК” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн АИ-92 шатахууны 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6.500 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, ШТС-73 гэх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 40.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-н 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 9.000 төгрөгийн ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, ШТС-73 гэх 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “МТ” ШТС-36-2 гэх 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Мандах шим” ХХК гэх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 4.800 төгрөгийн ПОС системийн баримт, ШТС-89 гэх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “МТ” ШТС-131-1 гэх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт /хх-ийн 94-95/, Шүүхийн шинжилгээний албаны “Төрийн сангийн 100170012006 дансанд хохирогчийн нэрээр Төрийн банкинд 8.000 төгрөг тушаах” баримт, “Мандах шим” ХХК гэх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эм, тарианы үнэ 32.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Мандах шим” ХХК гэх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эм, тарианы үнэ 21.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хөвсгөл эргэлтийн эмийн сан”-гийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эмийн үнэ 37.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Мандах шим” ХХК гэх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эмийн үнэ 5.100 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Э.Г-, М.Н- нарын замын зардалд 120.000 төгрөг авсан гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, П.Б-ын М.Н-од хадлан авч өгөх төлбөр 1.000.000 төгрөгийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, П.Б-ын М.Н-од түлээ бэлтгэх төлбөр 450.000 төгрөгийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, Л.Э-ын М.Н-од 2019.07.05-аас 11.05-н хүртэл мал маллах төлбөр 1.400.000 төгрөгийн нотариатаар баталгаажуулсан хэлэлцээр, “НИК” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-67 гэх 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн ПОС системийн баримт, “НИК” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, нийт 3.824.900 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч М.П- шүүх хуралдаан эхлэхээс өмнө 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Н-ын данс руу 701.300 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтыг гаргаж өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт 260.000 төгрөгийг өгсөн тул шүүгдэгчээс 2.162.700 төгрөгийг гаргуулж хохирогч Цэнгэл овогт Мандахын М.Н-д олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.Н- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл “Албадлагын арга хэмжээний төрөл” 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйл “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ” 2.1-т “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.П- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүний хувьд ногдох хөрөнгөөс 20 тооны /3 ба түүнээс дээш насны/ хонийг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хөрөнгийн үнэ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.П- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.П-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.П-оос 2.162.700 /хоёр сая нэг зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Н-д олгож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ын хувьд ногдох хөрөнгөөс 3 буюу түүнээс дээш насны 20 /хорин/ тооны хонийг албадан гаргуулж, учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ